МАСС агентлагийн ерөнхий захирал Ч.Даваабаяр: Ц.Энхбат захирал хаана, ямар багтай ажиллахаа өөрөө сонгоно
2014/07/08

Эдийн засагч мэргэжилтэй энэ эрхмийг МҮОНТВ-ийн захирал байсан, албанаас бууснаар нь илүү мэддэг болсон гэж хэлж болох юм. Тэрээр Үндэсний телевизээс дуулиантайгаар “газардсан” ч төдийлөн анзаарсан  шинжгүй ажиллаж яваа нь гайхалтай. Товчхондоо тэр сэтгэлээр унадаг, стрессдэг хүн биш бололтой. 

Ч.Даваабаярын гараар бүтсэн ETV телевиз, “Инфо”, “Hot news” сэтгүүлүүд байдгийг бид мэднэ. Мөн алдарт пицца ч түүнийх. 

Комсмолын их сургуулийг дүүргэсэн, АНУ-д боловсролоо дээшлүүлсэн, манай өсөж яваа залуу СЕО нарын нэг тэрээр Өвөрхангай аймгийн Гурванбаян-Улаан сумын нутгийн зөвлөлийн даргаар томилогдсон нь харин шинэ мэдээ, бас нэг өнцөг байлаа. Ямартай ч түүнд хот, хөдөөгүй итгэл хүлээлгэх дуртай, аль ч талд нийцтэй дүр юм болов уу гэсэн бодол төрөв. 
 

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа телевиз, интернэт, FM радиогоор шууд дамжуулах багц эрх аван нөр их ажилтай байхад нь түүнтэй уулзаж цөөн хором ярилцсан юм. Мөн олон улсад Монголын мэдээг түгээх МАСС агентлагийг Ч.Даваабаяр захирал энэ хугацаанд үүсгэн байгуулж амжсан байна. Өөр ч түүнд хийсэн ажил олон байна шүү, хамтдаа танилцацгаая.

-Хэвлэлийн салбарт ажилладаг атлаа өөрөө төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй ховор хүн бол та. Таниар сүүлийн үед сонин юу байна?
-Юуны өмнө “Гранд” сэтгүүлийн уншигчидадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би “Гранд”-ыг сэтгүүлзүйн салбарт цоо шинэ өнгө төрх оруулж ирсэн, сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. Монголын зах зээлд олон сэтгүүл гарч байгаа. Сэтгүүлийн зах зээл ч хурдацтай хөгжиж байна. Бид нэг салбарынхан. Бүгд өөр өөрсдийнхөөрөө энэ салбараа хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээж зүтгэж байна. Тэр утгаараа “Гранд”-ыг тодотгохгүй байхын аргагүй. 

-Баярлалаа. Таны хувьд морь жил ёстой морь шиг товолзсон алба ихтэй жил байгаа бололтой. Зах зухаас нь танилцуулбал? 
-Нэлээд олон ажил төлөвлөчихсөн хийгээд явж байна. Компанийн ажлаас гадна би чинь Нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга. Өнгөрсөн зургадугаар сард энэ ажлыг хүлээж авсан. Манай Өвөрхангай аймгийн Гурванбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ онд болно. Ажлаа аваад Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шууд сольсон. Ихэвчлэн залуучууд голдуу хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Гэхдээ мэдээж ахмадуудын төлөөлөл ч багтсан.  

Нутаг усаа гэсэн, ажил хийх санаачлагыг хүмүүсээс авья гэж хурал зарласан чинь залуус ирдэггүй дээ. Залуучууд ер нь хаагуур байна гэсэн чинь зааланд л байдаг юм байна. Спорт зааланд гар бөмбөгийн тэмцээнтэй гэхээр нь яваад очлоо. Ер нь бол хуралд залуус их оролцох юм бол тэдэн рүү чиглэсэн ажил их хийгдэнэ. Ахмадууд нь түлхүү оролцоод байвал ч мөн адил. Тийм учраас хорших ёстой. Залуус нь ахмадуудаасаа юм сураад, хийж бүтээснээрээ ахмадуудаараа бахархуулах ёстой. Энэ зарчмын бодлогыг барьж хооронд нь нийлүүлэх гэж үзсэн. Тэгээд зааланд очсноос хойш дараагийн хурлуудад залуус идэвхитэй ирдэг болсон.

-Сумын 90 жилийн ой нүсэр юм болно биз? 
-Монгол улсын хэмжээнд 365 сум байна уу даа. Сум болгоны тоогоор над шиг нэг дарга бий. Дээрээс нь 21 аймагт бас удирдах зөвлөлийн дарга нартай. Бараг 400-гаад дарга байна. Гэхдээ Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга нар шүү. Энэ 400-гаад дарга мэдээж нутаг ус руугаа чиглэсэн ажил явуулж байгаа. Эдэн дундаас бидний онцлог бол бүх ажлаа графикийн дагуу төлөвлөж, 90 жилийн ойд зориулсан ажлууд дэс дараатай явагдаж байна. Энэ бүхнээ ХМХ-ээр олон түмэнд сурталчилж байна. 

Уг нь дээрх 400 дарга нэгдээд, жилд нэг том зөвлөгөөн хийдэг, тодорхой шийдлүүд гаргадаг, туршлага солилцдог байвал үр дүн их гарна. Ярицлагаараа дамжуулаад бүгдээрээ нэгдье гэж уриалмаар байна. 

Сүүлийн үед энд тэндгүй 80, 90, 100 жилийн болж байна. Улаанбаатараас, аймгаас уугуул суугуул иргэд нь хандив гээд өгч байгаа мөнгийг битгий гуравхан өдөр идээд дуусчихаасай. Бүтээн байгуулалт хийж, бүтээн байгуулалттай болох ёстой гэж боддог. 

Наадам сайхан болсон, тэдэн зуун саяыг зарлагадлаа, идэж уух юм элбэг дэлбэг байсан, бөх нь хүчтэй, морь нь хурдан байсан гээд яриад дуусвал ямар хэрэг байсан юм. Тийм ч учраас бид хандиваа хоол хүнсэнд зарцуулахгүй гэж шийдсэн. Бүтээн байгуулалтанд өгнө. Орон нутгийнхаа иргэдээс санал хүсэлт авч ямар бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжтойгоо шийдээд, шууд хийж , хэрэгжүүлье гэж төлөвлөж байна. 

-Саяхан танай нутгийнхны санаачилсан шашин урлагийн цэнгүүн боллоо. Хүмүүс их ам сайтай байна билээ?
-Ханш нээх өдөр ханш нээх шашин урлагийн арга хэмжээг зохион байгуулсан. Зөвхөн нэг аймаг, нэг сум гэж нутгархахгүйгээр монгол түмэндээ зориулан жилд нэг сайн өдөр ном хурж байя гэж төлөвлөөд байна. Нэг хүн ном хурахад нэг хүндээ л буян хурдаг. “УБ палас”-т  3000 хүн нэг дор суугаад хурахаараа маш их буян хурдаг юм  гэнэ.

Төв Гандантэгчилэн хийдийн Гантөмөр гээд, Алтангэрэл судрыг орчин цагийн монгол хэлэнд анх хөрвүүлсэн хүн байдаг. Далай багшийг Монголд айлчлахад нь албан ёсны орчуулгыг нь хийдэг. Тэр хүн, Алтангэрэл судрын тайлбар лекц уншсан. Айл бүрт шахуу Алтангэрэл судар байдаг ч ямар учиртайг нь ойлгодоггүй хүмүүс ч байдаг. 
“Баянхошуу” хийдийн лам нар лекц уншсаны дараа Алтангэрэлийнх нь даллагыг авсан. Мандал өргөж, лүүжин хурсан. Лүүжин гэдэг их хүнд ном. Хэр баргийн хийдэд уншаад байдаггүй. “Баянхошуун”-ы хийдэд л ганцхан уншдаг. Тэр утгаараа Лүүжин хурна гэдэг жилийнх нь хүчтэй номоор засал хийж байгаа гэсэн утгатай. Товчхондоо паласын зааланд анх удаа Алтангэрэл, Лүүжин хурсанаараа онцлог арга хэмжээ болсон.  

-Та нутгийн зөвлөл гэж их ярих юм. Танай нутгаас чинь ингэхэд алдарт Батаар олдсон гэлүү?
- Төрсөн нутаг минь, дээр нь би нутгийн зөвлөлийн дарга учраас ярилгүй дээ. Манай Баруунбаян-Улаан сум яг үнэндээ нэрээрээ брэнд болж байна. Үүнийгээ дагаад манай нутгийн иргэд сүү цагаан идээ, жимс жимсгэнээ борлуулах ёстой. Аялал жуулчлалаа хөгжүүлэх ёстой. 
Батаарын тухайд манай суманд дээр үед нэг америк нөхөр малтлага хийж яваад динозаврын араг яс олоод ачуулчихсан. Одоо Америкаас буцааж авчраад байгаа юмнууд чинь тэндээс олдож байсан археологийн олдворууд. Энэ талаар ССАЖЯ-ны Ц.Оюунгэрэл сайдтай уулзаж ярилцсан. Сайд, “Та нар 90 жил дээрээ үүнийг брэнд болгож жуулчдыг тат. Танай сумын бас нэг бахархал. Сум болгон ийм нэг өөр өөрсдийн брэндтэй байх ёстой” гэж хэлсэн нь авууштай санаа. 

- Та ингэхэд өөрөө хэдэн настайдаа нутгаасаа гарч байв?
-Манай ээж, аав хоёулаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумынх. Би долоон нас хүртлээ тэнд эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Өвөө маань бага байхад бурхан болсон. Хурдан морь уядаг Цэнд гэдэг буурай байлаа. Би ноднин, 20 гаруй жилийн дараа нутаг усандаа алдартай Цэндийн хүрэн  гэж өвөөгийнхөө тухайн үеийн хурдан ажнайд зориулж нэг уран бүтээл хийсэн. Жаран оны сүүл, 70 оны эхээр бол шуугиулж байсан хоёр морь манай нутагт байдаг юм. Нэг нь нийгмийн хүрэн, нөгөө нь Цэндийн хүрэн. Тасралтгүй наадамд 10 гаруй удаа түрүүлж айрагдсан морь. Би бага байсан болохоор услаад хөтлөөд явж байсан болохоос унаж байгаагүй л дээ. Тэр хүлэгт зориулсан дууг “Чингис хаан”-ы Жаргалсайхан дуулж амьдруулсан. Нэлээд хүнд хүрсэн хит дуунуудын нэг болсон шүү. Энэ нь алтан сан хөмрөгт үлдэж буй өвөөгийнхөө дурсгалд зориулсан бүтээл юм даа. 

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх ам бүл зургуулаа, би айлын хоёр дахь нь. Нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Бага насандаа 220 мянгатад, Циркийн хажуу талын байранд өсөж өндийсөн. 

ДАШТ-ийг бүх сувгаар шууд дамжуулна

-Энэ жил танай телевиз дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах боллоо. Бэлтгэл ажил хэр явж байна?
-Манай “Их гоёот медиа” группын харьяа ETV телевиз өмнө нь Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байсан туршлагатай. Монголдоо анх шууд дамжуулах эрхийг оюуны өмчөөр нь худалдаж авч байсан. Энэ жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг мөн албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулж байгаа нь Монгол Улсын түүхэнд хоёр дахь тохиолдол болж байна. Ер нь сүүлийн жилүүдэд спорт, уралдаан тэмцээний контент их үнэд хүрсэн ч төсөл хэрэгжүүлэх тал дээр манай хамт олны хувьд туршлагажиж яваа.  
Мөн манайх “МАСС” агентлагийг үүсгэн байгуулж дэлхийд монголын талаарх үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. ММ, Монцамэ агентлагууд байдаг боловч дэлхий нийт биднээс түрүүлж манайд болж байгаа үйл явдлын мэдээллийг буруу ташаа авах нь түгээмэл. Уул уурхайн салбарынханд ялангуяа энэ тал их ажиглагддаг учраас агентлаг цаашдаа түлхүү анхаарах болно. 

-Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах гэдэг нь сайхан сонсогдож байна. Гэхдээ спортын нэвтрүүлэг дамжуулахад тайлбарлагч нь гологдох, сэтгэлд хүрэхгүй байх тал ажиглагддаг. Танайх энэ удаад  ямар онцлогтой байх бол? 
-Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч FIFA маш өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийн биеэр ирж техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, шууд дамжуулах бүрэн боломжтой эсэх, орон даяар гарч байгаа эсэх, хөлбөмбөгийг сурталчлах ямар ажлууд хийгдэж байгаа гэх мэтээр нэгд нэгэнгүй нарийн үзэж, хянадаг. Тэр үүднээссая манайх “ETV cup” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнийг Хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан. 

Техникийн хувьд 2012 онд анх удаа HD форматаар Монгол улсад дамжуулж байсан нь манайх учраас энэ тал дээр гологдоогүй. Энэ жил Full HD-гээр дамжуулах гэрээ хийсэн. Бүх хөлбөмбөгийн тайлбарлагчдыг урьж байгаа. Манай телевиз дээр бүх тайлбарлагчид ирнэ гэсэн үг. Мөн MASS телевиз албан ёсны эрхтэйгээр, Монголд анх удаа интернетээр дамжуулна. Телевиз интернэтээр дамжуулах, мобайл эрх, радиогоор шууд дамжуулах эрхийг нь бид цогцоор нь эзэмшиж байна.

Энэ жилийн FIFA-гийн уриа “Бүгд нэг хэмнэлээр”. Үүнийг тасралтгүйгээр, бүх хүнд хүргэхийн тулд манай группээс 300-гаад хүн энэ төсөл дээр ажиллаж байна. Олон улсын жишгээр рекламыг хэдэн хүн үзсэн, төчнөөнөөр төлбөр авдаг болчихоод байгаа. Манай шууд дамжуулалт дээр рекламыг хаах боломжгүй. Өөрөөр хэлбэл бид ивээн тэтгэгчдэд том боломж олгож байна. Манай  баг бүрэлдэхүүн Бразилд ажиллаж, газар дээрээс нь, халуун цэгээс нь мэдээллүүдийг бэлтгэж хүргэнэ. Төслийн удирдагчаар Ц.Энхбат захирал ажиллаж байгаа. Миний хувьд төслийг хэрэгжүүлэгчдийн нэг нь. 

-Ц.Энхбат захирал гэснээс ТВ 9 телевизэд асуудал дэгдэхэд бараг бүх ажилтнууд нь ETV-д орсон. Яагаад яг тэгж нөхцөл байдал нь таарваа, ямар үндэслэлээр тэр олон хүнийг ажилд авав? 
-Үүнд би тайлбар өгөх боломжгүй л дээ. Тухайн хувь хүний хаана, ямар багтай ажиллах нь өөрийнх нь л асуудал. Намайг энд захирлаар ажиллаж байхад Ц.Энхбат захирал ТВ 9 телевизийнхээ ажлаас чөлөөлөгдсөн. Цаанаа улс төрийн өнцөг байсан л биз. Нарийн юмыг нь би сайн мэдэхгүй л дээ. Ц.Энхбат гэдэг хувь хүний хувьд СГЗ, анх Монгол улсад Хэвлэлийн хүрээлэн байгуулагдахад захирлаар нь ажиллаж байсан, товчхондоо хэвлэл мэдээллийн салбарт маш их хувь нэмэр оруулсан хүн. Ийм сайн хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд нь мэдээж маш олон телевиз, хэвлэл мэдээллийнхэн урьсан байж таараа. Тэдний нэг нь би. Миний саналыг хүлээж авсан Ц.Энхбат захирал багаа өөрөө бүрдүүлсэн. ETV телевизийн бүхэл бүтэн баг ажиллаж байна. Улам хүчтэй байхын тулд хүчтэй баг байх хэрэгтэй. 

Ц.Энхбат захирал гарахдаа хүмүүсээ аваад явчихлаа ч гэдэг юмуу янз бүрийн яриа гарч л байсан. Бодит байдал дээр тийм юм болоогүй. Манай компанийн 98,99 хувь нь залуус. Залуучууд эрчтэй, хүчтэй, задгай сэтгэдэг. Алдаж онох юм байдаг ч алдаагаа хурдан засдаг. Тэрийг нь зөв залж чиглүүлээд явах юм бол маш том хүч. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин хөлсийг нь байнга нэмж байх ёстой. Шагнал урамшуулал хийснээрээ олгодог систем байнга үйлчилдэг байх ёстой. 

