Аrt: Маратын үхэл
2014 оны 10 сарын 16

Энэхүү зургийг харсан хэн бүхэн сэтгэлийн гүн бодолд автаж, тэр л агшин дахь хар бараан дүрслэлийг мэдэрч чадна. Баргар боловч сэтгэл хөдөлгөм зургаар Давид дотны найз, хувьсгалч нөхрийнхөө үхэлд харуусаж байгаагаа илэрхийлсэн юм. Суртал ухуулга барагтай бол аугаа уран бүтээл үүсгэдэггүй тул энэ зураг онцгой тохиолдол гэдгийг "Аугаа уран зургууд" номонд өгүүлжээ.

Жан-Пол Марат хэмээх бүрлээч Хувьсгалын хамгийн хүчирхийлэлт өдрүүд болох Хядлагын эрин үед Францыг засаглаж байсан Үндэсний конвентын тэргүүлэх гишүүн байсан юм. Туйлширсан үзэл бодол нь ялангуяа Жиродинчуудын (аядуу үзэлтэй бүлгэм) уналтаас хойш түүнийг бүр ч олон дайсантай болгосон гэдэг. Марат арьсны эмгэгтэй хүн бөгөөд үе үе усанд орж байх хэрэг гардаг тул тэрээр угаалгын өрөөгөө албан байр болгон хэрэглэдэг байлаа. 1793 оны 7-р сарын 13-нд тэдний дэмжигчдийн нэг Шарлотт Кордей гэгч эмэгтэй түүний өрөөнд орж чадсан юм. Уулзалтын үеэр Шарлотт Кордей хутга гаргаж ирэн түүнийг бүрэлгэжээ. Кордей шүүх хурлын үеэр “Би 100,000 хүний амь аврахын төлөө нэг хүнийг алсан юм” хэмээн хашгирч байв. Түүнийг шүүх хурлын дараа Гильотин руу илгээжээ.

Жак-Лүи Давид (1748-1825)

Европын Неоклассик эриний тэргүүлэх уран зураач Давид амьдарч байсан ороо бусгаа цаг үеэсээ онгодоо олдог байсан бөгөөд хамгийн аугаа бүтээлүүдээ Францын хувьсгалын үеэр туурвижээ.

Давид Францын Парист төрсөн бөгөөд тэндээ Жозэф-Мари Виений удирдлагын доор суралцжээ. 1774 онд тэрбээр При дө Ром шагнал хожин Италид цааш суралцахаар болсон байна. Тэнд таван жил суралцахдаа эртний сонгодог урлагуудыг судалсан юм. Парист буцаж ирснийхээ дараа тэрбээр эртний урлагийн тухай шинэ үзэл бодол өөртөө хөгжүүлсэн байсан төдийгүй Грек, Ромын түүхэн сэдвүүдээс татан авч  ёс зүйн зөвт байдал, эр зориг, өөрийгөө золиослох тухай тунхагласан цуврал зотонгууд туурвижээ. Тэдгээр нь Хувьсгалын өмнөх Франц орон даяарх самуунт төрхийг илэрхийлж байсан бол 1789 онд бослого эхлэхэд Давид гар бие бүрэн оролцсон байдаг. Тэрбээр Үндэсний конвентод нэгдэж, хувьсгалт үйл явдлууд зохион байгуулж, XVI Лүиг цаазаар авах санал өгч байв.

Сүүлд нь эдгээр үйлдлийнхээ хариуг тэр золтой л амиараа төлчихсөнгүй, хэсэг хугацаанд хоригдоод оргожээ. Үүнд мохоогүй тэрбээр Наполеоны үйл хэргийг өмнөхөөсөө ч дутуугүй эрч хүчтэй дэмжсэн бөгөөд түүний албан ёсны зураач болсон юм. Наполеоны уналтын дараа харин түүнтэй тооцоо бодоогүй бөгөөд 1816 онд Давид Брюссельд хүрч ирэн, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг цөллөгийн байдлаар өнгөрүүлжээ.

Хувьсгалын дурсгал

Маратын үхлээс нэг хоногийн дараа Давидыг Конвент урин оршуулгын ёслол зохион байгуулж, нас нөгчсөн хүний дурсгалд зориулан зураг зурж өгөхийг хүссэн. Тэрбээр шууд л уг ажилдаа орсон бөгөөд 11 дүгээр  сар гэхэд зургаа дуусгасан байна. Давидыг сонгох болсон нь ойлгомжтой байсан төдийгүй тэр Маратыг сайн мэддэг, үзэл санааг нь хуваалцдаг байснаас гадна түүний Неоклассик хэв маяг ийм зургийн агуулгыг илэрхийлэхэд илүү тохирч байжээ. Давид үзэгдлийн гол утга санаа нь л илэрхийлэгдэхээр илүү дутуу зүйлгүй тун энгийн дүрсэлсэн. Маратын угаалгын өрөөний гоёмсог чимэглэлүүдийг авч хаяж оронд нь бүүдгэр бараан орон зай үлдээжээ.

Энэ дүрслэлээ тэрбээр бүрлээчийн цогцсыг байрлуулсан Кордэлиер сүмийн бүүдгэр гэрэлтүүлгээс санаа авсан байж болох юм. Давид Маратын өвөрмөц, гутал шиг хэлбэртэй угаалгын онгоцыг илүү энгийн хэлбэртэй болгосон ба үзэгчийн анхаарлыг наана байгаа  унжсан гар луу чиглүүлэх бөгөөд үүнийг зориудаар  Загалмай дээрээс буулгасны дараах Христийн цогцос шиг  харагдуулахаар дүрсэлжээ. Хувьсгалын дараа энэ зураг шинэ дэглэмийнхэнд эвгүй санагдсан тул 1795 онд тэд үүнийг Давидад буцааж өгчээ. Түүнээс хойш 1846 оныг хүртэл, Давидын үхлээс хойш 21 жилийн дараа л уг зураг дахин үзэсгэлэнд тавигдсан бөгөөд яруу найрагч, урлаг шүүмжлээч Шарль Бодлэрийн яруу үгс зургийн нэр төрийг буцаан сэргээсэн юм.

 

“Энэ бүтээлд нэг л сэтгэл эмтрэм, яруу зүйл байдаг. Талийгаачийн сүнс оршуулгын хүйтэн онгоцыг тойрон, өрөөний хүйтэн ханан доторх жихүүдэс төрөм агаарт хийсэн одно"

Шарль Бодлер, Салон Дө 1846

Марат: Хувьсгалын үед Жан-Пол Марат Францын хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийн нэг байсан юм. Тэр гал цогтой сэтгүүлч байсан бөгөөд “ Ард түминй анд нөхөр” хэмээх тэрс үзэлтэй сэтгүүл гаргаж байсандаа “улсын дайснуудын эсрэг босож”, тэднийг устгахыг уриалдаг байв. Давидын зурсан түүний зураг хөрөг гэхээс илүү ухуулгын шинж чанартай байсан юм. Давид найзыгаа үйл хэргийнхээ төлөө амиа алдсан баатар мэтээр дүрсэлсэн. Тэр түүний арьсны өнгө алдалт, өө сэвүүдийг арилган 50 настайгаас нь ч залуу харагдуулсан юм. Харин нэг зүйл яг бодитой байгаа нь Марат үнэхээр арьсныхаа таагүй байдлыг дарахаар винегарт дүрсэн алчуураар толгойгоо ороодог байжээ.

Цусны ором: Давид найзыгаа уяхан байдлаар харуулахыг зорьж байсан тул уг үзэгдлийн хамгийн хэрцгий хэсгийг зориуд бууруулж дүрсэлжээ.

Даавуун дээр харьцангуй бага цус үзэгдэнэ. Түүнчлэн талийгчийн биен дээр бараг ямар ч цусны толбо харагдахгүй байна. Маратын цээжин дэх хутганы шарх сүүдэрт далдлагдсан ч үхлийн байхуйцаар хангалттай ноцтой харагдана. Алуурчны амжилтандаа хүрснийг онгоцон дахь ус улаан болсноор илэрхийлжээ. Тэр хэсгийг ч гэсэн Давид маш цаана, доор харуулсан тул цусан судал дөнгөж харагдаж байна.

Тавилга: Давид Маратын угаалгын өрөөний энгийн байдлыг цохон тэмдэглэн, түүний ард түмний найз гэсэн тодорхойлолтыг онцлоход нэлээд хүч зарцуулжээ.

Энэхүү хуучин модон хайрцаг улс төрчийн бичгийн ширээ байсан бололтой. Элэгдсэн гадаргууг нь ашиглан уран зураач Маратад хэмээн бичиж, гарын үсгээ үлдээжээ.

Аминд хүрсэн зэвсэг: Кордейн хутга шалан дээр хэвтэж байх нь алуурчин түүнийг хөнөөчихөөд зэвсгээ хаян зугтсан мэт харагдуулна.

Үнэндээ тэр огтхон ч зугатах оролдого хийгээгүй бөгөөд баригдахаа хүлээн сууж байсан юм. Зарим хүн хутга Маратын цээжинд зоолттой байсан гэж ярьдаг ч Давид найзынхаа баатарлагаар үрэгдсэн гэх үзэгдлийг сэвтүүлэх бүх зүйлийг зургаас хасчээ.

Орны даавуу: Давидын зураг үнэн бодит байдал, уран дүрслэлийн аль алиныг агуулсан. Зураач Маратыг усанд орж байхад нь очиж байсан бөгөөд түүний арьсны таагүй байдлыг сайн мэддэг байв.

Тиймээс талийгчийн царайнд байсан алив эвгүй согог, сорвийг хассан ч бусдыг нь нарийн дүрсэлжээ. Арьсныхаа шархыг онгоцны зэс гадаргууд хүргэхгүйн тулд Марат үнэхээр ийнхүү даавуун дотор усанд ордог байжээ.

Бичиг цаас: Зургийн оргил дүрслэлүүдийн нэг нь амьгүй биетүүд. Биет бүр түүний амьдралын тухай түүх өгүүлнэ. Арьсныхаа нөхцлөөс болоод Марат цаг хугацааныхаа нэлээдийг ажлын өрөө болгон хувиргасан угаалгын өрөөндөө өнгөрүүлдэг байсан юм.

Наана нь нэг захиа байх ба дайнд  бэлэвсэрсэн эхнэрт зориулсан мөнгө байна. Марат энэ захидлыг дөнгөж бичиж дуусгаад байсан бололтой гарт нь өдөн үзэг харагдана.

Гар дахь захидал: Кордейн танилцуулга захидлын булан цусанд толботсон байна. Үүн дээр “Миний туйлын золгүй байдал таны ивээлийг хүртэхэд хүргэж байна” хэмээн бичжээ.

Энд нь бас Давид бодит байдлыг гуйвуулан найзыгаа илүү өгөөмрөөр харуулахыг зорьжээ. Үнэн хэрэгтээ хааны босогчдын тухай чухал мэдээлэл өгнө гэж хэлсэн болохоор нь Кордейг дотогш оруулсан байдаг. Тэгээд түүний гарт амиа алдсан юм.

Л.Номин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-21 21:45
    Retweet (56)
  • Retweet (45)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 02-22 09:10
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-22 09:37
    Retweet (1)
  • 02-22 09:09
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-22 09:45
    Retweet (0)