Маргааш ”Хайрын болзоо”-нд урьж байна
2016 оны 11 сарын 7

Дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа:

Нийтийн дууны залуу үеийн төлөөлөл болсон дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нар маргааш анхны бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ тайлагнах гэж буй. Бусад залуу дуучдыгаа бодвол нилээд хожуу тайлан тоглолтоо тавьж байгаа хос дуучид маань урын сан, уран бүтээлийн арвин намтартай. Залуу уран бүтээлчид гэхэд гуч гаруй дуутай, бие даасан цомогтой, дуулах өнгө аясаараа өнөө цагийн Адарсүрэн, Түмэндэмбэрэл хэмээх өргөмжлөл хүртсэн гал цогтой хоёр залуу анхны бие даасан тайлан тоглолтоо хийж гэж байгааг фенүүдэд нь таатай хүлээж авч буй. Тэдэнтэй товч яриа өрнүүлснээ хүргэе.

-Анх хамтарч дуулах санаа хэзээнээс төрөв өө. Хамтдаа хэдэн уран бүтээл хийгээд байна.

-Анх МУГЖ Батсүх, Далантай гавьяат нарын зохион байгуулсан "Очирваань холбоо"-ны тоглолт дээр танилцаж хамтын уран бүтээл хийх санаа төрсөн гэж болно. Хамтын уран бүтээл бол  2013 оноос туурвиж байна.

Хос дуучдын ихэнх нь багш нарынхаа зөвлөгөөгөөр буюу хоолойны өнгө хэр их хоршиж байгаагаар сонголтоо хийсэн байдан. Та хоёрын тухайд хэрхэн бие биенээ олсон бэ?

Б.Хандмаа: Анх Загдаа маань санал тавьж хамтран дуулахаар болсон. Би оюутан байхдаа "Dream live" гэж хамтлагтай байсан юм л даа. Тухайн үед манай хамтлагийн уран бүтээлийг үзээд миний дуу хоолой, дуулж байгаа хэсэг нь таалагдсан учраас надад хамтран дуулах санал тавьсан гэдэг. Анхны дуу "Ханийн жаргал" маань тухайн үеийн хитийн жагсаалтанд орсноор хамтран уран бүтээл хийхээр сэтгэл шулуудсан. Түүнээс хойш 3 жил өнгөрчихөж.

Б.Нямзагд: Бид хоёр анх 2013 онд МУГЖ Батсүх, Далантай хоёрын зохион байгуулсан “Очирваань” холбооны тоглолтон дээр танилцаж байлаа. Дараа жил нь "Дуулах тусам дурлах аялгуу" гэдэг 12 дуутай цомгоо гаргаж байсан. Нийт 30 гаруй дуу хамтраад дуулчихсан юм байна лээ. Тэгэхээр ганзага их нийлсэн байгаа биз.  

Та хоёрын бодлоор хит дуу гэж ямар дууг хэлэх вэ?

Б:Хандмаа: Үеэс үе дамжин дуулагддаг нэг ёсондоо урт настай дууг хэлэх болов уу.

Тэгвэл та  хоёр хэдэн хит дуутай вэ?

Б.Нямзагд: Дуу болгон маань өөр өөрийн сонсогч фэнүүдтэй. Бид хоёрын дуулсан хайрын дуунууд бүх насныханд зориулагддаг учраас тэр байх. Гэхдээ хэзээ ч цээжээ дэлдэж байсангүй. Голж явсаар нэг мэдэхэд гурав, дөрвөн жил болчихсон, урын сан маань их биш юм гэхэд нэлээд зузаарчихсан байна. Тэгээд ч ард түмэн бид хоёрыг тоглолтоо хийхийг хүлээж байсан нь цахим сүлжээгээр бидэн рүү илгээж байгаа захидал, урмын үгнээс нь анзаарагдсан. Тийм болохоор анхны бие даасан тоглолт маань цаг үеэ олж байна гэж бодож байгаа.

Тоглолтонд нийт хэдэн дуу дуулагдах вэ?

Б.Хандмаа: Хосоороо дуулсан арав гаруй дуу, соло бас ганц хоёр дуу дуулна. Мөн үе үеийн шилдэг уран бүтээлчид оролцоно.

Тоглолт болгонд ямарваа нэг үзэл санаа байдаг гэж би хувьдаа ойлгодог. Та хоёрын хувьд залуусын хайр сэтгэлийг гоё сайхан талаас нь харуулахыг хүссэн юм шиг ээ. Тэр тусмаа болзоо гэдэг зүйлийг их нандигнажээ гэж бодсон. Зөв ойлгож уу?

Б.Нямзагд: Зөв ойлгосон байна. Хайр гэдэг агуу зүйл. Хайраас бүх юм эхэлдэг. Хайр нь юунаас эхэлдэг вэ гэхээр болзооноос эхэлдэг. Тийм учраас "Хайрын болзоо" гэж тоглолтоо нэрлэсэн. МУГЖ Батсүх ахтайгаа зөвлөлдсөний эцэст энэ нэрийг олсон. Цаг үеэ дагаад уран бүтээлчдийн тайлан тоглолт өөр, өвөрмөц шийдэлтэй хийгддэг болчихлоо. Энэ жишгээс "Хайрын болзоо" тоглолт гажихгүй. Зүгээр нэг хөтлөгч гарч ирж зарлаад дуучин нь гарч ирж дуулаад ёсолдог хэв маягаас татгалзаж байгаа. Шинэ содон олон зүйл сонсогч фэнүүдийг маань хүлээж байгаа. Энэ бүхэн нууц байг.

Нийтийн дуу бол дунджаас дээш насныхны сонголт гэсэн ойлголт байдаг. Гэтэл дуучид нь шижигнэсэн залуус байх жишээний. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар үзэгчидтэйгээ зөрчилдөх, дур сонирхлыг нь мэдрэхгүй байх тал гарах уу?

Б.Хандмаа: Тийм зүйл ажиглагдаггүй. Нийтийн дууг чинь ёстой л 80 настай бууралаас найман настай балчир хүртэл сонсдог учраас ямарваа нэг зөрчил ч юм уу, үзэгчидийн санаанд үл нийцэх тохиолдол анзаарагддаггүй. Харин нэг үед дуучид ам барьж дуулж байна гэж нэлээд шүүмжлэл дагуулж, зөрчилдсөн байх. Түүнээс биш өөр зүйл нэг анзаарагдаад байдаггүй ш дээ.

-Жинхэнэ сайн дуучин гэж хэнийг хэлэх вэ? Ямар байх ёстой вэ?

Б.Хандмаа: Миний бодлоор жинхэнэ сайн дуучин гэвэл мөнгөний хойноос биш чанарын хойноос хөөцөлддөг уран бүтээлч хүн байх ёстой. Дууныхаа үг бүр дээр, аялгуу бүрийг мэдэрч байх ёстой. Ингээд дуулсан дуу нь ард түмэнд хүрч, тэд хүлээж авч байгаа бол жинхэнэ дуучин гэж нэрийг зүүх болов уу. Анх Батсүх гавьяат маань, дууг нэг их хүчилж гоё дуулах биш, зүрх сэтгэлээсээ дуулах хэрэгтэй гэж хэлж байсан санаанаас гардаггүй. Бид хоёр энэ сургаалийг зарчмаа болгож явдаг Тийм ч учраас дуунууд маань хүмүүст илүүтэй хүрдэг байх аа.

Нямзагд гэж хэн бэ? Өөрийнхөө Би-г тодорхойлооч?

Нямзагд: Нямзагд гэдэг хүн бол дуучин. Нэг хүний эр нөхөр, нэг хүүхдийн эцэг, нэг хүнтэй чин сэтгэлээсээ хамтарч уран бүтээл хийдэг эр хүн . Дуу дуулаад дуучин гэж нэрлүүлээд зургаан жил болж байна. Миний хажууд Хандмаа 20 гаруй жил болчихсон явна /инээв/.  

Хэн нэг алдартай дуучинтай өөрийг харьцуул гэвэл хэнийг онцлох вэ? Өөрийн чинь дууг сонсоод алдарт дуучин Адарсүрэн агсантай адилхан хоолойтой гэдэг юм билээ. 

Дуучин бүхэн өөр өөрийн дахин давтагдашгүй дуу хоолойтой байдаг. Гэхдээ ойролцоо хоолойтой дуучдын алийг тэр гэхэв. Тэглээ ч хэн нэгэн дуучинтай өөрийгөө харьцуулмааргүй байна. Харин алтан үеийн баритон хоолойтой Цэрэнчимэд, Мөнхбаяр, Адарсүрэн гээд дуучдын дууг сонсож өөр дээрээ тусгаж авж ажилладаг. Адарсүрэн агсантай адилхан хоолойтой гэдэг бол баярлалаа. Магадгүй би бас баритон хоолойтой учраас тэгж анзаарагддаг байж болно. Тэр чинь 20-р зууны агуу дуучин шүү дээ.

Тэгвэл Б.Хандмаа гэж хэн бэ? Өөрийнхөө Би-г тодорхойлооч?

Б.Хандмаа: Худал хуурмагт дургүй, шударга, даруухан хэдий ч өөртөө итгэлтэй дуулсан дуу бүхнээ чин сэтгэлээсээ дуулж үзэгчдэд, хүмүүст сайхан хайр, сайхан сэтгэл мэдрүүлэхийг хичээж яваа эгэл нэг дуучин бүсгүй.

Яагаад дуучин болохоор шийдсэн бэ?

Б.Хандмаа: Би бараг 3 настайгаасаа эхэлж дуулсан. Дуулж байснаа сайн санадаггүй ч аав ээж хоёр маань гурван настайгаасаа дуу дуулж уран бүтээлч болох замнал нь эхэлсэн гэж явуулдаг юм /инээв/. Багадаа дуулж байсан зураг, бичлэг бий л дээ. Дуучин болох нь миний хувь заяа, бурхан зураад өгчихсөн үүрэг даалгавар байх гэж боддог.

Та хоёрын дууг сонсож байхад тийм ч бүдүүн хоолой сонсогдоггүй харин ч уянгалаг, намуухан дуу хоолой сонсогдоод байдаг. Хөгжимтэй зүйрлэвэл намуухан, зөөлөн, аялгуулаг  ятга хөгжим юм уу.

Б.Хандмаа: Баярлалаа. Тэгж болноо. Хоёулаа бүдүүн баритон хэрнээ зөөлөн, намуухан сонсогддог юм билээ. Багш нар маань ч хэд хэдэн удаа тэгж хэлж байсан. Бид хоёрын тухайд тооноос илүүтэй уран бүтээлийнхээ чанарыг эрхэмлэдэг. Дуу бүр дээр сэтгэлээ шингээж, удаан бодож байж хийдэг. Нэг дуун дээр дунджаар зургаан сар ажиллана шүү.

Хос дуучид учраас хос дээлээр стиль имижээ бүрдүүлдэг бололтой юм. Дээлээ хаана оёулдаг вэ?

Б.Хандмаа: Алтай гэдэг уран эгчээр бүхий л дээлээ урлуулдаг. Нэг дуу хийлээ гэхэд ямар өнгийн ямар загварын дээл өмсөж дуулахыг Загдаа шийдчихдэг. Бараг л загвар, өнгийг нь дизайнер эгчтэй нийлж гаргаад оёхоос бусдыг нь хийчихдэг мэдрэмжтэй хүн дээ.

Б.Нямзагд: Сонсогчдоо, ард түмнээ хүндэлж байгаагийн нэг илрэл бол хувцаслалт гэж би боддог. Ялангуяа манай монголчууд чинь үндэснийхээ дээл хувцсыг өмссөн хүн бүхэнд таатай хандаж эерэгээр хүлээж авдаг учраас ихэнх дууныхаа клип дээр дээл өмсдөг. Мөн билэгдлээ бодож сайхан сэтгэлтэй, зөв бодолтой хүнээр дээлээ оёулдаг учраас өмсөхөд ч гэсэн сэтгэлд дулаахан байдаг юм.

Эцэст нь та хоёрын тоглолтыг үзэх гээд тэсэн ядан хүлээж байгаа үзэгчиддээ хандаж юу хэлмээр байна?

2016 оны 11 дүгээр сарын 8-ны орой бол бидний мөрөөдлийн үдэш байх болно. Тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Үзэгчид яагаад заавал ажлын өдөр тэр дундаа хоёр дахь өдрийг сонгосон талаар асууж байна лээ. Учир нь энэ өдөр бид хоёрт ивээл дээрээс нь Бөхийн өргөөний тоглолт хийх цаг тохироо нь энэ өдрөөр бүрдсэн юм аа. Бидний дууг сонсдог, дэмждэг, таашаадаг  үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. Тэд маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авна гэдэг итгэлтэй байна.

Баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-22 22:08
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 01-22 21:55
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-22 21:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:14
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:13
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)