Монгол наадмын нэг том хэсэг нь Хүй мандлын дэвжээнд болдог болсоор удаж буй. Монголын эртний язгууртан соёл, бахархал, дэгжирхэл бүхэн чухам Хүй мандлын дэвжээнээ утгаараа хэрэгжиж, Монголын орчин цагийн ихэс дээдэс хурдан хүлэг болоод хоргой дурдангаар уралддаг уламжлалтай. Түүх сөхвөл социализмын үед хурдан морины уралдаан Яармагийн дэнж дээр хэдэн уяачид нь цэнхэр асар майхантай болдог байсан бол ерээд оны зах зээл, өөрчлөлт шинэчлэлтийн дараа өнгө төрхөө өөрчилж, цэнхэр асрын оронд жинхэнэ монгол дарханы ур ухаан, авьяас юу шингэсэн сийлбэрт монгол гэр, айраг идээ, цайллага дайллага дүүрэн сайхан нааддаг болсон нь сайшаалтай.
Нэг талаас баярхал, аархал гэж харж болох ч нөгөө талаасаа Монгол гэх нэрийг авч үлдэх соёлын өвөрмөц зүйлсийг ихэс дээдсийн хэмжээнд нь ёс жаягаар нь хадгалж яваа нь сайшааж, бахархахгүй байхын аргагүй. Чухам энэ л соёлыг орчин цагт сэргээж, шинэчилсэн хүн бол Пунцагбалжир агсан гэдгийг хүрээнийхэн нь ам нэгтэй баталдаг. “Мон-Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулагч тэр эрхэм хүн харамсалтай нь идэр залуухан насандаа мөнх бусыг үзүүлсэн боловч үр хүүхэд нь, хань ижил нь их өв соёлыг нь үргэлжлүүлсээр яваа нь сайхан. Тийм ч учраас бидний сурвалжлах баг Пунцагбалжир агсаны голомт залгах хүү П.Энхмөнхийн уяан дээр очиж цөөн хором хөөрөлдсөн юм.
- Наадмын мэнд дэвшүүлье! Таны аав Пунцагбалжир агсан орчин цагийн монгол наадам, монгол морины соёлын үрийг тарьсан хүн. Энэ утгаараа таниас наадмын мэнд мэдэхээр зорьж ирлээ? Морь, бөх хүчтэй юу?
- Монгол наадам 2500 жилийн түүхтэй, бөх, морь, сур гэсэн гурван төрлийн хүрээнд наадсаар ирсэн. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр сайхан болж байна. Жил бүрийн наадмаар морьтой хүн болгон Хүй мандлын дэвжээнд бүтэн жилийнхээ тайланг тавьдаг гэж болно. Морьд маань 8, 11-р барианд орж ирлээ. Тэгтлээ чамлах юм биш.
Миний хувьд зөвхөн уяач гэхээсээ гадна таны хэлсэнчлэн энэ сайхан соёлыг анх дэлгэрүүлсэн аавын хүүгийн хувьд жил бүрийн наадмаар аавынхаа эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг тодорхой хэмжээгээр гаргаж тавин, зорьж, хүсч байсан дэг жаягаар нь Хүй мандлын дэвжээнд сайхан наадахыг зорьдог. Энэ нь нэг талаасаа аавдаа бидний зүгээс өгч чадах буян юм. Цагаан сар, наадам хоёроор идээ будаагаа бэлдэж олон түмнийг цайлж ундлан баярлахаас гадна жил бүрийн цагаан сараар 2500 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, бэлэг сэлт өгч аавынхаа хойдын буяныг хүндэтгэдэг уламжлалтай. Тэр уламжлалаараа сайхан наадаж байна.
- Ингэхэд таны аавын удам судар, угсаа гарал юу вэ? Магад морь уядаг хүний хүүхэд байсан юм болов уу?
Орчин үеийнхээр бол Төв аймгийн Баян сумын уугуул. Эртний удам судраа хөөвөл Түшээт хан аймгийн Дархан вангийн хошууны тэргүүн тайж гэж байсан, хатан нь бөхтэй, тэр удмын хүн. Генээсээ хурдан хүлэг, хүчит бөхөд дуртай юм болов уу гэж бодогддог. Гурван үеэрээ морь уясан цөөнгүй айлууд байдгийн нэг нь манайх л даа. Элэнц өвөө маань морь уяж байсан байдаг.
- Нар хур тэгширсэн монгол наадмын зүлэг ногоон дэвжээ гадаа налайж байна. Энэ сайхан цаг дор аавыгаа дурсвал сонин байх болов уу?
- Аав маань их нийтэч, нөхөрлөлийг чухалчилдаг хүн байсан. Монгол соёл, жинхэнэ монгол ахуйдаа их хайртай, түүнийг үр хойчдоо өвлүүлэх гэж их хичээдэг байсан нь олон зүйлээс ажиглагддаг. Дурсаж ярьвал олон сайхан соёлыг сэргээж, бий болгосон. Монгол дарханы урлаг, гар урлал, монгол морины соёл, бөхчүүдийн хөлс хөдөлмөрийг зүй зохистой үнэлэхэд хүртэл хувь нэмрээ оруулсан байдаг. Ерээд онд уяачид одоогийнх шиг гэр барьдаггүй, бүгдээрээ цэнхэр майхан барьдаг байлаа. Монгол сийлбэртэй гэрээ барьж морио уралдуулдаг соёлыг аав маань нэвтрүүлсэн. Морин уяачдын нийгэмлэгийн алдарт уяач гэж цолтой байсныг улсын цол болгож, Монгол улсын манлай уяач, Монгол улсын тод манлай уяач гэдэг цолыг бий болгож, улсын хэмжээнд аваачсан. Мөн 4 жилд нэг удаа болдог Их хурд наадмыг анх өөрөө санаачилж зохион байгуулж байсан. Түүнчлэн Дархан аварга Ж.Мөнхбатыг Хөдөлмөрийн баатар болоход нь 24 машин бэлэглэж байлаа. Түүнээс хойш бөхчүүдийг начин болсон ч нутгаас нь бай шагнал өгч, хөлс хөдөлмөрийг үнэлдэг болсон гэх жишээтэй. Энэ мэт олон сайхан соёлыг аав нэвтрүүлсэн болохоор үр хүүхэд нь бид ч гэсэн өргөн сайхан нааддаг учиртай.
- Ийм том хүний голомт залгах ганц хүү байх нь заримдаа танд дарамттай санагддаг уу? Ихэнх нэр алдартай хүмүүсийн хүүхдүүд эцгээрээ овоглох төвөгтэй гэдэг шүү дээ.
- Энэ гэр бүл, энэ сайхан ээж аавын хүү болж төрсөндөө баярладаг. Хүн болгон эцэг, эхээрээ бахархдаг. Тэр дундаа олноос онцгой хүний хүү болж, хүн болгоны эдлээд байдаггүй хувь заяаг авч төрсөндөө баярладаг. Аав, ээж хоёр бол миний бурхад юм.
Баярлалаа. Та сайхан наадаарай.
Б.Ялгуун
Сэтгэгдэл (10)