Н.Жанцанноров: Миний хувьд их билэгшээлтэй үйл явдал тохиож байна
2022 оны 9 сарын 29

Ирэх аравдугаар сарын 1-ний өдөр "Олон улсын хөгжмийн өдөр" тохиох гэж байна. Мөн энэ өдөр "Морин хуурын чуулга"-ын 30 жилийн ой тохиож буй бөгөөд, урлагийн ертөнцөд шинэ өнгө төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын нээлтийн тоглолт болох юм. 

"Морин хуурын чуулга" тэртээ 30 жилийн өмнө нээлтийн тоглолтоо нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл "Монгол аялгуу" бүтээлээр эхлүүлж байжээ. Энэ удаад "Анир" поп оркестр нээлтийн тоглолтоо мөн түүний бүтээл болох "Салхи мэт" хэмээх бүтээлээр эхлүүлж буй нь тун ч билэгшээлтэй үйл явдал. Энэ тухай Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой хэсэг хором ярилцлаа. 


- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй таны хувьд онцгой өдөр тохиох гэж байна. Давхар баяр тохиосон энэ өдрийн тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

- Ирэх аравдугаар сарын 1-ний өдөр давхар баяр тохиох гэж байна. 1970-д оны эхэн үеэс эхлэн дэлхий нийт "Олон улсын хөгжмийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн. Энэхүү хөгжмийн өдөр "Морин хуурын чуулга" 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн Монголын анхны "Анир" поп оркестр нээлтийн тоглолтоо хийх юм. 

Яг 30 жилийн өмнө "Морин хуурын чуулга" миний "Монгол аялгуу" зохиолоор анхны тоглолтоо нээж байсан юм. Энэ удаад "Анир" поп оркестр "Салхи мэт" хэмээх бүтээлээр минь мөн анхны тоглолтоо нээж байгаа нь миний хувьд ихэд билэгшээлтэй зүйл болж байна. 

Миний хувьд сүүлийн хагас зуун жилд төрөн гарсан үндэсний чиглэлийн "Морин хуурын чуулга", поп маягийн "Анир" оркестрын гарааны хөгжмийг бичих аз завшаан надад тохиож байгаад баяртай байгаа. 

- Өмнө нь манай улсад поп оркестр байгаагүй шүү дээ. Тиймээс хүмүүс ихэд сонирхож байгаа байх. Поп оркестр байгуулагдсан нь уран бүтээлчдэд төдийгүй нийгэмд ямар ач холбогдолтой гэж та харж байна вэ? 

- "Дуурийн театр", "Улсын филармони"-с гадуур маш олон уран бүтээлчид бий. Үндэсний ч юм шиг ятга, морин хуур оркестртоо оруулчихна, гитар аваачаад жазз ч юм шиг болгочихно, гитар, цахилгаан хөгжмийг нь авчихаар бэсрэг симфони болчихдог ийм олон талтай мэргэшсэн хөгжимчдөөс бүрдсэн найрал хөгжим үнэхээр хэрэгтэй байгаа. 

Жишээлбэл хийлч Дээгий, саксофончин Болдоо, эвэр бүрээний Чинбаа, төгөлдөр хуурч Чинбаа гэдэг ч юм уу, эдгээр хүмүүс чинь том хөгжимчид байхгүй юу. Гэхдээ тэр болгон "Морин хуурын чуулга", "Улсын филармони"-той тоглолт хийгээд байх боломж байхгүй. Харин "Анир" поп оркестр гарч ирснээр чөлөөт урсгалын маш том урсгалыг нээж өгч байна гэж би бодож байгаа. 

 

- Оркестр байгуулах тийм ч амар зүйл биш байх. Цаашид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах үе ирж байна гэж харлаа? 

- Тийм шүү. Хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэг маш том зориг. Тиймээс эдийн засаг, нийгмийн хуйсгануур энэ цагт оркестр байгуулж байгаад маш их баяртай байна. Би их билэгшээж байгаа. 

Дэлхийн хөгжим сонсож байгаа сонсогчдод өөрсдийн арга барилаар дэлхийн хөгжим сонсгох нь нийгэм талаасаа ч, уран сайхан талаасаа ч тулгамдсан асуудал. "Анир" дан ганц хөгжим тоглохгүй. Концерт тоглоно, киноны дүрс бичлэг хийчихнэ, цирк ч тоглож болно, рок ч тоглож болно, ер нь юу л бол юу тоглож болно гэдгээрээ маш том давуу талтай. Цаашид энтертайнмент салбар улам бүр хөгжиж, дэлхийн хэмжээнд саадгүй гарна гэдэгт итгэлтэй байна. 

- Ярилцлага өгсөнд баярлалаа. 

- Та бүхэнд ч мөн баярлалаа. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet