Шинэ парламент дахь тайзны одод хэн нь хэн бэ?
2016 оны 11 сарын 7

Цоо шинэ өнгө, шинэ боловсон хүчин, сорилт, ухааралтай энэ удаагийн УИХ-ын сонгууль бол хэзээ ч хуучиршгүй сэдэв. Ард иргэд, эрх баригч намуудын төсөөлж байснаас шал өөр үр дүн. Маш олон онцлогуудыг нэрлэж болох шинэ парламент. Тэдгээрийг бүрдүүлж буй өөр, өөр түвшний эрхэм түшээд. Иргэдийн хийсэн сонголтын үр дүнд 76 гишүүний 40 орчим нь анх удаа парламентын босго давж буй шинэ хүмүүс. Тиймээс бид энэ дугаараас эхэлж Хэн нь хэн бэ? гэсэн сонирхолтой буланг хөтлөхөөр болж байна. Юун түрүүн шаргал ордонд “Шинэков” ч хэдийнэ тайзны баатар, нийгмийн од болсон фигуруудыг онцолъё.

Эцэг, эхнэрийнхээ ачаар “Тайзны од” болсон Г.Тэмүүлэн

Түүний хэлэх дуртай үг гэвэл Жинхэнэ эр хүнийг албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөг юу ч эвдэж чаддаггүй.

Архангайн нэгдүгээр тойргоос “ГОК”-оороо овоглож гарч ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнгийн хувьд улстөрд орохоор аль эртнээс бэлдэж байсан гэлцдэг. Магадгүй түлхэц болсон хүн нь түүний аав биз. Нэртэй айлын зүстэй хүүхэд тэрбээр томчуудын хүүхдүүдийн жишгээр гадаадын томоохон их, дээд сургуулийг төгссөн гэх боловсролын гуншинтай. Гэхдээ хэл усандаа хэр юм гэдгийг чухам ойр тойрныхон нь л мэдэх биз. Хэлтсийн даргаас эхлээд хэсгийн нарийн бичиг, дэд захирал болтлоо хөгжиж ажилласан түүнийг ажлын туршлагагүй гэж хэлж хараахан болохгүй. Харин нэг зүйлийг тодотгон хэлэхэд түүний ажлын туршлага ихэвчлэн уул уурхай, ашигт малтмалтай холбогдоно. Энэ нь ч магадгүй Уул уурхайн дэд сайдаар хэсэг хугацаанд ажиллахад нь түлхэц болсон байх. 


УИХ-ын сонгуульд гарч ирэхийн тулд аймгийн төвийн айлуудаар орж атга гурил, арван цаастай тараасан гэдэг ч хараахан аавынхаа хэмжээнд намтраа бохирдуулаагүй явна. Мөн түүнийг тайзны од болоход эхнэр нь нөлөөлсөн. Жил бүрийн “Алтан сарнай” наадамд гэргий С.Энхзулаараа гоёж очдог түүнийг хэвлэлийнхэн дурангийнхаа урдуур хэрхэн зүгээр өнгөрөөхөв. Тэгэхээр аливаа зүйл хоёр талтайн жишгээр түүнийг “Тайзны од” болоход аав нь ч, эхнэр нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Түүний гэргий С.Энхзул“Хан бүргэдэй” их дэлгүүрийн эзэн хуучны хашир хурандаа Сандагийн бага охин. Их Британид дээд сургуулиа дүүргэсэн өндөр боловсролтой бүсгүй. Тэгэхээр богино хугацаанд тун амжилттай яваа Г.Тэмүүлэнгийн эрч хүчний салшгүй нэг хэсэг нь түүний хань гэдэгтэй хэн ч маргахгүй биз.


Боловсрол дутмаг ч ажлын туршлага бол бий, бий...

Түүний онцлох ишлэл- Хар машиныг би шатаасан, шүдэнз зурж тавьсан хүн нь би

Ж.Мөнхбат энэ жил 37 настай. Хоёрдугаар курсээсээ л нам эвсэл гэж гүйж байсан түүнийг өнөөдрийн энэ өндөрлөгт нэг л өдөр хүрнэ гэж намынх нь нөхөд харж байсан биз. Харин ард түмэн төсөөлөө ч үгүй. Учир нь улс төрийн босго арай өндөр байдаг гэдэгт итгэж байсантай нь холбоотой болов уу.


Ж.Мөнхбатын хувьд гайхуулж, сайшаагаад байх боловсрол байхгүй. Гэхдээ ажлын туршлага бол ямх ямхаар ахисан байдаг. МУИС-ийн ширээнээс засгийн газрын ордон руу жим зам гартал гүйж явсан түүнийг буурал Төмөр-Очир улс төрд хөтөлсөн түүхтэй. Буурал даргыг хүчтэй, нөлөөтэй явах үед өнөөгийн сайд ёстой л далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж, гутал цүнхийг нь барьж гүйдэг байсан гэх. Чухам үүнийхээ үр дүнг өнөөдөр тэр амсаж явна. Зөвхөн даргын цүнх бариад л сайдын суудалд хүрэх замаа засчихсан юм биш. Эр хүн тугал ч хариулна, туг ч барина гэдгийг тэр амсаж эдэлсэн хүн. Чимэдцэрэн, Сүрэнхор нарын АСЗХ-ны “одоогийн НАМЗХ/ залуус даварч, дампуурч байх үед гудамжинд гарах хүртлээ хатуу хөтүүг үзэж явав. Солонгосын казиногийн сүрхий үйлчлүүлэгч байсан тухай нь улс амьтан ам уралдан ярих нь бий. Чухам энэ бүхний эцэст босч, тэмцэж чадсан нь түүний мөн чанар гэлтэй. Тухайн үед эхнэр нь хүртэл орхиод явж байсан бол сая эргэн сэргэлттэй нь уралдан эргэж ирсэн гээд намтар түүх их. Одоо бол түүнийг Т.Бадамжунайгийн хүн гэлцдэг. Т.Бадамжунай ноёнтны тухайд ил фронт дээр л гарч ирдэггүй болохоос МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг. Бараг томилгооны ихэнх нь түүний гараар ордог гэх. Мөнгө босгохдоо сайна, менежмент хийхдээ гаргууд гэдгээрээ илүүрхдэг гэж байгаа. Ийм кадр дагасных найрагч эр улс төрийн тогоонд одтой байхгүй гээд яах билээ. Яруу найраг, дуу хөгжим дүүрэн он жилүүдээ улс төрөөр сольж орхисон түүний карьер сайн бодож, төлөвлөж чадвал дөнгөж эхлэлийн цэг дээрээ явна. 

Боловсрол, ажлын туршлагаар нимгэн ч гэлээ... 

С.Жавхлан- Чи эх орноо яаж хайрлахаа мэдэхгүй бол над дээр хүрээд ир! 

Энэ сонгуулиар түүхэндээ хамгийн олон буюу 90 гаруй хүн бие даан өрсөлдөхөөр бүртгүүлж, 68 нь эрх авч чадсан ч тэднийг ердөө ганцхан хүн л УИХ-д төлөөлөхөөр болсон. Энд мэдээж С.Жавхлангийн талаар өгүүлэх гэж байна. 
Үнэнээр явбал үхэр тэргээр жийп гүйцнэ. Энэ үг С.Жавхлан хоёр холбоотой. Өвөг дээдсийнхээ ухаанаар бахархаж монгол ёс заншлаа дээдэлж явдаг гавъяат өдгөө хор ярьж, хонь үхрээрээ дуудалцаад төрийн ордонд сууна гэж хэн санах билээ. 2008 оны УИХ-ын нөхөн сонгуульд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж 34 (2.95%) хүний санал авч ялагдав. Энэ түүний анхны сонгууль. Үүний дараа нутагтаа нэр дэвшиж бас л ялагдал хүлээсэн. Харин энэ удаад тэрбээр арай туршлагатай үзсэн нь түүнд ялалт авчирсан юм.
Яаж Жавхлан УИХ-ын гишүүн болох вэ дээ гэж олон ч хүн ярьж байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал арай эсрэгээрээ эргэж С.Жавхлан гишүүн болсон нь зөв гэж хэсэг нөхөд дуу хадааж суух юм. Зөв үү, буруу юу гэдгийг цаг хугацаа харуулаад өгөх биз. Гагцхүү боловсрол, ажлын туршлага л мань хүнд дутагдах вий дээ.


Хошигнол: С.Жавхлан “тархины түгжээ мултлагч” хэмээн өөрийгөө өргөмжилдөг “Донж”-ын Д.Төгөлдөр агсантай хуурай ахан, дүүс. Зарим хүмүүс зүгээр дуулаад явж байсан хүнийг “мангартуулаад” шал өөр, буруу сэтгэхүйтэй болгоод хаячихсан. “Хайрлаж болохгүй хайр” дууг Д.Төгөлдөр агсантай хамтран хийснээс хойш С.Жавхлан тэс өөр хүн болчихсон гэж ярих нь ч бий.
Урлагийнханд ч, нийгэмд ч, улс төрд ч ОД болж гялалзаж буй С.Жавхлангийн намтар түүхийг өгүүлэх илүүц биз ээ. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн давшаад байж дээ С.Жавхлан минь...

Темон: Улстөрийг урлагтай андуурчихсан нааж байна /Рокет бэй/

Н.Учрал- Олигархийн хүүхдүүд гэдэг томъёололд чинь би лав зохихгүй байх

Зургаан ном бичиж, зургаан байгууллагын захирал хийж явсан Н.Учралыг залуу үеийнхэн андахгүй. Магадгүй үлгэр дуурайллаа болгосон залуус ч цөөнгүй биз. Залуу, эрч хүчтэй, бодлоготой, зарчимтай. Хүний амьдралд сонголтууд олон. Н.Учралд ч мөн олон сонголт байсан. Гагцхүү юу түүнийг улс төр рүү зүглүүлэв гэдэг бас л сонин. Нэгэн үед охид залуусыг байлдан дагуулсан уран бүтээлүүд гаргаж явсан дуучин тодотголтой залууг өнөөдөр ингээд УИХ-ын танхимд сууж байна гэж хэн санах вэ.


Бас л учиртай. Түүний аав С.Ням-Осороос их зүйл шалтгаалсан. Ёстой л “номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан” гэдэгчлэн хүүхдээ номын мөр хөөлгөж, бүр сүүлд нь сургууль байгуулахад нь хүртэл түлхэц болсон зангарагтай аав. Ингэж сургууль, телевиз, сургалтын төв гэж явсан нийгмийн идэвхтэй залуу бол Н.Учрал. Харин тэрбээр энэ удаад эцгийнхээ магнайг хагалж, хүслийг биелүүлсээр УИХ-д цойлон гарч ирлээ.
Аав нь Ардчиллын эхэн үед Хэнтийд очиж дэврүүн сэтгэлээр жижиг намаас олон ч удаа нэр дэвшиж байсан. Гэвч тухай бүрт өвдөг шороодсон ч элдэв хэл ам хийж эсхүл шантарч цуцаж явсангүй нь угаас хүчирхэг, дэврүүн О.Ням-Осор ноёнтны характер. Энэ бүхний эцэст тэрээр сайтар бэлтгэсэн хүүгээ Монголын улс төрд бэлэглэсэнд бид талархах ёстой болов уу. Өөрөөр хэлбэл Н.Учрал зүгээр нэг баян айлын бандгар бацаан биш чухам төрөлхийн өгөгдөлтэй, уйгагүй хөдөлмөрч, шинийг сэтгэгч болох нь олон зүйл дээр харагддаг. Түүнээс бид их зүйл хүсч буй. Харах л үлдлээ.
“Миний амжилтад хүрсэн нууц” гэдэг ном бичээд Ларри Кингийн ярилцлагад орох. “Эхлээд Монголдоо, дараа нь Ази, тэгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цагт би номоо бичиж олон хүн түүнээс үлгэр авч, намайг CNN ярилцлагад урих ч юм бил үү”. Энэ бол нийгмийн идэвхтэй уран бүтээлч Н.Учралын мөрөөдөл. Харин улс төрч Н.Учралын мөрөөдөл арай өөр байх болов уу.

Улаанаа хүү УИХ-д суусан нь

А.Сүхбат эрт цагт- Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би бөхийн дэвжээн дээрээ байхдаа л жаргалтай байдаг гэж хэлж байв. Харин улс төрд тэр жаргах гэж орсон уу зүгээр л дурлал уу?

Олон эхнэртэй, олон мэхтэй гээд гуншин ихтэй. Улс төрч болохоосоо өмнө олон түмнээ эр бяр, хүч чадлаараа баясгаж явсан аваргад итгэл хүлээлгэх хүн бишгүй л байгаа байх. Учир нь тэрбээр хамгийн олон фентэй бөхчүүдийн нэг. Үе удмаараа Богдхан уулын урд энгэр буюу Төрхурах, Шажинхурахын аманд нутаглаж өсч торнин бага насаа өнгөрүүлсэн гээд л бөх болохоос нь эхлээд зодог шуудгаа тайлах хүртэлх түүний намтарыг Монголын ард түмэн мэднэ. 
Ухаан орсон цагаасаа л гэж ярьдаг даа. Түүн шиг л Улаанаа /Сүхбат/ хүү багаасаа л унага даагатай ноцолдож хар ажил хийж өсчээ. 10 настайдаа үнээ сааж сурч, 12 настайдаа дөчийн бидонтой ус хэнэг ч үгүй мөрлөөд явчихдаг болов. Хөдөөгийн амьдрал Улаанааг ингэж л хүчтэн бол гэсэн шиг хатуу, хөтүүд сургаж, бие бялдрыг нь чангаруулж өсгөжээ.
Харин улстөрийн зүтгэлтэн болсон түүнийг юу хатуужуулж, юу сургаж байгаа юм бол доо. Мэх ашиглаж учраа бөхөө давдаг шиг яваад л байвал түүнийг барж идэх хүн ч ховор биз ээ. Харин гарамгай хийдэг хутгах мэхээ улстөрийн хутгалтаар соливол байдал арай өөрөөр эргэх байх. Энэ бүхнийг цаг хугацаа л харуулна.


Тэрбээр 2013 онд АН-д элсэж байхдаа “Ардчилалыг дэмждэг хүний хувьд энэ сонголтыг хэзээ нэгэн өдөр хийх байсан. Өөрийн хийж чадах зүйлээ улс төрд гараад хийх болно” гэх утгатай зүйлийг хэлж байсан ч энэ удаагийн сонгуульд МАН-аас тойрогт өрсөрдөж ялалт байгуулсан юм. АН-аас татгалзсан учраа тайлбарлахдаа “ Улс төрийн гадна нь биш дотор нь орж, үгээ хэлж явъя гэж бодсоны үндсэн дээр ийм сонголт хийсэн юм. Гэвч сонгосон нам маань миний бодсон шиг байж чадаагүйд би их харамсаж яваа. 2015 оны Төв аймгийн Намын хорооны хурлаар ҮЗХ-ны гишүүдийг сонгосон. Тэр хуралд очиж суугаад энэ нам биш болчихсон болохоо байчихсан юм байна гэдгийг мэдээд намаасаа татгалзсан” хэмээн тайлбарлаж байв.
Боловсролын тухайд мань хүн биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 2013-2015 онд Удирдлагын Академийн Төрийн захиргаа удирдлагын ангийг төгссөн. Хажуугаар нь эрдэмтэн багш нараар шавь сургалт маягаар байнга хичээл заалгадаг гэсэн шүү. Магадгүй ингэж улстөрд өөрийгөө бэлтгэдэг биз ээ. 

Эх сурвалж: "Гранд сэтгүүл"

Бэлтгэсэн Д. Ундрах

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (228)
  • 12-15 00:02
    Retweet (72)
  • Retweet (48)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-15 20:39
    Retweet (12)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-15 21:13
    Retweet (5)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 20:50
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-15 21:13
    Retweet (1)
  • 12-15 21:10
    Retweet (1)
  • Retweet (1)