Ураны хордлогын төлөөс-Самурай бонд
2014/06/05

Францын төрийн өмчит “Арева” корпорацийн охин компани болох “Кожеговь”-ийн буруугаас болж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд хордож, мал нь үхэж, хээл хаяж, ургийн гажигтай төл гарч байгаа талаар олонтаа ярьж байгаа. Харамсалтай нь зөвхөн төрийн бус байгууллагууд анхааруулж, хэлж, жагсаал цуглаан  зохион байгуулсан ч өнөөдөр ч эрх баригчид анхаарал хандуулахгүй, дүлий дүмбэ оргисон хэвээр л байгаа.

Улаанбадрахын гэж хэдийнэ нэршээд байгаа энэ гамшиг цаашилбал, улс төр мөнгөний ихээхэн эрх ашигтай холбогдолтой болохыг Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар ярьж байна. Өнөөдөр эрх баригчдын сүр бадруулаад байгаа Самурай бондын хөрөнгө оруулалт ч үнэндээ “Арева”-гийн эрх ашгийг хамгаалах хахууль байж болзошгүй байна. Ингээд Ж.Ганбаатарын ярианд анхаарлаа хандуулна уу.

-Аймшигтай тахир дутуу унага, хурга ишиг төрж, мал нь үхэж, цаашилбал хүмүүс ч хордож байгаа талаар олон баримтат мэдээлэл гарсан.  Яг газар дээр нь очоод ирсэн хүний хувьд үнэн бодит байдлыг тайлбарлаж өгнө үү? Улаанбадрах суманд байдал ямархуу байна?

- Би Гамшгаас сэргийлэх үндэсний төвийн ерөнхий зохицуулагчийнхаа хувьд ажил үүргийнхээ хүрээнд анх 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд 22 тугал үхлээ гэхэд Цөмийн энергийн газрын улсын байцаагч нартай хамт газар дээр нь очиж, дүгнэлт гаргаж, нийгмийн анхааралд хандуулсан. Химийн хортой бодисоор хордож үхсэн байна, химийн хорт бодис хаанаас эх үүсвэртэй юм бэ гэдгийг хамтдаа тогтоох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн ч улсын байцаагч нар дарга нарынхаа царайг хараад шууд татгалзсан.  Гэтэл одоо энэ тоо 20 дахин өсчихсөн, Зүүнбаян суманд 214, Улаанбадрахад 289 мал үхсэн гэсэн тоо байна. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн нь. Гэтэл газар дээр нь очоод явж байхад ямар ч бүртгэгдээгүй айлд ороход өчнөөн мал үхсэн, зулбасан, гажигтай төл гарсан, хогны хонхорт булчихсан, үй түмээрээ байна.

 Яагаад мал үхэж байгаагаа албан ёсоор бүртгүүлээгүй юм бэ гэхээр “Бид хэлж, ярьж бүртгүүлээд ч яах юм бэ дээ” гэдэг. Малчид үнэндээ үгээ барж, залхсан байна лээ.  Засаг захиргааныхан ч тоодоггүй.  Засаг дарга нь очоод “Та нар наанаасаа нүүчих л дээ” гэж хэлж байна гэсэн. Монгол хүн өөрийнхөө газар нутгийг тавьж өгчихөөд хаашаа нүүх юм бэ? Малчид болохоор “Бидний малын удмын сан өөрчлөгдсөн, өөр газар руу нүүлээ ч нүүгээд очсон газар  ад үзэгдэж байна. Бид улсын дотор ад үзэгдсэн улс болчихлоо” гэж ярьж байгаа. Малчид бол худалдагдаагүй, төрийн албаныхан худалдагдчихсан гэдгийг үүгээр харуулж байна. Тийм ч учраас бидэнд хандаж “Та бүхэн энэ аюулыг сэрэмжлүүлж, мэргэжлийн төвшинд гаргаж өгөөч, бидний газар нутгийг эрүүлжүүлж өгөөч, засаг биднийг хайхрахаа больчихлоо, та нар бодлогын төвшинд ярьж чадаж байгаа учраас бидэнд туслаач” гэсэн хүсэлт гаргаж байгаа.

-Саяхан бас уран бол байгаль дээрээ байхдаа төдийлөн хортой биш гэсэн утгатай ярилцлага гарсан байсан?

-Уг нь надтай хамт АНУ явж, ураны гамшгийн талаар хангалттай танилцаад ирсэн хүн л дээ,  Оюунчимэг. Ярилцлагандаа  “Төрийн бус байгууллага юу ч хийж чадахгүй” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ үүнийг хэн нэг нь хийх л хэрэгтэй гэдгийг бас хүлээн зөвшөөрсөн байна лээ.

-АНУ-д ямар ажлаар явсан юм бэ?

-АНУ-ын дөрвөн мужид нөхөн сэргээлтийн асуудлаар 2013 оны аравдугаар сард иргэний нийгмийн байгууллагын болон засаг захиргааныхан нийт 11 хүн явж нөхцөл байдалтай танилцсан.  Төрийн бус байгууллагынхныг өөрсдөө зардлаа даагаад ирвэл нөхцөл байдалтай танилцуулахад бэлэн байна гэсний дагуу. Тэнд очоод 20,30 жилийн өмнө ураны уурхайд ажиллаж байсан индианчууд өнөөдөр гишгих газаргүй болчихоод отог овог маань ингээд биднээр дуусч, сүйрч байна гэж нулимс дуслуулан ярихыг сонссон хүмүүс шүү дээ.

Тухайн үедээ нутгийн иргэд индианчуудад маш өндөр цалин өгч, казиногийн эрх олгосон. Гэтэл 20 жилийн дараа уурхай ажиллуулсан компани ашгаа олоод гараад явсан, хордсон газрыг саармагжуулах ажил Засгийн газрын нуруун дээр үлдсэн юм байна. Хоёр жил тутамд тэдгээр индиан иргэдийг өөр хотод түр байрлуулан газар нутагт нь саармагжуулалт хийдэг. Тэглээ ч гэсэн газар нутгийг нь бүрэн сэргээх аргагүй. Нутгийг нь торон хашаагаар хэрээлчихсэн, “Зогсолгүй өнгөр, аюултай” гэсэн тэмдэгтэй. Тэр орчимд хүмүүс машинаасаа ч буудаггүй давхиж өнгөрөөх ёстой бүс болчихсон. “Бид чинь өндөр цалингаар нутгаа худалдчихсан хүмүүс юм байна. Би хэдийгээр их цалин авч байсан, надад их мөнгө байлаа ч түүнийгээ аваад хаана амьдрах юм бэ? Хүний нутагт очих уу” гэж тэд уйлж байсан. Үнэндээ бол Улаанбадрах ч гэсэн ийм хувь тавилан хүлээж байгаа шүү дээ.

-Уран яг байгаагаараа бол хоргүй гэж ярих ч хүн байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Уран бол байгаль дээр, хөрсөнд ураны тодорхой агууламж байдаг, хөрсний эко системийг бүрдүүлдэг, тогвортой нэгдэл. Нэг ёсондоо бодисуудын тогтворжуулж байдаг “атаман” юм л даа. Харин ураныг салгаад авчихаар бусад химийн бодисууд урвалд орж аюул үүсгэдэг. Мөн уран процессийн үйлдэлд орсон тохиолдолд маш их хортой. Олборлох, ашиглах явцад 95-96 хувийн хор үүсгэдэг. Гэсэн ч ураны хорыг саармагжуулж чадахгүй юм байна гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихөөд байгаа шүү дээ.

Яг одоогийн байдлаар “Арева” компанийн Улаанбадрах суманд хэрэглэж байгаа уусган баяжуулах аргаар бол зөвхөн ураныг нь л салгаж авч, уусган баяжуулах хэсэгт бусад химийн элементүүдийг байрлуулчихаад хог гэж үзэхгүй байгаа. Улаанбадрах сумынн Задгай, Шар хөтлийн дов гэдэг газруудыг ямар ч хараа хяналт хамгаалалтгүй асгаад хаячихсан. Уг нь тогоо хэлбэртэй, доогуураа өлгийдсөн байдалтай хадгалалтын булш хийх ёстой гэсэн хадгалалтын технологи байдаг гэдгийг ч манайханд тайлбарладаггүй.

-Гэтэл яагаад Монголчууд ийм их аюул байгааг анзаарахгүй, ойлгохгүй байна вэ?

-Заавал өөрсөд дээрээ тулгаж байж юмыг ойлгодог монгол зан байдаг. Гэхдээ өнөөдөр нэг суманд тохиолдоод байгаа энэ аюул 330 сумын асуудал биш, аливаа зүйл нэгээс эхэлж өсдөг юм шүү гэдгийг харж байгаа иргэний хөдөлгөөний байгууллагууд бас байна. Өсөх магадлал нь одоо олгогдоод байгаа ураны 71 лиценз. Эдгээрийн 28-г нь хариуцлагагүй ажил хийж байгаа “Арева” компани эзэмшиж байна. Энэ компанийн хоёр нүүр дэлхий нийтэд хэдийнэ ил болсон. Нигерт 40 жил уул уурхай эрхэлсэн “Арева” өнөөдөр шахагдаад зайлж байна. Гэтэл тэнд хөгжил авчирсан уу, үгүй. Харин дэлхийн хамгийн ядуу улсуудын тоонд зүй ёсоор орж байна. Нэг улс орон тэр чигээрээ нэг компанийн бизнесийн ашгийн талбар болчихож байна гэсэн үг. Гэтэл эсрэгээрээ “Арева” хамгийн их мөнгө хөрөнгө нь нэмэгдсэн, ялангуяа ураны болон атомын станцын технологи  эзэмшлээрээ  дэлхийн тэргүүлэх гурван компанийн нэг болж өссөн.

“Арева” ядуу, технологийн мэдээлэл муутай орнуудад ихэвчлэн сратегийн бодлогоо явуулдаг. Мэдээллийн дутуу байдал дээр тулгуурлаж, хаягдал болсон, үнэгүй технологийг тулгадаг, хоёр нүүртэй компани. Манайд ч энэ аргаа хэрэглэж байна.

-Гэхдээ “Арева” зөвхөн хайгуул л хийж байгаа, ашиглалт хийхгүй байгаа гэдэг биз дээ?

-Цөмийн энергийн газрын шаардлагын дагуу 2010 оны 6-10 дугаар сард туршилтын олборлолт хийсэн гэдэг юм. Манайд туршилтын олборлолт хийх хууль эрх зүйн акт байхгүй. Үндсэндээ өөрсдийнхөө технологийн туршилтаа л хийсэн хэрэг. Гэтэл 2009 оноос хойш энэ газрын хөрс, гүний болон гадаргын усанд химийн бодисны дооз ихэсчихсэн. Боор, хүнцэл, зэс, сурма сүүлийн таван жил байнга ихэссэн. “Арева” үүнийг тайлбарладаггүй.

 Тэгвэл энд юу нөлөөлсөн юм бэ, хэн авчраад булчихав? Хэн ингэж Улаанбадрахынхныг хорлоод, үхэр малыг нь үхүүлээд, террорист халдлага хийгээд яваа юм бэ?  Туршилтын олборлолтоор 2,7 тонн ураны хүдэр боловсруулсан гэж байгаа. Гэтэл өнөөдөр 200-300 мал үхчихээд байна. Тэнд 630 мянган тонн агуулга тогтоогдсон, цаашаа сая гарах боломжтой.  Тэгвэл 600 гаруй тонн хүдэр олборлоход хэдэн мянган мал үхэх вэ?

-Туршилтын олборлолт хийснийг нь тэгвэл манай Засгийн газар ч мэдэж байгаа юм байна шүү дээ, тийм үү. Нэгэнт химийн хорт бодисоор хордсон нь тогтоогдсон л болохоор дараагийн арга хэмжээг авч болдоггүй юм уу, Засгийн газар?

-Бид “Арева” компани, Засгийн газарт хандахаар үхсэн малд хийсэн шинжилгээний дүнгийн “Цацрагийн  ужиг явцтай хордлого” гэдгээс нь цацрагийн гэсэн үгийг сугалж аваад тоглолт хийчихдэг. Засгийн газарт “Арева”-гийн хөрөнгө оруулалт чухал байгаа нь тодорой. Гэхдээ бидэнд эрүүл мөнгө л хэрэгтэй. Улс орных нь эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд чиглэсэн, эрүүл хөрөнгө оруулалт, түүн дээр суурилсан эрүүл бизнес хэрэгтэй.  Гэтэл ийм л буруу зүйл хийгээд байгаа компанийг Засгийн газар чээжээрээ хамгаалдаг. Энэ тухай ярих болгонд Цөмийн энергийн газрынхан босч ирж, хамгаалдаг. Эхнээсээ мал үхэж, гажигтай төл гарч байна шүү гэхээр ураныг эмнэлэг, хөдөө аж ахуйд хэрэглэж байгаа технологийн дэвшлийг үгүйсгэлээ гэдэг. Уучлаарай бид хэзээ ч технологийн дэвшлийг үгүйсгэж байгаагүй. Технологийн дэвшлийг дэмждэг, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ бид хэлдэг. Харин хамгийн гол нь ашиглалт, олборлолтын үед гарч ирдэг 90 хувийн энэ аюулаасаа сэргийлээч ээ гэдэг. Гэтэл Засгийн газар нь ч Цөмийн энергийн газар ч, “Арева” ч үүнийг ярьдаггүй, сүүлийн хоёр жил нийгэмд буруу ойлголт бий болгоод байна.

-Тэгэхээр та нар “Арева”-г заавал гар, зайл гээд байгаа хэрэг биш, технологийн асуудлаа шийдчихвэл ажиллаж болох юм гэж үзэж байгаа юм уу?

-Үгүй. “Арева” бол 28 лиценз эзэмшдэг хамгийн том компани, хамгийн том фаактыг гаргачихаад байна. Бид энэ том толгойт мангасын толгойг таслах ёстой. “Арева”-г таслан зогсоож чадсанаараа бид цаана нь лиценз авсан байгаа 14 компанид зөв бизнес хийж, зөв технологио ард түмэнд танилцуулж байж, зөвшөөрлөө авдаг эрх зүйн тогтолцоог бий болгох ёстой юм. Одоо “Арева”-гийн хэрэглэж байгаа технологийг Авсралид хориглочихсон, Чехэд оросуудын хэрэглэгч байсан технологийг 20 жил саармагжуулалт хийгээд дийлэхгүй байна шүү дээ. “Арева” 2009 онд “Ичдэггүй нүд” гэсэн шагнал авсныг дэлхий мэднэ. Мэдээлэлтэй, мөнгөтэй хүнд мундаг технологио ашиглаад, мэдээлэлгүй хүнд сальфеткаа хэрэглэдэг хоёр нүүртэй компани л даа.

-Тэгвэл төрийн байгууллага аюулгүй, шилдэг технологи хэрэглэх зүй ёсны шаардлагаа тавиад хянаад явахад уг нь асуудалгүй юм биш үү?

-Уг нь тийм. Гэтэл “Арева” төр захиргааны байгууллагуудыг худалдаж авдаг алдартай газар. Нигерийн дөрвөн Ерөнхийлөгчийн амь насны асуудалтай холбоотой. Энэтхэгт атомын цахилгаан станц барих гээд эсэргүүцэлтэй тулгарсан. Канадад хязгаарлагдмал төвшинд ураны олборлолт хийж байгаа. Бид тэнд очиж үзсэн, үнэхээр өндөр төвшинд аюулгүй байдлыг хангаж ажиллладаг юм билээ. Төлбөрийн чадвартай нөхдөд эмчилгээг өндөр төвшинд хийдэг, төлбөр муутай нөхдөд мэдээ алдуулагчийг нь бага хийж, орилуулж байгаад мэс заслаа хийчихнэ л гэсэн үг, бүдүүлгээр хэлэхэд.     Дэлхийд хариуцлага хүлээх ёстой газар нь буурай орнуудад тоглолт хийгээд явж байна.

-Гэхдээ бас “Арева”-г өндөр технологи нэвтрүүлсэн дэлхийн том компани ч гэж магтдаг?

-Муу ч байна, сайн ч байна. Тэгвэл муу нэр хүндийг нь дарангуйлж, дарах ёстой. сайн нэр хүндээрээ манайд ажилла гэсэн шаардлага тавих ёстой. Манайхан ингэж хандах гэж байгаа боловч хэзээд буурай газар хоёр гараа гаргадаг. Манай Цөмийн энергийн тухай хуулийг “Арева” компанийн мэргэжилтнүүд ажиллаж, боловсруулсан. Өөрсдөө тоглох тоглоомын дүрмээ өөрсдөө боловсруулж болохгүй биз дээ, уг нь .

“Арева”-гийн 1997 оноос хойш хийсэн хоёрхон ажлын нэг нь энэ. Нөгөө нь бүх лицензийг авсан. Зайлшгүй шаардлагатай гэж үзэн байгуулсан төрийн агентлаг нь одоо бодлогод нөлөөлнө, хяналтаа тавина, лицензээ олгоно, өөрсдийнхөө олгосон лицензийг цуцлах, зогсоох эсэхээ шийддэг том толгойтой мангас болчихсон. Уран стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь уул уурхай, мэргэжлийн хяналтаас бүгдийг нь салгаж тусгаарласан. Улсын мэргэжлийн хяналт цацрагийн хяналт хийдэггүй, уул уурхайн яам лиценз олгодоггүй.

Хамгийн харамсалтай нь бид гадны компани гэж ярьж эхэлсэн бол одоо төрийн байгууллага дээрээ тулж ирээд байна. Яагаад Цөмийн энергийн газар хяналтаа хийхгүй байна вэ гээд ухаад эхлэхээр хууль нь угаасаа тэдний гарт байдаг. Тэдний толгойг “Арева” барьчихсан. Харахад хөндий мэт боловч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сратеги судлалын хүрээлэн хийх ёстой ажлыг “Арева” хийж, тоглоомын дүрмийг зохиосон.

Одоо Цөмийн энергийн газар “Арева”-г өмөөрч дуугарахаас өөр аргагүй болчихсон. Үнэндээ бол 2009 онд гарсан Цөмийн энергийн талаар баримтлах бодлогод уран олборлоно, атомын цахилгаан станц байгуулна, цөмийн хаягдлыг булшлах обьектийг байгуулна гээд суулгаад өгчихсөн хэрэг шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ураныг булшлуулахгүй гэж байгаа ч энэ нь эсрэгээрээ 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай баримтлах төрийн бодлогын эсрэг дуугарч байгаа болчихож байгаа юм. Бодлого дээр нь уран боловсруулна гэсэн цөмийн циклийг хөгжүүлнэ гээд суулгаад өгчихсөн байгаа шүү дээ.

-Манайх ураны боловсруулах үйлдвэр байгуулахгүй гэдэг. Гэтэл нөгөө талаасаа шар нунтаг боловсруулна гээд байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Шар нунтаг бол цөмийн түлшний анхны түүхий эд, үүнийг жаахан боловсруулаад цөмийн түлш болдог.  Шар нунтгийг боловсруулна гэдэг үгний цаана ноён Ерөнхий сайдын хэлсэн “Бид бусдын түүхий эдийг бэлтгэхээсээ илүүтэй шар нунтаг болтол  боловсруулаад түрээслэнэ” гэсэн үг байгаа.  Бид шар нунтаг худалдаалахаасаа илүүтэй түлш болгоход илүү мөнгө олно гэсэн санаа. Шар нунтгаа Өмнөд Солонгос ч юм уу, Орост байгаа үйлдвэрт өгч боловсруулуулаад эргээд авна гэсэн үг.

-Тэгэхээр хаягдлаа бид өөрсдөө авна гэсэн үг үү?

-Тийм. Цөмийн хог хаягдлыг хяналт шалгалтын дагуу байршуулдаг ч устаж болдоггүй. Цацраг идэвхт бодисын хордлого хэдэн зуун жилээр тухайн орчиндоо эргэлддэг. Уул уурхайн бусад салбар ч хор нөлөөлөл үүсгэдэг. Гэхдээ түүнийг саармагжуулж болдог бол харин ураны уурхайгаас 95-98 хувийн цэвэр цацрагийн хордлого гаргадаг. Сүүлийн гурван жил арав гаруй удаа гадаад дотоодод явж танилцахад ураны хувьд нөхөн сэргээлт гэж байдагггүй юм байна, үүнийг нь ч дэлхий нийт ч хүлээн зөвшөөрсөн юм байна гэдгийг харлаа. Газрын экосистемийг хөндсөн л бол түүнийг нөхөн сэргээхэд яг үүссэн хугацааг даван туулах ёстой юм байна. Дэлхий нийт эцсийн байдлаар хөрс эвдэж бус хөрсөн дээр мөнгө ургуулах процессыг явуулах ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Нөхөж болшгүй газрын баялгийг хөндөж болохгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Ураны уурхайтай холбоотой компаниуд дампуурдаг бус хоёр дахин дампуурдаг болсон. Анх хөдөлгөсөн, даатгасан дам нөлөөтэй оролцсон, ханган нийлүүлэлт хийж байсан, тэр компанийн ашигтай ажиллах нөхцлийг бий болгосон бүх компаниуд  хариуцлага хүлээдэг болоод байгаа шүү дээ.

-Бас нэг “хэрүүлийн сэдэв”-ийг энд хөндөх гэсэн. Та гадаад, дотоодод ч их явсан юм байна. Бас жагсаал цуглаан хийдэг. Хаанаас санхүүждэг юм бэ? Иргэний нийгмийнхэн хаанаас санхүүжээд байна вэ гэсэн хардлага байдаг?

-Би бусдын мөнгийг бол хэлж чадахгүй. Өөрийнхийгөө нүүр бардам хэлж чадна. Би барилгын компанитай. Зардлынхаа 50-60 хувийг өөрөө гаргадаг. Найз нөхөд, бидний ажлыг зүрх сэтгэлээсээ ойлгодог тусладаг хүмүүс хандив дэмжлэг үзүүлдэг. Зарим найз маань “Алийн болгон чи ингэж явах вэ, ямар баян хүн бэ? Биднээс туслалцаа хүсэхэд яадаг юм бэ ч гэдэг. Гамшгийн эсрэг үндэсний төв байгуулагдаад найман жил болж байна. Манайд гамшигтай тэмцэх байгууллага байдаг боловч үнэндээ Онцгой байдлын ерөнхий газар гамшиг гарсан буюу гарсны дараах үйл ажиллагааг явуулдаг. Харин бидний хэсэг нөхөд гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг чиглүүлж өгөх нь зүйтэй юм, хэн нэгэн үүнийг хийж эхлүүлэх ёстой юм гэдэг дээр санал нэгдсэн. Хэдийгээр байгууллагууд гамшгаас хамшаалах төлөвлөлтэй байх ёстой, сургалт хийх ёстой гэдэг ч амьдрал дээр үүнийг хэлдэг, хийдэг, чиглүүлдэг байгууллага байдаггүй байсан. Гамшгийн эсрэг үндэсний төв гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлтийг гаргаж, сургалт зохион байгуулдаг. Манай төвийн гол санхүүжилт сургалт байдаг. Хаан банк, “Баумэн” дөрвөн компани нэр бүхий 28 хүн 100 мянга, нэг сая гэлтгүй хандив өгдөг. Машины бензинийг хийгээд өгчихөөс эхлээд өнөөдрийг хүртэл бид гурван жил ивээн тэтгэгчийнхээ байранд үнэгүй офисслож байна. Заримдаа аппаратын ажилтнууд цалинжуулах боломжгүй ч болох үе бий. Бас жишээлбэл, зарим байгууллага хүний нөөцийн чиглэлээр сургалт авья гэхэд миний найзууд очиж сургалтаа явуулаад төлбөрнь өгөөд энэ нь эргээд бидэнд санхүүжилт болж байх жишээтэй. Биднийг хардаж л байдаг. Цагдаа тагнуулынхан биднийг нэлээд их шалгасан, танилцаад явдаг. Манай бүх зүйл цэгцтэй байгаа. 

Мэдээж би өөрийнхөө мөнгийг бүх зүйлд хутгаад байдаггүй. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллахдаа аль болох бусдынхаа дэмжлэг санхүүжилтийг авдаг. Гэхдээ хандив тусламж өгсөнгүй гээд суугаад байж болохгүй. Нэгэнт би энэ ажилд зориглоод орснхых би энэ бүхнийг хийх л ёстой. Би охиндоо мөнгө бус, эрүүл амьдрах орчинг нь үлдээмээр байна шүү дээ.

-Хүмүүст мөнгө өгч жагсаал цуглаан зохион байгуулдаг гэсэн яриа ч бас байдаг болохоор асуугаад байна л даа?

-Саяны гуравдугаар сарын 400-500 жагсаал цуглааныг 50-хан еврогоор хийсэн шүү дээ. Өмнөх жагсаалын үеэр хийчихсэн байсан лоозон, самбараа зөөх л зардал гарсан. Бид жагсаалд оролцооч гэж мөнгө өгдөг байгууллага биш. Бидэнд тийм мөнгө ч байхгүй. Facebook, tweeter хуудсаараа хүмүүст хандаад л дэмжигчид маань ирсэн.

Харин бид улстөржихгүй, намын харьяалалд баригдахгүй гэдгээ дэмжигчидтэйгээ хатуу тохиролцож, манай аливаа үйл ажиллагааг PR болгож ашиглахыг хатуу хориглосон.

Засгийн газар “Химийн хортой бодисын эх үүсвэрийг эцсийн байдлаар тодорхойлтол үйл ажиллагаагаа зогсоо” гэсэн шаардлага тавих ёстой. Гэтэл Засгийн газар шаардлага тавьдаггүй. Биднийг шаардлага тавихаар хөшигний ард ороод суучихдаг, бид асуудлыг ярьж байна аа л гэдэг. Гэтэл “Арева” болохоор “Засгийн газар та нарыг биш биднийг өмөөрнө” гэж пээдийж байна. Тэгээд л асуудал мухардмал байдалд ордог, иргэний нийгмийнхэн анхааруулах гээд орилж, хашгирч жагсаж цуглаад ч нэмэр алга. Мэдээж энд маш их мөнгөний ашиг сонирхол яригдаж байгаа л даа. Гэхдээ энэ чинь бааранд ороод хүн мөнгөө төлсөн, тамхиа татна уу, архиа ууна уу бидэнд хамаагүй гэдэгтэй л адилхан. Үнэндээ энэ бол улс орны аюулгүй байдал, иргэдийн эрүүл амьдрах орчин, цаашилбал монгол хүн монгол нутагтаа амьдрах эрхтэй эсэх асуудал яригдаж байна шүү дээ.

-Тухайлбал, ямар ашиг сонирхол явагдаж байна гэж?

Самурай бондыг сарын дотор бүтээсэн гэж байгаа нь үнэндээ улстөрийн ашиг сонирхол, “Арева”-гийн эрх ашиг л нөлөөлсөн шүү дээ.  

-Яагаад?

- Японы “Мицибуши” компани “Арева Монгол”-гийн 22 хувь, манай төр буюу ”Мон-Атом” 34 хувь, “Арева” 44 хувийг эзэмшдэг.

-“Арева” санал шийдэх хэмжээний илүү хувь эзэмшдэг юм уу?

-Энд ч бас “Арева” манайхныг “чадчихсан”. Монголын төрийн өмч 34 хувь, цаад 66 хувийг хоёр хувааж байж уг нь төрийн өмчит компанийн давуу эрх хаагдах ёстой. “Чалько”-д зориулсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулиар. Гэтэл уг 66 хувийг зөвшөөрсөн баримт бичиг нарийвчилсан хувийг суулгаагүй баталчихсан. Эндээс “Арева” 22 хувийг Японы “Мицибуши” компанид олгож, хөрөнгө оруулах эрхийг авсан.  Монголчуудын хувьд мэдээж ураны салбарт япончууд орж ирэх эсэхэд эргэлзэх эргэлзээ байгаа. Энэ эргэлзээг арилгахын тулд Самурай бонд гэдгийг гаргаад ирж байгаа.  Монгол Японы Засгийн газрын төвшинд шийдэгдсэн Самурай бонд нь яг далд утгаараа “Мицибуши” компанийн хувийг хүлээн зөвшөөрөх ёстой санаа. Харин монголчууд “Мицүбиши”-гийн 22 хувийн тухай ямар ч ойлголт байхгүй.  Бид Арева руу зүү шидэх болгонд Мон Атом компани буюу Цөмийн энергийн газар жад шидэж байгаагийн учир нь ч энэ. Үндсэндээ улсын дотор улсын эрх ашиг, бодлого яваад байна гэсэн үг.

-Нээрээ “Мицүбиши”-гийн хувьцааны талаар мэдээлэл сонсож байгаагүй юм байна. Гэтэл гал тахьдаг сайд маань хөөцөлдсөөр байгаад Самурай бондыг оруулаад ирсэн гээд байгаа биз дээ?

-Тийм ээ/инээв/ Биднийг энэ тухай яриахаар “Япон Монголын ах дүү найрамдалт харьцааг сэвтүүлэх гэж байна” гэдэг юм. Аливаа мөнгөний эргэлт заавал ашиг сонирхол дээр үндэслэгддэг юм чинь. Гэтэл японы том эрдэмтэд биднийг цөмийн эсрэг, үзэлтнүүдийг дэмжиж байна. Тэд эрүүл газарт төлбөргүй агаараар амьсгалахыг хүсч байна. Бид нэгэнт цөмийн хаягдалд булагдчихсан улс Төв Азийн өндөрлөг бүс, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан Монгол өнөөдөр хамаагүй эрүүл орчин, эко бүтээгдэхүүнтэй. Та нар энэ боломжоо ашиглаад аялал жуулчлалаа хөгжүүлбэл юун уул уурхай, нөхөн сэргээгдэхгүй ашгаас илүү ашиг олох боломжтой гэж ярьж байна шүү дээ.

Гэтэл бид мал шиг маллуудаа л явж байна. Мал нь силинтэй ус уугаад, хүн эрх биш усаа буцалгаж уудаг болохоор бас арай ч мал шигээ үхчихгүй л байна  даа.

-Гэхдээ алсуураа нөлөөлж л байгаа байлгүй дээ?

-Нөлөөлсөн, нөлөөлөөд эхэлчихсэн. Ураны хаягдал хуурайшиж, агаарт дэгдэж тоосжилт үүсч л байгаа. Яг тэнд байдаг айлын хүүхэд биеэр нь юм туураад байдаг, эмээ өвөөгийнхөөд очихоор зүгээр болчихдог. Хонгорт ч гэсэн ийм зүйл болсон. Улаанбадрахад ч ийм зүйл болж байна.

-Хонгорынхныг хордоогүй гээд л өнгөрсөн биз дээ?

- Тэр үед ДЭМБ-ийн зургаан мэргэжилтэнтэй хамт очиж байсан. Зургаан сарын дараа гарсан шинжилгээний дүгнэлт одоо бол хордсон зүйл байхгүй, харин тухайн үедээ хордсон гэдэг нь генид хадгалагдан үлдсэн, ДНК-гийн нарийн шинжилгээгээр гарах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Яагаад гэж би асууж байсан л даа. Химийн хүнд металын хордлогын онцлог нь тухайн үедээ бөмбөгдчихөөд цаашдаа сарниад өөр газар руу утаа нь тархдаг атомын бөмбөг шиг дараагийн шинж чанартаа шилжчихдэг. Гэхдээ хордлого нь генид хадгалагдан үлдсэн байдаг.   Хонгорын 1500 хүний 100 нь өнөөдөр хорт хавдраар өвчилсөн байна. Энэ нь тухайн үедээ хордсон нөлөөлөл нь байж л байна гэдгийг харуулж байгаа юм.

-Баярлалаа. Та бүхний тэмцэлд амжилт хүсье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    bid yaj amidraad baigaam be tur zasagan haraasai bilee
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    novsh ymaa neeree
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Bayarlalaa
    2014 оны 06 сарын 05
  • Зочин
    Tegeed hordood dugui baigaad baih yostoi yum uu?
    2014 оны 06 сарын 05
  • Зочин
    im yum unshihaarl knachin bolood baih yum yaaydaa baiz ene heden yumiig buudjihval nuguudvvl ni bas buuduulii geed baritsah baih daa
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Tegeed hordood dugui baigaad baih yostoi yum uu?
      2014 оны 06 сарын 05
  • Зочин
    энэ хүнд уран хэрэггүй байж барилгын компанийн мөнгөөр тансагладаг л хүн юм сайхан харагдаж байна бусад нь яаж санхүүгээ даадаг болдоо их ч мөнгө зарцуулж сайн тэмцдэг хүмүүс зурагтаар гардаг даа Норсүрэнгийнхийг гамшигаас холхон нүүлгэхэд туслаач бас Төв аймгийн суманд иймэрхүү байдал гарсан гэсэн үнэн үү за мятаршгүй тэмцэлд амжилт хүсье
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Bayarlalaa
      2014 оны 06 сарын 05
  • ......,
    МОНГОЛЧУУД бидэнд УРАН хэрэггуй.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин
    амжилт
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • догий
    дэмждэг шүү амжилт
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
Сонин хачин