Б.Алтанцэцэг: ”Хуш модны самар”-тай холбоотой хэргийг шийдвэрлэх практик тогтоолоо
2016 оны 12 сарын 15

Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг тэр дундаа ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг зөвшөөрөгдөх хугацаа болоогүй байхад түүж бэлтгэх, зөвшөөрөлгүй буюу төлбөр хураамж төлөөгүй самрыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх, ашиг олох зорилгоор бусдад худалдаалах төрлийн гэмт хэргүүд ихээхэн гардаг.

Иргэд хуш модны самрыг ховор ургамалд ордгийг тэр бүр мэддэггүй учраас худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх гэх мэтээр гэмт хэргийн хамтран оролцогч болж байна.

Байгаль орчинд учирсан хохирол нөхөн төлүүлэх, экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход хүндрэлтэй, нэр томъёоны хувьд тогтсон ойлголт байхгүй, ховор ургамлын жагсаалтад хуш модны самрыг орсон эсэх нь эргэлзээтэй гэх мэт шалтгааны улмаас энэ төрлийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тохиолдол их байдаг.

Тэгвэл Багануур дүүргийн прокурорын газраас энэ төрлийн хэргийг хянаж, шүүхээр шийдвэрлүүлэн, практик тогтоон ажилласан ба энэ талаар тодруулахаар тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокурор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Багануур дүүрэгт орон нутгийн онцлогтой холбоотой ямар төрлийн гэмт хэрэг зонхилон гардаг вэ?

-Манай дүүргийн хувьд Улаанбаатар хотоос алс, хүн ам цөөн учир гарч байгаа гэмт хэргийн ангилалд хүнд, онц хүнд гэмт хэргийн тоо эзлэх хувь бага ч хүн амд ноогдох гэмт хэргийн тоо улсын дунджийн түвшинд байдаг. Ер нь бол хулгай, танхай, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дийлэнх гарч байна. Мөн байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргүүд их гардаг.

-Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Багануур дүүргийн прокурорын газраас 2015-2016 онд Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг тэр дундаа ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг зөвшөөрөгдөх хугацаа болоогүй байхад түүж бэлтгэх, худалдан авах, хадгалах, тээвэрлэх, ашиг олох зорилгоор бусдад худалдаалах гэмт хэрэг удаа дараа гарлаа.

Эдгээр хэргүүдээс нутаг дэвсгэрийн харьяаллаар заримыг нь Төв, Хэнтий аймгийн прокурорын газрууд руу шилжүүлж, үлдсэн хэргүүдийг дагнасан хэлбэрээр нэг прокурорт хариуцуулан, хяналт тавьж, эдгээрээс 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Багануур дүүргийн шүүхэд шилжүүлснээр эцэслэн шийдвэрлэж гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэлийг оногдуулсан нь манай дүүргийн прокурорын газраас энэ төрлийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх практик тогтоож чадлаа гэж хэлмээр байна. Эдгээр хэргүүдэд миний бие хяналт тавьж ажилласан.

Харин харъяаллаар шилжүүлсэн хуш модны самрын хэргүүдийг хүлээн авсан зарим прокурорын газар нь хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх зэргээр шийдвэрлэсэн байсан.

Багануур дүүргийн прокурорын газраас шийдвэрлэсэн 2 хэргийн хувьд Нийслэлийн хэмжээнд жишиг болж байгаа юм. Түүнчлэн эдгээр хэргүүдийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан.

-Практик тогтоож шүүхээр шийдвэрлүүлж чадсан хэргүүдийн талаар тодруулаач.

-Нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хэргийн үйлдлийг товч дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Уг хэргүүдийн хувьд орон нутгийн төсөвт төлбөр хураамж төлж, зохих зөвшөөрөл аваагүй нийт 5.683 килограмм ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг зөвшөөрөгдөх хугацаа болоогүй байхад нь бусдаас худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, ашиг олох зорилгоор бусдад худалдаалсаны улмаас байгаль орчинд 45.464.000 төгрөгийн хохирол учруулсан.

О-д холбогдох хэргийн хувьд зохих зөвшөөрөлгүй 1334 килограмм хуш модны цайруулсан самрыг бусдаас худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг  хянан хэлэлцээд, шүүгдэгч О-г ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсний улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин хоёр /52/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.984.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Байгаль хамгаалах санд 1334 килограмм хуш модны самрын зах зээлийн үнэлгээ болох 3.668.500 төгрөгийг болон Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Харин Ч болон С нарт холбогдох хэрэгт зохих зөвшөөрөлгүй хуш модны самар худалдан авсан, хадгалсан, ашиг олох зорилгоор бусдад худалдаалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг  хянан хэлэлцээд, шүүгдэгч Ч, С нарыг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, ашиг олох зорилгоор бусдад худалдсаны улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4349 килограмм хуш модны самрын зах зээлийн үнэлгээ болох 11.959.750 төгрөгийн 50 хувь болох 5.979.875 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль хамгаалах санд олгох, мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 27.000.000 төгрөгийг улсын орлого болгохоор, шүүгдэгч С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.560.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4349 килограмм хуш модны самрын зах зээлийн үнэлгээ болох 11.959.750 төгрөгийн 50 хувь болох 5.979.875 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль хамгаалах санд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Зөвхөн энэ 2 хэргийн тухайд нийт 76.192.250 төгрөгийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гарсан болно.

-Магадгүй самар түүснийхээ төлөө ял авна гэхээр зарим хүмүүст сонин санагдаж болох юм л даа. Тэгвэл энэ нь яагаад хориотой байдаг тухай ойлголтыг бидэнд өгөөч.

