Скандал: С.Сэрчмаа
2014 оны 12 сарын 2

За ёстой цөм авсан хоолойтой, залуусын хэлдгээр бол “тасарчихсан” дуучин тэр биш л дээ. Гэхдээ нэг тийм хэвшмэл, хуучинсаг төрх дороос хүчтэйхэн өндийж харагдахгүй байсан монголын рок попын тогоонд орж ирснээрээ тэр оносон. Түүнийг “Скандал” булан онцолж байна.

Зууны манлайд нүдлэгдсэн охин

Тэр Улаанбаатарт мэндэлсэн ч, уг угшил нь Архангайнх. Аав Самбуугийнхаа төрсөн нутагт очих тун дуртай хүүхэд байснаа С.Сэрчмаа ярьдаг юм билээ. Дөрөвдүгээр хороололд бага насаа өнгөрүүлсэн тэрбээр бүр дөрөв тавхан настайгаасаа ээжийн тухай дуу дуулж, зургаан настай байхдаа л тайзан дээр хийл хөгжим тоглож зогссон гэдэг.

Дуулахаас гадна дэлхийн хөгжмийн хатан хаан хэмээн нэрлэгддэг хийл хөгжмийг эзэмшиж, уянгалуулан тоглож чаддаг нь түүний авьяасын тод илэрхийлэл биз ээ. Тэр дунд сургуулийн сурагч байхдаа дуулдаг, бүжиглэдэг, элдэв тоглолтуудад оролцдог гээд юм юм руу үсэрсэн элдэвтэй охин байсан гэсэн.

Түүнийг урлагт анх хөл тавихад дуучин Б.Сарантуяа “Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” гэж хэлж байсан нь мэргэжлийн хүний нүдээр  түүнийг ончтой  тодорхойлсон хэрэг шүү.

Хамтлагаараа биш ганцаараа...

 Өөрийгөө Sally хэмээн нэрийдсэн хувь уран бүтээлч болохоосоо өмнө тэрбээр “Emotion” охидын хамтлагийн гишүүн байсан юм. Гэвч хамтлагийн  продюсер Чинбаатай таардаггүй байсны улмаас хамтлагаасаа гарсан гэж яригддаг байлаа. Магад, шалтгаан нь өөр ч байж болох. Ямартай ч тэр хамтлагаасаа гараад анхныхаа продюсерийн гэрээг “Монголын киноны академи” ТББ-ын гүйцэтгэх захирал н.Батсүрэнтэй байгуулж хамтран ажиллаж байв.

Анх хайрын дуу дуулж залуусын зүрх сэтгэлийг энхрий ялдам дуу хоолойгоороо уярааж явсан “Хайрын дууч шувуухай” хэмээх эрхэм тодорхойлолтын эзэн бүсгүй эрс өөрчлөгдөн хип хоп, R&B стилээр дуулж цоглог хэмнэлээр бүжиж олон хүнийг гайхшируулсан явдал ч бас бий.

Ямартай  ч Sally ганцаараа уран бүтээл хийх болж, урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, орон зайг дархалж чадсан гэж болно. Гадаадын нэлээн хэдэн орноор явж бие даасан тоглолтоо хүртэл хийсэн дуучин бүсгүй зүгээр сууж чаддаггүй зантай нэгэн. Од болж олонд танигдахын хэрээр тэр элдэв хэл аманд ч нэлээд холбогдсон.  ГХЯ-ны урд байрлах Солонгосын хөрөнгө оруулалттай “Чаплин” караоке бааранд ажиллаж байсан, солонгос эрчүүдтэй ойр байдаг гэх яриа түүнийг ид гялалзаж эхлэх үест нь шуугиан тарьж байлаа. Тэр жирийн биш олны танил од болсны илрэл ийн харагдаж эхэлсэн юм.

Нэр холбогдсон залуус...

Түүнийг “Emotion” хамтлагт дуулж эхэлж байхад хамтлагийн продюсер Чинбаатай учир ургуулсан гэж ярьдаг билээ. Тэд хэсэг хугацааны романс үүсгэсэн нь С.Сэрчмааг хамтлагаа орхиход хүргэсэн гэх яриаг тэд үгүйсгэж ярьсан нь хэвлэлийн хуудаснаа лав үзэгдэж байгаагүй. Мэдээж С.Сэрчмаа өөр эрчүүдтэй нэр холбогдож байсан. Хакухо М.Даваажаргал, С.Жавхлан гээд л...

Гэхдээ “Казино” Байгалийн хүү “Мичид рекордс”-ын захирал Б.Тэмүүлэнтэй хамт амьдарч байсан жилүүд түүний намтарт чухал байр суурь эзэлдэг болов уу. Тэд IV-р хорооллын Модны 2-т С.Сэрчмаагийн аавын гэрт хамт амьдардаг байсан юм билээ. Өмнө нь амьдралтай байсан Б.Тэмүүлэн С.Сэрчмааг эхэндээ гал шиг халуунаар хайрлаж байсан ч, сүүлдээ тэр нь бөхөж, хэн хэнийх нь сэтгэл хөрсөн гэгддэг. Гэхдээ тэр хоёр Эрээн хотын захаар хэсч олны нүдийг хужирлан, од хос шиг явсан сайхан дурсамжаа хааяа нэг санацгаадаг л биз. С.Сэрчмаа Б.Тэмүүлэнгээс хурим хүртэл мөрөөдөж ярилцлага өгч байсан удаатай.  Тэд олон ч жил  холбогдож, олон ч жил хамтран амьдарсан ч,  Б.Тэмүүлэн өмнөх амьдралдаа бүрэн цэг хатгаж чадалгүй байсаар, шинэхэн дурлалаа хуучруулан, улмаар салцгаасан түүхтэй. С.Сэрчмаа Б.Тэмүүлэнтэй үерхэж байхдаа  “Би найз залуутай. Одоогоор хуримаа товлоогүй байна. Амьдралд хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий болгоомжилсоор сайхан хайрыг алдаж болохгүй байх” гэж хүртэл ярьж явсан удаа бий.

Харин Б.Тэмүүлэнгээс салсны дараа түүнийг “Cross”-ын  н.Нэмэхээтэй учир ургуулсан гэх шуум дэгдсэн ч өөрөө эрс үгүйсгэсэн. Мөн “Hero”-гийн н.Баатартай бас л нэр холбогдсон сенсааци гарсан ч удалгүй  намжсан юм.

Харь шашинтай бүсгүй

Ямар шашин шүтэж, юунд итгэх нь хувь хүний өөрийнх нь бүрэн эрх. Тэгвэл “Хайрын дууч” маань христийн шашинтан. Энэ тухайгаа тэрбээр “Би бурхантай ярьж, түүнд бүхий л зүйлээ даатгадаг. Бурхантайгаа хэсэг хоромд ярихад л сэтгэл онгойгоод, аливаад ул суурьтай хандах төлөвшлийг олох шиг болдог. Нэг үгээр хэлбэл сэтгэлийн эрч хүч, тэнхээг авдаг... Миний зүрх сэтгэлд бурхан том байр суурийг эзэлдэг” хэмээн ярьсан байдаг.

 

Дуундаа л үнэнч...

Тэр  “Удам” кинонд гол дүрийг бүтээж, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж амжсан. Түүнээс хойш дуучин бүсгүйд кинонд тоглуулах олон санал ирж байсан ч, нэгийг нь ч  хүлээж авалгүй буцаасан байдаг. Учир нь “Би дуучин хүн. Би амьдралдаа кино урлагт ганц л дүрийг бүтээчихвэл болох нь тэр. Өөр илүү зүйл хэрэггүй. Кино урлаг бол миний хийх ажил биш” гэсэн товч бөгөөд тодорхой хариултыг  өгч байсан юм.

Харийн бэр болсон нь

Тэрбээр 2010 онд Т.Баярт хэмээх Өвөрмонгол эртэй хуримаа хийн харийн бэр болсноор олон ч монгол залуусын зүрхэнд шар ус хуруулж байсан. Түүний өвөрмонгол нөхөр нь бүр 7 наснаасаа эхлэн жижиг наймаа хийж эхэлсэн ч, одоо тэрбумтан болсон сүйхээтэй нэгэн. Хүмүүс түүнийг мөнгө хөрөнгө харж тэрбумтантай суусан гэцгээж байлаа. Т.Баяртын тухайд монголын эмэгтэй дуучидтай нэлээдгүй хамтарч ажилладаг байсан юм билээ.

Тэд хөөрхөн охинтой болж охиндоо Хураа хэмээх өвөрмөц нэрийг хайрласан байдаг. Зарим хүмүүс өвөрмонгол нэр гэж гайхацгаадаг ч бороо орж байхад төрсөн болохоор энэ нэрийг хайрласан гэдэг. Гэвч харь Бээжин хотын бэр болсон С.Сэрчмаа нэг их удалгүй охиноо тэвэрсээр төрхөмдөө буцсан билээ.

Тэдний амьдралд хөндлөнгийн хүмүүс оролцсон гэх ч яриа байдаг юм билээ. Ямарч байсан эхнэрээ төрхөмд нь буцаасан Т.Баярт гитарчин Өөжгий рүү утсаар агсарсан гэдэг. Өөжгий С.Сэрчмааг танилцуулсан учраас сүүлд буруутаж хоцорсон гэдэг юм билээ. Ер нь тэр Т.Баяр хэмээх өвөрлөгч эр С.Сэрчмаагаас салах шийдвэрийг эхэлж гаргасан гэдэг. Ямартаа л өмгөөлөгч хөлслөн авч, С.Сэрчмаагаас салах  талаар зөвлөлдөж эхэлсэн гэх мэдээлэл тэр үед Улаанбаатар луу “нисэн” ирж байхав дээ.

Яг тэр үед нь С.Сэрчмаа нөхөр Баяртаасаа 120 сая төгрөг нэхэж өгөхгүй болохоор нь муудалцаж, өндөр үнэтэй  Бенз 500 машиных нь урд шилийг нь дуучин хага цохиж, нөхөртөө  “бэлэг” барьсан хэрэг ид шуугиан дэгдээсэн юм. Нөхөр нь тэр  зургийг нь авч, шүүхэд өгсөн өргөдөлдөө  хавсаргасан нь олонд тарсан билээ. С.Сэрчмаа энэ мэтээр багагүй дуулианы эзэн болсон юм шүү.

Тэр эргэн ирсэн нь...

С.Сэрчмаа буцаж ирээд уран бүтээлдээ орсон билээ. “Sally” продакшнаа байгуулсан. Гэхдээ тайзнаа бол хаа нэг харагддаг болсон. Өнгөрсөн жил хөтлөгч Р.Нямбаяртай хамтран NB&Sally нэвтрүүлэг эхлүүлсэн нь хүмүүст нэлээд хүрч байгаа.

Түүнийг өөрийнхөө амьдралаас сэдэвлэн “Бүсгүйн аргамж” нэртэй уран сайхны кино бүтээх гэж байгаа гэх мэдээлэл байсан. Тэрбээр “Амьдралыг би дайны талбар, тэмцэл гэж ойлгодог. Хүн тэмцэж байж л амьдралаа, байр сууриа олж хийж бүтээнэ” хэмээн ярьсан удаатай. Яахав, чин үнэндээ бол тэр дайчин гэх тодотголоос хол харагддаг. Гэхдээ түүний хувь ертөнц халдашгүй. Тэр өөрийнхөөрөө харна. 

П.Урнаа 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)