Л.Гантөмөр: Барилгын цонхны дулаан алдагдал их байна
2022 оны 9 сарын 22

“100 асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Зөвлөх инженер, Барилгын эрчим хүчний аудитор Лувсанцэрэнгийн Гантөмөр уригдлаа.

-Та энэ жил хаагуур зусав?

-Энэ жил бид гэр бүлээрээ хоёр ч удаа хөдөө явлаа. Гэр бүлийн маань хүн Хөвсгөл аймгийн хүн. Тиймээс нутаг руу нь явлаа. Дараа нь найзуудаараа нийлээд Хэнтий яваад ирсэн. Хэдийгээр сайхан цагт хөдөө гадаа явмаар байвч манай орны барилга, бүтээн байгуулалтын гол цаг нь зуны хэдхэн сар байдаг болохоор ажилдаа яарахгүй бол болохгүй.

-Манай орон сууц болон, барилгын дулаан алдалтын ихэнх нь цонхоороо алддаг гэнэ. Сүүлийн үед яахав, янз бүрийн дэвшилтэд цонхнууд гарч байна. Ер нь манай улсад барилга, байшингийн цонхны стандарт гэж бий юу?

-Барилгын дулаан хамгаалалтын норм дүрэм 2003 онд анх гарч, улмаар сайжирч явсаар 2005, 2009 онуудад одоогийн мөрдөж байгаа стандартын хэмжээнд ер нь хүрсэн. Энэ стандарт дээр барилгын хана, дээвэр, суурийн болон црнхны дулаалга ямар байх ёстойг зааж өгсөн. Мөн галлагааны хугацаагаар нь Монгол орныг дөрвөн бүс болгож хуваагаад хаана баригдаж байгаа, барилгаа сургууль, цэцэрлэг олон нийтийн барилга, үйлдвэржилтийн, хуурай, нойтон горимтой гэсэн гурван төрөлд хувааж, хана, дээвэр, цонх нь ямар байхыг тусгасан.

Харин өнгөрсөн 2020 оны шинэчилсэн Барилгын дулаан хамгаалалтын норм хэл найруулга талаасаа хүн ойлгоход хялбар болсон. Харин үзүүлэлтүүд нь бараг хэвээрээ байгаа. Барилгын хашлагат бүтээц дотроосоо цонх нь хувьсах үзүүлэлттэй байдаг. Хувьсах үзүүлэлт гэдэг нь хананд эзлэх цонхны хэмжээнээсээ шалтгаалаад үзүүлэлт нь ямар байх вэ гэдгийг нь заачихсан. Харин хана, дээвэр бол барилга нь том, өндөр байхаас үл хамааран нэг л үзүүлэлттэй. Харин орон сууцны барилгад хананд эзлэх цонхны хэмжээ 18 хувиас хэтрэхгүй байх нөхцөлд 0.65 метр квадрат градус байна гээд хэмжээ, үзүүлэлтийг нь заагаад өгчихсөн. Харин үүнээс их байх нөхцөлд ерөнхий үзүүлэлтээ хангаж, дулаан нь 0.65-аас их байна. Энэ үзүүлэлт бол ханатай харьцуулахад тав дахин, дээврийн хучилтаас 8-9 дахин бага үзүүлэлт юм. Тэгэхээр бол зөвшөөрөгдсөн дулаан алдагдалтай ажиллах бүтээц болчихоод байгаа юм. Үүнээс бага байх юм бол болохгүй. Болохгүй гэдэг нь хэт дулаан алдагдалтай болж, тухайн барилгад ажил- лаж, амьдрах хэрэглэгчиддээ сөрөг үр дагавартай гэсэн тооцооллоор гаргаж ирсэн.

-Вакум цонхны хувьд эхлээд хоёр давхар шилтэй байснаа сүүлийн үед гурван давхар шилтэй болсон байна лээ. Хүмүүс ойлгохдоо шилний давхар нь нэмэгдэх тусам сайн гэдэг. Тэгвэл үүний ялгаа нь юу вэ?

-Сүүлийн үед бид ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй хийц, бүтээц гээд ярьдаг болсон. Энэ бүхэн чинь дулааны алдагдалгүй, тэр тусмаа эрчим хүчний хэмнэлттэй гэхээр барилгын норм дүрмээр тавьж байгаа шаардлагыг дор хаяж 20 хувиар хангасан хийц, бүтээцийг хэлнэ. Өнөөдөр хийж бүтээц бүрийг дулааны алдагдалгүй гэж бодож, төлөвлөж байгаа. Гэтэл цонх нь дулааны алдагдалтай байгаад байна. Энэ талаар судалгааны ажил их бага хийсэн. Германы материалаар гурван давхар шилтэй цонх хийчихээр л хамгийн дээд чанартай гэж хүмүүс маань ойлгодог. Цонхны талбайн хэмжээгээр нь авч үзэхэд дундаж цонхны 80-90 хувийг шиллэгээ эзэлчихэж байгаа юм. Тэгэхээр шиллэгээний дулаан техникийн үзүүлэлт цонхны дулаан техникийн гол үзүүлэлт болчихдог. Зах зээл дөнгөж эхэлж байхад бид чинь хүрээ нь өргөн л байвал цонх дулаан байна гэж ойлгодог байсан. Түүн шиг гурван давхар шил гэдэг бол зүгээр тоймлосон яриа л даа. Харин гурван давхар шилтэй цонхны үзүүлэлт гэхэд хамгийн бага цонхонд тавьсан шаардлага үзүүлэлтийн 70 хувийг хангасан үзүүлэлттэй цонхны шилэн багцыг ярьж байна. Гэтэл өнөөдөр цонхны хэмжээ томорчихсон. Хананд эзлэх талбайн хэмжээ нь юун 18 хувь, доод тал нь 30, 50 хувьд хүрсэн. Сүүлдээ бүхэл бүтэн шилэн багцаар барилгыг бүрж байна. Тэгэхээр энэ үзүүлэлтийг хангахын тулд шилэн багцынхаа үзүүлэлтээр хангана. Дэлхий дээр дулаан техник үзүүлэлтийг нэмэгдүүлдэг шинэ бүтээгдэхүүнүүд нэвтэрсэн. Харин бид ердийн шилний талаарх ойлголтоос цааш хэтрэхгүй байна. Тэрийгээ хоёр давхар, гурван давхар гэж яриад байгаа юм. Ер нь шилэн багцны үзүүлэлтээр дулаан техникийн үзүүлэлтийг нэмэгдүүлдэг гурван арга бий. Нэгдүгээрт, шилэн багцандаа эрчим хүчний хэмнэлттэй түрхэцтэй шил хэрэглэх. Энэ нь хөгжөөд бүр нэг, хоёр, гурван үе түрхлэгтэй болсон. манайд одоогоор нэг түрхэлттэй нь орж ирсэн, хэрэглэгдээд явж байна. Нөгөөх нь, шил хоорондын зайнд агаар биш хүнд хий дүүргэж, шил хоорондын хөдөлгөөнийг сааруулдаг. Аргон гэх мэтийн хийг хэрэглэдэг. Гуравдугаарт, шил хоорондын зайнд зай баригч буюу гуурс ч гэдэг зүйлийг ашигладаг. Голдуу хөнгөн цагаан гуурс ашигладаг байсан ч дараагийн үе нь хуванцар гуурс гарч ирсэн. Мөн уян буюу супер гуурс гэж гарч ирсэн. Энэ бүхэн рүү бид бүхэн явах хэрэгтэй. Ямар их шийдэл байгааг эдгээрээс харж болно.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕОГООР СОНСОХ:

 

-Танай холбоонд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг цонх үйлдвэрлэгчдийн ихэнх нь бий байх. Эдгээр үйлдвэрүүддээ үйлдвэрлэлийн шатанд нь шалгалт явуулж, арга зүйн зөвлөгөө өгдөг үү. Өнөөгийн манай үйлдвэрлэгчдийн хүчин чадал хэр байгаа вэ?

- Манай холбоо 2020 онд анх байгуулагдсан. Байгуулагдсан зорилго маань 2016 онд Барилгын тухай хууль шинэчлэгдэж гарсан. Энэ хуулийн 19.1.4-т Барилгын материалын үйлдвэрлэл нь эрчим хүчний хэмнэлттэй барилгын материалын тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан. Цонхны үйлдвэр чинь хуучин тусгай зөвшөөрөлтэй байсан юм. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед тусгай зөвшөөрөлгүй болчихсон байсныг хууль гарсан учраас 2018 оноос цонх үйлдвэрлэл дахиад тусгай зөвшөөрөлтэй болсон. Тиймээс энэ чиглэл рүү үйлдвэрлэгчдээ хандуулъя, зөвлөгөө, үйлчилгээ өгье гэсэн зорилгоор байгуулсан. Одоогоор 30 гаруй гишүүнтэй болсон байна. Манай холбооны гишүүн бүр эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл эрхэлдэггүй л дээ. Харин энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хүсэл зорилго, тэмүүлэлтэй. Тиймээс ч сургалт, зөвлөгөөгөө аваад хичээгээд явж байгаа. Энд нэмээд хэлэхэд цонхны дулаан алдагдал гурван шалтгаантай байна. Нэгдүгээрт, шилэн багцаар явж байгаа, хоёрдугаарт өөрийн гэсэн стандарттай байтал бид өнөөг хүртэл цонхны угсралт, суулгалтыг буруу хийгээд байна. Удаах нь бие биенээсээ хараад л цонх хийхийг сурчихаад байгаад оршиж байгаа юм. Гэтэл шилэн багц, жааз угсраа нь тус, тусдаа технологийн горим, дагаж мөрдөх аюулгүй ажиллагаатай. Дээрээс нь цонхны угсралт, суулгалтыг тусдаа мэргэжлийн баг хийдэг. Манай холбогдох бүхий л стандарт дээр энэ тухай бичээстэй байгаа. Харамсалтай нь мэргэжлийн байгууллага байхгүй, стан- дартаа дагаж мөрдөхгүй байгаад байна.

-Улаанбаатар хотод хийгдэж байгаа олон сайхан барилгын төсөл байна. Эдгээр төслүүдтэй танай холбоо хамтарч ажилладаг уу?

-Би өөрөө барилгын дулаалга, дуу чимээ, материалын үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер хүн. Энэ чиглэлээрээ таарч байгаа юм. Өнөөдөр манайд барилга дээр “Гайгүй материалаар хийсэн биз дээ. Хэдэн давхар шилтэй юм” гэсэн асуулт л асуухаас биш яг технологийн алдаа дутагдал гараад, ямар үр дүн гарахыг хэн ч хэлж чадахгүй. Цонх томроод байгааг үзүүлэлтээрээ хэрхэн хангах ёстойг ч мэдэхгүй. Тиймээс энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт өгдөг, техникийн хяналтын итгэмжлэгдсэн байгууллага болъё гэсэн зорилт тавиад техник үзүүлэлтийг шалгадаг багажуудыг оруулж ирсэн. Ингээд туршилтаар жил гаруй хугацаанд ажилласан. Нийтдээ 150 айл, 30 гаруй байгууллагад үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн. Мөн ISOMN-ээс 1720 гээд албан ёсоор техникийн хяналтын итгэмжлэгдсэн байгууллага болсон. Ингэснээр бид цонхны чанар, төлөв байдал, дулаан алдагдлыг газар дээр нь үл эвдэх сорилын аргаар тодорхойлно. Үүнийхээ дагуу хүсэлт тавиад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалгчийн хэлтэстэй хамтран ажиллаж байна. Эдгээрийн шугамаар төсвийн болон орон нутгийн өмчөөр баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгын цонхон дээр тандалт явуулж, алдаа дутагдлыг нь олж зөвлөмж өгсөн. Мөн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа газруудтай хамтарч ажиллаж байгаа. Эрхэт Монгол групп, Таван богд групп гэсэн хэд хэдэн хувийн хэвшлийн газар байна.

-Цонхны салбарт ороод хэдэн жил болж байгаа юм бэ. Ер нь урд нь та юу хийдэг байсан бэ?

-Би чинь социализмын үед Налайх шилний үйлдвэрийн даргаар 1989 онд намын гишүүн биш мөртлөө томилогдож очоод дөрвөн жил ажиллаж байсан.

-Тэнд шилний үйлдвэр байсан юм уу?

-Монголд ганцхан шилний үйлдвэр Налайхад байсан юм. Анх 1958 онд байгуулагдсан 300 гаруй ажилчинтай үйлдвэр байсан. Энэ үйлдвэрт ажиллаж байснаараа би бахархдаг. Манайх жилдээ таван сая орчим лонх үйлдвэрлэдэг, хамгийн том худалдан авагч АПУ компани байсан. -Хүүхэд байхад ундаа, архины шил авдаг байсан. Энэ шилний хаашаа очдогбайсан юм бэ? -Хүнсний үйлдвэрүүд нь авдаг байсан. Өөрсдөө угаах цехтэй байсан юм. -Лонхны түүхий эдээ хаанаас авдаг байсан бэ? -Төв аймгийн Аргалант сумын Молцогийн элс чинь 86 хувийн кварцлагтай. Өмнөговиос хатуу хэлбэрээрээ 100 хувийн кварцлагтай хадан цагаан татаж, нунтаглаад 90 орчим хувийн кварцлагтай шил гаргадаг байсан. -Манайд одоо лонхны үйлдвэр байна уу? -Байхгүй. Манайд хийгдэж байгаа лонх- той бүтээгдэхүүнүүдийн бүх лонх гаднаас орж ирж байгаа.

-Манайд элснээс их юм алга. Гэтэл шил хийхэд тохиромжтой нь байдаггүй гэх юм?

- Элсний өөрийнх нь найрлагаас шалтгаалаад байгаа юм. Одоо хэдэн залуус Багахангай дүүрэгт шилний үйлдвэр байгуулж байна. Тэд хадан цагааныг нунтаглах юм билээ. Бидний үед хадан цагааныг нунтаглах жаахан ажиллагаатай байсан. Одоо харин техник технологи хөгжсөн учраас 2025 оноос энэ төсөл гараад ирэх байх. Төрийн хэмжээнд цементийн үйлдвэрийг нэлээд авч үзээд гайгүй хэмжээнд оччихлоо. Одоо бол барилгын салбарт хавтгай шилний үйлдвэр маш чухал. Эрэлт хэрэгцээ, түүхий эд нь байна.

-Энэ насныхаа амьдралыг шилтэй л холбочихсон хүн юм биш үү?

-Ер нь бол тийм дээ. Нэг хэсэг шил үйлдвэрлэж байсан бол хамгийн сүүлд эрчим хүчний хэмнэлттэй шилэн багц байна.

-Эрчим хүчний хэмнэлттэй цонх, энгийн цонх хоёрын ялгаа нь юу вэ?

-Эрчим хүчний хэмнэлттэй аливаа хийц, бүтээц гэдэг нь барилгын норм стандартад тавигдаж байгаа нормативыг 20-иос доошгүй хувиар илүү хангасан бүтээгдэхүүнийг нэрлээд байгаа юм.

-Улсын комисс барилга, орон сууцыг хүлээж авна гэхээр яг юуг хүлээн авч, юуг нь шалгадаг юм бэ?

-Миний ойлгож буйгаар бол тухайн барилга нь зохих журмын дагуу зөвшөөрөлтэй, зураг төсөлтэй, стандартын шаардлагын дагуу баригдаж уу гэдгийг бичиг баримтын хүрээнд л үздэг болов уу гэж боддог. Түүнээс биш онгойлгоод л, тогшоод, хэмжиж үздэггүй байх. Тухайн мэргэжилтэн өөрийнхөө мэргэжлийн дагуу л асуултаа асууна шүү дээ. Барилгын хана, дээврийн дулаалга бол хүн ойлгоход илүү хялбар. Шууд тооцоолоод гаргаад ирж болно. Цонхыг бол гурван давхар шилтэй, гайгүй материалаар хийсэн үү гэхээс өөрийг асууж мэдэхгүй.

-Танай холбооны дэргэдэх Ачит үйлс компанид байгууллага гэхгүйгээр айл өрх ч гэсэн цонхныхоо дулаан алдагдлыг шалгуулах хүсэлт өгч болох уу?

-Бололгүй яахав. Бид өнгөрсөн онд барилгын үзэсгэлэнгийн үеэр нэг брошур тарааж байсан. Сүүлийн үед барилга их баригдаж байна. Гэхдээ байгалийн сайханд баригдсан гэхээс биш дулаан алдагдал, цонхны талаар огт ярьдаггүй. Харин бид тэр брошуртаа чанартай үл хөдлөх хөрөнгө сонгоход тань бид туслахад бэлэн гэж бичсэн юм. Нэг орон сууцанд захиалга өгөхдөө манайхаар үзүүлж болно. Захиалагч хүсэлт тавьсан учраас бид очиж үзээд хэмжилт хийгээд асуудал гарвал зөвлөмж өгнө. Тэгэхээр мөнгөө төлж байгаа хэрэглэгч шаардлагаа тавина.

-Цонх үйлдвэрлэгчдийн маань ирээдүй ер нь хэр гэрэлтэй харагдаж байна вэ?

-Хөгжлийн хувьд бид нэлээд хоцролттой явж байна. Одоогоос 10 жилийн өмнө ОХУ- руу явахдаа үзэж харж байсан хэмжээнд хүрч чадахгүй байгаа. Болох, болохгүй, стандарт нормоо хангаж байгаа эсэхийг шалгаж тогтоодог мэргэжлийн байгууллага байхгүй, мэргэжилтэй ховортой холбоотой. Одоо бол цонхон дээр нэг л үзүүлэлт явж байна. Тэр нь үнэ. Барилга бол бизнесийн салбар. Мэдээж үр ашиг байх ёстой. Гэхдээ хэрэглэгчээ хохироосон бараа бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлэх ёсгүй. Шалгадаг газар байхгүй, шалгахгүй болохоор үнэ хямд нь л дийлж байна шүү дээ. Норм дүрэм нь байгаа хэрнээ түүнийг хэн ч мөрддөггүй, мөрдүүлдэг газар байхгүй байна. Улсын комисс барьчихсан барилга дээр очоод будаг түрхсэн хана, хэдэн бичиг цаас л үзнэ. Харин мэргэжлийн байгууллагатай бол анхнаас нь л үзэж, шалгана.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet