Болдко: Машины ченж байхдаа “NTV”-д машин шахах гэж очоод телевизийн хүн болсон 
2016 оны 9 сарын 13

 “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч сэтгүүлч Бодийн Болдбаатар:

Надад П.Анужин, бусад хүмүүстэй холбоотой дэлгээгүй олон баримт бий

Сэтгүүлч Бодийн Болдбаатар. Тийм ээ яг зөв таньж байна, Болдкогийн цэцэрлэгийг барьсан өнөөх сайн “хүү”. Юм энгийн байхдаа сайхан. Барилга барьж хөлсөө дуслуулан гоймон оочилж, хог түүдэг хүн шиг л заримдаа “бүгээн” болчихсон зургаа нүүр номдоо тавихаас огтхон ч ичихгүй нь сонин. Фэйсбүүкт уг нь бол царай муутай хүн байдаггүй. Саяхнаас тэр “Шударга ярья” ток шоугаараа нийгэмд бөмбөг тэслэх болов. Мэргэжил нэгтэй ч телевиз, сэтгүүл хоёр өөр болохоор нэвтрүүлгийнх нь шимтэн үзэгч болсон. Харин энэ удаад ярилцлагын ширээний ард суулаа. Урилгыг тэр уриалгахан хүлээж авсан. “Зав гаргалгүй л яахав” гэж. Бидний яриа тун халуун, ширүүн дориун болж өнгөрлөө. Бараг дуу хураагуур минь халаад шатах шахсан мэт сэтгэгдэл төрж байв. Хутгалуулж, машинд дайруулж, усан далан руу шидүүлж эрэн сурвалжлага хийснийхээ төлөө үргэлж бэртдэг орлон тоглогчгүй Болдко. Нэг харахад хоол амтархан идэж хуруу гараа долоож суух нь бий. Тэр тэрсэлддэг. Тэрсэлдэхдээ энэ мэтээр ухаалгаар хэв маягаа өөрчилдөг ч сэтгүүлзүйгээс явж чадаагүй аж. Яг одоогоор түүнийг боовон чихтэй бодибилдэнгийн тамирчин байрын залуус дагаастай, өдөөстэй хол дор нь өдөр бүр санаатай тээглэж байна гэсэн. Гэвч тэр мотоциклоо унаад салхи татуулан давхиж харагдана. Чопперчин, стильтэй Болдко. Ёстой л өөрийнх нь бичиж байгаа “Төрх” ном шиг олон талсттай хүн юм даа гэсэн бодол төрөв. Бидний мэдэхгүй ертөнц. Тавтай морилно уу уншигчид аа.

Шударга үнэн байхад хамгийн их зовлонг туулдаг

-Болдкогийн цэцэрлэг өнгөрсөн өвлийн трэнд сэдэв байлаа. Та гэнэтхэн л цэцэрлэг бариад эхэлсэн. Бараг л гэрлийн хурдаар нүдэн дээр хандив тусламж цуглуулаад “маналзуулаад” хаячихлаа. Тогтсон ажил, карьертай бас ч үгүй олны танил сэтгүүлч барилгачин болох шалтгаан юу байв?

-Ядуу хүний хохь ч гэсэн ядуу хүүхэд төрсөн цагаасаа шууд тамд унаад тэр эцэг эх гэдэг нэртэй хүмүүсийн эрхэнд ааш араншин, уур уцаар, зодуур нүдүүр, залхуу ядуугийнхаа хэрээр амьдралыг үзэн яддаг тэр их үзэн ядалтын дор өсөж байгаа. Өнчин хүүхдүүдийг ямар ч байсан төр татаад авчихдаг. Ядуу хүүхдийг төр эцэг эхтэй учраас хардаггүй. Би хэн нэгэн Майкл Жексон, Анжелина Жоли Брэд Пит биш. Гэхдээ ямар ч байсан монголд үлдсэн амьдралаа би ядуу хүүхдүүдийн төлөө зарцуулья гэж бодсон.

Цэцэрлэг ойролцоогоор 56 сая төгрөгний ажил хийх ёстой байсныг бид 30 гаруй сая төгрөгөнд багтаагаад хийсэн. Үндсэн төсвөөс 20 гаруй сая төгрөг хэмнэлээ. Би зүгээр санаачлагч. Сэтгэл зүрхээ зориулаад ирсэн хүмүүсийг удирдан чиглүүлэгч. Болдкогийн цэцэрлэгийн санаачлаган дээр ядуу хүүхдүүдийн төлөө хөдөлмөрлье зүтгэе, энэ хүмүүст тусалья гэсэн хоол хийж ирсэн ээжүүд олон залуу охид олон сайхан сайхан залуучууд үүнийг хийсэн. Манай Монголиан Чопперсийн мотоцикльчид байна. Тэр бүдүүн хадуун дуутай эржгэр залуучууд хүүхдийн цэцэрлэг дээр ямар ажиллаж байсан гэж бодож байна.

Одоо засаг зөвшөөрлийг нь өгөхгүй байгаа. Мэдээж хүний хүүхдүүдийн төлөө стандарт шаардлага байлгүй яахав. Би амьдралдаа өөртөө ганц байшин барьж үзсэн хүн. Хүүхдийн цэцэрлэг гэхэд 60 айлын асуудлыг нэг дор авч үзэж байна. Цэцэрлэг гэдэг миний толгойнд багтахааргүй хэцүү ажил байжээ. Гэхдээ манай залуучууд хичээж байгаа.

Өөр нэг асуудал байгаа. Өөрсдөө юм хийгээгүй хүмүүс аймаар харлуулдаг юм байна. Болдко цэцэрлэг барьж ашиг олж байна, Болдко цэцэрлэгийн юм идэж байна гээд. Одоо би фэйсбүүк дээр пост хийхээс айж байна. Намайг яачихсан гэх бол. Ирланд, Герман, Англи, Австрали, Японоос хүүхдийн хуучин тоглоомууд ирж байна. Хүүхдийн хувцас ирлээ, хуучин ш дээ. Гадаадад байгаа айлууд хэрэглэж байсан хөргөгч, пэйч төмпөн саваа хүртэл өгч явуулж байна. Бид ингэж байгаад босчихно. Би ямар нэгэн хандив тусламж гуйхаас айж байна. Яршиг даа нэг нүүр хоёр хоч. Яаж ийж компаниудаар явж байгаад өөрөө аргалаад юмыг нь олчихьё гэсэн бодолтой байгаа.

Бид сая “Гэрэлт эгшиглэн” нэртэй ТББ байгууллаа. Олон жижиг ТББ бид нартай нийлье гэдгээ илэрхийлж байна. Цаашлаад олон улсын хэмжээний ТББ болгож байгаа.  Дэргэд нь “Хүүхэд бүхний төлөө” гэдэг сан байгуулсан. Хүмүүс намайг юу гэж хэлэх нь хамаагүй. Юу гэж л доромжилвол доромжлог. Намайг гуйлгачин.мн гэж нэрлэж байна. Би гуйж олсон юмнуудаас юуг нь авах юм. Би Парк дээр илүүдээ гарсан мөнгөөрөө зайрмаг тарааж байгаа юу. Хүүхдийн баяраар Парк дээр 4000 мянган зайрмаг тараалаа л даа. Манай VTV-гийн нягтлан мэдэж байгаа. Би цалингаа аваад “Сүү” хувьцаат компани, бас нэг компани хоёрт өгсөн. Яагаад гэхлээр аав ээж нь парк дагуулж орох мөнгөгүй талбай дээр аргалаад. Бүлтийгээд хүний хүүхдийн идэж байгаа чихрийг зайрмагийг хараад явж байгаа ядуу хүүхдүүд тэнд зөндөө байна. Тэр хүүхдүүдийг л баярлуулья гэж бодсон учраас цалингаа тэр чигт нь өгчихсөн.

-Та одоо нэр дэвшиж байгаа хүмүүс дотор оюунлаг түвшний, хүний үгний наад цаадахыг ойлгодог хүмүүсийн хувьд хамгийн сонирхолтой хүн гэж харагдаж байгаа. Их юм хийдэг өөрийгөө рекламддаггүй. Хамгийн түрүүн таныг нэр дэвшлээ гэсэн мэдээ гарахад боловсролын чинь асуудлыг сонирхсон байна лээ. Өөрийгөө нэг дэлгэрэнгүй сайхан танилцуулаач.

-Би “Төрх”, “Залуугийн зам” гээд хоёр ном бичиж байна л даа. “Төрх” гэдэг нь монголын нийгэмд байсан байгаа 60 гаруй төрлийн хүмүүсийг ядуу хүн, гуйлгачин хүн, баян хүн, олигарх, бизнесмэн хар тамхичин, тэнэмэл хүн нийгмийн бүх төрхүүдийн тухай хэвлэлийн 600 гаруй хуудас ном юм. Нөгөө номыг нь би өнгөрсөн амьдралаараа бичиж байгаа. Би мундаг лаг хүн болохоороо өнгөрсөн амьдралаа бичиж байгаа юм биш. Бид 90-ээд оны хүүхдүүд. 90-ээд оны хүүхдүүд их юм үзэж туулсан. Бид өлсөж үзсэн цангаж үзсэн. Хоёр зуухан грамм масло картаар авчихаад өөрөөсөө харамлаж хөргөгчинд хийчихээд таг хөлдөөж үзсэн. Хоногийн хоол маань гамбир эсвэл гурилтай шөл. Ээж аавыгаа зах зээлийн хүнд хэцүү нийгмээс яаж гарах гэж байгааг хараад цуг тэмцээд гудамжинд гарч үзсэн тийм л хүүхдүүд. Энэ үеэс танилцуулахын тулд “Залуугийн зам” гэдэг ном бичиж байгаа.

Өөрийгөө танилцуулахгүй юу гэдэг их сонин асуулт л даа. Миний өнгөрсөн амьдрал тэр чигтээ тэмцэл байсан. Саяхан ч гэсэн би хурал дээр хэлсэн. Нэг хүн фэйсбүүкт муудалцаад надад хэлж байна. Чи муу галзуу амьтан гээд. Би гэртээ хариад бодож байсан. Тийм, би нээрээ галзуу. Яагаад гэвэл би хэзээ ч бууж өгдөггүй болохоор үнэхээр галзуу хүн.

Манайх эгэл жирийн гэр бүл. Аав цэргийн хүн ээж холбоочин байсан. Би 7 настай сургуульд орно гэсээр байгаад орсон юм шиг байна лээ. Дунд нь 3-5 руу үсрээд үеийнхэн 8 төгсөж байхад би 10 төгссөн. Тэгээд 1996 онд УБИС-д элсэж ороод нэг жилийн дараа Улс төрийн их сургуульд давхар явдаг болсон.

Тэр үед амьдрал хэцүү аав цэргийн орон тооны цомхотголоор ажлаасаа халагдчихсан ганц ээжийн цалингаар. Аав ээждээ тус нэмэр болохын тулд давхар ажил хийх хэрэгтэй болсон. Өглөө УБИС-д өдөр Улс төрийн их сургуульдаа явна, орой Адмирал диско клубт менежерийн ажлыг шөнөжингөө хийдэг. Үүрийн 4-өөс өглөөний 8 цаг хүртэл унтдаг. Залуу нас оюутан нас маань тэгж л өнгөрсөн. 1997 онд “Love & Music” сониныг 17 настайдаа эрхлэн гаргасан. Нэг дугаар нь 8000-9000 хувь гардаг том сонин. 130 гаруй борлуулагчтай. Манай үүдэн дээр овоороод сонингоо авдаг байлаа.

97 -98 оноос “Love & Music” шоу төв, загвар өмсөх товчоо, хамгаалалтын алба байгуулаад төвийнхөө захирлаар 18 настай ажиллаж байлаа. 19 настайдаа тулааны спорт сонирхдог болоод тулааны спортын тэмцээнүүдэд ОХУ-д Монголд тоглож байлаа. 98-99 онд би улсын аваргад цэнгээнт бүжиг бүжиглэдэг байсан. 99 онд оюутны эрдэм шинжилгээний өгүүлэл хамгаалж байлаа. Монгол тоглоом наадмын үг хэллэг даалууны гуншин сэдвээр оюутны эрдэм шинжилгээний өгүүлэл хамгаалсан.

2000 онд УБИС-ийн утга зохиолын ажилтан сэтгүүлчийн анги, нөгөөтөх нь Улс төрийн их сургуулийн Эдийн засгийн ангийг давхар төгсөөд. Шөнө нь ажиллана, номын санд суух цаг байхгүй номоо үүрээд л гүйнэ. Чанга байсан. Гэхдээ би ээж аавдаа мөнгө олж өгөх хэрэгтэй. Үүргэвч дүүрэн мөнгө чихэж орж ирээд том өрөөнийхөө голд асгаж байлаа. Шоу тоглолтууд анхны Алтан микрофон, Шилдэг залуу дебют хамтлаг шалгаруулах тоглолтыг зохион байгуулсан. Бүтэн 4 хоног тоглосон 80 гаруй хамтлаг дуучид оролцсон тоглолтыг Топ Тен, Монитрэйн гээд тэр үеийн клубүүдэд хийдэг байсан. Дархан Эрдэнэтээр тоглолт аваад хоёр автобустай явна. Оюутан нас маань нүд ирмэхийн зуур өнгөрсөн. Ямар ч зав сэхээ сэтээ нойр байгаагүй.

Машины ченж байхдаа “NTV-д машин шахах гэж очоод андуурагдан пробонд орж тэнцсэн

-Үнэхээр адал явдалтай үе байжээ. Хэдийд нь багшлав?

-Төгсөхөд МУИС намайг багшаар авсан. Таван жил орчим багшилсан. Тэр үед багшлах орон тооны хүмүүс дутмаг. Монгол хэл уран зохиол, орчин цагийн монгол хэлний найруулга зүй заана. Тухайн үед Эрдэнэтэд Улс төрийн их сургууль гэж байсан. Тэнд түүх философи улс төр судлал заадаг байсан. Өөр сургуулиудад эдийн засгийн анги төгссөн байсан учраас эдийн засаг макро микро эдийн засаг маркетинг менежмент бас заана. Нийтдээ 11 төрлийн хичээл заасан байдаг. Шөнө нь уншаад өдөр нь заана. Ажил дээр гарсан чинь дахиад л унтахаа байсан. /инээв. сурв/ Болдко багш мундаг,  ном харж уншдаггүй, бүгдийг нь цээжээр яс ярьдаг гэдэг нэрийг тэр үед авч байсан.

2003 онд 1921-ээс 1990 оныг хүртэлх номыг уншаад товчоолж тоймолж бичээд “Монголын уран зохиолын товчоон 1,2” гэсэн хоёр ном гаргаад тэрүүгээрээ утга зохиолын шилдэг бүтээл шагнал авч байсан. Тэрнээс хойш л миний амьдрал эхэлсэн дээ.

-Телевизтэй хэзээ холбогдсон бэ?

-2008 онд. Би тэр үед “Болд” констракшн гээд барилгын компани байгуулсан. Бас Зуун айл дээр портерын жолооч байлаа. “Болд” констракшн Улаанбаатар хотод арав гаруй том барилга барьсан. Дараа нь техникийн зах дээр машины ченж боллоо. NTV телевиз хуучин машинаа зарна шинэ машин авна гэсэн зар явахаар нь аваад шинэ машин шахах санаатай очсон чинь намайг хөтлөгчөөр ирсэн хүмүүстэй андуураад. Анх “Чухал яриа” нэвтрүүлэгт шалгагдаж ороод шууд пробон дээрээ тэнцээд. Тэр үед би нээрээ сэтгүүлч мэргэжилтэй ш дээ гэж бодоод. Шалгуулсан өдрөө шууд эхнийхээ эфирт орсон. Маргааш нь дараагийн эфирт ороход хүмүүсийн сонирхол маш өндөр болж эхэлсэн. NTV телевизэд 8 жил ажиллах хугацаандаа “Чухал яриа” нэвтрүүлэг нийтдээ 850 гаруй дугаар хийсэн байдаг. Эфирт 24 мянган цаг ажилласан. Би 700 орчим өөр өөр мэргэжлийн хүмүүстэй ярилцсан.  Өнөөдөр би Монгол улсын ерөнхийлөгч байсан хүнтэй 18 цагаас ярилцлаганд орох гэж байна. Би Гурван ерөнхийлөгч 29 сайд 12 орны дипломат, элчин сайд 110 орчим УИХ-ын гишүүнтэй ярилцсан байдаг.

Улс төрийн нэвтрүүлэг хийснээр хутгалууллаа, машинд хэд хэд дайруулсан

-Таны хийсэн хоолны нэвтрүүлэг хүмүүст их хүрсэн. Тэр үеэс хойш хоолны нэвтрүүлэг, фэйсбүүк групп, хоолны зураг авах сонирхолтой хүмүүс олон болсон байх шүү?

-“Чухал яриа” нэвтрүүлгийг хийж байхдаа хүний дургүй их хүргэсэн юм байлгүй намайг машинаар хоёр удаа дайрсан. Машинд дайрагдсаныхаа дараа улс төрийг түр орхиод өөр юм хийе бүр эсрэгээр нь хийе гээд. “Boldko`s food show” хоолны нэвтрүүлэг хийхээр дэлхий тойроё гэж гарсан. Дэлхий тойрч чадсангүй, 22 орноор л явлаа. Тэнд нөгөө соёлтой, хүмүүжилтэй, цензуртэй Болдко эсрэгээрээ хуруу гараа долоогоостой. Одоо үргэлжлүүлж хийж байгаа. Тэрнээс хойш олон телевизийн аяллын нэвтрүүлгүүд хоол оруулдаг болсон. Хоол их чухал, мөнхийн сэдэв юм байна гээд хоолны зураг явуулдаг боллоо. Анх хоолны зургийг би ганцаараа аваад явж байсан.

-Улс төрийн нэвтрүүлэг хийснийх юм юманд өртчих гээд амаргүй юмаа даа?

-Улс төрийн амьдрал заримдаа хэцүү хатуу. Ноднин өвөл гэхэд би нуруундаа хутгалууллаа. Гудамжинд танихгүй хүмүүс гарч ирээд суган доогуур нэг хутгалаад нуруун доогуур нэг хутгалаад явсан. Тэгээд “Чухал яриа”-г орхисон. Дараа нь “Шударга ярья” ток шоуг хийлээ. Өнгөрсөн 7 хоногт гэхэд намайг хэсэг залуучууд гэр хорооллын усан далан руу аваачаад дарамталж байх жишээний. Өчигдөр орой Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөх гэж оройжин л юм боллоо.

-Яг хэний явуулсан чулуу гэж та бодож байна. Таамаглаж байгаа хүн байна уу. Эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү?

-Байхгүй байхгүй. Надад таамаг байхгүй. Хэн ч байж мэднэ. Би долоо хоногт гурав дөрвөн удаа эфирт гарч байна ш дээ.

-Тэгээд та хүмүүсийг бас хайр найргүй балбах юм л даа.

-Ер нь шударга бодоод шударга яриад шударга үйлдэл хийчихвэл амьдрал их цэвэрхэн болчих юм биш үү? Нэвтрүүлэг маань одоогоор 18 дугаар гараад байгаа.

-Хамгийн их олонд хүрсэн, олон үзэгчтэй байсан нь нэг үе хөтлөгч хийж байсан Анужин орсон дугаар. Ер нь тэр бүсгүйг та хэдийнээс мэдэх вэ?

-Тэр өдөр танилцсан ш дээ. Анужин миний дуудлагыг хүлээж авсан. Хоёрдугаарт намайг маш их хүндэлж байсан. “Бид нарын цаг үе дуусчээ Болдоо энэ үед чиний нэвтрүүлэг маш хүчтэй байна. Маш их хүндэтгэж байна” гэж хандсан. Тэгээд ирсэн. Би ирэхэд нь надад бичлэг байгааг тухайн үед өөрт нь хэлээгүй. Бичлэг байгаа, би танд үзүүлнэ. Гэхдээ нэвтрүүлэг дээр ярья гэж хэлсэн болохоос яг юу байгааг хэлээгүй. Нөгөө хүн ч гэсэн нээх айхтар зугтаахгүй байсан. Тэгээд л орсон доо. Ороод бодит байдал дээр байгааг нь ярьсан. Би хэн нэгний бөгс бөөр амь амьдрал руу өнгийхгүй. Миний тухайн үед хүсэж байсан юм үзэгчдийн асуугаасай гэж, асуух гээд байгаа тэр асуултуудыг л асуух байсан. Хэн хэн нэгэнтэйгээ унтах, хэн хэн нэгнийгээ хайрлах, хайртай байж байснаа хайргүй болох энэ амьдралд байдаг л зүйл. Өөрөө хэдэн амьдрал үзчихээд хэдэн амьдралд ямар байдлаар хандчихаад бусдыг шүүмжлээд байгаа юм. Би хүмүүсийг гайхдаг. Энэ хүний л амьдрал. Сонирхоод л өнгөрөөч дээ. Манайхан сонирхоод өнгөрөх биш өөрийнхөө үзэл бодлоор тэр хүнийг байлгах гэж тулгаад тулгахын хамгийн бүдүүлэг зарчмаар буюу доромжлох хэлбэрээр илэрхийлдэг нь хамгийн муухай санагддаг.

Би П.Анужин шиг эмэгтэйг сонирхдоггүй

-Тэр бичлэгийг та сэтгүүлчийнхээ хувиар олж авсан гэж хэлсэн. Чухам ямар аргаар таны гарт орсон юм бол. Эх сурвалжаа нууцлах байх л даа?

-Би магистр 2007 онд хамгаалсан. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр доктор хамгаалах гэж байгаа. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг эх сурвалжийг нууцлах нь гэдэг сэдвээр бэлтгэж юм цуглуулж байгаа. Эх сурвалж үргэлж олддог. Тэр тусмаа монголчууд бие биенийхээ мууд их дуртай. Нэгнийгээ хорлох гэж нөгөө материалаа хүмүүст өгдөг. Надад олон материал байна. Олон материалууд дотроос би алийг нь гаргах вэ гаргахгүй вэ гэдгийг шийдэх хэцүү.

-Анужинтай холбоотой материалууд өөр байсан гэсэн үг үү?

-Тэр хүнтэй холбоотойгоос гадна монголд олон булхай луйвар олон хөгийн юмнууд байдаг ш дээ. Гэхдээ би ганц л юм хүсдэг. Би гэгээн байхыг хүсдэг. Нийгмийн дандаа хар материалуудыг гаргаад илчлээд би нэг баатар зоригтой эрэн сурвалжлах сэтгүүлзүйч гэж өөрийгөө мандуулах шаардлага байхгүй. Нэг муухай эвгүй сэдэв гарах болгонд нийт масс, нийгэм эмзэглэдэг. Би ард түмнээ хайрладаг. Тийм болохоор би юм болгоныг гаргахыг хүсдэггүй.

-Яагаад асуугаад байна гэхлээр хүмүүс хоёр хуваагдчихсан л даа. Нэгдүгээрт экс эхнэр нь ч юм уу бичлэг авч ирж өгсөн байх. Үгүй бол намын захиалга. Үгүй бол Анужинтай нийлээд рейтингийг нь өсгөх гээд хэргээр таныг зохион байгуулалттайгаар гаргаж тавилаа гэх хандлагууд гарсан?

-Тэр бичлэгийг гаргасны дараа Анужингийн рейтинг унасан. Ерөнхийдөө их гоё, цэвэрхэн байсан рейтинг нь унана гэдгийг би тооцоолж, мэдэж байсан. Мэдээж хэрэг. Гэхдээ тэр бичлэг зүгээр фэйсбүүк, youtube-д тавигдчихсан байвал ямар байх бол. Анужин хэн бэ гээд тавьсан бол. Би зүгээр тухайн хүнд тэр хүн худлаа ярьсан үнэн ярьснаасаа шалтгаалаад ямар ч байсан тайлбарлах боломжийг л олгосон. Хүндээ хүн ёсоор л хандсан гэсэн үг. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар би тэр бичлэгийг тавьчихаад энийг хар даа гэсэн бол бас нэг өөр. Тийм учраас би дуудаж байгаад тайлбарлах боломжийг олгосон. Шударга ярья гээд байгаагийн учир нь энэ. Ярьчихья л даа зүгээр л ярьчихья. Ярих боломж бололцоог нь гаргая л гэж бодсон асуудал.

-Нэвтрүүлэг дууссаны дараа танд юу гэж хэлсэн бэ. Эмэгтэй хүний хувьд маш хүнд байдалд орлоо?

-Би гайхсан, аймаар. Нэвтрүүлгийн үед сэтгүүлчийнхээ зарчмаар нилээн хэд хэдэн удаа эмзэг цэг рүү нь дайрсан. Жоохон увайгүй үйлдэл хийсэн. Гэр бүл хүүхдүүд рүү нь хүртэл орж үзсэн. Энэ бол хөгийн новшийн зан байхгүй юу, миний хувьд. Нэвтрүүлгийн бичлэг дуусаад л хоёр нүднээс нь нулимс урсаж байсан. Аймаар их сэтгэлийн хаттай, ямар ч байсан дотооддоо ядарч зовж байгаагаа бусдын өмнө үзүүлэхгүй гэж хичээдэг хүчирхэг эмэгтэй байна лээ. Би тэрэнд нь гайхсан. Тэр хүний хэнтэйгээ яасан нь надад ерөөсөө хамаагүй. Хоёрдугаарт би тэр хүнтэй огтоосоо танил биш. Гуравдугаарт би тийм эмэгтэй сонирхохгүй. Зүгээр ганцхан л юм нь хэзээ ч хүний өмнө муугаа үзүүлэхгүй гэсэн бодолтой байгаа нь илтэд ажиглагдсан. Дуусаад нулимс нь урссан. Хоёр гурван минутын дараа нулимсаа арччихаад инээмсэглээд босож чадаж байгаа нь тийм хат, тийм сэтгэлийн тэвчээр гэдэг ээ дээ ховор шүү дээ.

-Тэгвэл таны сонирхдог эмэгтэй ер нь ямар эмэгтэй юм бэ? Та ганц бие их чөлөөт хүн болохоор таны ихэнх фэнүүд бүсгүйчүүд байдаг юм билээ.

-Намайг эмэгтэйчүүд сонирхохгүй байх аа. Би нэгдүгээрт царай муутай хоёрдугаарт муухай ааштай. Гуравдугаарт ерөөсөө хэнд ч баригддаггүй. Би үргэлж мотоциклийн мотор дээр юм уу эсвэл машины кабинд эсвэл байнгын ажилтай дээр дооргүй гүйгээд. Ер нь надтай эмэгтэй хүн хамтарч амьдарна гэхэд асар их тэвчээр хатуужил. Нэгэнт энэ телевизийн уран бүтээлийн амьдрал руу орчихоор үүнийг дагасан хэл ам салдаггүй юм. Энэ болгоныг даван туулах чадвартай энэ урлагийн хүний уран бүтээлийн хүний эхнэр байна гэдэг их хэцүү, хатуу хувь тавилан. Миний амьдралд таарсан ганц нэг эмэгтэйг би хэзээ ч буруутгадаггүй. Их л азгүй хүмүүс юм даа надтай таардаг гэж боддог юм. Тэр хүмүүсийг би надтай хамт байсан хэсэгхэн хугацааны он жилүүдийн төлөө өрөвддөг. Бас хайрладаг.

Би ямар эмэгтэй хүн сонирхдог юм бэ гэвэл би ганц л эмэгтэй хүн сонирхдог. Хөдөлмөрч. Босон суун өөрийгөө амьдралаа аваад чирээд явчихдаг тийм л эмэгтэй. Заавал царайлаг, гоё, эмэгтэй хүн мөнгөтэй төгрөгтэй гэсэн хэмжүүр байхгүй. Надад мөнгө олох хангалттай чадвар байна. Би сэтгүүлчийн ажлаа хийхгүй ч аль ч салбарт ажилласан өөрийгөө хэт өндөр үнэлдэг л дээ. Тэнэг хүн өөрийгөө хэт өндөр үнэлдэг байх. Би тэр тэнэгүүдийн нэг нь байхад яадаг юм. Олон компаниас надад урилга ирдэг. Амьдралаа би хангалттай аваад явчихаж чадна. Ар талаа даагаад явах  чадвартай тийм л эмэгтэй хүн надтай байх байх. Урлагийн уран бүтээлийн хүний эхнэр байна гэдэг хэцүү дээ. Би надтай таарах эмэгтэйчүүдэд хэцүү дээ л гэж хэлье.  

 Би ер нь гэр бүл үр хүүхэд гэдэг юмыг олны нүдэнд өртүүлэх дургүй. Олны нүдэнд өртөөд онгирсон хүмүүс яаж байна. Бөгс бөөрөө ухуулаад л дуусаж байна. Манайхан хүний бөгсийг онгойлгоод дотор тал руу нь шагайхдаа аягүй сайн ш дээ.

Би баян. Иргэдийн хуралд орж баяжаад байтлаа бүр хаа ч байсан юм

-Таныг Иргэдийн хуралд нэр дэвшинэ гэхэд хүмүүс ихэвчлэн дэмжиж байна лээ. Харин танд өөрт чинь би улс төрд байх хэмжээний потенциалтай бэлтгэгдсэн юм юмаараа юунд ч автахгүй хүчирхэг хүн шүү гэдэг мэдрэмж хэзээ анх төрж байсан бэ?

-17 насанд. Би тэр цагаас хойш итгэлтэй явж байгаа. Би заавал Улс төрийн их сургуулийн Эдийн засгийн ангийг төгссөн байлаа гээд улс төрч болох албагүй л дээ. Энэ миний амьдралын хувь тавилан. Мэдрэмж байсан учраас би хүсэл сонирхлоо дагаж энэ мэргэжлүүдийг эзэмшсэн. Би улс төрд өдий болтол орьё гэж бодоогүй явсан. Ормоор ч үгүй байна. Гэхдээ сая нэг л юманд дургүй хүрсэн. Би гуйлгачин.мн-ээрээ дуудуулаад Зуун айл дээр хүмүүст хөөгдөөд. Хаанаасаа хаалгач нь гэгчээр дэлгүүрийн нэг муу харуулуудад бороохойдуулаад. Доромжлуулаад явж байхдаа би нэг л юм бодож байсан. За яахав би ингээд явбал аяндаа төр засаг харах байх. Нийслэлийн иргэдийн хурал гэж нийслэлийн үр хүүхэд ард иргэдийн төлөө байгууллага байна гэж. Дүүргийн ганц нэг улсууд ирсэн. Болдко бид мөнгөөр тусалья. Тууз хайчлахад нь ирнэ шүү бид нарын ажил гээд хэлчих. Тэд хүүхдийн биш зүгээр л өөрийнхөө хүсэл сонирхлын төлөө ажилладаг. Би хэн нэгэн УИХ-ын гишүүн болох гээгүй. Би албан тушаал эрх мэдэл авах гээгүй. Би УИХ-д ороод албан тушаал эрх мэдлийн төлөө наймаалцвал хамгийн сайн чадна. Гэхдээ надад ийм хүсэл байгаагүй. Би Нийслэлийн иргэдийн хуралд ороод ганц л юм хашгирна. Хүүхэд бүхний төлөө өдөр бүр хашгирна. Хүмүүс фэйсбүүкийн хандалтан дор бичсэн байна лээ. Болдко чи ороод хувирчихав аа. Мөнгөний бараа хараад өөр болов оо гээд. Ямар мөнгө? гэж би асуусан. Хаана байгаа юм тэр мөнгө чинь. Ямар мөнгө байсан болоод тэр хүүхдүүд тэнд турж үхэх гээд байгаа юм бэ. Ганц энэ иргэдийн хуралд гарах гарахгүй надад асуудал биш. Энэ яваа насаа эцэслэн эцэслэтлээ үүний төлөө би тэмцэнэ. Би өөрөө ээжтэй байж байгаад энэ амьдралд ээжийгээ явахыг үзсэн хүн. Ийм хагацлыг мэдээж заавал үзнэ л дээ, хүн болгон. Гэхдээ ядаж хугацаанаас нь эрт үзүүлчихгүй юмсан гэж тэмцэнэ. Энэ л миний хүсэл.

-Та нээрээ гэр хороололд амьдардаг билүү. Орчин цагт ховордсон дүр зураг?

-Би Телевизэд гэр хороололд амьдардаг. Өөрийнхөө хашааг, байшинг бариад авчихсан. Надад бас монголдоо хамгийн үнэтэйд тооцогддог цөөхөн мотоциклийн нэг байна, аяллын сайхан машин байна. Би хамгийн баян хүн. Ээжээс бусад бүх юмаар баян. Надад унах эдлэх унаа тэрэг, орон гэр, хувийн эдлэн газар бүгд байна. Нохой хүртэл байна. Үлдсэн бусад мөнгө нь бүгд миний толгойн дотор бий. Би хангалттай хэмжээгээр хүссэн үедээ мөнгө олж чаддаг. Тийм ч учраас би гэр хороололд амьдардаг ч гэсэн үнэтэй цайтай сайхан унаа тэрэг сайхан юм эдэлж хэрэглэж чаддаг. Аль ч компани дээр очоод нэг гэрээ хийгээд маркетингийн ажлууд хийчихдэг. Кино клип баримтат кино хийчихдэг. Зохиолыг нь бичээд өгчихдөг. Гар утсаараа би сайтуудын захиалга бичихэд орой унтахдаа хоёр гурван зуун мянган төгрөг хийчихээд унтдаг. Гэхдээ 4 жилийн дараа намайг эргүүлээд харахад би гэр хороололдоо байсан хэвээрээ л байх болно. Гэр хороололд яаж гоё амьдардагийг хүмүүст үзүүлье л гэж бодсон. Хашаандаа замтай, зүлэгтэй модтой, миний байшин 3 давхар 8 өрөө. Би байр лизингээр ч юм уу аваад өртэй болохыг огтхон ч хүсээгүй. Өргүй юм чинь би баян ш дээ. Байгаагаа бүгдийг нь нэг бүрчлэн өөд нь татсан. Тэр цэцэрлэг ч гэсэн балгас болчихсон байшинг л би өөд нь татсан. Юм болгоныг ингээд хийвэл болно ш дээ.

-Та амьдралдаа хийх маш том алхмынхаа өмнө зогсож байна. Энэ цаг мөчид танд ямар чанар хамгийн их дутагдаж байна?

-Тэсвэр тэвчээр. Тэсвэр тэвчээр хамгийн их дутагдаж байгааг би цаг тутам мэдэрч байна. Хүмүүс намайг оролдож байна, санаатайгаар өдөж, зодоон нүдээндээ хүрэх гэж оролдож байна. Сүүлийн үед биеийн тамирын өмд өмсчихсөн боовон чихтэй бодибилдэнгийн тамирчин юм уу бөхчүүд юм уу энэ залуучуудаас үнэхээр залхаж байна. Миний хөлд өдөр болгон тээглэж байна. Яах гээд байгаа юм ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэсвэр тэвчээр гэдэг энэ амьдралд надад үргэлж дутсаар байгаа. Эргээд харахаар бүгдийг нь тэвчсэн байдаг. Юм хийдэггүй хүмүүс яаж ийж байгаад юм аргалаад босгоод хийсэн хүнийг аймаар доромжлох юм аа. Болдко чи хандив цуглуулаад цадах болоогүй юу. Хүнээс хандив аваад идээд баяжлаа чи. Чи цэцэрлэг байгуулсан тэр цэцэрлэг нь ажиллах нь уу үгүй юу харж л байя. Тэд юу хийсэн юм, ирээд нэг тоосго зөөсөн үү. Юу ч хийдэггүй хүн хүнийг хамгийн их доромжилдог. Би доромжилж байгаа хүнийг зүгээр л фэйсбүүк рүү нь ороод ажигладаг. Зарим нь зураггүй тэгээд доромжлоод л байдаг. Би гайхдаг. Ядаж өөрөө юм хийхгүй бол доромжлохгүй байж болдоггүй юм байх даа. Энэ доромжлол чинь юм хийх гэсэн хэсэг хүмүүсийнхээ сэтгэл зүрхийг мохоодог. Өөрөө мохсон сэтгэл зүрхтэй хүн бусдыг өөртэйгөө адилхан болгох гэж оролдоод байх шиг байдаг юм.

-Та улс төрийг гаднаас олон жилийн турш ажигласан. Дотор нь орж ярилцаж заримдаа тэдний хохирогч ч болж байсан. Дүр зургийг доторлож гадарласан хүний нүдээр нэг илэрхийлээч?

-Даргынхаа өмнө яаж гоё харагдах вэ гэж улайрсан намын залуучууд их олон боллоо. Энэ залуучууд бүгд өрсөлдөж байна. Нам дагасан залуучууд намын нэрийн өмнөөс Иргэдийн хуралд өрсөлдөөд гарч ирсэн хойноо юу хийдэг вэ гэвэл намын даргадаа л үйлчилдэг. Өмнө нь Нийслэлийн иргэдийн хурал 4 жилийн өмнө ямар байсан, таны амьдрал ямар байсан. Яг байсан байрандаа л байгаа. Хашаандаа ганц таван ханатай гэртэй. Эсгий нь муудаж цуураад ялзраад байдаг. Юу ч өөрчлөгдсөнгүй. Охиных нь үс дөнгөж төрж байхдаа гил хар байсан бол шороон дунд таван жилийн дараа бор шаргал үстэй өнгө алдчихсан зүс царайтай болж байна. Нүд нь шороон дунд хялман, утаан дунд уушги нь үрэвсэлтэй.

Энэ Иргэний хөдөлгөөний намыг сонгосон нь бас шалтгаантай. Намын гишүүн Даваа гэж хүний Монгол орныг утаанаас салгах хөтөлбөр надад их таалагдсан. Айл болгонд 8 квт үүсгэдэг генератор байршуулаад өгчихнө. Тэр генератораараа халуун дулаанаа хангаад дээрээс нь илүү гарсан тогоо засагт зарж сард 500-1 сая төгрөг олох боломжтой. Дээрээс нь үйлдвэр байгуулаад генератораа үйлдвэрлээд бүх айлуудад зээлээр өгчихье гэж байгаа. Япон Солонгост байдаг технологи. Энэ надад хамгийн сайн хөтөлбөр санагдсан. Утаанаас үнэхээр залхаж байна. Гадаадад ч юм уу Орост очиход орос найзууд намайг тэврээд “Пүү монголчуудын үнэр” гэдэг. Хонгконгод очоод буудалдаа орж хувцасаа сольж гараад орой эргээд өрөөндөө ороход нэгшсэн ханан пийшин үнэртэж байдаг. Сүүлийн таван жилд Агаарын чанарын алба өчнөөн тэрбум төгрөг зарцуулчихаад байхад дэлхийд утаагаараа хоёрт орж байна. Өнөөдрийн утаа юу ч биш. Дахиад 5-10 жилийн дараа бид бүгдээрээ хорт хавдраар үхнэ. Ямар сайндаа улс төрчид ярьж байна. Одоо хамгийн ашигтай бизнес уушгины эмнэлэг. Уушгины хорт хавдрын эмнэлэг байвал ашигтай даа. Хордуулчихаад дараа нь үхлээр нь тоглох гэж байна аа даа. Тийм учраас Нийслэлийн Иргэдийн хуралд энэ улс төрчдийг оруулах ямар ч шаардлага байхгүй. Иргэдийнхээ төлөө гэсэн хүмүүсийг оруулж ажиллуулах хэрэгтэй.

-Ойрын хугацаанд та юунаас хамгийн их айж байна?

-Би улс орноо цээжин дотроо хөндүүр боддог, заримдаа. Тайван сайхан амьдралтай байгаа хүмүүс үүнийг ойлгодоггүй. Тэр гэр хорооллын мухарт талхаа хуваагаад авчихья гээд зогсож байгаа айл, нэг ширхэг бөндгөр сонгино, 200 гр мах авья гээд гүйж байгаа айл, кг махаа 3000-аар авах ёстой бол дэлгүүрээс 7000 мянгаар авч байна. Мэдэхгүй сүүлийн үед их уяхан болчихоод байгаа. Урд нь өөрөө мэддэггүй байсан. Энэ айлуудаар өвөлжингөө дунд нь явчихаар яс махаараа мэдэрдэг болчихдог юм байна. Нийслэлийн Иргэдийн хурал, УИХ-ын гишүүн гэдэг эдний төлөө хэзээ ч байдаггүй юм байна. Би сонгуульд намайг сонгоорой гэж хэнд ч хэлэхгүй. Хэнээс ч гуйхгүй. Улс төрчдийн залгамж халаа болсон намаас дэвшиж байгаа залуусыг сонгох юм бол тэд намдаа л үйлчилнэ. Иргэн танд хэзээ ч үйлчлэхгүй.

-Та эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ?

-Би баян. Надад хор шар байдаг. Би бусдаас дор орох дургүй. Бусдын дор амьдрах дургүй. Байр авья гэвэл хүссэн үедээ авч чадна. Надад нэг байр зэргийн мөнгө хийчих оюуны потенциал байна. Харин миний нийгэмд надтай хамт оршиж байгаа хүмүүс аймшигтай зовоод байна. За тэр ядуучууд зовох нь хохь нь. Тэр хүүхдүүд аймшигтай зовоод байгаа нь надад аймшигтай зовлонтой байгаа. Би хэзээний л эмзэг хүн. Уяхан ч юм уу хайрламтгай ч юм уу. Энэ миний алдаатай доголдолтой тал байж магадгүй л дээ. Намайг яаж ч адалж яаж ч муу муухайгаар хэлж болно. Би ямар ч байсан үлдсэн амьдралаа хүүхдүүдийн төлөө ядарсан амьдрал, гэр бүлийн төлөө, хүүхдүүдийн төлөө зарцуулчихья. Би ээжтэй байсан өөрөө хүний хүү юм чинь үүнийг болно, болно байх гэж боддог юм. Иргэдийн хуралд ард түмэн намайг сонгоно гэдэгт итгэлтэй байгаа. Тэр хар машин сонгохгүй гэдэгт бас итгэлтэй байгаа. Мэдээж АН, МАН-даа үйлчлэх байлгүй. Гэхдээ үзээд алдах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ард түмнээ доромжлоод хуураад залгиад байх боломжийг нь өгүүлэхгүйн тулд залуучууд бид тэмцэх хэрэгтэй. Болдко баяжих гээд байгаа юм биш. Би тэртэй тэргүй баян хүн. Хүнээс гуйгаад байх юм байхгүй. Иргэдийн хуралд орж баяжаад байтлаа бүр хаа ч байсан юм.

Шударга үнэн байхад хамгийн их зовлонг туулдаг

-Та хэр их ганцаардаж байна?

-Үнэхээр аймшигтай ганцаардаж байна. Ганцаардал намайг дотроос минь идэж байна. Нурааж байна. Миний итгэлийн ханыг мэрж биш хүрз хүрзээр унагааж байна. Шударга байхын төлөө хичээнэ гэдэг аймаар том ганцаардал. Өөрийнхөө төлөө амьдрах амархан. Бүх юмаа хийгээд мөнгөө аваад л болоо. Бусдын төлөө ажиллаж амьдарна гэдэг хамгийн хэцүү.

-Ганцаардлаас өөрийгөө яаж чөлөөлж байна?

-Би хэцүү үед мотоциклоо унаад давхидаг. Дэлхийн хамгийн хүчирхэг хамгийн том мотортой мотоциклоо уначихаад давхина. Уулын оройгоор их явах дуртай. Машинтайгаа зүтгүүлсээр байгаад уулын оройд гарах. Эсвэл байшингийнхаа дээвэр дээр гарч суух. Аль болох өндөрлөг цэг дээр гарч суух ганцаардлаас авардаг. Одоо гэхдээ залуучууд гоё болж байна. Бусдад туслах хүсэлтэй нийгэмд бусдад тусалья, бусдын төлөө байя гэсэн давалгаа үүсч байгаа юм чинь гоё байна. Удахгүй би ганцаардахаа болих байх. Эсвэл намайг өндөр дээрээс хэн нэгэн түлхэх байх эсвэл би ганцаардахаа болих байх.

-Саваагүйтээд асуучихад таныг Анужинтай ярилцлага хийсний дараа энэ муу өөрөө архичин царайлчихаад хүний сайхан охиныг үгээр идлээ гэж хүмүүс бичээд байсан. Бүр гэр хорооллын архичин гээд байсан. Та ер нь бор дарс хэр хүртдэг вэ?

-/инээв.сурв/ Хүний хэрэглэдэг хэмжээнд ууя гэвэл уучихна уухгүй гэвэл уухгүй. Тэрэнд донтох автах юм огт байхгүй. Огт хэрэглэхгүй үе байдаг. Дөрөв таван жил хэрэглэхгүй байхаар сайхан яриа, найз нөхдийн байдал цөөрчих гээд. Ер нь сэтгүүлч хүн олны нүдэн дээр согтуу явбал муухай ш дээ. Тийм учраас би энэ тал дээр бол маш их цензуртай ханддаг. “Архичин царайлчихаад” гээд би улаан нүүртэй байхгүй юу. Манай аавыг Ягаан ах гэдэг байсан. Манайхан удмаараа цусны даралт өндөртэй. Хав халуун биетэй. Өвөл найзууд энгэрээ хумичихсан явж байхад би энгэр задгай явж байдаг. Миний хацар их улайдаг даралт өндөртэй. Юу гэж хэлэх нь яахав дээ. Гадаад үзэмжнээс илүү хүний дотоод сэтгэл, үйл хөдлөл чинь өөрөө үнэлэмж байдаг болохоор би ямар ч гэм хийгээгүй байхад намайг битгий доромжлооч ээ гэж гуйдаг. Гэм хийгээгүй байхад доромжлоод би яасан юм бэ. Хамгийн хэцүү зам бол шударга үнэний зам. Шударга үнэн байхад хамгийн их зовлонг туулдаг.

-Та өөрийгөө ямар ч комплексгүйгээр магтаач?

-Хайрлавал хайрласан шиг хайрладаг. Хаявал хаясан шиг хаядаг. Сүүлийн үед өөртөө барьж байгаа миний схиль юу гэхээр би хэзээ ч шантардаггүй болохоор үнэхээр галзуу. Би хэзээ ч бууж өгөхгүй. Хэзээ ч гэж ярьдаггүй гэсэн. Сүүлийн үед намайг энэ байдлаас түлхэж гаргахаар их олон хүн оролдож эхэллээ. Би бууж өгөхгүй ээ. Олон хүмүүс олон залуучуудыг маань нугалаад хуваагаад дуусгахыг харлаа. Гэхдээ яахав дээ ямар ч байсан зөв шударга байхад юм болох байлгүй. Би Монгол улсын иргэн, Монгол улсын ард түмний нэг хэвээрээ баймаар байна.

-Та нэлээн олон дайсантай юм шиг байна, бүр амар заяа үзүүлдэггүй. Ер нь олон дайсантай байх хүнд ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ. Эндээс хүн юуг олж авах юм, юуг алдах уу?

-Олон дайсантай байна гэдэг араатан шиг догшин байхыг хэлдэг юм шиг байна лээ. Догшин байж, эсвэл нэг л чиг шугамандаа үнэнч байж чадаж байж тэр дайсантай байдлаасаа гардаг юм шиг байгаа юм. Цаана чинь тэнгэр бурхан байгаа. Шийтгээд явж байна. Хичнээн лаг явж байсан хүмүүс эцсийн эцэст яаж дуусаж байна. Муу хүн байна гэдэг өөрт нь л муу. Миний хамгийн дургүй үзэл хар амиа хичээх, худлаа ярих. Яалт ч үгүй амьдралын шаардлагаар худлаа ярихыг үгүйсгэх газаргүй. Гэтэл амьдралын шаардлагаар хар амиа хичээнэ гэдэг байж болшгүй зүйл. Хүмүүс нэг нэгнийхээ төлөө байж байж энэ нийгэм оршин тогтнодог. Би шулуун үгтэй болохоор хүний дургүй хүргэчихдэг байх. Хүний амьдрал маш богинохон манай дэлхий гэдэг чинь анивчаад өнгөрөх гэрэл. Тэрэн дотор байгаа бидний амьдрал бүр богинохон. Энэ богинохон амьдралд үзэн ядаад эсвэл нэг нэгнийгээ гомдоогоод нус нулимсыг нь үзэж зовоогоод. Хүмүүс бие биенийхээ төлөө инээмсэглээд гоё байчихвал амьдрал гоё болчихно гэж би боддог юм. Уур уцаараас ер нь ангид байхыг хүсч байгаа. Маш их уур уцаар хилэн нервтэй байлаа. Одоо бол за яахав дээ богинохон амьдарна ш дээ. Энэ бид хоёр ингээд яахав дээ гээд боддог болчихоод байна.

-Таны бодлоор аз жаргал гэж юу вэ?

-Юутай ч байгаад сэтгэл дүүрэн биш бол тэр аз жаргал биш. Юу ч үгүй, бүр хов хоосон байсан ч сэтгэл дүүрэн байгаа тэр мөчийг аз жаргал гэдэг. Тэрбумын үнэтэй байшинд суугаад гадаанаа 500 саяын үнэтэй машин сойчихоод гэртээ ороод гуниглаад ганцаараа архи уугаад сууж байвал өөрийгөө аз жаргалтай гэж хэлэх болов уу. Юу ч үгүй байгаа мөртлөөсөө халтайсан ханиа тэвэрч үнсчихээд халтар хүүхдээ үнсчихээд аав нь маргааш хоол хийж өгнөө миний хүү. Өнөөдөр наад шөлөө идчих гээд инээгээд сууж байгаа тэр аав аз жаргалтай болов уу. Миний амьдралын хамгийн аз жаргалтай үе хэзээ өнгөрсөн гээч. Би амьдрал дөнгөж эхлэх гээд таван ханатай гэр бариад галаа түлээд тэр монгол гэрийг тойроод хулдаасыг нь арчиж байсан үе. Тэр үед хамгийн аз жаргалтай байсан.

-Та яг одоо аз жаргалтай байна уу?

-Би үргэлж гунигтай байгаа. Сэтгэл дандаа гунигтай байгаа. Миний дотор үзэн ядалт өшөө хорсол уур хилэн алга. Гуниг дүүрэн байна. Хэдий чинээ олон хүнд тусалж чадна тэрний дараа гуниг маань жаахан ч гэсэн нимгэрэх байх. Хүн гэдэг амьтан төрсөн цагаасаа эхлэн аз жаргалын төлөө аз жаргалын эрэлд мордсон байхгүй юу. Би тэгчихвэл аз жаргалтай болно, энэ уулын орой дээр гарчихвал корпорацийн эзэн болвол, уулын орой дээр гарвал аз жаргалтай болно гэж боддог. Тэр бүсгүйтэй гэрлэчихвэл аз жаргалтай болно. Тэр мөнгийг олчихвол аз жаргалтай болно. Энэ аз жаргал хаана ч байдаггүй юм байна лээ. Би аз жаргалыг бас төрсөн цагаасаа хойш хайсан. Аз жаргал бидний сэтгэлийн мухарт байдаг. Сэтгэл аз жаргалтай байх үед бусад юу ч хамаагүй болдог юм байна лээ. Тэгэхээр би сэтгэлийн аз жаргалын төлөө л одоо явж байгаа. Өөрийнхөө сэтгэлийг болоод бусдын сэтгэлийг аз жаргалтай болгочих юмсан. Өнгө мөнгөөр хэмжихгүй юмсан.

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • 05-30 14:53
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)