Д.Дэлгэрсайхан: Олны танил болохоор их ичдэг юм билээ
2015 оны 5 сарын 13

Хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай сонирхолтой яриа өрнүүллээ. Түүнийг ийн онцлох болсон нь учиртай. Яг түүн шиг 25 насандаа их сургуульд оюутан болж ороод амжилтанд хүрсэн хүн чухам хэд байдаг бол? Хөдөө нутагт юм юм хийж байсан залуу нэг л өглөө жүжигчин болох төгс мөрөөдлөө биелүүлэхээр их хот руу гараад өгч. Оддын өвчин тусаад нэг үе бор дурсанд дурлаж явсан үе ч түүнд бий. Эр хүний хувьд 40 нас гэдэг дарсаар бол ууж ханасан мөчлөг билээ. Алдаа оноо, ухаарлын дэнсийг туулж ид цалгиж яваа Д.Дэлгэрсайхан миний өмнө сууж байлаа.

-Таны сүүлд тоглосон "Хар сувдны нууц" уран бүтээл бас шуугиантай явж байх шиг байна. Ингэхэд та тэр дүрд тоглохдоо ичсэн гэж ярьсан гэсэн. Яагаад ичсэн юм болоо? Ямар дүр байсан бэ?

-Ичсээн...../бодов/ Ичээд байх зүйл байгаагүй л дээ. Дүлий Чинбаа гэдэг дүр. Энэ дүр тоглоход ичээд байх биш бүр сонирхолтой дүр байсан. Яагаад гэвэл урьд нь тоглож байсан дүрүүдээс арай өөр. Дүлий гэдэг дүрийг тоглох юм. Хулгайч хүний дүр. Хулгайч хүн ямархуу сэтгэхүйтэй байдаг юм гээд судлаж явахад их сонирхолтой байсан.

-Дүрийн судалгаа гэж чухал юм байдаг даа. Та хулгайчийн дүрийн судалгааг хаанаас авав. Таны ойр орчимд тийм хүн байсан уу. Судалгаагаа яаж хийсэн бэ?

-/инээв/ Дүрийн судалгаа янз янзын аргаар хийсэн. Халаасны хулгайч хүн байна гэж бодьё. Халаасны хулгайчид бараг мэргэжлийн байдаг юм байна лээ. Ядам, дунд хуруу хоёр нь тэгшхэн байх ёстой гэнэ. Долоовор хуруугаараа татаад юм авчихдаг. Хулгайч хүн хулгай хийж байхдаа их зоригтой байдаг харин хийснийхээ дараа аймхай болчдог. Хийж байхдаа яг л өөрийнхөө юмыг авч байгаа юм шиг авдаг. Тийм зүйл ярьдаг цагдаа найз нар олонтой. Эрүүгийн цагдаа найз нар маань яриад байдаг, бүр багаас нь хуруунаас нь тоосго зүүдэг гэх мэтээр. Яг л зоригтой хүний хийх ажил, нарийн судалгаа хийсэн.

-Урлагт хэдэн жил ажиллаж байна вэ?

-2003 онд КУДС-ийг төгссөн. Тэр цагаас эхлээд жүжигчнээрээ ажиллаад явж байна.

-Хэдэн дүр бүтээсэн байхав?

-Дэлгэцэнд бол цөөхөн. Тайзан дээр нэлээд хэдэн дүрд тоглосон. Нэг шоунд нэг номерт нэг өөр дүр гэхэд нэг шоу таван номертой. Ямартай ч 20 гаруй шоу хийсэн байна.

-Ямар дүр ихэвчлэн оногддог вэ?

-Би Партизаны сангийн аж ахуйд өссөн. Тийм учраас хөдөөний өнгө аястай дүрд тоглоход илүү надад ойрхон байдаг. Хөдөөний хүмүүсийн дүрийг их бүтээсэн дээ. Мөн архичин хүмүүс. /инээв/ Бас л дүрийн судалгаа асуух гэж байх шиг харагдчихлаа. /инээв/ Нийгэм маань ийм шүү дээ. Хаа сайгүй архичин хүмүүс байгаа. Жүжигчин хүний ажил гэдэг ерөөсөө л хүн судлал. Гудамжинд явж байхдаа, хүнтэй уулзахдаа бүгдийг ажиглаж судлаж явдаг.

-Согтуу хүний дүр бүтээхэд зуу татах ч юмуу тийм тохиолдол байх уу?

-Тайзан дээр согтуу гарах ч юмуу, тоглолтын үеэр архи дарс уух хориотой. Тэр дүрд ах нарын хатуу хяналтан дор тоглох хэрэгтэй.

-“Маск” продакшны уран бүтээл, сонин сайхан юу байна?

-“Тэд эх орныхоо төлөө инээмсэглэсэн юм” гээд тоглолтонд “Хар сувдны нууц”-д тоглоод орж амжсангүй. Манайхан одоогоор орон нутаг говийн аймгуудаар тоглолтоор явж байгаа.

-Хошин урлагийг элдвээр гоочилсон хэрнээ үзээд байх юм. Ер нь арван жилийн өмнөхтэй эсвэл анх урлагт хөл тавьж байсантай үетэй харьцуулахад цагийн байдал яаж өөрчлөгдсөн байна?

-Хошин урлаг илүү их хөгжиж байгаа гэж бодож байна. Хошин урлагийн барьж авах зохиол, хошин урлагийн тайзны зохиолыг бичдэг зохиолч бараг байхгүй. Өөрсдөө тэрнийгээ хөгжүүлж ганцхан хошин урлаг яриад байх биш, дуулдаг, бүжиглэдэг, бие үйл хөдлөлөөр хийдэг зэрэг нь янз бүр. Шинэ дэвшилттэй олон урсгалуудыг нэгтгэж нэг шоу хэлбэрт оруулдаг. Драмын урлаг, мюзикль урлаг гэх зэргийг хослуулж босгож ирж байна даа. Илүү дэвшилттэй болж байгаа.

-Үзэгчдийн хувьд?

-Үзэгчид хөгжихийн хирээр бид нар дагаж, давж хөгжих ёстой. Урлагийг дан ганц урлагийнханд зориулж хийдэггүй. Судлаач, шүүмжлэгч, нийт ард түмэн үзэгчдэд зориулж хийдэг учраас миний хийж байгаа уран бүтээл танд таалагдахгүй байсан ч болно. Би бодохдоо арван хүний дөрөв нь гоё сайхан байна гэвэл миний хийж байгаа зүйл хүнд хүрч байна гэсэн үг. Үүний цаад талд дахиад дөрвөн хүн байгаа гэдэг ч юмуу. Заавал бүх хүнд таалагдах албагүй.

-Өөрийн чинь талаар жаахан ярилцъя гэж бодож байна. Өөрөө одоо хэдэн настай вэ?

-Би одоо 41 настай. Миний амьдрал хожуу эхэлсэн. 25 настайдаа оюутан болж байсан.

-Өмнө нь юу хийж байсан бэ?

-10-р ангиа төгсөөд Партизаны сангийн аж ахуйд долоон жил янз янзын зүйл хийсэн. Сургуулийн слесарь, захиргааны жижүүр хийж байлаа. Жүжигчин болно гэдэг төгс мөрөөдөл байсан. Үеийнхэн бүгдээрээ амьдрал ахуй, ажил мэргэжилтэй хотод сайхан газар ажиллаж байгаа, байртай гээд яриад байхаар би ер нь хаана юу хийгээд яваад байна гэж бодсон. Өөрийнхөө дур сонирхолтой ажлаа хийгээд үзье, авьяасаа шалгуулъя. Ер нь авьяас байна уу байхгүй бол өөр зүйл хийе гэж бодож эхэлсэн дээ. Тэгээд нэг л мэдэхэд жүжигчин болсон доо.

-Урлагийн карьераа хэзээ эхэлсэн гэсэн үг вэ?

-28-тайдаа ТВ5 телевизид анх орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 360 градус хошин теле хөтөлбөрд ажилласан даа.

-Аливаа зүйл хүсэж мөрөөдөж хичээвэл бас оройтдоггүй л юм байна?

