Сэтгэлийн мухраас үл устах, дотнохон тоглолт
2022 оны 11 сарын 22

Нүдэнд дулаахан харагддаг хүн гэж байх юм. Миний хувьд тэр хүн бол “The Voice of Mongolia” шоуны оролцогч, уртын дуучин Э.Дашням юм. Түүнд монгол эр хүнд байх төлөв даруу, ичимхий, дуу цөөтэй зан чанар байдаг юм шиг санагддаг. Тэрбээр саяхан Дашням анхны бие даасан тоглолтоо хийлээ. Тоглолтын зохион байгуулалт, тайзны засалт, хөтлөгч, үзэгч халаагч хүртэл байлцуулсан нь ёстой л нэг туршлагатай Хурд хамтлагийн дэглэлтэд бэлтгэгдсэн гэдэг нь анзаарагдав.

Тоглолтын туршид Э.Дашням үзэгч, олныхоо хайрыг татаж, инээлгэж, сэтгэлийг нь уярааж байсан юм. Тэрбээр тоглолт эхлэх үед “Хүний тоглолт дээр дуулахаар далжганаад олон юм яриад байдаг юм байсан. Өөрийнхөө тоглолт дээр хэлэх үг олддоггүй юм байна” хэмээн уухичсаар, хөлсөө шувтарч байлаа. Сандарч байгааг нь мэдэрсэн үзэгчид улам чанга алга ташиж, түүнд урам өгсөн юм. Тоглолт дундаа орж байх үед Э.Дашням маань “Тогонд цохиулаад ухаан алдсан мэт боллоо. Одоо л сандрал багасаж байна” гэсээр гарч ирэв.

Манай сонинд өмнө нь ярилцлага өгч байхдаа тоглолтынхоо нэрийг “Хурдын Отгоо ах ингээд өгчих л гэсэн. Би өөрийгөө Дашнямтай өдөр төрсөн үгүйгээ мэдэхгүй байна” гэж байсан юм. Харин тоглолт дээрээ ээждээ загнуулсан тухайгаа ярьж байна. Учир нь “Би чамайг дашнямтай өдөр төрсөн болохоор чинь Дашням гэж нэрлэсэн гэж хэлээ биз дээ” гэсэн гэнэ. Ийнхүү ярихдаа “Ингээд залруулчихъя. Ээж та дахиад намайг загнахгүй биз” гэж олон түмний нүдэн дээр тангараг авч буй нь үнэхээр хайр татам санагдав.

Энэ үеэр ийм төлөв даруу залууг ямар азтай эмэгтэй насны ханиа болгосон бол гэх зурвасхан бодол орж ирснийг нуух юун. Бас нэгэн сэтгэл хөдөлгөсөн явдал гэвэл Дашням “Өмнө нь олон тоглолтод дуулж байсан ч өнөөдрийнх шиг намайг зориод ирсэн үзэгчдийн урд дуулах сайхан байна” хэмээгээд уйлах нь тэр. Ёстой л нэг үзэгчдээ жаргааж, инээлгэж, дуулуулж, уяраасан сэтгэлд нэг л дотнохон тийм сайхан тоглолт болж өндөрлөлөө. Дашнямын тоглолт миний сэтгэлийн мухраас үл устах агаад дурсамжийг минь хөглөж үлдээлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet