Үзэсгэлэнт од”, “Анхны хайрын од”, “Талын цэцэг” гэх хитийн эзэн бол яах аргагүй “Титэм” хамтлагийн дуучин Тайванаа билээ. Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхэнтэй магадгүй эдгээр хитүүдэд хамтдаа эгшиглэж байсан болохоор фенүүд нь одоо ч сонсох дуртай байдаг. Түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг бараг таньсангүй шүү. Их өөрчлөгдсөн байна. Нэлээд намба суучихжээ.
-Тийм их өөрчлөгдсөн байна уу. Арга ч үгүй дээ. 20 гаруй жилийн өмнө л дуулж, хуурдаж явлаа. Одоо нас 40 гарчихлаа. Өөрчлөгдөхөөс яахав. Ер нь турах чинь мода болоод байгаа юм биш үү. Тухайн үед чинь 100 гаруй кг жинтэй байлаа. Одоо 60-н хэдэн кг болоод турчихсан. Бараг тал нь байхгүй болчихоор бие хөнгөн шингэн сайхан л байна ш дээ /инээв. сур/.
-Нэг хэсэг хүндээр өвдсөн гэж “Камертон”-ынхноос сонсож байлаа. Бие нь гайгүй юу?
-Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг шүү дээ. Нэг хэсэг нэлээд хүндээр өвдсөн. Харин сайн гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо буянаар эдгэрээд, ажилдаа ороод байна.
-Таны дууг сонсдог залуус хаана юу хийж байгааг тань сонирхож байгаа байх. Яг одоо ямар ажил хийж байна вэ. Уран бүтээл хийж байна уу?
-Уран бүтээл хийлгүй яахав. “Эко” телевизэд уран сайхны удирдагч хийж байна. Уран бүтээлийн хувьд шинэ залуу хамтлагуудыг дэмжиж, тэндэнд уран бүтээлээ өгч эхлэж байна.
-90-ээд оны урлагийнхан гэхээр “Титэм” хамтлагийн нэр дээгүүрт бичигддэг. Олон жил өнгөрч дээ. Амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэгээхэн хэсэг тэнд үргэлжилдэг байх даа?
- Заримдаа боддог юм, бид их азгүй хүмүүс юм гэж. Яг хоёр нийгмийн зааг дээр амьдралд дөнгөж хөл тавьж байлаа. Тухайн үед нийгэм, хүмүүсийн үзэл санаа бүгд л өөрчлөгдсөн. Тэрийг дагаад хөгжим хүртэл өөрчлөгдсөн шүү дээ. Миний эргэн тойрныхон бүгдээрээ л наймаанд явсан. Бараг урлагаас би ганцаараа үлдсэн байх аа. Хоёр жил завсарлаад санхүү эдийн засгийн сургуульд орох гэж үзсэн юм. Тэс өөр салбарын хүн тэр хаалгыг нээж чадахгүй юм билээ. Миний орох хаалга биш байсан.
Харин урлагийн хаалга үргэлж надад нээлттэй учраас эндээ л чөлөөтэй орж гарч чадаж байсан юм. Тэрийг тэр үед л анзаарсан хэрэг. “Камертон”-ыг тэгэхэд анх байгуулж байв. Одооны энэ зохиолын дуу шиг хуйлардаггүй байлаа. Долоо хоногт нэг удаа шоу болно. Энд нэг хөгжилтэй түүхийг сөхмөөр санагдчихлаа. Одоо бодоход инээд хүрмээр ч юм шиг.
Дуулаад тайзнаас буухдаа хүзүүндээ зөндөө ороолттой буудаг байв. Есөн шидийн ороолт гээд бод доо. Ноолууран, ноосон, даавуун гээд л. Зарим нь тоглолтын дараа тайзны араар ирж авна аа. Энэ чинь бас улирлын чанартай. Өвөл ороолт, хавар зундаа гинж, намар болоод ирэхээр Араб алчуур болж байгаа юм. Хэд хэдэн ээлжийн хувцас Араб алчуураар хийхээр болсон байхаа. Их шударга зритель байж дээ. Дургүй хамтлаг руугаа сандлын бүрээс шиднэ. Ийм л үед дуулж байлаа. Харин одооны хүүхдүүдэд өөрөө хөдөлмөрлөх юм бол амжилт ойрхон байна.
- Яах аргагүй л “Камертон”-ы тухай түүх сөхөхөд дуучин Л.Тайванбатын нэр гардаг л даа?
- Тийм шүү. Тэр дөрвийг урлаг гэх аймаар ертөнцөд хөл тавихад нь би тусалсан. Тэнд ч их хичээнгүй ажилладаг байсан. Их ажиллаж, бага амарч байсны хүчинд амжилтанд хүрсэн гэж боддог юм. Хүмүүс харин өөрөөр хардаг юм шиг байгаа юм.
Тайван ахыгаа хаяад, өнөөх нь санаа сэтгэлээр унаад бор дарсанд дурласан энэ тэр гээд бурж өгдөг юм. Яахав дээ өнгөцхөн харахад тийм харагдсан биз дээ. Гэхдээ ямар ч шувуу үүрэндээ байгаад байдаггүй байхгүй юу. Ниснэ биз дээ. Нисэх гээд байхад нь байж бай гээд базчихаад, дээрээс нь дараад суугаад байж болохгүй.

- Ингээд ярилцаж байтал Ганаагийн нэг ярилцлага санаанд орчихлоо. Бид хэд чинь оддын өвчнөөр өвдөөд авсан удаатай. Тэгэхэд Тайванаа ахын хатуу үг өөрийн эрхгүй зогтусахад хүргэж байсан гэж байсан.
-Бид үнэхээр хичээнгүйлэн ажилладаг байлаа. Би 11 цагт ирнэ. Дараа нь 12 цагт Ганааг, цагийн дараа Мээдээг, дараа нь Эбаг, түүнээс бас нэг цагийн дараа Болдыг дуудаж давтлага хийнэ. 18 цагаас хойш хамтлагаар нь ажилладаг байлаа. Хөвгүүдтэй ажиллаж байгаа хойно хааяа гар хүрэх юм ч гарч л байсан. Тайзан дээр гарч дуулах, бэлтгэл хийх асар их ялгаатай.
Ер нь хамтлаг гэдэг чинь нэг нэгнээ шүтэж, хүндэлж явбал амжилт бас нэг алхмаар ойртож байдаг юм. Тиймдээ ч Болдыг та гурав хүндэл. Болд өнөө гурваа бас шүтэн хүндэл гэхчилэн бие биенээ шүтэж бай гэж байнга л хэлдэг байсан даа. Хэзээ ч дорд үзэж болохгүй. Энэ басс дуулдаг би дээгүүр дуулаад зовоод байхад ухааны юм бодож эхлэх л юм бол хамтлагийг хагаран бутаргаж мэдэх аюултай байдаг юм.
Тэгэхэд манай дөрөв Холливудад дуулдаг байсан юм. Тэгсэн өнөө хэд маань тараад яаж автобусанд суунаа гэж ч байх шиг. Нэг бодлын арга ч үгүй юм уу. Бэлтгэл шөнө 12 цагт тарна. Дараа нь дөрвүүлээ дугуйтай болсон л доо. Хөгжим бүжгийн хойно бараг дугуй засвар ажиллах дайны юм болсон байх шүү.
-Тайванбат оддын өвчнөөр өвчилж байсан болов уу?
- Надад байгаагүй шүү. Би хээнцэр ярвагар зангүй, тийм хүмүүст ч дургүй. Яахав дээ хаа нэг сонин хэвлэлээр ууж идсэн тухай яриа гарч л байдаг юм. Тэрийг уншаад мартаагүй байгаа юм байна л гэж боддог.
-Одоо “Титэм”–ийн нөгөө гишүүн чинь юу хийдэг юм бэ. Тухайн үедээ “Титэм” ёстой л бужигнуулж явсан гэдэг юм билээ?
- Урлагаас бүүр хөндийрсөн. Хамтлаг тараад 1993 онд хамтран нэг тоглолт хийсэн. Тэгэхэд Монголын рок попын түүхэнд анх удаа Соёлын төв өргөөний галын хөшгийг буулгуулж байлаа. 1750 хүний суудалтай зааланд 5000 хол давсан хүн орчихсон байсан гээд бод доо. 1750-аас бусад нь дайраад орчихсон. Тэгээд аргагүйн эрхэнд маргааш болгож хойшлуулж байсан.
Ер нь Монгол орныхоо хаана ч очсон үеийнхэн маань таньдаг нь сайхан шүү. Би нэг удаа төөрдөг юм байна. Эрдэнэт явж байхдаа Дарханы буудал дээр хоолны газарт хооллосон юм. Аранжировшиктойгоо сууж байтал хурдал вагон явах гээд гэхээр нь ум хумгүй л гараад суучихсан. Гэтэл өнөөх нь Сэлэнгээс хот руу явж байсан вагон байж байдаг байгаа. Хоёулаа Салхит өртөөн дээр өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй буучихсан. Хувцсаа өнөө вагондоо орхичихсон байдаг. Хөгийн царайтай хоёр нөхөр зогсож байтал нутгийн атаманууд ирээд юу юугүй зодох нь ээ. Тэгсэн нэг нь дуучин Тайванбат байна гэж хэлэх нь тэр. Тэгсэн босс нь бололтой нэг нөхөр дөхөж ирснээ чи яг Тайванбат мөн үү гэж лавлаж байнаа. Тийм л гэлээ. Тэгсэн сүйд майд гэртээ дагуулж очоод хоол цай болоод сүрхий дайлсан. Дараа нь гэр бүлийнхэн хамаатан садан гээд л их олон хүмүүстэй зургаа татуулсан юмдаг. Тэр хооронд өнөөх чинь эргэлзсэн үү, чи яг Тайванбат мөн үү л гээд лавлана. Тэгсэнээ зурагтаар их л өндөр харагдаад байдаг даа гээд л. Тэрийг би ерөөсөө мартдаггүй юм.
Их хүйтэн царайтай нөхдүүд байсан хэрнээ ярилцаад ирсэн шаал өөр сэтгэгдэл төрүүлж билээ. Тэгсэн өнөө атаман миний дуунуудыг сонсдог байж таарсан. Нэг сүү гэсэн бичигтэй кассет гаргаж ирээд энэ дууг л сонсдог гэж үзүүлж байсныг тод санаж байна. Дараа нь галт тэрэгний буудал хүргэж өгсөн.
Бас нэг найзтайгаа их сонин танилцаж билээ. Анх миний улаан фен байсан юм. /инээв/ Тэр чинь 1990 он ш дээ. Нэг тоглолтын дараа миний араас дагаад манай орцонд ирчихсэн байсан. Манайх 9 давхарт ядаж байхад орц тэр чигээрээ харанхуй. Тэгсэн дуудаж байна аа. Тэгээд жижигхэн хөгжим кассет гаргаж ирээд сая тоглолтон дээрээс бичсэн шум ороод их муухай болчихлоо. Чи надад бичлэгээсээ өгөөч гэхээр нь маргааш ирж ав гээд л, их томоо. /инээв/ Ингэж л анх царайгаа харж чадахгүй танилцаж байсан юм. Одоо хүртэл сайхан нөхөрлөж байна даа. Тухайн үеийн сонин сонин бичлэг зураг плакат түүнд бий. Хааяа хулгайлчихаар санагдана гээч. Миний эхнэрээ төрөхөөс гаргаж байгаа зураг хүртэл байна лээ.
- Танай гэр бүлд их олон тогооч байдаг гэж сонссон. Урлагийн салбарт ажиллаж байгаа нь хэд байна?
- Тийм шүү. Бид эцэг эхээсээ наймуулаа. Долоон хүү нэг охинтой айл. Түүнээс манай том бэр, том ах, охин дүү, хүргэн нар тогооч мэргэжилтэй. Баллаж байгаа биз дээ. Цагаан сар, шинэ жилийн манай баярын ширээ үнэн тасархай ш дээ. За тэгээд цагаан сарын буузан дээрээ санаа зовох юмгүй гэж байгаа.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (13)