Соргодогийн Жаргалсайханы БИЛГҮҮН: Хайр дурлал гэх нялуун, нялцгай юм ярих дургүй! Миний зорилго түүнээс том
2016 оны 9 сарын 26

Соргодогийн Жаргалсайханы Билгүүн, 32 настай, Охины орд. Арлын Японы тэргүүлэх “Avex” компанид 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Арлын улсад сумо биш өөр салбарт Ёкозуно болох гэгээхэн мөрөөдөлтэй, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах гоё амбицтай. Түүнийг ингэж товчхон танилцуулж болно. Миний бодлоор тэр өвөрмөц үзэл санаатай, олонлогоос өөр фигур. Өөрийнхөөрөө, огтын комплексгүй яриа, олон зүйл дээр уламжлалт бус бодол санаатай. Өнгөрсөн 5-р сард Токиод болзоо тогтоож ярилцсанаа хүргэе.  

Би ааваасаа тэс өөр хүн 

-Өөрийг чинь Соргодогийн Жаргалсайханы хүү гэдгээр уншигчид андахгүй байх. Билгүүн яг хувь хүнийхээ хувьд хэн юм бол? Өөрийгөө танилцуулаач?
- Би Жаргалсайхан гэдэг хүний бага хүү, 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Овоглодог овог талаасаа бол энэ асуултанд хариулах их амархан. Харин хувь хүнийхээ хувьд хэн юм гэвэл би одоо л өөрийгөө бүтээх гэж явна. Билгүүн Японд 16 жил амьдарчихлаа. Монголдоо байсан бол жүжигчин юм уу урлагийн салбарт  явах байсан байх. Намайг 15-тай байхад аав маань арлын оронд очоод ир гээд гэрээс явуулж байв. Тэр цагаас хойш өөрийгөө олох гэж хичээж явна. 

-  Зарим хүмүүс ааваараа овоглож олонд танигдах, дуудуулах дарамттай байдаг гэж ярьдаг. Өөрт чинь тийм мэдрэмж байдаг уу?
- Би дарамт гэхээсээ олзуурхдаг. Манай аав их даруухан, уран бүтээлээ л хийдэг, өөрийгөө ярьдаггүй хүн байсан. “Би ингэчихсэн” гэж далдагнаад байдаггүй нь аавын  философи байсан юм уу. Би хувьдаа эсрэг бодолтой. Яагаад хүн өөрийн амьдралдаа зорьж байгаа, золиослож  байгаа юмныхаа төлөө өөрийнхөө нэрийг, хийж бүтээж  байгаа юмаа ярьж болохгүй гэж. Энэ тал дээр аав бид хоёр их зөрчилддөг байсан юм. Зарим нь намайг, чи хэдэн жил л аавыгаа ярилаа, өөрөө юмаа хийгээч гэдэг. Гэтэл тэр хүн бид хоёр үргэлж мөнхийн холбоотой учраас тэнгэрт гаргаад тултал нь магтчихдаггүй юмаа гэхэд ядаж газар дор оруулаад муулуулчихгүй хэмжээнд авч явах нь миний үүрэг. Миний хувьд тэр их сайхан мэдрэмж л дээ.

- Ааваас чинь чамд ямар авьяас өвлөгдсөн бэ? 
- Аав маань их “юмор”-той хүн байсан. Ямарваа юмны голыг нь олж хэлнэ. Миний хувьд аавын хийхийг хүсдэггүй байсан юмсыг их хийдэг. Жишээ нь, багадаа ФМ радиод хөтлөгч хийж  үзлээ, кинонд гол дүрд тоглож үзлээ. Сурлагаараа тэргүүлж үзлээ. Олон хүний өмнө гарч ярьдаг ажил хийж байна. Дуу хөгжим, бүжигт дуртай. Сагс волейбол тоглодог. Аав гэтэл их даруухан, юмны ард л байх  дуртай хүн байсан. Харин ааваас авсан зүйл гэвэл логиктой сэтгэдэг, гүн ухааны талыг нь авсан. 

- Нүүрэмгий зан чинь Японы хөрсөн дээр ямраар буудаг вэ? Хэр их авцалддаг, хэр өгөөжтэй байдаг вэ гэх юм уу? 
2001 онд Японд ирэхийнхээ өмнө япон багшийнхаа ярилцлаганд орсон чинь, за Билгүүнээ чи ер нь айхтар хэл амтай, сэргэлэн хүүхэд байна. Тэнд оччихоод багш нартайгаа ингээд цэц булаацалдаад, хэлэмгий доломгой аашлаад байх юм биш биз гэж байсан. Би хариуд нь, ямар үед ямар хүнтэй яаж харьцахаа хэдий 15-тай ч гэсэн мэднээ гэж байсан. Япон хүмүүс ер нь манай аавтай адил их даруу, дотогшоогоо, юмаа нуугаад ч байгаа юм шиг, муугаар ярьвал дотуур тамиртай, муу санаатай хүмүүс. Самурай зан байхгүй юу даа. Мянга, мянган жил ингэж амьдарч ирсэн учраас түүнд тохируулж л харьцана шүү дээ. Гэхдээ монгол хүний сэтгэлзүйн онцлог, потенциалаа нэг их нуугаад байдаггүй. Зарим хүмүүсийн дургүй нь хүрдэг л байх. Гэхдээ би бол би.  Би монгол хүн. 

2020 онд Монголдоо очиж улс төрд хүч үзэх бодолтой байгаа

-Өөрөө гадаад төрх, хувцаслалт, имиж тал дээр нэлээн “самурайжсан” юм шиг харагдаж байна. Санал нийлэх үү? 
-Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Би нэг л юм ойлгосон. Би, Ази тэр дундаа Монгол хүн болж төрсөн байж яагаад заавал англи, германаар ярих ёстой гэж. Бид яагаад цагаан арьстнуудын хэлж, ярьж байгааг дуурайж, дагалдан баясах ёстой гэж. Азиуд өөрсдийн дахин давтагдашгүй ёс заншил, соёлтой улс үндэстнүүд шүү дээ. Өөрсдийн онцлог философитой улсууд. Тийм учраас би Наран ургах зүгийн Япон, Эх газрын, дэлхийн талыг эзэлж байсан Монгол хоёр хоорондоо салшгүй холбоотой гэж боддог. Япон ч гэсэн Монголоос гаралтай гэж яригдаж ирсэн учраас би энэ хүмүүст хайртай. Ер нь тэгээд амьдарч байгаа газрынхаа хүмүүст дургүй байна гэж байхгүй шүү дээ. Японд байгаа сайн юмнууд Монголд ч гэсэн оччихоосой, Монгол хүмүүс Японд дуртай болчихоосой гэж боддог. 

-Ер нь цаашдаа Японд амьдраад байх төлөвлөгөөтэй байна уу? 
-Би ногоон карттай байнгын оршин суугч. Хүссэн үедээ явж болно, ирж болно. 2020 оны сонгуулийн наана ч юм уу, цаана ч юм уу очих бодол байгаа. Тэр үед 36 нас хүрэх юм байна. Токиогийн Олимпийн үе, манай 2020 оны сонгуулийн үе. Бодол бий. 

-Улс төрд хүч үзэх юм биш биз? 
-Яагаад үгүй гэж. 

-Одоо ажиллаж байгаа “Avеx” компаниа танилцуулахгүй юу? 
-Ерөнхийдөө Япончуудын өөрсдийнх нь байгуулсан компаниуд дундаа нэг номерийн компани, 28 жилийн түүхтэй. Японы хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргачихсан, 1700 ажилтан, хорь гаруй охин компанитай. Охин компаниуд маань Тайвань, Сингапур, Лондон, Калифорни зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулж байна. 

-Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? 
-Энтертайнментийн бүхий л үйл ажиллагаа явуулдаг. Японы “Сони”, “Юниверсал”-тай эн тэнцдэг шоу үйл ажиллагаа явуулдаг компани. Орлогоороо сүүлийн таван жил Япондоо тэргүүлж байна. 

-Өөрөө ямар албан тушаал хашдаг вэ? 
-Азийн төв компанийн бодлого төлөвлөлтийн хэлтэст Азийн шинэ ажил бий болгох хэлтэст Тайвань, Сингапурын салбарт зааварчилгаа, зөвлөгөө өгдөг, хариуцсан хүн нь. 

Би өөр салбарт Ёкозуно болно гэж амалсан

-Том компанид хүлээн зөвшөөрөгдөх давуу тал чинь юу байсан бэ? 
-2006 онд манай компанийн хөрөнгө оруулсан “Чингис хаан” кино байдаг. Манайхан Япон Чингис гэдэг дээ. Аав энэ киноны зохиолыг гурав билүү дөрвөн удаа бичиж байсан юм. Дундаасаа болохоо байгаад Японоос хөрөнгө оруулалт орж ирээд Япон Чингис зохиолоор явахаар болсон. Тухайн үед аав надаас, энэ кино Японы хөрөнгө оруулалттай хийгдэхээр болчихлоо, чи юу гэж бодож байна гэж асуусан. Энэ нь надад, чи хийхгүй бол болохгүй юм байна шүү гэсэн том мессэж болсон. Хэдэн сарын дараа би И.Нямгаваа найруулагчтай хамт Япон талаас ганц монгол ажилтан ирсэн нь 21-тэй би. Монгол 30-аад орчуулагч байсан санагдана. Тухайн үед би компанийнхаа нөлөө бүхий хүмүүсийн орчуулагч хийсэн юм. Хажуугаар нь ерөнхий продюсерийнхаа туслахаар таван сар ажилласан. Тэр үед л компанид нь албан ёсоор ажиллах санал тавьсан. 

-Япон Чингис замыг чинь нээж өгсөн байна ш дээ? 
Тийм. Ер нь Чингис хаантай л холбогддог. Аав ч тэр. Яг тэр үед аав уурласандаа “Үхэж үл болно: Чингис хаан” киног хийж байсан юм. Би Япон Чингисийн багт орчихсон. Ухаандаа аав хүү хоёр нэг юм хийж явсан, зорьсон юм нэг байсан. Аав замын дундаасаа цаг бусаар тэнгэрийн орондоо явсан ч би үргэлжлүүлэх ёстой гэдэг утгаараа ажилдаа ороод найман жил болчихсон байна. 

-Цалин хэдийг авч байна? 
-Нэг их сүртэй цалин яриад байдаггүй. Ер нь ч Японд бие биенийхээ цалин мэддэггүй. Харилцааны асуудал үүсдэг учраас нууц байдаг. Миний цалин монгол мөнгөөр долоо, найман сая  юм уу даа. Японд өртөг өндөр учраас нэг их топ тав энэ тэрд багтахгүй. 

-Цалинг чинь хэтэвч рүү өнгийж асуусангүй л дээ. Амьдралын өртөг өндөр ийм газар амьдрахад тийм ч амар биш байх гэдэг үүднээс сонирхсон хэрэг? 
-Ойлгож байнаа. Амьдрахад хэцүү ш дээ. Нэн ялангуяа Токиод амьдарна гэдэг амар биш. Авч байна, авсан хэрээрээ өгч байна. Татвар, байр, хоол, унаа гээд. Энэ байрны түрээс гэхэд л сарын 130 мянган иен. Монгол мөнгөөр хоёр сая гаран төгрөг гэсэн үг. Тэгэхээр сарын цалингийнхаа гуравны нэгийг улсдаа өгчихдөг юм уу даа. Ерөнхийдөө Токиогийн төв учраас өндөр түрээстэй.  Гэхдээ би ийм бодолтой байдаг юм. Миний амьдарч байгаа газар Акасакагаас таван минут алхаад миний ажлын газар байж байна. Жаахан яваад эндэхийн УИХ-ын ордон, элчингүүд байдаг. Гэтэл манай Монголд Төв аймгаас хот руу явлаа гэхэд бүтэн цаг явна. Нэгэнт ингэж амьдарч байгаа юм чинь эд нарын төвд нь яагаад амьдарч болохгүй гэж. Миний өөрийн бодол. Монгол хүн ийм байх ёстой гэдэг толь нь байхыг хүсдэг. 

-Тэгээд чаддаг уу?     
-Би 2001 онд ирснээс зургаан сарын өмнө Хакухо ирж байсан. Хакухогоос би зургаан сарын ах л даа. Сүүлд Монгол хүн Монголын баялаг нэвтрүүлэгт бид орсон. Японы “Сони”-д ажилладаг хоёр охин нийт дөрвөн хүн орсон юм байна. Хакухо арваад жилийн өмнө намайг сумоч болооч гэж байсан юм. Тэгэхэд би өөр салбараар Ёкозуно болно гэж хариулж байсан. Хоёулаа тал талд хичээе гэсэн. Мань хүн Японы сумогийн ертөнцийн бүр рекордуудыг эвдчихлээ. Аргагүй л удам судар гэж үүнээс харагдаж байгаа юм. Япон, Монгол хоёр улс 40 жилийн дипломат харилцааны түүхэнд энтертайнмэнт компанид ийм хэмжээний явж байгаа анхны монгол хүн нь би. Монголдоо хийгээгүйгээ Японд хийж, Жаргалсайханы хүү Монголынхоо нэрийг гаргаж яваадаа  бахархдаг. Нэн ялангуяа нэр төртэй амьдарч байгаадаа баяртай байдаг. “De Facto” Жаргалсайхан ах, “Хүмүүс нэг газар оччихоод нэг бол мэдэгдэхгүй ажиллаад амьдраад байдаг. Нэг бол хэдхэн жил болчихоод буцаад эх орноо гээд байдаг. Хэрвээ гадаадад ажиллаж амьдарч байгаа бол Монголыгоо сурталчлаад, монгол потенциал ямар гэдгийг харуулж өрсөлдөх хэрэгтэй. Тэгж байж Монгол гэдэг нэр дэлхий ертөнцөд түгнэ. Түүнээс ганцхан жүдо, ганцхан бокс яриад явахгүй. Оюуны бүтээлээр өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргах хэрэгтэй” гэж байсан. Би байнга хичээж ирсэн. Миний ард Монгол гэдэг нэр явж байгаа. Би их том бодолтой шүү. 

Хайр дурлал гэх нялуун, нялцгай юм ярих дургүй! Миний зорилго түүнээс том

-Чи юуны орд вэ? 
-Охины орд. 

-Одоо 33 хүрч байгаа гэж байна. Ганц бие юу? 
-Ганц бие. 

-Хайрлаж дурлаж гэр бүлтэй болох талаар бодож төлөвлөсөн юм бий юу? 
-Тэгэхээр өмнө хийж байсан зүйлээ үгүйсгэх болчихно. Би ер нь хатуу хүн. Нэг юм руу зоривол заавал эцсийг нь үздэг. Хайр сэтгэл гээд нялуурсан нялцгай юм яриад яваад байх дургүй. Эндэхийн ерөнхий сайд хоёр дахь удаагаа сонгогдож байна. Гэтэл хүүхэдгүй. Тэр хүн хүүхэд төрүүлэх боломжтой ч байсан байж болно. Магадгүй цаг нь, зорьсон юм өөр байгаа учраас ингээд байгаа ч юм билүү. Мөрөөдөл, зорилго нь том байсан ч байж болно. Би үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ хайр сэтгэл байх ёстой зүйл. Байхгүй байж болох мэтээр бодох нь буруу. Ямар нэг лам, гэлэнмаа биш л бол. Миний амьдралд ч гэсэн байсан. 

-Хүн бүхэн амьдралын гол баялаг гэр бүл, үр хүүхэд гэж ярьдаг. Гэтэл Билгүүн их өөр бодолтой. Хэт орчин үелэг үзэл санаатай гэж ойлгож болохоор байна. Япон нийгмийн нөлөө юу? 
-Монголоос 15-тай гарсан гэхээр Японд илүү удаан амьдарсан. Яг шилжилтийн насан дээрээ энд ирсэн. Амьдралын арга барил, хоол унд, спортоос нь эхлээд суралцсан. Хүмүүс намайг хэт японжчихсон байна гэдэг.  Хэтэрхий бөхөлзөж тонголзоод эр хүн байж гэдэг. Би Японд байгаа юм чинь эндээс юм суралцаж авсан нь дээр гэж боддог. 

-Япон залуус гэрлэлт дээрээ ямар зарчимтай ханддаг вэ? 
- Эд чинь 35 хүртлээ нэг их сүртэй юм бодохгүй шүү. Ажлаа хийгээд зарим үедээ диско, парти гээд явна. Эд 80 насалж байна. Магадгүй 90 насална. Арван хэдтэй монгол хүүхдүүдийн хажууд том болсон залуучууд нь бодол санаагаараа жаахан хүүхэд шиг байж магадгүй. Одоо болоогүй цаг хугацаа байна гэдэг ч юм уу. Гуч гараад хүнтэй гэрлээд 35 хүрээд хүүхэдтэй болж байгаа хүмүүс зөндөө. Ихэнх нь нэг хүүхэдтэй. 

-Төрөлт их бага юм байна. 
-Төрөлт их багассан. Жилдээ энд гуравхан сая хүүхэд төрж байна. Ер нь дэлхий дээр төрөлт их буурч байгаа. 2050 он гэхэд Энэтэхэгийн хүн ам 80 сая болтлоо буурна гэсэн судалгаа бий. Одоо 125 сая хүн амтай. Тавь гаруй саяыг нь хөгшин хүмүүс эзэлж байгаа. 

-Нэг хүүхэдтэй байх хуультай юм уу? 
-Үгүй. Зүгээр өөрсдийнх нь амьдралынх нь үзэл санаа, life style нь ийм. 

-Тэгээд үүнээсээ болоод ганцаардал, амиа хорлолт их гардаг юм биш үү? 
-Жилд гучин мянган хүн амиа хорлож байна. Амьдралдаа итгэлгүй, тэнхэлгүй болох, өр шир, хайр сэтгэлээс үүдэлтэй гээд олон шалтгаанаар амиа хорлоцгоодог. Уг нь их тайван, тэвчээртэй хүмүүс. Манайх гуравхан сая хүнтэй хэрнээ дэлхий ертөнцийн хамгийн муу хэрэг, хэрүүл маргаан манайд л байдаг. Гэтэл 125 гаруй сая хүнтэй улс байж жилд гучин мянган хүн гэхэд харин ч бага тоо биш үү гэж бодогддог. 2011 оны цунами, газар хөдлөлтөөр 27 мянган хүн амиа алдлаа. Ихэнх нь настай хүмүүс байсан. Тэгэхэд ус, хоол хүнсээ оочерлож зогсож байгаад авч байгаа юм. Бие биетэйгээ их хүндэтгэлтэй харьцаж байгаа нь шууд анзаарагдаж байсан. Гэтэл манайд ийм тохиолдолд бөөн хэрүүл зодоон болноо доо. Энэ нь хөгжсөндөө биш зовлон үзсэндээ байдаг байх гэж би боддог.  Тэр нь цусан дахь мэдээлэл, ДНК-д нь шингээд мөн чанар нь болчихсон. Харахад уйтгартай, хайрцаглагдчихсан мэт харагдаж байгаа байх. Үнэндээ хэтэрхий соёлжчихсон хүмүүс. Гэтэл Америкт очиход захын нойлын бохир, хүмүүсийнх нь харилцааг Японтой харьцуулах аргагүй ш дээ. Шүтээд байдаг Америк бохир заваанаараа алдартай биз дээ. ТИйм ч учраас би Азийн хамгийн тэргүүлэх соёлтой, хамгийн потенциалтай улс бол Япон гэж боддог оо. Дэлхийн их наймд Азиас ганцхан Япон л байдаг биз дээ. 

-Болзоонд хэр их зогсож байна? 
-Японд болзоонд зогсоно гэдэг маш том ойлголт. Хамгийн эхлээд цагаа барих ёстой. Юунд явж байгаагаа бодох ёстой. Манайхнй, хөгшөөн нөгөөдрөөс, үдээс хойш л байлгүй дээ гэдэгтэй адил ойлголт биш. Жишээ нь тэдэн сарын тэдэнд гэсэн бол яг хугацаандаа таван минутын өмнө оччихсон байх жишээний. Энэ маш том соёл доо. 

-Билгүүн япон эхнэртэй болохыг үгүйсгэх аргагүй юм шиг ээ. Япончууд их романтик ч гэдэг... 

- АЖ Н.Сувд гуайн хүү явж явж Америк хүүхэнтэй суусан гэхээр би явж явж байгаад Япон хүнтэй суучих ч юм билүү, хэн мэдлээ. Явж явж байгаад негр хүнтэй суучих ч юм билүү. Энэ тал дээр хатуу үзэл байхгүй. Хайр сэтгэлээрээ сууна. Гэхдээ эхний ээлжинд зорилгоо чухалчилна. 

-Гэрлэлт хэдэн насанд тохиромжтой гэж үздэг вэ? 
-Ер нь гуч гараад шүү. Манай Монголд аль хэдийнэ гурван хүүхэдтэй болчихсон байдаг нас уу /инээв/. Амар, амар. Миний хань энэ тэр гээд явж байна. Тэглээ гээд загналтай нь ч биш дээ, тийм ээ. 

-Эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 
-Би бодохдоо эмэгтэйчүүд ч гэсэн зорилготой байгаасай гэж боддог. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг хэрэгсэл биш шүү дээ. Магадгүй секс хийх зориулалттай ч биш. Тхайн хүний мэдлэг, зорилго нь нөхрийнхөө хоолыг бэлдэж, хувцсыг нь угаагаад, өглөө явахад нь баяртай гэж үдээд орой ирэхэд нь зөөлөн мишээж угтахад зориулагдах юм бол тэр эхнэрийн царай зүс, боловсрол мэдлэгийг хараад байх шаардлага байна уу? Үгүй юм шиг ээ. Эмэйгтэй хүн ч гэсэн өөрийн гэсэн зорилготой, амбицтай, ажил хөдөлмөр хийдэг байгаасай гэж боддог. 

-Японд эрчүүд нь илүү ажилладаг байх, тийм үү? 
-Ер нь эрчүүд нь илүү их ажиллана. Эцгийн эрх улс байсны улбаа байх. Япон эмэгтэй нөхрийнхөө гурван алхмыг хойно алхана. Өмнө нь гарч юм ярьж болохгүй. Дэг жаяг ихтэй, даруухан улс. 

-Билгүүнд чөлөөт цаг гардаг уу? 
-Хагас, бүтэн сайнд амардаг. 

-Юунд зориулах уу? 
-Өглөө парк руу гарч гүйнэ. Одоо харин аавын “Чингис хааны нууц түүх” романыг нь англи хэл рүү хөрвүүлж дуусаад байна. Зургаан сарын эхээр хэвлүүлнэ. 2015 оны нэгдүгээр сарын 1-нд аавын нэр дээр сан байгуулсан. Японд таван сард хаврын баяр гээд том баяр болдог. Тэр үйл ажиллагаан дээр анх удаа оюуны бүтээлийг сурталчлах асар нээж үзлээ. Ер нь чөлөөт цаг гэхээсээ Монголыгоо сурталчилдаг газар очиж хүмүүст танилцуулга хийх, сургалт семинар хийхэд цаг заваа их зарцуулдаг. Бүр нэг сайхан чөлөө цаг гарвал кино үзнэ, нэг бол унтана. 

-Чамайг загварын өндөр мэдрэмжтэй гэцгээх юм билээ? 
-Мэдэхгүй. Чамаас л сонсож байна. Манай ээж миний имижмэйкер шиг хүн байдаг. Өөрөө эдийн засагч л даа. Гэхдээ нэлээн вкустай. Гадаадад сурч, амьдарч байсан болоод тэр үү, ганган эмэгтэй бий. Залуудаа маш сайхан эмэгтэй байсан. Одоо ч сайхан хэвээрээ. Аав миний ухааны, ээж миний хувцаслах, жижиг сажиг зүйлийг анхаарч ирсэн гэх үү дээ. Найрамдалд амарч байхад гурван удаа хувцсаа солих ёстой гэдэг ч юм уу. Сүүлийн хоёр жил Ариунаа Сүригийн шоуг зохион байгуулж өглөө. Улбаалаад Шилмэл загвар ч юм уу нэг агентлагтай болох юмсан гэж боддог. Өмнөх экс найз охин маань модель хийдэг байсан. Үнсгэлжин билүү тэмцээнд мисс болж байсан. Тэгэхэд хөөрхөн мисстэй сууна гэдэг мөрөөдөлтэй байлаа. Энэ утгаараа модель, загварын тал дээр мэдрэмж бий. Төгс, Сарнай зэрэг модеиудтай холбоотой байдаг. Монголынхоо сайхан охидыг гадаадад, Японд таниулъя гэж боддог. Миний бас нэг хүсэл.  

-Японд Монголын фэшн өрсөлдөх орон зай бий гэж үү? 
-Манай Соёл боловсролын яам ч юм уу томоохон хэмжээнд яригдаж төлөвлөгдөж байж явах байх. Түүнээс биш хэн нэгэн хүн бор зүрхээрээ тэмцээд амжихгүй. Ариунаа Сүри гэхэд өөрөө ч шатаад, баахан хүмүүс нервтээд үлдэх жишээтэй.

-Би энэ тал дээр эсрэг бодолтой байдаг. Хүн бүхэн өөрийн хийж чадах юмаа л хийе. Жишээ нь, япончуудын фэшн мэдрэмж, вкусыг гүйцэх ази үндэстэн байхгүй. Монголчууд чадан ядан энэ зах зээлд орж ирэх хэрэгтэй юм уу? Ялангуяа глобальчлагдаж байгаа  энэ нийгэмд?  
-Ер нь бол санал нэг байна. Гуйгаад болохгүй байхад болно гэж зүтгээд гуйснаас гуядах ёстой. Бүр амжихгүй бол сайжруулаад ирэх ёстой. Гэтэл нэг юм хийчихээд танил талаараа дэлхий дээр хүртэл арын хаалгадчих гээд байж болохгүй л дээ. 

-Угтаа урлаг соёлын ертөнцөд ямар ч арын хаалга байхгүй ш дээ? 
-Тийм. Нарийн сайхан хийж байгаа юмаа тухайн улсынхаа юмыг бас судлах хэрэгтэй. Тэгэхгүй хийчихээд энэ улсын зах зээлд гарах болов уу гээд яриад байдаг. Гэхдээ хэн нэгэн монгол хүн ингэмээр байна гээд ороод ирэхэд би үгүй гэж хэлдэггүй юм. 

-Японд амьдардагийн чинь хувьд асуухад фэшн загварын талаар Билгүүн ямар бодолтой байдаг вэ? Жишээ нь, Японд ирээд намайг хамгийн их гайхашруулсан нэг зүйл фэшн байна л даа. Хэт экстрим мэдрэмжтэй юм шиг ээ. Энэ юутай холбоотой юм бол? 
-Ямарваа нэг юм  эцсийн цэг хүртлээ явахаарөө манъякны юм үүсдэг. Энэ л байх гэж боддог. Манайх арай болоогүй байна. Хаа очиж IQ өндөртэй хүмүүс учраас дагаж хувьсах чадвар сайтай. Гэхдээ энд дундын, завсарын зүйл байх ёстой. Хэрвээ бокс байсан бол нэг юмыг цохиод байх юм бол нэг удаад нь рингэн дээр унагаана даа. Жишээ, анимэшнээрээ порно кино хийж байгаа улс цаана нь фэшнээрээ юу хийж үүсгэх вэ гэдэг чинь бас л сонин ш дээ. Япон хүмүүсийн шүд, царай, нуруу туруу бүгд жижиг, намхан. Нэг ёсондоо сул талаа давуу тал болгоод хувцаслачихдаг. 

-Ингэхэд яг үнэндээ япончууд монголчуудыг ямраар хүлээж авдаг вэ? 
Гэрт амьдардаг, морь унадаг, тал хээрийн Чингис хаанаар төсөөлдөг. Энэ төсөөллийг эвдэхэд ихээр нөлөөлсөн хүмүүс бол сумогийн хэдэн эрчүүд. Миний бодлоор бид эх орноо хөгжүүлье, сайжруулъя гэвэл дэлхийн өнцөг булан бүрт очиж ажиллах хэрэгтэй. Тэгээд тэмцээсэй, зүтгээсэй, битгий шантраад буцаасай гэж боддог. 

-Эх орон чинь эзгүйрээд байна ш дээ? 
-Тэнд байснаараа л эх орноо хайрлаж байгаа хэрэг биш гэж боддог. Магадгүй 2 сая гаран төгрөгийн цалинтай, лизингийн машин, байртай, авгай хүүхэдтэй байх байсан байх. Жилд очьё гэхээр хэдэн ч удаа очиж болдог. Монголд байхаасаа илүү байхгүй байгаа нь илүү үр нөлөө үзүүлж байгаа ч юм билүү. 

-Ядаж чам шиг мянган залуу очиж мянган ам хөдөлбөл тэр хэмжээгээрээ эх орон хөгжинө ш дээ? 
-Тийм л дээ. Захаасаа ер нь хариад эхэлчихлээ ш дээ. 

-Монгол хоолоо санадаг уу? 
-Үгүй. Би бараг Монгол хоол иддэггүй. Монголд очоод ч иддэггүй. Хурцдаад байдаг юм. Хааяа Bull  ордог. 

-Чи эдийн засгийн утгаараа хэр баян бэ? 
Би угаасаа мөнгөний төлөө явдаггүй. Тодорхой хэмжээнд удаан байгаад ирэхээр хуримтлал үүсгэхгүй байж болохгүй. Ихэнх мөнгө аавын номны орчуулга, хэвлэлтэнд зарцуулагддаг. Олон хэл дээр орчуулж байна. Удахгүй араб хэл дээр орчуулна. Би өөрөө хийж байна, өөрөөсөө гаргаж байна. Магадгүй би хоол идэхгүй ч байж магадгүй. Сая та нартай уулзахын тулд бэлэн хоол аваад ирсэн. Би лаг баян гэж байгаа хэрнээ LV түрийвчтэй, доторх нь хоосон бол хэрэггүй ш дээ. Түүний оронд мөнгөө халаасалчихаад юу хүссэнээ авч амьдарсан нь дээр ш дээ. 

Ярилцсан М.Саян. 2016.05.20, Япон улс, Токио хот. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (197)
  • Retweet (193)
  • Retweet (135)
  • Retweet (80)
  • Retweet (78)
  • Retweet (29)
  • Retweet (27)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (4)
  • 02-23 16:52
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 02-23 17:24
    Retweet (1)
  • 02-23 17:21
    Retweet (1)
  • 02-23 17:16
    Retweet (1)
  • 02-23 16:48
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)