Ц.Сандуйн суудалд ГОРИЛОГЧИД

НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд буй. Тиймээс Бага хурлаас өмнө шинэ даргыг томилох  асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл шийдэх шаардлагатай тулгарч буй. Тиймээс өчигдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж нэр дэвшигчийг хэлэлцлээ.Улмаар Ц.Сандуйн суудалд гурван хүн тунаж үлдээд байгаа юм.   

Тодруулбал,

-Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан,

- Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан,

-Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар. Ямартаа ч НИТХ өнөөдөр эсхүл маргааш эдгээр гурван нэр дэвшигчдээс МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гарч ирсэн хүнийг батламжилж, НИТХ-ын дарга болгох чиг байгаа юм.  Харин Ц.Сандуйг огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан төлөөлөгчид НИТХ-ын даргад Хотын фракциас хүн томилуулах хүсэлгүй байгаа. Тэд С.Амарсайханыг нэр дэвшүүлэх асуудлаар дотооддоо санал нэгдсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Ингээд НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчдийг товч танилцуулж байна. 

  • Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан.  
  • Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хэд хэдэн удаа сонгогдон өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа.
  • Намын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг авсан гурав дахь эрхэм нь Г.Төмөрбаатар. Тэрбээр дүүрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан төдийгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. 

Дашрамд хэлэхэд, Хотын фракциас НИТХ-д дарга нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн Ж.Батбаясгалан нь М.Энхболд, Т.Бадамжунай нартай ойрын харилцаатай бол Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нар нь Ц.Сандуйгийн хүмүүс гэгддэг аж.  

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025