-Группынхаа талаар товч танилцуулаач? Ер нь танай группийн бүрэлдэхүүнд юу юу багтдаг юм?
-Манай групп  ICT, нийтийн хоол, нийтийн тээвэр, хэвлэл мэдээлэл гэсэн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа. Байгуулагдаад найман жил болж байна. 
Э-ээр эхэлсэн дарга болгонтой ETV холбогддог

-Таныг хэвлэлийн салбарт тодорсон Ц.Балдорж агсны шийрийг хатаах ээлжит том магнат гэх юм билээ. Та санал нийлэх үү? Ер нь хэтийн зорилгоо хуваалцаач? 
-Намайг тийм агуу хүнтэй зүйрлээд яах вэ. Ц.Балдорж гуай үнэхээр мундаг хүн. Бид суралцаж л явна. Компанийнхаа төлөө, улс орныхоо төлөө маш олон хүнийг цалинжуулж, нийгмийн даатгал, татвараа бас түрээслэгч нартаа түрээсээ, банкинд хүүгээ төлөөд явж байна. Ний нуугүй хэлэхэд бизнес эрхлэгчид маш их ачаа үүрч яваа. Монголд компанийн засаглалыг дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй байна. 

Яг тийм ийм юманд хүрчихнэ гэж зорих нь ч хаашаа юм, өмнөх ажлаа л сайн хийхийг хичээдэг. Намайг сонгож, хамт ажиллаж байгаа баг маань өөрөө зөв удирдагчтай, зөв сэтгэлтэй, зөв юмны төлөө явах сэтгэлтэй байх ёстой. 

-Мундаг хүн гэж ярихаас гадна таныг экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн гэж их олон жил ярьж байгаа. ETV Энхбаярын телевиз, ТВ9 Энхбаярынх. ТВ9-ийнхөн гарангуут өөр нэг телевиз нь авчихлаа гэх мэтээр. Та ямар хариулт өгөх вэ? 
-Урьд өмнө нь ер тайлбар өгч байгаагүй. Үнэндээ Н.Энхбаяр даргатай бараг нэг ч удаа уулзаж үзээгүй. Наргиан болгож хэлэхэд ETV-ийг  Э үсгээр эхэлсэн дарга болгонтой холбож ярьдаг. Яахав телевиз маань амжилттай, сайн явж байгаа. Гэтэл амжилт болгоны ард улс төр байх ёстой юм уу? Ийм түгээмэл ойлголт байдгийг би ер ойлгохгүй юм. Товчхондоо Н.Энхбаяр даргатай холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Манай удирдах зөвлөлд мэргэжлийн баг ажилладаг, эрүүл тогтолцоогоор явдаг. 

-Энэ дашрамд манай уншигчдад гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Манайх хоёр хүүхэдтэй, нэг нь 5-р анги, нөгөө 9-р анги. Манай хүнийг Н.Мөнхжаргал гэдэг. Анх гэр бүл болоход багшилдаг байсан бол одоо бизнес эрхэлж байна. Хүнсний салбартаа түлхүү анхаардаг. Групптээ бол тэргүүн хатагтай. Наргиан шүү /инээв/
Манай сэтгүүлийн үүсгэн байгуулагч нь манай эхнэр л дээ. “INFO” сэтгүүлээ би үүсгэн байгуулж байсан бол “Hot news” гэргийн бизнес. Ажилчидаа, 30 орчим хүнийг Малайзад мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулахад тэд маань энэ санааг олж ирсэн хэрэг. Малайзад ТВ программтай, шар мэдээтэй, хэдэн мянган хувиар хэвлэгддэг долоо хоног тутмын шар мэдээний сэтгүүл байна гээд тэр сэтгүүлийн дугаар болгоноос авчирсан юм. Түүнийг Монголын хөрсөнд буулгаж сэтгүүлээ нээсэн түүхтэй. 

"Гранд" сэтгүүл №46

Д.СЭРГЭЛЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Олон талын авьяас чадалтай маш мундаг хүн байна. Ийм хүмүүс л тэр их хурал муралд нь орвол зүгээр юм.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Dulguun
    gurvanbayan ulaan bish baruun bayan ulaan sh dee
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
Сонин хачин