“Цагаан хадаг”-ны нулимс
2016 оны 9 сарын 29

Өчигдөр кинонд дуртай хүмүүсийн хувьд тун онцгой өдөр байлаа. УИД-т ICINEMA дэлхийн стандартын кино театр “Цагаан хадаг” уран сайхны киногоор нээлтээ хийв. Дэлхийн томоохон их дэлгүүрүүдийн дээд давхаруудад хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой кино театр байрладаг. Бид ч бас энэ стандартыг мэдрэх боломжтой болсон нь таатай хэрэг.

 “Цагаан хадаг” киноны тухайд олимпоос манайх мөнгөн медаль хүртэж огшиж байсан үед трейллэр нь цацагдаж эхэлсэн билээ. МУГТ Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн нь сонирхол татаж байлаа. Ингээд та бүхэнд нээлт болон киноны тухай хүүрнэе.

Гурван Сумъяа

Шинэ кино театрын нээлт бузгай сайхан болов. Өдрийн турш хамтлаг дуучид ирж дуулан дэлгүүр хэсэж явсан хүмүүс саатан зогсож байлаа. Үндсэн нээлт 11.40 буюу Морин цагт эхэлсэн. “Хүлэгү” пикчерсийн хамт олон, гол дүр Т.Жинжмаа, МУГТ Д.Сумъяа нар ирлээ.

Нуулгүй хэлчихэд би эхэндээ “халтуур”-ны кино гэж бодсон. Олимпоос мөнгөн медаль авуут жудочийн амьдралаар сэдэвлэсэн кино, тэр тусмаа Д.Сумъяагийн тухай хийгдчихсэн бэлэн байсанд итгээгүй юм л даа. Эргэлзээ байлгүй л яахав, хүн дотроо юу бодож юунд эргэлзэх нь түүний асуудал тул битгий зэмлээрэй. Оньсого тайлагдсан.

Угтаа бол киноны зохиолч продюссер Т.Номуунзул жилийн өмнөөс энэ кинон дээр ажиллаж эхэлжээ. Тамирчны тухай кино бараг “Хань”-аас өөр байхгүй тул орон зайг залуу бүсгүй соргог мэдэрч л дээ. Тохиолдлоор Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлээд байсан, харин тамирчин бүсгүй олимпоос медаль хүртсэн нь давхар давхар баяр. Олимпоос медаль авч байгаагаар кинонд зөгнөсөн байсан юм билээ.

Нээлтийн үеэр Д.Сумъяа энэ талаар дэлгэрэнгүй ярилаа. Түүний дүрд тоглосон охин Т.Жинжмаа хэдий тамирчин биш ч арал чац нь одоогийн шоргоолж шиг бэлхүүстэй зэгзгэр охидоос өөр. Өөр бас нэг Сумъяа байсан нь бага насны дүрийг бүтээсэн бяцхан охин байлаа.

Найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж. Дэгжин нүдний шил, буржгар үс, нөгөө л залуу стилиэ барьсан хувцас сэлт нь цаанаа зэвүүн харагдуулах юм билээ. Хээнцэр хүн ер нь тэгээд хэзээ ч хээнцэр харагдах юм даа.

Продюссер Т.Номуунзул нэгэн үе загварын тайзнаа гунхаж явсан бүсгүй. Түүний өндөр нуруулаг гоё сайхныг бараг киноных нь жүжигчдээс илүү шохоорхсон харцаар ирсэн зочид харж байлаа. За ингээд танхимдаа орцгооё .

Хүлэгү ба шинэ театр

Тус кино театр хоёр танхим, 279 хүний суудалтай. Dolby atmos процессор бүхий 7.1 дуугаралттай, DCP проектороор 2К-ийн өндөр нягтаршилтайгаар 2D энгийн үзвэр үзүүлэхээс гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Master image, Volfani гэсэн 2 төрлийн үзвэрийн сонголттой гэсэн. Ямар ч байсан суудал дээр нь суухад өвдөг хөл тулахгүй, тухтай мэдрэмж байсан. Дураараа хөлөө жийнэ. Кино театрын бараг “тавилга” болох шахууны надад тэр нь анзаарагдсан шүү. За ингээд кино эхэллээ.

Ингэхэд манайхаан “Хүлэгү” пикчерсийг мэднэ биз дээ? Орой “Боловсрол”, “Asian box”, “Movie box” сувгаар гардаг хамаг л өнгөтэй өөдтэй олон ангит сериал, нэг ангит гоё гоё киног эднийх албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оруулж ирдэг юм билээ. Анзаарвал кино эхлэхийн өмнө “Хүлэгү пикчерс албаны ёсны эрхтэйгээр ...” гээд л гарч байгаа. Харин дэлгэцийн өөрсдийн уран бүтээлийн тухайд би өмнө нь “Өнөр бүл өнөө цагт” киног нь үзэж байсан.

Гол агуулга

Ердөө эхний арван минутанд хачин их гуниг төрөв. Бяцхан охин Даваагийн ээж нь цэл залуугаараа энэ хорвоогоос одлоо. Сумын төв, хашаа руугаа дэгдэн гүйж орж ирж байгаа Даваа ... Хүмүүс мод хөрөөдөж хоёр дүү нь хашааны буланд юм сандайлчихсан суух аж. Охин нулимс мэлтрүүлэн өөвгөр гэрийнхээ үүдийг татаж орлоо. Хойморт цав цагаан даавуу унжуулсан байх аж. Нээлээ ... Олон цагаан тагтаа дэрхийн нислээ. Энэ хүртэл “Ээж ...” гэдэг ганц л үг хэлсэн. Сэтгэл догдлом дүрслэл.

Монголчууд бид тийм ч үглээ ард түмэн биш. Зарим зүйлийг үгээр хэлэхгүй байсан ч ойлгож мэдэрдэг билээ. Найруулагч кино эхлэхээс дуусах хүртэл олон таван үг “шал шал” хийх, хий дэмий хашгичиж гуугачихаас зайлсхийсэн мэт санагдав. Чихэнд амар, гайхалтай нь кино үзээд байгаа мөртлөө олон зүйлийг бодож амжиж байв.

Хүн амьдралдаа гурван зовлонг л үзээгүй бол тэрнээс бусдыг зовлонд бүү тооц гэдэг. Өсөх насанд эцэг эхээ алдах, идэр насанд ханиа алдах, өтөл насанд үр хүүхдээ алдахаас илүү зовлон үгүй гэнэ лээ. Даваа өсөх насандаа ээжийгээ алдав. Удалгүй хойт эх ч ирэв. Гэхдээ энэ киноны хойт ээж “Орхидос”-ын ээжээс тэс өөр хүн байлаа.

Даваа яаж угтаж авсан гэж та бодож байна? Шуудхан ээжийнхээ унтдаг цагаан толгойтой төмөр орны дэвсгэрийг хуулан орыг нь салгаж өргөөд гэрээсээ аваад гараад явчихсан. Их л гартаа бүлтэйн шинж. Төмөр орыг тийм жаахан охин тэгж хурдан салгаж өргөөд гарна гэдэг??? “Надад өөр ээж хэрэггүй”

Охин аймгийн төвийг зорилоо. Аав нь шийдсэн. Замд ганц мод торойно. Нуруугаа давсан уртаа хар гэзэгтэй ижиитэйгээ хөтлөлцөн инээж яваа Даваа ... Гэр бүлтэйгээ хамгийн жаргалтай байсан агшин байлаа. Дахиад л нулимс цийлэгнэв.

Амжилт өөрийгөө ялахаас эхэлнэ

Бодоход Зайсанд амьдардаг айлын охин, за больё бүр жирийн орон сууцанд амьдардаг айлын охин жудогоор хичээллэх болов уу? Үгүй байх. Мянга мянган Даваа жудогоор хичээллэж байгаа, гэхдээ. Хөдөө орон нутгийнх, гэр хорооллынх байх чухал биш, хөтөлсөн зам жим нь тэр юм. Өглөө оройгүй хийх бэлтгэл сургуулилт, бэртэл гэмтэл.

Миний мэдэх нэг танил айлын охин биерхүү багаасаа жудогоор хичээллэсэн. Гэвч олон удаа бэртэл авсан, гадаад руу хэд хэд тэмцээнд явсан боловч амжилт гаргаж чадалгүй ээж аавыгаа өрөнд оруулсан. Удаа ч үгүй дахиж барилдах боломжгүй болон их спортоос буусан юмдаг. Тийм болохоор амжилтанд хүрэх гэдэг бидний олимпоор л үздэг хэдэн минутын барилдаанаас тэс өөр зүйл юм даа гэж бодож байв.

Даваа өөрийгөө ялсан. Гэхдээ энэ гуравхан үг шиг биш, үнэхээр их зам туулсныг та киноноос харах болно. Нөгөөтэйгүүр сэтгэлзүйн бэртэл яс мах бэртэхээс илүү хүнд эд ажээ. Хэдий бүгд дасгал сургуулилт хийж амжилтын төлөө явж байгаа ч бие биедээ жөтөөрхөн сэтгэл санаагаар унагах дарамт шахалт ч үзүүлдэг аж. Хавирга нь цуураад уушги руугаа юу юугүй хатгаж ороход бэлэн байхад ч барилдаж медальд хүрсэн тамирчин сэтгэлзүйн дарамтнаасаа болж хүнд цохилтонд орох ажээ.

Жүжигчдийн тухай цөөн үг

Кинонд Т.Жинжмаа гэх эгэл жирийн охин тоглосон. Т.Номуунзулын онцлог олны танил биш жүжигчдийг сонгодог тул илүү үнэмшилтэй сэтгэлд ойр тусах аж. Алийн болгон шоргоолж шиг бэлхүүстэй, шорон өсгийтэй гуталтай, хиймэл хумстай хүүхнүүдийг дэлгэцнээс харах вэ. Гоё сайхан байх зүй ёсны хэрэг авч заримдаа хэтрүүлэг ихдэх шиг санагддаг. Хүн ямар хүүхэлдэй биш. Үзэгчид гэтэл дэргэд байгаа Чимгээ, Дулмаа шиг энгийн атлаа дотооддоо гоо охидыг бас хармаар л байдаг.

Модель тоглосон бол дугуй нөхөж наад захын барилдааны техникийг хэрэглэж чадахгүй. Бас жүжигчдээ бага насны дүр, Т.Жинжмааг ч маш сайн бэлдсэн байлаа. Тамирчин биш атлаа тамирчин шиг.

Дэлгүүрийн худалдагч, Даваагийн найз "хөвсгөр" охин хоёр үзэгчдийг хамгийн их хөгжөөсөн чимхлүүр дүрүүд. Худалдагчид “Black Box” театрын жүжигчин, “Гэгээн муза” хүртэж байсан Л.Эрдэнэ-Очир тоглов. Ер бусын өвөрмөц дуу хоолойтой түүнийг үзэгчид андахгүй. Хүн бүрт нэг "хөвсгөр" хөгжилтэй, сэтгэлээрээ найз байдаг.

Тэр "хөвсгөр" найз нь ёстой үзүүлж өгсөн дөө. Харин Даваагийн сэтгэлт залууд арилгасан сонгино шиг цэмцгэр орчин цагийн Ромео Б.Шинэбаяр тоглолоо. Манай хоёр нуруу туруу ойролцоо, нүд нь адилхан ч юм шиг тохирсон хослол байлаа. Хойт эх, аав, дүү нар бүгдээрээ амьдралд ойр дүрүүд. Та бүхэн үзэх тул ингэсгээд орхиё.

Эцэст нь:

Залуу зохиолч Т.Номуунзул үргэлж гортигны гадна үлдэх атлаа олимп, тэмцээний үеэр асар хүнд ачаа дарамт үүрэн дэвжээнд гардаг жудо бөхийн амьдралыг дэлгэцийн хэлээр амилууллаа. Кинонд нэг ч хүчирхийлэл, бохир дүрслэл, хараалын үг байхгүй. Тэр утгаараа өндөр престижтэй гэж хэлж болно. Браво!

Яг үнэндээ харааж зандачсан хүн алж байвал анхаарал татна гэж бат итгэсэн байдлаас залхаж тархи ядраад байсан юм. Би гайхсан, энэ залуу бүсгүй яаж эгэл ахуйг ингэж мэдэрч дүрслэв ээ. Бүр эглээс эгэл амьдрал, хэлбэрддэг нийгмийн эсрэг цагаан толгойтой төмөр орон дээрээ унтаж, монгол гэрт хэрхэн жаргалтай амьдарч болохыг харууллаа.

Ялангуяа тэр аав ямар агуу вэ. Дугуй нөхөж шар нар бор хоногийг өнгөрүүлэх эгэл боргил аав ямар их агуу сэтгэлийг харуулав аа. Тэр хойт ээж бор гэртээ богд хар гэртээ хаан гэдэг шиг байгаадаа ханаж хүний хүүхдийг ямар сайхан өсгөж байна аа.

Хамгийн чухал нь Даваа охин ахмадын үгэнд ямар сайн ордог хүлээцтэй, ямар эгэл юм бэ. Түүний ертөнц үнэхээр агуу. Тэр том тэмцээнээс цом авчихаад аавтайгаа дугуй нөхөлцөж зогсож л байдаг. Жаахан амжилт гаргав уу гүй юу хамраа сөхчихдөг хүн танихаа байдаг хүмүүсээс тэр ямар өөр юм бэ. Сэтгэл алдарсан байртай, машинтай сайхан залууд тэр өөрийнхөөрөө л хандсан. Гэтэл орчин үеийн охид яг тэгэх үү? Гэр хороололд амьдардагаасаа ичиж, түүний ертөнцөд таарч нийцэх гэж хичээдэг биш билүү?

Амьдрах сайхаан. Ийм эгэл боргил хүн шиг сайхан хүмүүс бидний дунд олон бий. Ёсзүй соёл гээч Долоон буудлын уулын оройд амьдардаг айлд бүрэн бүтнээрээ байна. Харин хотын төвийнхөн, жинхэнэ хотынхон ямар билээ???

Эх сурвалж: www.grandnews.mn 

Бэлтгэсэн У.Цахирмаа, Д.Цэгц

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (30)
  • 04-27 16:10
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (7)
  • 04-27 22:18
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 04-27 22:17
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-27 22:39
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)