-Оройтохгүй. Ер нь өөрөө дур сонирхолтой байх хэрэгтэй. Нэг зүйлд дурлаад тэгээд зүтгээд эхэлвэл хүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Одоо ингээд чадаад хийгээд л явж байна.

-Албан карьер хожуу эхэлсэн юм байна. Тэгвэл амин хувийн амьдрал хэзээ эхэлсэн бэ?

-Амин хувийн амьдрал бас хожуу эхэлсэн. Би яг гучтайдаа хүнтэй суусан. 33-тайдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Одоо хоёр охинтой.

-Эхнэр чинь юу хийдэг вэ?

-Манай эхнэрийг Сарнай гэдэг. Телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ харж байгаа.

-Ер нь хошин урлагийнхан хамгийн хөдөлмөрч хүмүүс. Тайзан дээр орой болгон тоглож байдаг. Тушаал авсан цэрэг шиг. Зун бол зунжингаа "халтуур" хийдэг гэдэг ч юмуу. Их хөдөлмөрч хүмүүс. Яг түүнтэйгээ дүйцсэн хэмжээний шагнал, цалин хөлс амьдралын боломж бололцоо эдийн засгийн хувьд хэр хангалуун байна?

-Би бол дажгүй болоод сайхан амьдраад явж байна. Хүнээс гуйхгүй, хүнд айхтар илүүчлээд байхгүй амьдарч байна.

-Мөрөөдлийнхөө байранд орж чадсан уу?

-Орж чадсан. Хүн ер нь өөрөөсөө жаахан илүү зүйлийг мөрөөдөх хэрэгтэй. Тэгээд тэрэндээ хүрэхийн төлөө хичээнэ. Ер нь ийм үг байдаг шүү дээ. Илүү ихийг мөрөөд тэрэндээ хүрч чадахгүй байсан ч  та арай илүү амжилтанд хүрнэ. 1000 төгрөгтэй болно гээд зүтгэж байхад 700,800 төгрөгтэй болсон байх жишээний. Тийм болохоор мөрөөдөж амьдарч байна даа.

-Дөч гарсан эр хүн амьдралын сайн муу, сайхан муухай, хар бараан элдэв бусыг үзэж туулсан. Ёстой дарсаар бол ууж ханасан нас. Тэгэхээр амьдралын чинь хамгийн дурсамжтай үе хэзээ вэ? Хүний амьдрал олон даваа нугачаатай байдаг. Хүнд хэцүү үе нь хэзээ юм болоо?

-Ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай. Бүр багадаа ааваасаа өнчирсөн. Ээж надад аавтай айлын хүүхдүүд ямар ажил хийгээд сурчихсан байдаг тэр болгоныг зааж сургасан. Мал яаж маллах уу, ажил хөдөлмөр яаж хийх үү гэдгийг бүгдийг нь надад аав хүн шиг зааж, ээж хүн шиг хайрлаж байсан. Тийм болохоор ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай, хамгийн сайн сайхан үе. Анхны хүүхэд, аав болох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Нэгдүгээр төрөхийн гадаа анхны хүүхдээ хүлээгээд догдлоод байж байхад манай хамтлагийнхан ирчихсэн эмнэлгийн гадаа бүгд баяр хүргээд орилоод. Тэр үед хамт олон, найз нөхөдтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодсон. Ер нь би өөрийгөө азтай гэж боддог.

-Хамгийн давж гарахад хэцүү үе хэзээ байсан бэ?

-Тийм зүйл байгаа. Ер нь хүний амьдралд сайн, муу хослож байдаг. Алдахдаа айхгүй зоригтой, алдсаны дараа аймхай болчихдог. Архи дарс уугаад хүмүүсийн итгэлтийг алдаад ажилгүй, амьдралгүй, түрийвч хоосон  болж байсан үе бий. Тэрийгээ хүн даван туулаад болих хэрэгтэй.

-Олонд танигдаад бор дарсанд орсон уу?

-Магадгүй тийм байх. Оддын өвчин гэдэг нь болж байсан байх /инээв/. Тааралдсан болгон чи мундаг гээд тэгэхээр нь би мундаг гэх жишээний. Гэхдээ яахав тэр болгоныг болиод ухаараад буцаад сайхан болно. Архигүй бол ажил бүтэхгүй, найз нөхөдгүй болно гэдэг ёстой худлаа. Архи уух, муу зүйл хийхгүй байвал хүн болгон инээж угтдаг, ажил ярьсан ч гэсэн эрүүл саруул ухаанаар зөв сайхан цэгцтэй ярина, хүмүүс гоё хүлээж авдаг шүү дээ.

-Хоёр хүүхдийн аав их хариуцлагатай байдаг байх?

-Эхнэр, хоёр охиндоо бүгдэнд нь эрхэлсэн хүн л байна. Ажлынхандаа сайхан эрхэлнэ. Нэг л их хайр халамж дунд нь байж байдаг даа. Намайг буруу яваад байвал шууд цаашаа түлхэж болно. Гэтэл тэгэхгүй буцаагаад хүлээгээд авсан. Тийм сайхан сэтгэлтэй найз нөхдийн хайрыг дагаад явах нэг бодлын их амархан хэрнээ их хэцүү.

-Эргээд харахад амьдралын тэр олон даваа нугачаанд хаана нь бүдэрч уначихсан юм болоо?

-Муугаар яривал муухай санаатай, сайнаар яривал ухаантай л байх хэрэгтэй. Ажлаа мэддэг, ямар хүнтэй яаж харьцах, юу хийхээ мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол тааралдсан болгонтойгоо уугаад ... Буруу зоригловол хаашаа ч юм ухаандаа бүгдийг нь хийдэг тэнэг зоригтой болчихдог юм байна лээ.

-Хүн бор дарсанд дурлаад явбал явчихна. Яг юу таныг сэрээж тэр эргүүлгээс гаргасан юм бол?

-Тэр үед гэртээ яваад очиход манай бага охин согтуу архи үнэртүүлчихсэн болохоор ойртдоггүй. Хүүхдээ хүртэл ийм болгож байна даа гэж бодож эхэлсэн. Хүмүүс надаас холдоод байгааг хүүхдээсээ мэдэрсэн. Тэгэхгүй бол гэртээ би мангас шиг гадны хүн ороод ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л болихоор шийдсэн. Эрүүл ирэхээр хүүхдүүд нүүр рүү харж байгаад эрүүл байна гэсэн харцаар хараад ойртоод ирдэг. Хүүхэд том болох тусам их хариуцлага тээнэ шүү дээ.  

-Тэр бүхнийг давж гарахад хажууд байсан хань их чухал?

-Өөр хүн байсан бол алийн болгон ингэж арчилж тойголж явах уу гээд хаяад л явна. Миний хань тэгээгүй.

-Хэдэн жил ингэж явав аа?

-Хоёр гурван жил явсан.

-Одоо тэгээд харамсдаг уу?

-Одоо харамсаад яахав дээ. Нэгэнт өнгөрсөн /инээв/. Одоо үлдсэн амьдралаа идэвхитэй сайхан болгоно доо.

-Олны танил болоод өөрт чинь төрсөн хамгийн анхны мэдрэмж юу байсан вэ?

-Их ичдэг юм байна лээ. 360-д байхад нөгөө нөхөр явж байна гэхлээр ичээд сонин болоод нүүр улайгаад ер нь их ичдэг юм байна лээ. Сүлдээ яг дунд үедээ болохоор жаахан хүмүүжиж эхэлдэг юм байна. Сүүлдээ тааралдсан газар болгоноо нөгөө залуу байна гээд хүндлээд ирэхээр бүр илүү ихийг хийж өгөх хэрэгтэй гэж бодох болсон.

-Одоо дөчин насны босгон дээр юу бодогдох юм бэ дээ?

-Хүүхэддээ ихийг зориулах гээд цалин буухаар дэлгүүр ороод хүүхдэдээ юм авна. Хэдэн төгрөг хүүхдийнхээ хадгаламжинд хийх гээд үр хүүхдээ их бодох юм даа.

-Өөрт чинь ямар авьяас хамгийн их дутагддаг вэ?

