Art:”Гэрника”-гийн хашгираан
2014 оны 10 сарын 24

XX зууны хамгийн содон төрхтэй бүтээл. Энэхүү гайхамшигтай, өвөрмөц дүрслэлтэй, хар цагааныг хослуулсан онцлог уран зургийг алдарт зураач Пабло Пикассо 1937 онд туурвисан билээ. Зургийг  харахад ямар ч эрч хүчгүй, өнгөгүй, бараан мэт боловч энэ зураглалд хүчирхийлэл, зовлон зэрэг олон дүрслэлийг илэрхийлж чадсан юм. Пикассо үүнд айдас сандрал, шаналал гуниглалыг хурц ирмэгтэй, тасархай дүрс ашиглан бий болгожээ. 1937 оны эхээр Пикассод Дэлхийн үзэсгэлэн дэх Испанийн павильионд зориулсан ханын зураг захиалсан ч түүнд ямар сэдвээр зурахыг нь тодорхой хэлж өгөөгүй байна.

Тэр үед Испани иргэний дайнд нэрвэгдсэн бөгөөд 1937 оны 4 дүгээр сард гэгээн цагаан өдөр Бүгд Найрамдахчуудын хяналтад байсан Испанийн Баск нутгийн Гэрника хотыг генерал Франкогийн тушаалаар Кондорын Легионы нисэх онгоц, бөмбөгдөгчүүд газартай нь тэгшилжээ. Пикассо Бүгд Найрамдахчуудыг дэмждэг байсан төдийгүй авралгүй энгийн иргэдийн тухай уншсан бөгөөд гэнэт түүнд Испанийн павильоны сэдэв орж ирсэн. Гэрника хэмээх бараг найман метр урт уг зураг асар том, асар өндөр тул дээд хэсгийг нь Пикассо шат ашиглан зурдаг байжээ.

“...Зураг дотоод заслын чимэглэл биш. Энэ бол дайсны эсрэг довтлох, тэднээс хамгаалах дайны хэрэгсэл.”

Пабло Пикассо

Урлагийн хүч

Пикассогийн энэ бүтээлийг маш олон хүн ХХ зууны хамгийн аугаа бүтээл гэж үздэг. Гэрникагийн энэ дүрслэлд дайны эсрэг агуулгыг нэлээдгүй шингээж өгсөн байна. Дэлхий даяар дайн үргэлжилсээр байгаа үед Гэрника хүний хөнөөлт, хүмүүнлэг бус байдлын сануулга болсоор байгаа билээ. Үүнийг дайны зүдгүүр, эмгэнэлд шаналсан байдал гэж үздэг. Пикассогийн хуьд урлаг асар хүчтэй илэрхийллийн хэлбэр байсан ба тэрбээр Гэрникагаа хүмүүсийн сэтгэл зүйд хүрсэн улстөрийн хэрэгсэл гэж үздэг байв. Бүтээлийг үзэсгэлэнд тавихад агуулсан сэдэв, уран бүтээлч хэв маяг нь асар өргөн мэтгэлцээн, зөрчил дэгдээсэн. Парисын үзэсгэлэнгийн дараа уг зураг АНУ руу аялан Сан Францескод болон Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд тавигдсан байна.

 

Пабло Пикассо  (1881-1973)

Шинийг сэдэгч, уран зураач, барималч Пабло Пикассогийн сод, олон талт замнал ХХ зууны урлагийн ноён нуруу нь болсон юм.

Испанийн Малагад төрсөн Пикассо цагаасаа түрүүлж хөгжсөн оюутан байв. Парист суурьшихаасаа өмнө залуу уран бүтээлч байхдаа тэрбээр Барселонд амьдарч байв. Түүний Цэнхэр эринээр тодорхойлогддог гуниглангуй дүрүүд байсан. Харин Сарнайн эриндээ тэрбээр арай хөнгөн уур амьсгал бүтээхээр ягаан, саарал өнгөнүүд ашиглаж байв. 1909-1914 оны хооронд уран бүтээлч Жорж Брак тэр хоёр кубизмын хөгжлийн тэргүүлэгч нар байсан бөгөөд Дэлхийн I дайны дараа классицизмын сэргэн мандалд бас оролцжээ. 1925 онд Пикассо сюрреалистуудтай нийлсэн, харин дэлхийн II дайны дараа шаазан урлаг сонирхох болжээ. Пикассогийн уран бүтээлүүд цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн амьдрал, дундад зуун, Африкийн урлаг, бухны тулалдаан, үлгэр домог болон эртний мастеруудаар хөтлөгдсөн олон үе шатаар дамжсан ба тэдгээрийг өөрийнхөө өвөрмөц хошигнол, харцаар олж харван туурвижээ.

 

Цахилгаан гэрэл: Таазанд байгаа ганц ширхэг ламп шөнийн аймшиг дүүрэн өрөөг гэрэлтүүлнэ. Туяа нь хөрөө мэт иртэй байгаа нь хурц гэрлийг, улмаар Гэрникад хаясан шатаагч бөмбөгнүүдийг илэрхийлжээ. Гэрэл мөн асар том нүд шиг хэлбэртэй байгаа нь Бурханы бүхнийг харагч нүдтэй төстэй харагдана.

Эх, хүү хоёр: Эмэгтэйн нүүр царайны хэлбэр дүрсээ алдсан байдал гүн шаналлыг нь харуулна. Цөхрөл бачууралдаа толгой нь байдгаараа хойшоо гилжийсэн ба Пикассо хурц үзүүртэй хадаасаар хэлийг нь дүрсэлсэн нь хурц шаналлыг нь илэрхийлж байна. Энд тэрбээр амьгүй хүүгээ өвөр дээрээ хэвтүүлэн тэвэрсэн нь Христийн гашуудлын (пиэта)  үзэгдэлтэй төстэй санагдана.

Шатаж буй дүр: Гараа сунгасан энэ дүр дүрэлзсэн түймэрт залгиулж байна. Зургийн нөгөө талд байгаа эмэгтэйн толгойтой төстэй энэхүү эр юм уу эм дүр тэнгэр лүү хашгирчээ. Дүрийн наана цонхоор дөл дүрэлзэх нь хотын бусад хэсэг ч бас довтолгоонд өртсөнийг илтгэнэ.

Морь: Зурагт байгаа дүрүүд юу илтгэж байгааг тайлбарлахыг хүсэхэд Пикассо янцгааж буй мориор гэмгүй хүмүүсийг илэрхийлсэн гэж хэлжээ. Морины толгой, хүзүүг хэлбэрээ алдсан байдлаар дүрсэлсэн нь ноцтой айж сандарсныг харуулж байна. Зотон дээр зүссэн мэт шарх хажууд нь харагдах нь өмьтан өвдсөндөө дуу тавих мэт санагдуулах бөгөөд хэл нь шаналж буй эхийн дүрийнх шигээр хурц үзүүртэй ажээ.

Унасан цэрэг: Энэ бүхнээс утгыг нь тайлахад хамгийн хэцүү дүр наана байгаа газар хэвтсэн цэрэг байх. Толгой, гарыг нь биеэс нь тасджээ. Тасарсан гарт нь хугархай сэлэм байх ба тэнд бас ганц ширхэг, туяхан цэцэг байх шиг нь бүдэгхэн итгэл найдвар илэрхийлнэ. Нөгөө талын сунгасан гарт нь Христийн хадаасны цовдлогынхтой адил сорви байна.

Бух: Испанийн соёлын чухал бэлгэдэл болох бух ихэнхдээ чадлыг илэрхийлдэг бөгөөд бух юм уу Минотаврыг зураач нар бүтээлүүдээ их оруулдаг. Ер нь зургийнхаа утгыг өөрөө тайлбарлах дургүй Пикассо Гэрника дахь бух хүчирхийллийн утга илэрхийлж байгаа юм гэсэн. Гэсэн ч бух тийм ч догшин харагдахгүй байна. Магадгүй зориудаар хоёрдмол утгатай зурсан байх.

Бухын сүүл: Бух сүүлээ шарвалзуулж байна уу эсвэл үнэхээр сүүл нь шатаж байна уу гэдгийг ялгахад хэцүү ажээ. Бардам бух өмнө нь болж буй аллагын өмнө аргагүйдсэн байдалтай зогсох ба шууд үзэгч рүү, бараг хүн шиг харж байна.

Хөвж буй эмэгтэй: Нээлттэй хаалгаар эмэгтэй дүр нисэн орох ба гарт нь лаа юм уу дэнлүү харагдана. Пикассогийн сюрреалист арга барилыг санагдуулсан энэхүү хөвж буй эмэгтэй уг зурагт гэрэлтүүлэг өгч байж болох юм. Тийм хэдий ч түүний лаа цахилгаан лампны (дайны илэрхийлэл) хажууд харагдах ба эдгээр хослол руу бидний анхаарлыг хандуулж байна.  

-Аугаа уран зургууд-аас

Л.Номин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • 05-30 14:53
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)