Х.Баярмаа: Том нүдтэй, буржгар үстэй болохоор Бүлтүүш гэж дууддаг байлаа
2016 оны 9 сарын 23

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ.

Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн хувьд одоогоор АНУ-д магистрт суралцаж байгаа. Гэсэн хэдий ч зуны амралтаараа нэгэн уран бүтээлд тоглочихоод буцсан байдаг. Тэр бүтээл бол өнөөдөр нээлтээ хийж буй  “Галзуу зугаалга ” уран сайхны кино. Тиймээс бид алс холын АНУ-д сурч боловсорч буй Х.Баярмаатай холбогдож ярилцлагын буландаа урьсан юм. 

Түүний хувьд “Галзуу зугаалга” киноны хамт олондаа баяр хүргэхийн сацуу гэр бүл, найз нөхөд, уншигч түмэндээ олон олон уулзаагүй өдрийн мэндийг дамжуулж байсныг ярилцлагынхаа эхэнд уламжлах нь зүйтэй биз ээ.

-Алдар нэр дагасан үүрэг хариуцлагыг зовлон гэж боддоггүй-

-Өөрийг чинь жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин гэдгийг олон хүн мэддэг. Гэр бүлийнх нь 75 хувь нь урлагаар замнаж буй гэж олон нийт танайхыг тодорхойлдог. Х.Баярмаад жүжигчин болохоос өөр сонголт байгаагүй гэж үү?

-Гэр бүлийн маань тухайд 75 хувь нь урлагийн хүмүүс гэдэг яалт ч үгүй үнэн болж таарч байгаа юм. Тухайлбал, өвөө маань жүжигчин. Аав ээжийн маань хувьд найруулагч, жүжигчин мэргэжилтэй. Миний хувьд ч жүжигчин мэргэжлийг сонгоод ажиллаж байна. Харин дүү маань арванхоёрдугаар ангийн сурагч буюу төгсөх ангийнх. Мөн л жүжигчин болох хүсэлтэй гэж ярьж байсан.  

Ийм учраас манай гэр бүлийн 75 хувийг урлагынхан гэж тодотгосон байх. /инээв/ 

Надад энэ мэргэжлийг сонгохоос өөр арга байгаагүй бол биш. Гэхдээ би өөрийн хүсэлтээр жүжигчин болсон. Эцэг, эхийн маань хувьд дургүйцдэг байсан нь жүжигчин мэргэжил асар том үүрэг хариуцлага гэдгийг мэддэгтэй нь холбоотой юм болов уу даа. Хүний эцэг, эх л болсон хойно хүүхдээ хүнд хэцүү замналаар явуулахгүйг л хичээнэ шүү дээ. 

Гэвч миний хувьд  багаасаа ээж, аавыгаа дагаж теарт очиж, урлагийн гайхамшгийг сэтгэлдээ мэдэрчихсэн байсан. Тиймээс ч ухаан орох цагаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж байсан тул мөрөөдлийнхөө дагуу л явж байна. Жүжигчин гэдэг ямар ч ар, өврийн хаалгагүй, цэвэр хөдөлмөр, хичээл зүтгэл, авъяасаараа бий болдог мэргэжил.  

-Урлагийн хүн, тайзны од байх тийм амар биш. Алдар нэр дагасан үүрэг хариуцлага олны өмнө үргэлж аятайхан байхаас авахуулаад олон шаардлага тулгарна. Энэ зовлонг хэр их мэдэрч байна вэ?

-Миний мэргэжлийн нэг сайхан зүйл нь үзэгчдэд гаднаасаа сайхан харагдах явдал. Харин тайзны ард байгаа тэр хүнд хэцүүг үзэгчдэд тэр бүр харуулаад байхгүй шүү дээ. Урлагаас хүн өөрөө өөрийгөө олж хардаг учир бүхий л хүнд үлгэр дуурайлал болохуйц сайхан харагдах үүрэг хариуцлага ч бас бидэнд бий гэж боддог.  Өөрөөр хэлбэл, мэргэжил маань олон нийтийн өмнө үргэлж байхыг шаарддаг. Мөн үлгэр дуурайлал болохыг сургадаг. Тиймээс би алдар нэр дагасан үүрэг хариуцлагыг  зовлон гэж боддоггүй.
 
Ер нь өөрийгөө гоё сайхан авч явж, аливаа зүйлийн манлайлал байна гэдэг хэр хөдөлмөрлөж буйг илтгэж байгаа гэж би хувьдаа дүгнэдэг. Урлагийн хүн гэлтгүй бүх чиглэлээр ажиллаж хөдөлмөрлөж буй эмэгтэйчүүд өөртөө анхаарч, улам илүү гэрэлтэж яваасай гэж боддог.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээн намайг өөрийгөө илүү нээж, хөгжүүлэх хэрэгтэйг ойлгуулсан

-Нүд, хөмсөг, царай төрх нь ээжийгээ хуулсан Хүсэлбаатарын Баярмаа. “Монголын мисс 2012” тэмцээний ялагч. “Дэлхий мисс 2012” тэмцээний оролцогч гээд л үргэлжилнэ. Загварт хөл алдах болсон талаараа манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Ээжийн охин юм чинь ээжтэйгээ адилхан. Гэхдээ би аавтайгаа илүү адилхан гэж боддог. 

2012 онд Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөөд оролцсон.  Энэ мөч бол миний амьдралын маш сайхан дурсамжуудын нэг. Тэмцээнд оролцох, бэлтгэх цаг мөч надад өөрийгөө илүү нээж, хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. 

Загварын ертөнц гэдэг ялгаа байхгүй хүнд хэцүү, маш өндөр шалгуур, өрсөлдөөнтэй салбар. Үүнийг мэдэрсэн. Багаасаа л тайзан дээр алхаж буй гоё эгч нарыг хараад ийм болох юмсан гээд л битүүхэн мөрөөддөг байлаа.  

-Чи мэдлэг боловсрол сайтай, нийгмийн идэвхтэй шилдэг залуусын нэг гэж олон нийтэд дүгнэгддэг. Гурван гадаад хэл эзэмшсэн гэдэг урлагийнхан дундаа л ховор үзүүлэлт. Нууцаасаа хуваалцаач?

-Миний хувьд яг одоо АНУ-ын Миссури мужийн  Миссури  их сургуульд магистрийн зэрэг хамгаалах гээд  хэлний бэлтгэлээ дуусгаад,  үндсэн ангидаа орох гэж байна. Үндсэндээ хоёр жил сурна. 

Сүүлийн үед залуучууд маань өөрийгөө их хөгжүүлж, их ч суралцдаг болж. Тиймээс эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд миний хувьд ч суралцахыг нэгдүгээрт тавьж байгаа.  

Хэлний тухайд гэвэл өвөө маань хэл сурах сонирхолтой, ой тогтоолт ч сайтай хүн байдаг. Магадгүй өвөөгөөсөө анх суралцсан байх. Би унаган орос хэлтэй. Мөн англи хэлийг суралцсан байгаа. Цаашдаа өшөө олон хэл сурч өөрийгөө хөгжүүлье гэж боддог. Одоо сурахаар зорилт тавиад байгаа хэлний тухайд Франц, Хятад хэл. Ер нь “хүн хэлтэй бол хөлтэй” гэдэг. Хэр олон хэл сурна төдий чинээ өөрийнхөө оюун ухааныг тэлж, ертөнцийг таньж чадах юм болов уу гэж боддог.

-Өөрийн гэсэн театр. Холливудад хөл тавих гээд л урлагийн хүн бүрийн л мөрөөдөл байх. Ямар бодолтой явдаг вэ?

-Хүн болгон мөрөөдөлтэй. Дээрх мөрөөдөл бол маш том, бас маш хол. Гэхдээ яагаад байж болохгүй гэж. Миний хувьд эхлээд Холливудын хэмжээнд суралцахыг хүсч байна.  

Гэхдээ эхлээд эх орондоо маш сайн уран бүтээлч болох хэрэгтэй. Өөрийнхөө хувьд чадваржиж, боловсрох юмсан гэдэг зорилгыг тээж хичээж байна.

Харин театр гэдэг бидэнд олон зүйлийг зааж сургах урлагийн том салбар. Тиймээс ирээдүйд олон театрууд үүд хаалгаа нээж, театрын урлаг хөгжөөсэй гэж мөрөөддөг. 

Магадгүй энэ маань багаасаа эцэг, эхийгээ дагаж театр гэдэг том айлын үүдийг нээж орсонтой холбоотой байх. 

Түүхэн кинонд эсрэг дүрд тоглоно

- “Хүйтэн бороо” теле жүжиг, “Аюултай харилцаа” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөллөө. Мэдээж хамгийн сүүлд өнөөдөр нээлтээ хийж буй “Галзуу зугаалга”. Харин одоо үргэлжлүүлэн ямар уран бүтээл дээр ажиллах бодол байна вэ? Кинонд тоглох санал их ирж байна уу?

-Энэ зун "Галзуу зугаалга" нэртэй бүрэн хэмжээний уран сайхны залуучуудын хайр дурлал, адал явдлыг харуулсан кинонд тоглосон. Кино маань өнөөдөр нээлтээ хийж байна. Кинонд маань олны танил жүжигчдээс гадна, нийгмийн идэвхтэй залуус тоглосон байгаа. Найруулагчаар "Шилдэг өнгө" продакшны захирал  Ц.Хүсэлбаатар ажилласан бол  Шүүдэр продакшны Шүүдэрцэцэг эгч маань бидэнтэй хамтарч ажилласан. Их сайхан уран бүтээл болно гэдэгт их итгэлтэй байгаа. Киноны маань зохиол маш сайн болсон. Олон олон шүүлтээр боссон гэж хэлж болно.

Зуныхаа хугацаанд Монголруугаа очиж уран бүтээлээ туурвих болно. "Шүүдэр" продакшны их том төсөл, бүрэн хэмжээний уран сайхны түүхэн кинонд эсрэг дүрийн эмэгтэйд тоглох санал хүлээж авсан. Их баяртай байгаа. Өөрийн мөрөөдөж байсан түүхэн дүрээ бүтээх гэж байна. Тиймээс удахгүй дахин сайхан бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах байх аа.  

-Гэр бүл зохиох арай болоогүй гэж хэлж байсан. Нууц биш бол найз залуутай юу?

-Би найз залуугүй. Энэ нь их завгүйтэй холбоотой. Эхний ээлжинд сургуулиа төгсөнө. Одоогоор гэр бүл зохиох бодолгүй байгаа. Залуу байх хугацаандаа аль болох сурч мэдэж, боловсролоо дээшлүүлэхийг эрмэлзэж байна. 

Найз залуу маань  надаас өндөр байх ёстой

-Эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүйд бишгүй л олон залуу хайраа илчилнэ биз. Ямар эрчүүд илүүтэй таалагддаг вэ? 

-Их баярлалаа. Залуу хүн болохоор хүмүүсээс урмын үг, магтаал их сонсдог. Үнэхээр сайхан эрч хүчийг өгдөг.  Мэдээж залуу хүн учир хааяа болзоно. Найз нөхөдтэйгээ ч уулзана. 

Харин эрчүүдийн хувьд өөрөөсөө өндөр хүнийг сонгоно гэж боддог /инээв/. Мөн мэдрэмжтэй байна гэдэг хүн өөрийгөө илэрхийлэх давуу тал байдаг гэж боддог. Тэгэхээр аливаад хандах хандлага, харилцаа зэргээрээ мэдрэмжтэй эрчүүд илүү таалагддаг юм болов уу даа. 

-Өөрийг чинь хөтлөх сонирхолтой гэж сонссон. Ахтайгаа нэг арга хэмжээ хөтлөөд явж байсан. Ер нь ах, дүү хоёртойгоо хэр ойр дотно байдаг вэ?

-Ахтайгаа сайхан харилцаатай байдаг. Ах маань тусдаа амьдардаг учир тэр бүр байнга холбоотой байж чаддаггүй. Гэр бүлийнхээ эрчүүдийг их хүндэлдэг. Ахыгаа маш сайн хөтлөгч, сайхан хүн гэж боддог. Ах, дүү хоёртоо маш их хайртай гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

Миний хувьд мэдээж урлагийн хүний хувьд ямарваа баяр ёслолоор энд тэндэхийн арга хэмжээг хөтлөх тохиолдол байдаг. Өөрөө ч их сонирхолтой.

Том нүдтэй, буржгар үстэй болохоор Бүлтүүш гэж дууддаг байлаа​

-Багын сайхан дурсамжуудаасаа хуваалцаач? Үе тэнгийнхнээсээ нэлээн өндөрт ордог байсан болохоор янз бүрийн л хоч авна биз?

-Багадаа би ангийнхаа хамгийн намхан хүүхдүүдийн нэг байсан. 40 хүүхэдтэй ангийн доороосоо 5-т жагсдаг байлаа. Хэзээ ч өөрийгөө ийм өндөр болно гэж төсөөлж байгаагүй. Харин том болоод өндөр, урт үстэй эгч болох юмсан л гэж мөрөөддөг байсан. Гэтэл арван жилийн найм, есдүгээр ангид ороод гэнэт өссөн дөө. Их жижиг биетэй байсныг манай найзууд болоод ангийнхан сайн мэднэ. 

Бага байхаас  Бүлтүүш гэж дууддаг байсан. Том нүдтэй, буржгар үстэй охин байлаа. 

Гэр бүл хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл. Их сайхан гэр бүлд төрсөндөө өөрийгөө азтай гэж боддог. Бага байхад ээж маань их завгүй байсан. Аавтайгаа их цагийг өнгөрөөдөг байсан. Тиймээс надад гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамж л даа. 

Хөгжилтэй дурсамж гэвэл, багадаа ээж, аавыгаа дагаад "Өнгөт инээд 1, 2" гээд л  бүхий л тоглолтуудыг үздэг байсан. Хошин урлагийн бүх жүжигчдийн дунд тайзан дээр өссөн. Тэр дундаас жүжигчин Бат-Өлзий ахдаа их хайртай. Бат-Өлзий ахыг их том дарга гэж боддог байсан. Намайг айлгаад уйлуулдаг. Намайг уйлахаар тэнд байсан жүжигчин эгч нар дагаад уйлдаг байсан гээд л багын хөгжилтэй түүхээс ээж маань их ярьж өгдөг. Одоо ч Бат-Өлзий ахыг харахаар сүрдээд байдаг. 

-Жүжигчин Н.Хүрэлхүүгийн охин Х.Намуунтай хамт кинонд тоглосон. Та хоёр багаасаа найзууд байсан гэдэг. Ер нь нөхөрлөлийн үнэ цэнэ, насжилтын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Намуунаа бид хоёр бүр багын найзууд. Хүрлээ ах ээж хоёр ч багын найзууд байсан.  Тэд насан туршдаа хамтдаа уран бүтээлд тоглоод явж байгаа нь бахархалтай сайхан байдаг. Тэр хоёроор дамжуулж хүүхдүүд нь ч бас сайхан найзууд болсон. Хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн нөхөрлөлийн үнэ цэнэ алга болохгүй. Нөхөрлөл гэдэг зүйл ашгийн төлөө биш. Их ариун нандин сэтгэлийн холбоо  байдаг юм болов уу гэж боддог. Найзууд ер нь зөвхөн хэрэгтэй үедээ уулзах биш үргэлж эргэх холбоотой байх хэрэгтэй. Миний хувьд олон сайхан найзтай. Найз нөхөд олонтой байх тусам хүний амьдрал илүү аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн, баялаг болдог юм болов уу гэж боддог. 

Америкт бүжгийн хамтлагт элсэн орсон

-Амьдралдаа баримталж явдаг зарчим?

- Амьдрал бол шалгуур. Ганцхан удаа амьдрах энэ цаг хугацаандаа гэр бүл болоод өөрийн нэр хүндээ зөв сайхан авч явах ёстой гэж боддог. Тэгэхийн тулд хүн хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй.  

Амьдралдаа баримталдаг гол зарчмуудын нэг урагш зүтгэх.  Чи хэрвээ гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх, мөлхөж чадахгүй бол өнхөрөөд ч болтугай урагш яв гэсэн үг байдаг даа. Тэгэхээр хүн өөрийн гэсэн зорилготой байж, үүндээ хүрэхийн тулд тэмүүлэх ёстой гэж л боддог. Миний амьдралдаа баримталж явдаг алтан зарчим болж урагш тэмүүлэх.

-Жүжиглэх, хөтлөх, тайзнаа алхах, сурч боловсрохоос гадна чөлөөт хобби гэж байгаа байх.  Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Бүжиглэх сонирхолтой. Олон сайхан бүжигчин найзуудтай. Бүжгийн хамтлагт байсан. Одоо ч бүжгийн бэлтгэл хийдэг. АНУ-д ирээд бүжгийн хамтлагийн шалгаруулалтанд ороод тэнцэж, эл хамтлагтаа элсэж орсон. Хийхээр төлөвлөж байгаа зүйлс ч байна. Хөгширсөн ч бүжиглэх юмсан гэж бодох байх. Их кайф, эрч хүчийг авдаг.  Бүрэг ичимхий бяцхан Баярмааг нээж өгсөн зүйл бол бүжиглэх байсан.

Мөн янз бүрийн ном цуглуулдаг. Унших сонирхолтой.  Түүнчлэн, ээж шигээ сайхан дуулдаг болох юмсан гэж хүсдэг.  Ингээд харахаар би өөрийгөө их олон талаас нь хөгжүүлэхийг эрмэлздэг энгийн л нэг залуу хүн.

-Хамгийн үнэ цэнэтэй бас үнэтэй бэлэг?

-Бэлэг их зүйлийг агуулдаг. Сэтгэлийн илэрхийлэл. Хүнд урам хайрласан, хүний сэтгэлийг засдаг зүйл бол бэлэг. Найзуудаасаа бэлэг их авдаг. Би ч өөрөө хүнд бэлэг өгөх дуртай. Их бэлэгсэг.

Надад ээжээсээ авсан сэтгэлийн бэлэгнүүд хамгийн үнэ цэнэтэй. Ээж маань үргэлж эд материалаар бус сэтгэлээр дэмжиж, урам зориг хайрладаг. Мөн хамгийн үнэтэй, үнэ цэнэтэй бэлэгнүүдийн маань нэг эмээгийн маань өгсөн удам дамжсан хүзүүний зүүлт, бэлзэг. 

Байнгын бэлтгэл сургуулилт, дасгал хөдөлгөөн гоо сайхан байхын эхлэл

-Гоо сайхан байхын нууц жор. Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Залуу насыг эрч хүч, бэлтгэл сургуулилт, сайхан энергиэр төсөөлдөг. Би сайхан хөгжим сонсож, дасгал хөдөлгөөн хийдэг. Энэ нь магадгүй гоо сайхан байхад их тус дэм болдог байх.

Мөн өглөө бүр ус байнга уудаг. Орой унтахынхаа өмнө тараг уудаг. Орой 06.00 цагаас хойш хүнд зүйл иддэггүй. Ногоо түлхүү хэрэглэдэг.  Гоо сайхан байхын тулд дотроосоо эрүүл байх хэрэгтэй гэж боддог. Харин бүтээгдэхүүний хувьд Японы гоо сайхны бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх талтай. 

-Чиний хагас нүцгэлсэн зураг интернет хэрэглэгчдэд хүрлээ. Мэдээж сэтгүүлийн хуудаснаа гарсан зураг. Нүцгэлэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Нэлээн эрт “Play boy” сэтгүүл дээр ковер болж байсан. Энэ дээр нүцгэлсэн зүйл бараг байхгүй. Бүсгүйчүүд маань амьдрал дээр цээж задгай, богино өмдтэй явдаг. Түүний л нэгэн адил залуу насны гоо сайхнаа арай л тодотгоод авахуулсан зураг. 

Нүцгэлэх тал дээр бол нааштайгаар ханддаггүй. Гэхдээ уран бүтээлд үнэхээр тийм шаардлага байвал.... Мэдэхгүй юм даа. 

-Залуу хүний хувьд үеийнхэндээ, Монголынхоо ирээдүйг авч явах залуустаа юу захиж зөвлөмөөр байна? 

-Үргэлж эрч хүчтэй байж, урмаа битгий алдаарай.  Хөдөлмөр гэдгийг нэгдүгээрт тавиарай. Залуу насандаа сайн сурч аваад хөгширсний дараа ингэж амьдарсан юмсан шүү гэдгээ нүүр бардам хэлж суух түүхийг бүтээгээрэй гэж хэлмээр байна. Урд байгаа ажлаа сайн хийж байхад бүх зүйл сайхан болно.  Хийж бүтээгээд явж байтал ойлгохгүй байсан, аргыг нь олохгүй байсан зүйлээ нэг л өдөр олж мэднэ. Битгий зогс. Битгий шантар. Залуу хүн зорилготой байх ёстой. Үүнийхээ төлөө тэмүүлэх хэрэгтэй. Бүх залуусдаа амжилт хүсье.

Д.Ундрах
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-22 22:08
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 01-22 21:55
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-22 21:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:14
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-22 22:13
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)