-Хүн таних, тоо цээжлэхдээ муу.

-Урлагийн тайзан дээр тэр дүрийг л бүтээх юмсан гэсэн идеал байдаг уу. Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Яг тийм сайхан дүр бүтээчих юмсан гэсэн бодол байхгүй. Надад ирсэн дүрүүдийг л сайн бүтээчих юмсан гэж боддог. Нээх тэгж шунасан юм байхгүй.

-Хамгийн сайн бүтээсэн дүрээ аль дүр гэж боддог вэ?

-Тайзан дээр бүтээсэн дүрээс гэвэл “Зуны шөнийн зүүд” жүжгийн Фиспагийн дүр, дэлгэцийн дүрээс “Чонын алтан шагай” Содовын дүрийг нэлээн дурлаж, сонирхож бүтээсэн.

-“Хар сувдны нууц”-ын дүр хэр байсан бэ?

-Дүлий Чинбаагийн дүр ёстой гоё дүр. “Хар сувдны нууц”-д надаас 9-с доош дүү тэрнээс дүү хүүхдүүдтэй тоглосон. Тэгсэн хэрнээ тэр киноны хамгийн эрсдэлтэй хэсгүүд бичигдсэн тийм дүр, их сонирхолтой байсан. Тогонд цохиулаад, шатан дээрээс унасан, байшин, тагтан дээгүүр үсрээд, би чинь усанд сэлж чадахгүй буудуулаад ус руу ороод хөөцөлдөөд ер нь их сайхан байсан.

-“Маск” продакшн гэхээр гол гурван хүнийг ярьдаг шүү дээ. Яг дотроо танай хамтлагийн аав нь, ээж нь хэн юм. Хамгийн их юмыг чиглүүлж, манлайлж байдаг бүгдэнд нь санаа тавьж байдаг нь хэн юм?

-Ер манай продакшны гурав олон хүмүүсийг ажилтай болгож, сайн сайхантай нь уулзуулж учруулж, мууг нь холдуулж яг л аав ээж шиг байдаг. Манай хамтлагийн онцлог нь залуучууд нь цөм. Бүгдээрээ бие биедээ санаа тавьдаг. Хэн нэгнийх нь хүүхэд өвдсөн байхад надад нэг таньдаг эмч байдаг гэх жишээний. Энэ бүх нэгдмэл байдлыг гурван ах маань бий болгосон.

 -Ер нь хүмүүс авьяас нь тодрохоор би яахаараа эд нарын доор байдаг юм гэж гутраад байдаг юм шиг байгаа юм. Таны хувьд би ер нь илүү чадна даа. Эд нар намайг дарж байна гэсэн тийм бодол төрж байсан уу?

-Үгүй ээ, сэтгэл хангалуун байдаг даа. Яагаад гэвэл хэн дуртай, хэн чадсан нь хийдэг. Тэгж оноогоод чи энэ дүрээ л бүтээ гэж тулгаад байдаггүй л дээ.

-Хошин урлагийн продакшнууд хоорондоо хэр эв найртай байдаг юм болоо? Та жишээлбэл бусад продакшны тоглолтыг үздэг үү?

-Үзэлгүй яахав. Алгасахгүй үзнэ. Өнөөдөр манай хамтлагийн тоглолт нээгдлээ гэхээр бусад хамтлагаас менежер нь гэдэг ч юмуу, нэг жүжигчин ирж баяр хүргэдэг. Байнга тоглолтын нээлт дээр ирдэг. Бүх хамтлагийн дунд тэмцээн зохион байгуулдаг гэх мэтээр хоорондоо эвтэй байдаг.

-Гэхдээ гаднаас нь харахаар маргаантай байдаг шүү дээ?

-Уран бүтээлийн хувьд өрсөлдөөн гарна. Тэдний тоглолт тийм байна. Тийм болохоор бид тэдний тоглолтоос илүү ихийг хийж үзэгчддээ хүргэх хэрэгтэй гэсэн өрсөлдөөн байна. Харин өөр талаар эв түнжингүй зүйл байхгүй.

Ярилцсан У.Цахирмаа

Эх сурвалж: www.grandnews.mn 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet