Сычуаны САЙН ХҮН I Юу ч түүнийг МУУ ХҮН болгож чадсангүй...
2022 оны 11 сарын 23

Германы сонгодог зохиолч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг бол “Сычуаны сайн хүн” буюу “The Good person of Szechwan”.

Туульсын театрын арга барилаар бүтээсэн энэхүү жүжгийг ОХУ-д найруулагчаар төгсөж ирсэн залуу найруулагч Э.Ёндоншарав УДЭТ-ын тайзнаа найруулан тавьж буй.

Үзэгчидтэйгээ хамт театр


Жүжиг эхлэх үеэс л үзэгчид тайз руу ширтэн суудаг уламжлалт байдлыг эвдэв. “Сайн байцгаана уу” гэсээр хатагтай Ян орж ирнэ. Тэрбээр үзэгчдэд жүжигчдийн бүтээж буй дүрийг танилцуулж, харилцан ярилцаж байгаа нь театр үзэгчидтэйгээ хамт байгаа амьд мэдрэмжийг төрүүлнэ. Өөрөөр хэлвэл жүжиг тайзан дээр биш таны зүрхэн дотор тоглогдоно...

Тайз засал, жүжигчдийн хувцас, амьд хөгжим, гэрэлтүүлэгчийн зүгээс жүжигчид, үзэгчидтэйгээ харьцаж буй зэрэг нь 1950-иад оны үеийн тарчиг хотын саарал өнгө үзэгчдийг уйтгарлуулахаас “аварна”. Архидалт, биеэ үнэлэлт, ажилгүйдэл, шунал, атаа жөтөө гээд ертөнцийн бүхий л хар бараан өнгөөр дүүрэн Сычуан хотын гудамж, ядуусын амьдрал, дугаарлан зогсож биеэ угаадаг халуун усны өрөө зэрэг бүхий л газрыг нүсэр их зүйл зөөлгүйгээр тун авсаархан бөгөөд сонирхолтой байдлаар шийдсэн байлаа.

Сайн хүн

“Новшийн” энэ хотод нэг л сайн хүн бий. Шэн Ти хэмээх шавилхан биетэй ч хүн чанар нь тэнгэр шиг уужим бүсгүй тамхины мухлагт суудаг юм. Сычуан хотын ядууст тусалж, хоноглох газар олж өгөх зэргээр хүнээс гардаг бүхий л сайхан чанарыг тэр харуулах ч САЙН ХҮН байгаад нь дасаж, даварсан ядуус Шэн Тигээс юу эсийг хүсэхэв... Хүн чанараа гээж, даварсан ядуус тэр бүсгүйн төлөө л амьдарч байгаа мэт аашилж, улам бүр ахина. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэдэг шиг...

Шэн Ти сайн хүн байснаараа өөрөө л хохирч байгаагаа мэдэрнэ. Ашиглуулж, муулуулж, ганцаардаж, шархална. Хүн чанараа гээсэн, араатан мэт аашлах хүмүүсийн дунд хөөрхий бүсгүй ганцаараа САЙН ХҮН байгаад нэмэртэй болов уу...

Хар бараан зүйлс Шэн Тиг эвдэхээр, МУУ ХҮН болгохоор оролдох ч чадсангүй. Түүнийг юу ч МУУ ХҮН болгож чадсангүй... Сайхан сэтгэл дундарч, дуусдаггүй аж...

Гайхалтай хослол


Жүжигчин Т.Хулан, Н.Ялалт нар УДЭТ-т эргэн ирсэн билээ. “Сычуаны сайн хүн” жүжиг тэдний гайхалтай хослолыг харуулж чадсан. Үзэгчид ч энэ талаар ам бардам ярилцах нь сонсогдож байсан юм.

Дурлаж үзээгүй хүн гэж үгүй. Дурлалгүй явсаар нас эцэслэвэл юутай харамсалтай вэ... Дурласан Шэн Ти бүсгүйн нүд гэрэлтэх мөч, хайртай залуугийнхаа өмнөөс баярлах, хэвлийд нь бойжиж буй бяцхан хайрынхаа тухай мэдэх, түүний төлөө эрэгтэй хүний дүрд орж, юуг ч даван туулахаар зүтгэх зоригийг жүжигчин Т.Хулан жинхэнэ “амьд”-аар харуулах аж. Эмэгтэй, эрэгтэй хүний дүр ээлжлэн гарч ирэх Шэн Тигийн дүрд Т.Хулан тайзан дээр жаргаж тоглов. Тэр жинхэнэ драмын хүн аж...  


Шэн Тигийн итгэл, сэтгэлийг үл тоомсорлож, зөвхөн амиа л хичээх бүтэлгүй залуу Ян Суны дүрийг жүжигчин Н.Ялалт бүтээсэн. “Сычуаны сайн хүн” жүжгийн туршид үзэгчид түүнд ямар их урам хугарч, үзэн ядсан бол...

Хоёр жүжигчний бие бие рүүгээ харах харц, харилцан яриа, анхны үнсэлт, урам хугаралт, уучлах мөч... Бүгд “амьд” байлаа... Ямар гайхалтай хослол вэ...

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet