Өнгө будаг баялаг, хөнгөхөн, эрх чөлөөтэй
2014 оны 10 сарын 9

Өнгө, зураас, гэрэл сүүдрээр хүний амьдралыг орчинтой нь төдийгүй өнгөрсөн, одоо, ирээдүйтэй нь үзүүлэх боломж уран зурагт бий гэдэг. Ерөөс уран зураг хувь хүний сэтгэлийн их хүчээр босдог  аугаа том бүтээл юм. Тэгвэл бүсгүй хүний анхаарал, хайрыг татаж чаддаг байгалийн нэгэн шидтэн болох амьд цэцэгс уран зурагт хэрхэн буудгийг та хармаар байна уу. Үнэрт нь хүртэл согтмоор, шүүдрийн усыг нь газарт унагалгүй тосоод авмаар ийм л нэгэн амьд соронзон мэт өөртөө татдаг, олон мянган хүнд аз жаргалын тоосыг цацдаг, хайр түгээгчийг  уран зураачид яаж тоохгүй орхиж чадах юм бэ?

Цэцэг жимсний зургийг гайхалтайгаар бүтээдэг Ян Ван Хейсум энэ л зургаа бүтээхийн тулд чамгүй их хүч, нэлээдгүй хугацаа зарцуулсан гэдэг. Гол төлөв байгалийн зургаар өөрийн сэтгэлээ илэрхийлдэг байсан бол түүний энэ  зураг нэр алдарт хүрэхэд нь нөлөөлсөн гэж хэлж болохоор. Энэ талбарт тэр бүх цаг үеийн хамгийн шилдэг мастер нь байсан юм. Ян Ван Хейсум овжин байдлын мастер байсан төдийгүй өөр өөр улирлын янз бүрийн цэцэг жимсийг сэтгэлдээ хамтатган дүрсэлдэг байв. Харахад үнэхээр төгс ийм гөлгөр гоё гадаргууг хэрхэн үүсгэдэг арга барилаа өөрийн ахдаа хүртэл хэлдэггүй, ажлын байрандаа ч оруулдаггүй, нууцалдаг байсан нь үнэхээр жигтэй гэмээр. Гэхдээ түүний энэхүү уран гоё арга барил нь 1742 онд ивээгчдээ бичсэн захидлаас нь тодорхой ил гарч иржээ. Үүнээс өмнө тэр өөрийн шавь Маргарета Хавэрманд нууцаасаа задалсан байдаг. Гэвч шавь нь түүний бүтээлээс ялгагдахын аргагүй өөр бүтээлүүдийг дүрсэлж эхэлсэнд бухимдан шууд хөөсөн тухай сонирхолтой баримт ч бас бий.


Уран зургийн зарим шинжээчид ийм зургууд үзэгчид гоо сайхныг бишрэх сэтгэл төрүүлэхийн хамт гүн бодол төрүүлэхэд чиглэсэн байдаг бөгөөд бага зэрэг бэлгэдлийн утга агуулдаг гэж үздэг байна. Энэхүү зураг дахь тансаг баялаг байдал Холландын хөдөлгөөнгүй дүрслэлийн ноён оргилыг төлөөлөх юм. Цэцэг жимснүүд халиурсан хэмнэл, гайхалтай өнгө, солонгорсон байдлаараа нүд баясгам харагдана. Ерөнхий дүрслэлээс гадна цэцгийн дэлбээ, жимс бүрийг нарийн ажиглалттай гаргаж өгсөн нь бахдамаар.

“Цэцэг зураачдын хамгийн аугаа нь хэмээн тооцогддог... Түүний зураглал гайхалтай... Өнгө будаг нь баялаг, зохиомж биширмээр хөнгөхөн, эрх чөлөөтэй”

Энэ бол Ян Ван Хейсумд зориулсан тодотголууд юм.
Ян Ван Хейсум (1662-1749)
Ян Ван Хейсум Нидерландын Амстердамд уран бүтээлчдийн гэр бүлд төрсөн ба тэр хотдоо насан туршдаа амьдарсан юм. Ойролцоох Хаарлем хот руу (тэр үед ч бас цэцэрлэгжүүлэлт ургамал судлалын том төв байсан) цэцэг судлахаар байн байн явдаг байв. Түүнд гол төлөв цэцэг зурдаг байсан эцэг нь уран зураг заажээ. Гурван ах нь зураач байсны хоёр нь бас цэцэг зурдаг байв.


Амьдралдаа олсон хөрөнгө чинээ, нэр төрийн хувьд тэр бүх цаг үеийн хамгийн амжилттай цэцгийн зураач байсан юм. Үеийнх нь яруу найрагчид түүнийг магтан дуулж байв. Олон улсын захиалагчидтай  байсных  нь  дотор тэр үеийн хамгийн нэртэй цуглуулагч нар багтаж байж.  Польш, Пруссын хаад ч түүн дотор байв. Английн алдарт коннуасеур Хорас Волполь түүнд дөрвөн ч зураг захиалж зуруулж байсан төдийгүй түүний бүтээлүүд XIX зууны 2-р хэсэг хүртэл бусад Холланд зураач нарыг хөглөж байсан бөгөөд нэр алдар нь ямагт өндөр хэвээр үлдсэнийг “Аугаа уран зургууд” номонд тодотгон өгүүлжээ.
Түүний энэ зурагнаас бяцхан чимхлүүрүүдийг сайн тогтож ажиглавал:

Цайвар ягаан сарнай: Бүх цэцгүүд дундаас сарнай л урлагт баялаг уламжлалтай бөгөөд олон утга агуулдгаас Ариун Мариаг “өргөсгүй сарнай” хэмээн тодорхойлон түүнийг нүгэлгүй гэсэн утга илэрхийлдэг байжээ. Амьгүй биетийн хөдөлгөөнгүй зургуудад их гардаг нь  өөр бусад хүчин зүйлээс илүү тэдгээрийн хурц тод гоо сайхных ажээ. Зэрлэг сарнайн дунд ягаан өнгө хамгийн элбэг ба цэцэгчид ч их таашаадаг юм.


Судалтай Алтанзул: Алтанзул Ван Хейсумын болон Холландын хөдөлгөөнгүй зургуудад хамгийн их харагддаг цэцэг. Алтанзулыг XVI зууны үед Оттоманы Эзэнт гүрнээс Холландад нэвтрүүлсэн бөгөөд ховор, гоёмсог байдлаасаа болон нийгмийн түвшний илэрхийлэл болсон юм. “Алтанзулын илэрхийллийн” үед уг цэцгийн төлөө асар өндөр үнэ төлцгөөж байсан ч уг зах зээл 1630-аад оны үед уналтанд орсон юм. Тийм хэдий ч цэцэгт дурласан холландчуудын дунд алтанзул нэр хүндтэй хэвээр үлдсэн.


Тоор, шавьж хоёр: Дур хөдөлгөсөн, дугуй хэлбэртэй, зөөлөн, хилэн мэт гадаргуутай тоор жимсүүд Ван Хейсумын онцгой төгс арга барилыг харуулна. Жижигхэн шавьжаар тэдгээрийн гадаргууг тодруулж харуулж байгаагаас гадна бас бэлгэдлийн утга илэрхийлж байж болох юм. Шавьжнууд богино настай тул тэдгээрээр заримдаа хүний амьдралын богинохныг илэрхийлдэг. Харин үүнээс ялгаатай нь эрвээхэйгээр дахин сэргэлт, дахин төрөлтийг бэлгэддэг юм.


Гэрэл ба сүүдэр: Ван Хейсум хэлбэр, уусгалт, ширхэгийг өөр зүйлтэй эсрэгцүүлэхдээ мастер байсан юм. Энд дээр нь эрвээхэй хөвж байгаа сарнайн ялдам дүрсийг- хавтгай хар бараан дэвсгэрийн наана ялгаруулж харуулсан байна. Хэдийгээр зориудаар эффект үүсгэдэг байсан ч тэдгээрийгээ байгалиасаа мэтээр санагдуулж чаддаг байжээ.
Судалтай ягаан башир: Үзэсгэлэнтэйеэ дүрсэлсэн ганц ширхэг ягаан башир цэцэг наад ирмэг дээгүүр даван хэвтсэн харагдаж байна. Сарнайн нэгэн адилаар ягаан баширыг эртнээс урлагт дүрсэлж эхэлсэн бөгөөд ихэнхдээ хайр, янагийн бэлгэдэл болгодог байжээ. Сарнайтай адилаар ихэнх цэцэг нь ягаан өнгөтэй байна.


Өнгөний тодрол: Ван Хейсум чимхлүүрээс гадна бас өнгө алаглуулж зурдаг зураач байсан ба маш олон төрлийн уусгалт, туяаг нарийн гаргадаг байв. Энд тэр нэг өнгийг өөр өнгийн эсрэг тод ялгаруулж дүрсэлсэн тул улаан дэлбээ цагаан хөршүүдийнхээ хажууд тод ялгарч харагдаж байна.
Усан үзмүүд: Усан үзмийн өнгөгүй хальсыг дүрслэх нь түүний авьяасыг сорьсон өөр нэг шалгуур байсныг тэрбээр нөгөө л ур дүйтэй байдлаараа даван гарчээ. Амьгүй биетийн уран зургуудад усан үзэм өргөн таардаг. Заримдаа тэднээр Евхаристын дарс буюу Христийн цусыг зүйрлэсэн далд утга илэрхийлдэг байв.


Хар дэвсгэр: Уран бүтээлийнхээ эхний он жилүүдэд ван Хейсум бусад Холландын цэцэг зураач нарын нэгэн адилаар хар бараан дэвсгэр дээр зурдаг байв. 1720-иод оноос харин цайвар дэвсгэр ашигладаг болсон бөгөөд тэгснээр зургууд нь илүү хөнгөмсөг, хөгжилтэй, амьд болжээ. Энэ нь XVII зууны үеийн Барокко хэв маягаас илүү хөнгөмсөг XVIII зууны үеийн Рококо хэв маягт шилжсэн цаг үетэй давхцаж байсан юм.
Л.Номин

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (42)
  • 06-28 13:20
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 06-27 22:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:20
    Retweet (1)
  • 06-28 13:19
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-28 13:10
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • 06-28 13:24
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)