-Хуш модны самар нь ховор ургамалд ордгийг хүмүүс тэр бүр мэддэггүй л дээ. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан бөгөөд 1995 онд 153 дугаартай Засгийн газрын тогтоолоор "Ховор ургамал”-ыг жагсаалтаар баталсан.

Дээрх тогтоолоор анх хуш модыг ховор ургамалд оруулсан бол 2004 онд уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, жагсаалтын 355 дугаарт Нарсны төрлийн модны үр /Pinus/-ийг ховор ургамлын жагсаалтанд нэмж оруулсан. Монгол орны ургамлын аймагт "Нарсныханы” овогт багтах нарсны төрөлд одой нарс, сибирь нарс /хуш буюу самрын мод/, ойн нарс гэсэн гурван зүйл бүртгэлтэй байдаг. Засгийн газраас баталсан Ховор ургамлын жагсаалтад 2004 онд орсон өөрчлөлтөөр эдгээр нарсны төрлийн ургамлын "үрийг” буюу "хуш модны самрыг” ховор ургамлын жагсаалтанд оруулсан байдаг юм билээ.

-Тэр бүр нийтлэг шийдвэрлэгддэгүй хэрэг болохоор улсын яллагчийн зүгээс олон зүйлийг судалж, мэдэх шаардлага тулгарсан байх. Шүүхээр шийдвэрлүүлэх ямар нэг хүндрэлтэй асуудал гарав уу.

Тэгэлгүй яахав. Байгалийн ургамлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал гээд олон хууль тогтоомж судлах, дээр нь нэр томъёоны нэршил, агуулгын хувьд мэдлэг олж авах, хэргийн нотолгоонд ач холбогдол бүхий тайлбар цуглуулах шаардлагын үүднээс Эрдэм шинжилгээний зарим байгууллагууд тухайлбал: Ургамал судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй уулзах, ярилцах зэргээр нилээд ажлуудыг хэрэг хянах явцад хийсний үр дүнд хэргүүдийг шийдвэрлүүлж чадсан.

Нэр томъёоны хувьд тогтсон ойлголт байхгүй учраас нилээн маргаан үүсэж байсан. Тиймээс ч Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх 2 хэргийг цагаатгах тогтоол гарган, цагаатгаж байсан боловч улсын яллагчийн зүгээс "Эсэргүүцэл” бичиж, мэтгэлцсэнээр, давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Нэр томъёоны хувьд 1995 оны Засгийн газрын баталсан ховор ургамлын жагсаалтанд хуш модны самрыг орсон эсэх нь эргэлзээтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар үздэг боловч Засгийн газрын болон Сайдын тушаалуудыг сайтар судалбал хуш модны самар нь Ховор ургамлын жагсаалтад 2004 онд орсон байдаг нь ховор ургамал болохыг баталж байгаа гэсэн үг.

Мөн энэ хэрэг дээр байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал дээр маргаантай байдаг. Улсын яллагчийн зүгээс бодит хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор ялын дүгнэлтээ гаргасан.

Гэвч шүүхээс ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар "ойн дагалт баялагийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр .. тогтооно” гэж зааснаар "Хөрөнгийн үнэлгээний төв"-өөр хуш модны самрын зах зээлийн үнэлгээг гаргуулан нөхөн төлбөрийг О нарт холбогдох хэрэгт буюу 1334 килограмм самарт 3.668.500 төгрөгөөр, Ч, С нарт холбогдох хэрэгт хураагдсан 4349 килограмм самарт 11.959.750 төгрөгөөр тус тус тооцож нөхөн төлбөрийг тогтоон хэргийг шийдвэрлэсэн. Тэгэхээр хохирол нөхөн төлүүлэхдээ хуулийн аль заалтыг баримтлах вэ гэдэг нь 2 талтай асуудал болоод байгаа юм.

-Эцэст нь иргэдэд хандаж та юу гэж хэлмээр байна вэ?

-Хуш модны самар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор ургамалд багтдаг. Мөн жил бүр тархац болон болцоос нь хамаарч хуш модны самрыг түүж бэлтгэх зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гардаг.

2015 онд 10 дугаар сарын 01-ний өдрөөс түүж, бэлтгэх зөвшөөрөл олгогдож байсан бол 2016 оны хувьд Сайдын тушаалаар мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс түүж бэлтгэхийг зөвшөөрсөн байна. Иймээс иргэд тушаал, шийдвэр гарсны дараа самар түүж бэлтгэх, мөн түүж бэлтгэсэн самартаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А-125 дугаартай тушаалаар батлагдсан "Ойн дагалт баялагийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ”-г ахуйн зориулалтаар бол килограмм тутамдаа 500 төгрөг, үйлдвэрлэлийн зориулалтаар бол 800 төгрөгийн төлбөр хураамж төлсөн байх шаардлагатай. Хуш модны самар худалдан авч байгаа иргэдийн хувьд дээрх төлбөр хураамж төлөгдсөн эсэхийг шалгаж, тухайн төлбөр төлөгдсөн баримтыг шаардаж аваагүйгээс өөрсдөө мөн зохих зөвшөөрөлгүй самар худалдан авсан хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлдээ Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхээр байгаа тул мод бэлтгэж тээвэрлэхэд гарал үүслийн бичиг шаардлагатай байдгийн адил дээрх төлбөр төлсөн зөвшөөрлийн бичгийг самартайгаа хамт авч байх нь зүйтэй.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 21:45
    Retweet (56)
  • Retweet (45)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 02-22 09:10
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-22 09:37
    Retweet (1)
  • 02-22 09:09
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-22 09:45
    Retweet (0)