Хилийн цэргийн 0151-р ангийн дөрвөн цэрэг хүчингийн хэрэгт нэр холбогджээ
2016 оны 11 сарын 9

Одоогоос хоёр жилийн өмнө 016 дугаар ан¬гийн захирагч болох нэгэн бригадын генерал хувийн зорилгоор цэргүүдээ бүтэн дөрвөн сар хэнд ч мэдэгдэлгүйгээр ажил хийлгүүлж байсан нь илэрсэн. Мөн 2013 онд Хан-Уул дүүрэгт барилга дээр ажилладаг Хойд Солонгосын ажилчид мөн тэнд ажиллаж байсан 016 дугаар ангийн цэргүүдийг зодож бэртээж байв. Энэ мэт цэргүүдийн хөдөлмөр эрхлэлт, дарамт шахалттай холбоотой олон үйл явдлыг энд дурдаж болно. Илэрсэн нь цөөн болохоос далд байдалд цэргүүдтэй холбоотой асуудал их гардаг гэх.

Нөгөөтэйгүүр хэрэг гарах бүрт ангийн захирагч нь хийгээд ЗХЖШ-ын удирдлагууд болж өгвөл нуун дарагдуулж арьсаа хамгаалахыг боддог. Зарим тохиолдолд бүр хав дарчихаад, хэвлэлийнхнийг хааж боогдуулдаг нь нууц биш.

Монгол улс албадан хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хориглосон ч ялтан болон цэргүүдээр албадан ажил хийлгэдэг байдал одоог хүртэл арилаагүй байгаа гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байв. Тус байгууллагын явуулсан хяналт шалгалтаар цэргийн алба хаагчдаар өөр төрлийн ажил хийлгэх тохиолдол түгээмэл байгаа нь тогтоогдож байсан. Уг нь Монгол улс Үндсэн хуулиндаа “...Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хуулиудад албадан хөдөлмөрийг хориглож, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тусгаснаас гадна 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид 2005 онд, 1957 оны Албадан хөдөлмөрийг хориглох тухай 105 дугаар конвенцид мөн 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан байдаг. Гэтэл эдгээр хууль дүрэм, бичиг баримт нь цэргийн ангиудад л хэрэгждэггүй бололтой.

Дээрх хууль дүрмийг хэрэгжүүлдэггүйгээс үүдэн цэргүүд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох цаашлаад хууль бус үйл ажиллагаанд оролцож шоронд орох тохиолдол гарсаар байгаа юм.

Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурдахад, өнгөрсөн сард хурандаа н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 0151-р ангид алба хаадаг 19-20 насны дөрвөн цэрэг Төв аймаг дахь амралтын газарт дарга нарынхаа тушаалаар албадан хөдөлмөр эрхэлж явахдаа хүчингийн хэрэгт холбогджээ. Тодруулбал, дээрх дөрвөн цэрэг амралтын газарт амарч байсан Э гэгч эмэгтэйг хүчиндэхээр завдсан байна. Эмэгтэйг хүчиндэхээр завдаж байхад нь нэгэн залуу мэдэж тусламж үзүүлжээ. Хохирогч эмэгтэй өөрийг нь хүчиндэхээр завдахад нэг цэргийнх нь нүүрийг маажиж гэмтээсэн гэж эх сурвалжууд хэлж байна. Уг хэргийг хууль хяналтын байгууллагад маш нууцлагдмал байдалтайгаар шалгаж буй бөгөөд дөрвөн цэргийн нэг нь хэргийг ганцаараа хүлээхээр шийдсэн гэх мэдээлэл ч байна. Учир нь хүчингийн хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэсэн зүйл заалтаар шалгагдвал алба хааж буй ангидаа болон ажил хийлгэсэн даргадаа хүндхэн асуудлыг дагуулах нь дамжиггүй. Тиймээс нэг нь хэргийг хүлээх нь зүйтэй гэж үзсэн бололтой.  Ямартай ч цэргүүд ангийн хашаанаас дураараа гарч яваад амралтын газарт очно гэж байхгүй. Тэгэхээр хэн нэгэн даргын тушаалаар л ажил хийж байсан нь тодорхой юм.

Тус хэргийг одоогоор шалгаж буй юм. Хамгийн гол нь энэ бүхний цаана  цэргүүдээр ажил хийлгэсэн дарга нар нь ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал хамгийн их анхаарал татаж байна. Өмнөх тохиолдлуудаас харахад дарга нь ямар нэгэн хариуцлага хүлээлгүй иржээ. Тэгвэл хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас цаашид  ийм байдал гарсаар л байх уу гэдэг асуулт хариулт нэхсээр буй юм. Цэргүүд алба хааж буй ангийнхаа хашаан дотор тохижилт засвар үйлчилгээний ажил хийх нь байдаг л зүйл. Харин хашаанаас нь гадагшаа хаа хамаагүй ажилд зардаг газар манайхаас өөр байдаггүй л байх.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet