Ц.Жамсран агсны “Улсын алтан сан”-д орсон сор бүтээлүүдээс дөрөв нь “шатсан” нэртэй алга болжээ
2022 оны 11 сарын 23

- Ж.Ганбат: Аавын минь бүтээлүүдийг “шатаасан” төр нөхөн төлбөр өгөх ёстой- 

Улсын алтан сан хөмрөгт авсан Монголын үе үеийн нэрт зураачдын сор болсон бүтээлүүд шатсан, устсан, алга болсон, эх нь сураггүй болж хуулбар нь үлдсэн. Үүн дээр Соёлын төв өргөөний дээврээс нь байнга ус гоождог нэг буланд 30 жил татвар төлөн байрлаж ирсэн зэргээс үүдэн “Уран зургийн галерей”, тэнд байгаа үнэт бүтээлүүд аврал эрж байгаа тухай мэдээллийг манай сонин ӨМНӨХ ДУГААРТАА хүргэсэн.

Ер нь бол “2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээр шатсан”, “2009 оны тавдугаар сард галд өртсөн” гэдгээр далимдуулан өмнө нь  алга болсон бүтээлүүдийг хамруулан акт тогтоосон. Тэр ч бүү хэл эх хувийг хаашаа ч юм бэ гаргаад оронд нь хуулбар тавьсан байх магадлалтай. Үүнд “Уран зургийн галерей”-н үе үеийн дарга нар “но”-той ч гэж хардаж болно. Үнэлж баршгүй өв санг алга болгочихоод ажлаас халагдлаа хэмээн хариуцлага хүлээлгүй алга болдог гэсэн яриа байнга дуулддаг байсан. Тэр нь яриа төдий зүйл биш баталгаатай болохыг 2019 онд Их тэнгэрийн аманд байх төр, засгийн үйлчилгээний “Хатан туул” зочид буудалд байсан зургууд алга болж, хуулбараар солигдсон үйл явдал тодорхой харуулсан юм.

Нэхэн сануулахад тухайн үед “Уран зургийн галерей”-д тооллого явагдсан байдаг. 1989 онд Занабазарын дүрслэх урлагийн музейгээс 40 ширхэг зургийг Их тэнгэрийн амны амралтын бааз, “Хатан туул” зочид буудал, Маршал харш руу илгээж, удалгүй “Уран зургийн галерей” өрх тусгаарласан.

Дээрх 40 бүтээл солигдсон, хуулбарлагдсан, алга болсон нь тооллогын дүн, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр батлагдсан байна. Ингээд 17 бүтээлийг “Уран зургийн галерей”-д буцааж өгчээ. Үүнээс алга болсон 21 бүтээлийг олж илрүүлэх, эзэн холбогдогчдыг тогтоолгох, улсыг хохиролгүй болгох хүсэлтийг ЦЕГ-ын ЭЦА-нд гаргаснаар Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оны гуравдугаар сард  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү Х.Болдбаатарын “Монгол Арт” хувийн галерейд нэгжлэг хийж, нийт 10 зургийг хурааж авч “Уран зургийн галерей”-н сан хөмрөгийн ажилтанд хүлээлгэн өгчээ. Тэгвэл дээрх 10 зураг дотор “Уран зургийн галерей”-гаас алдагдсан С.Нацагдоржийн 1960 онд зурсан  “Бугуйлч” гэдэг зураг байгаа нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Иймд үлдсэн есөн зургийг Х.Болдбаатарт эргүүлэн өгөхөөр болсон байна. Мөн Г.Одонгийн “Уран сайханчид”, Б.Санжидын “Угалз босохын өмнө” гэх хоёр зураг “Уран зургийн галерей”-д шатсан байдалтай хадгалагдаж байгаа. Зураач Г.Цэрэндондогийн “Говь”, М.Цэмбэлдоржийн “Хяргас нуур”, “Хавар” гэсэн гурван зураг Их тэнгэрийн аманд хадгалагдаж байсан. Үлдсэн 15 зургийг Их тэнгэр цогцолборт хүлээгэн өгсөн, улмаар тэнд хадгалагдаж байсан гэх баримт тогтоогдоогүй. Иймд хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хааж шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн Нийслэлийн  прокурорын дүгнэлт /2022.10.7/ гарчээ.

Гэтэл дээрх мэдээлэлд огт дурдагдаагүй, тэгсэн атал байх ёстой газраа буюу “Уран зургийн галерей”-н алтан санд байхгүй, хаа байгаа нь тодорхойгүй, шатсан устсан гэх мэдээлэл бүрхэг уран зургууд бас байдаг юм байна. Тухайлбал, уран хатгамал шаглаж буй “Монгол бүсгүй” хэмээх хөрөг зургаар нь найман настай балчраас наян настай буурал хүртэл монголчуудын сайн мэдэх нэрт зураач Ц.Жамсран агсны бүтээлүүдээс “Гал гарахад  шатаж устсан” гэх тайлбартайгаар сураггүй алга болсон хэд хэдэн зураг байдаг гэсэн мэдээллийг зарим зураач хэлсэн юм. Түүний бүтээлүүдийг хүмүүс ихэнхдээ Ардын зураач Ү.Ядамсүрэнгийнх хэмээн андуурдаг. Төр, засгаас  40 шахам бүтээлийг нь Улсын алтан сан хөмрөгт авч хадгалсан. Ер нь түүнээс өөр тийм олон бүтээл нь Улсын алтан санд орсон уран бүтээлч ховор. Хөрөг зураг, байгалийн зургууд нь дэлхийн уран зургийн үзэсгэлэнд Монголын нэр, нүүрийг олон удаа тахалж явсан. Гэсэн хэдий ч социализмын үед өрсөлдөгчдийн зүгээс тэр хүний алдар гавьяаг нь зориуд дарж, дарагдуулж байсан тухай домог мэт ярианууд дүрслэх урлагийн салбар, зураачдын дунд яригддаг юм байна. Энэ мэтчилэн мэдээллийн мөрөөр нэлээд эрэл хайгуул хийсний дүнд бид түүний хүү, театрын зураач Ж.Ганбатыг олж уулзсан юм. Аавынх нь бүтээлийн талаар цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

“У булан” тэргүүтэн бүтээлүүд шатсан уу, хулгайлагдсан уу

-Таны аав Ц.Жамсран агсныг ХХI зуунд  Улсын санд хамгийн олон бүтээл нь хадгалагдсан зураач гэж үздэг юм байна. Тэнд хэчнээн бүтээл нь хадгалагддаг вэ?

-Аав маань 1950 оноос анх зураг зурж эхэлсэн юм билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 70 жил өнгөрчээ. Аав минь бурхан болоод 38 жил болж байна. Дүрслэх урлагийн алтан санд хадгалагдаж байгаа бүтээлүүд нь ихэнхдээ Улаанбаатар хотын музейнүүдэд бий. 38-39 бүтээл нь “Уран зургийн галерей”-д хадгалагдаж байдаг.

-Авьяас чадвартай болохоор уу, ер нь яагаад нэг хүнээс тийм олон бүтээлийг Улсын санд авсан юм бол?

-Миний аав гайхамшигтай зураач байсан. Түүнээс гадна одоо харж байхад төрөл, жанр нь олон байжээ. Монгол зураг, өрнөдөөс уламжлагдаж ирсэн тосон будгийн зургууд, монгол зургийн плакат гээд олон төрөл жанраар зурдаг байсан учраас 40-өөд бүтээл нь орсон байх.

-“Уран зургийн галерей”-д хадгалагдаж  байгаа тэр олон бүтээлээс нь дөрвөн зураг  нь сураггүй алга болсон уу, шатсан юм уу. Энэ асуудлыг танаас тодруулах гэсэн юм?

-2009 оны тавдугаар сарын 19-нд гарсан галд шатсан гэсэн. Энд шатсан бүтээл дотор 1951 онд зурсан “У Булан” гэж зураг бий. 1968 онд зурсан “Боргио” 1979 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойгоор зурсан Төв аймгийн  Эрдэнэсант сумын 200-гаад бодит хүний дүр төрхийг харуулсан “Эрдэнэсант” хэмээх том хэмжээний бүтээл, 1967 онд зурсан “Гурван улиас” бүтээл зэрэг дөрвөн зураг нь шатсан гэсэн. 

-Харамсалтай юм болжээ. Өв залгамжлагчийн хувьд танд юу бодогддог вэ. Төр хадгална гэж аваад шатаачихсан, бүр устгачихсан байна шүү дээ?

-Үр хүүхдүүд, өв залгамжлагчийн хувьд бид аавынхаа бүтээлийг шатсанд маш их харамсдаг. Хэрэгтэй үедээ авч хэрэглэж байгаад хугацаа дууслаа гэдэг шиг байж болмооргүй байна шүү дээ. Ээж, аав минь байхгүй ч гэсэн үр хүүхэд, хойч үе нь байна. Би уран зургийн хүн биш ч гэсэн театрын зураач, 40 гаруй жил энэ салбарт ажилласан. Аавынхаа мэргэжлийг өвлөөд явж байгаа уран бүтээлчийн хувьд сэтгэл шимширдэг. Асууж сураглахаар шатсан дөрвөн бүтээлийг нь яах гэж байгаа нь тодорхойгүй, ямар ч хариу өгдөггүй. Бид олон жил тэссэн. Байдлыг хараад хүлээсээр ирсэн.

-Ер нь бол шатсан, устсан гэдгийн цаана янз бүрийн хардлага байдаг юм байна. Зах зухаас нь сонсож л байна. Танд тийм бодол төрдөг үү?

-“Уран зургийн галерей”-гаас хэдэн өдрийн өмнө хэвлэлийн хурал хийх үеэр “Хардаж болно”, “Хардах бол хувь хүний асуудал”  гэх үг сонсогдож байна лээ. Би 2004 онд “Уран зургийн галерей”-н доод давхарт байгааг нь хоёр нүдээрээ харсан байтал тэр бүтээл 2008 онд шатчихсан гээд байгаа. Би аавынхаа бүтээлүүдийг үзэж, бичлэг хийж, цаасан дээр ч бүртгэл хөтөлж авсан юм. Яагаад гэвэл, тэр үед аавынхаа ойг тэмдэглэх гээд бүтээлийн жагсаалт гаргах хэрэгтэй болсон юм.

Ирэх онд аавын минь 100 насны ой болно. Ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажил явагдаж байна. Шатсан дөрвөн бүтээлийг нь төр, засаг яах юм бол гэдгийг асуумаар байна. Хэсэг хүний 100 гаруй бүтээл шатчихлаа. Актлаад орхиё гээд хаямааргүй байна шүү дээ. Төр хадгалж чадалгүй шатааж байгаа бол ар гэрийнхэн, үр ач нарт нь хохирлыг барагдуулж нөхөн төлбөр төлөх ёстой гэж бодогддог. Хэдэн онд ямар үнээр авсан бэ, тэр нь шатах үед ямар үнэ ханштай байсан бэ гэдэг нь гараад ирнэ шүү дээ. Нэгэнт эх бүтээл нь байхгүй болсон хойно хуулбар хийж тавиад яах ч билээ. Аавын минь дахин давтагдашгүй тэр бүтээлүүд эргээд сэргээх юм бараг байхгүй юм шиг байна лээ. Ядаж өөдөс нь ч үлдээгүй бололтой.

-Зарим шатсан бүтээлийн харлаж түлэгдсэн жааз нь үлдсэн байна лээ шүү дээ, эд мөрийн баримт?

-Аавын минь бүтээлийн жааз тийм байдалтай үлдсэн эсэхийг бидэнд харуулаагүй. Эрх биш байгаа байлгүй дээ. 2008 оноос хойш би “Уран зургийн галерей”-н үе үеийн дарга нарыг амраахгүй байсхийгээд ирж нэхдэг байсан. Зарим тохиолдолд надаас зугтаагаад явчихдаг. Хамгийн гол нь манай улсын төр, засагт асуудал байна. Ядаж л соёлын үнэт өв сангийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, “Уран зургийн галерей”-г орон байртай болгомоор хэрэгтэй байна шүү дээ.

Ц.Жамсран агсны “Улсын алтан сан”-д орсон бүтээлүүдээс дөрөв нь ийнхүү “гал гарахад шатсан” гэх тайлбартайгаар алга болжээ. Нотлох баримт, тодруулбал өөдөс нь үлдсэн бол шатсан гэж ойлгож болохоор. Гэтэл юу ч үлдээгүй. Тэгэхээр шатсан гэж шууд хүлээж авахад бэрх. Хулгайд алдагдсан гэхэд мөн үлдсэн мөр үгүй. Ийм замаар орсон дүрслэх урлагийн үнэлж баршгүй бүтээл цөөнгүй байдаг бололтой. “Улсын алтан сан” мөн юм бол төр, засаг үнэт өвөө эргэж харж, тооллого бүртгэлийг чанаржуулж, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах цаг иржээ. Хэрэггүй болсон юм бол үр хүүхдүүдэд нь тарааж өгөх, эсвэл дуудлага худалдаа зарлавал унаж уруудаж буй улсын эдийн засагт хэрэгтэй юм биш үү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet