Скандал: Дуучин Ч.Ану
2014 оны 9 сарын 18

Үргэлж залуу сайхнаараа байх юм шиг санаж явсаар нэг л өдөр хорвоогийн тоосонд зурагдаж, магнайд үрчлээ суухыг толиноос л олж харах. Хорвоогийн ээжүүд бидэн шиг залуу яваагүй юм шиг гоо үзэсгэлэн, залуу насны сайхан төрхнөөс нь юу ч үлдээгүй байдаг.
Хүмүүст гоё ганган байхыг урлагийнхан сургах ёстой гэж би хувьдаа боддог юм. Тэр ч утгаараа  урлаг, хүн хоёр зэрэгцэн оршсоор буй биз.

Олны дунд дуучин Ану нэрээр танигдсан Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Гоё ганган, дэгжин сайхан бүсгүй тодотгол түүнд хамгийн их зохино. Анх арван хэдхэн настайдаа урлагт хөл тавьж байсан тэрээр өдгөө ид хийж бүтээх насан дээрээ яваа нэгэн билээ.  Скандал булан энэ удаад дуучин Ч.Ануг онилсон юм.

Амьдралын гараа:  

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай тэрээр айлын том охин бөгөөд дороо гурван дүүтэй. Ээж нь аптек ажиллуулдаг жирийн нэгэн бөгөөд аав нь цагдаагийн хүчний байгууллагад насаараа ажилласан “чекист”. Эгэл жирийн сэхээтэн айлаас гаралтай охин бусдын л адил дундаж, борогдуу өссөн гэдэг. Дуучин болохоосоо өмнө Шар хадны гэр хороололд амьдарч байсан ч “одоо цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг” хэмээн ярьсан удаа бий. Гэр хорооллолоос олны хайрыг татсан дуучин болох түүний зам тийм ч дардан байсангүй.

Урлагт хөл тавьсан замнал:

10 жилийн сурагч байхдаа урлагийн наадмуудад идэвхитэй оролцдог Ч.Ану аавын талаас өвлөсөн урлагийн авъяастай хүүхэд байжээ. Бүрэг ичимхий, даруу төлөв зантай, тайзан дээр эрэгтэй хүүхэдтэй дуулахаас хүртэл ичдэг байсан тэр ноомой охин өдгөө эрс өөрчлөгдсөн. Тэрээр “Өнөөдөр миний амьдралд гарч байгаа маш олон өөрчлөлтүүд урлагийн хүн болон төлөвшиж байгаа цаг үетэй салшгүй холбоотой. Тэр үеэс л хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо төлөвшүүлж чадсан” хэмээн ярьдаг.
Өнгөт үрэл шиг Ану, Болороо хэмээх хоёр охин хамтран 2004 онд “Гала” хамтлагийг анх байгуулж байсан. Нийт гурван цомог гаргаж байснаас, анхны бие даасан цомог нь “Хөвгүүн” нэртэй. Хамтлаг байгуулагдсан даруйдаа л тод өнгө, богино банзал, үсний хурц өнгө, содон стиль имиджээрээ монголын рок попын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, өсвөр насны охидыг байлдан дагуулж чадсан билээ. Дуучин бүсгүй өөрийгөө “Гал шиг ассан” хэмээн тодорхойлсон нь тун ч оножээ.

Бизнесийн мэдрэмж:

“Гала” хамтлаг тарсны дараахан Ану хүүхдийн дуу дуулж, цомог гаргах болов. Уянгалаг нарийн хоолой, барби шиг төрхөөрөө хүүхэд багачуудын хайрыг дороо л татаж чадсан юм. Түүний зэрэгцээ хүүхэд багачуудад зориулан “Хөөрхөн дэлхий” тоглоомын төв байгуулж хүүхдэд элэгтэйгээ харуулаад авсан. Бүр өөрөө үйлчлэгч хийгээд гүйж байсныг эцэг эхчүүд сайшаан ярьдаг.

Дуучин бүсгүй дан ганц уран бүтээл хөөлгүй , “BNB” компанид маркетингийн менежер хийж байсан. Тэрээр “Монголын урлагийн залуучууд”-ын холбоог хүртэл санаачлан байгуулсан гээд бодоход ажлаас хойш гэж суудаггүй зан чанартай нэгэн юм.
Биеэ авч явах соёл:

Урлагийн эмэгтэй хүн хаана ч хэзээ ч биеэ сайхан авч явах соёл бичигдээгүй хууль мэт үйлчилдэг. Өдгөөгийн нийгэм гоё ганган хүүхнүүдээр дүүрэн. Хаашаа ч харсан зурсан, будсан, чамин, дэгжин гээд л. Ану бол тэдгээр хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.   

Гайхалтай дэгжин хувцаслалт, өнгө зүсээрээ Монголын бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд буруудахгүй. Олны танил, олон нийттэй харилцдаг гэдэг утгаараа хаана ч, хэзээ ч биеэ сайхан авч яваа харагддаг.

Тэрээр өнгөрсөн жил Хятадын Чендү мужид болсон “Fashion Asia-2013” awards-ийн Азийн шилдэг загварлаг дуучин номинацад оролцож төгсгөлийн шатанд шалгарсан нь хамгийн том баталгаа гэлтэй.
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ ч, хогоо асгахдаа ч гоё ганган харагдах ёстой гэдэг үгний биелэл Ч.Анугаас харагддаг. Дөнгөж төрөөд долоо хоногийн дараа сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж ажилдаа шууд орж байсан нь түүний тэсвэр хатуужилтайнх буй заа.  

 

 

Хорвоод төгс зүйл гэж хэзээ ч үгүй. Түүний дайчин шаргуу зан төгс төгөлдөр рүү жаахан ч гэсэн дөхөхөд нөлөөлж байдаг буй заа.

Шар хэвлэлийн баатар:

Урлагийн бүсгүйчүүдийг хамаг юмаа янзалсан, “капитал засвар” хийлгэсэн тухай сенсааци хэвлэлээр тасардаггүй. Бараг бүгд л “засварт орсон” болж таардаг. Дуучин Ч.Анугийн бүх юм хиймэл гэхийн зэрэгцээ, нүүрэндээ 7500 доллараар алтан утас гүйлгэсэн гэдэг.

Тэрээр 2013 оны зургаан сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охиных нь нэрийг Т. Хатангоо гэдэг бөгөөд Бүжин хэмээн өхөөрдөн дууддаг. Гэтэл хэл ам түүнийг тойрсонгүй бас л дайрснаар өөрөө хүүхэд тээгээгүй, 50.000 мянган доллараар тээгч эх хөлсөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.  
Олон эрчүүдтэй нэр холбогдож бичигддэг бүсгүйчүүдийн нэг бол Ч.Ану. “Wanted” студийн захирал Б.Бэрцэцэгийн дүү Б.Түвшинбаяр гэгч жирийн нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоож олонд зарласнаар хэл ам хэсэгтээ намжсан билээ.

Гэхдээ дуучин Ану ганц ч удаа залуучуудтай хамт явж харагдаагүй бөгөөд папарациудын дуранд ч өртөж байсан удаагүй.

Цахим ертөнцийн од:

Ч.Ану ч нүцгэлэх жамыг тойрсонгүй, дайрсан. “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэлснээсээ болж аавдаа маш их зэмлүүлж байсан гэдэг. 

Галбирлаг бие, хөөрхөн царайгаа гайхуулсан түүний цахим хуудсан дахь зургууд нь байнга л 1000 хол давсан лайктай. Дагалдагчид нь бүр 108,805 –д хүрсэн нь Ч.Ануг төвөггүй тодорхойлох мэт.
Түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчлуулах гэсэн уртаас урт цуваа үүсдэг. Өөрийн цахим хуудаснаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, ээж, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэж сайхан харагддаг нууцаасаа харамгүй хуваалцдаг нь охидыг хамгийн их баярлуулдаг. Охидын хувьд тэр гоо сайхны сахиусан тэнгэр мэт л хүндлэгддэг билээ. Хүмүүсийн бичсэн коммент сэтгэгдэлүүдэд хариу бичиж, сэтгэлээсээ харьцдаг нь бүр ч олны хайрыг татдаг. Ч.Ануд фэйсбүүк хуудсаараа дамжуулж бүтээгдэхүүн рекламдуулах олон санал ирдэг ч тэр ихэд цензур тавьж аль болох хүнд хэрэгцээтэй, чанартай зүйлийг нь сонгон рекламдахыг илүүд үздэг нь ажиглагддаг. Яг л дуучин МУГЖ С.Жавхлан “Би хэзээ ч хуурай сүүний рекламанд тоглохгүй” гэдэгтэй адилхан тэр ч бас үзэл бодолдоо үнэнч амбицтай хүн болохын илрэл юм.

Төгсөөгүй төгсгөл

Ану галбирлаг, Ану хөөрхөн, Ану секси, Ану дур булаам, Ану эелдэг, Ану хайр татам. Түүнийг тодотгох өч төчнөөн тодотгол хөвөрнө.

Одоо түүний үүрэгт ажлууд улам нэмэгдсэн. Тэр сайн ээж, сайн гэрийн эзэгтэй нийгэмд үүрэг хүлээсэн урлагийн од. Тэр үүргээ нэр төртэй биелүүлж яваа. Урлагт орох хаалга байдаг, гарах хаалга гэж үгүй юм шиг. Нэг л урлагийн хүн болсон бол хэчнээн зодог тайлсан ч нөгөө л “дуучин” шошго үргэлж дагаж явах болно.
Олны хайр хүндлэл, атаа жөтөө, магтаал зэмлэлийг ав адилхан дааж явна гэдэг урлагийн хүн, тэр дундаа урлагийн бүсгүй хүнд амаргүй даваа биз ээ. Ану ид хийж бүтээх насан дээрээ яваа, хөдөлмөрлөж яваа нэгэн тул түүний скандал цаашдаа ч үргэлжлэх болно. Ямартай ч тэр энэ хугацаанд дахин давтагдашгүй, Анугийн хэмээх нэгэн өвөрмөц фигурыг, ертөнцийг бий болгож чаджээ.

Амжилт хүсэе, бүсгүй минь!

П.Урнаа

 


 


 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet