Намрын “Infinity” үдэш
2022 оны 9 сарын 9

Загварын шоугүйгээр их хотын амьдралыг төсөөлөхийн аргагүй. “Гоёл”, “Торго”-гүй өнгөрүүлсэн хоёр жилийн дараа сая нэг фэшн шоунд хөл тавиад хөөрч догдолсон гэж жигтэйхэн. Сүүлийн үеийн загварын шоу зориулалтын тайз засахаа больж. Моделиудын нүүрнээс тод будалт хүсээд хэрэггүй. Унаган төрхөөрөө, натурал будалттай, уулын модон дунд ноолуур өмсөн дэгжин алхах моделиуд “Infintity Fashion Show 2022”-ын имиж. Зочид нь юмны үнэ, чанар мэддэг нухацтай хүмүүс. Дизайнер нь МУГЖ У.Уранчимэгийн дүү У.Уранзаяа урсгал ус шиг дөлгөөхөн бүсгүй байна. “Энержи Ресурс”-ын Г.Батцэнгэл гэж Гавьяат уурхайчин эрхмийг ганган модель болгож дөнгөсөн өндөр зэгзгэр бүсгүй Б.Пунсалдулам тус брэндийн нэг автор. Шинэ үеийн фэшн гүнж нарын эгнээнд Г.Энхдэлгэрэх гэж бүсгүй орж иржээ. Тус брэндийн 4 үүсгэн байгуулагчийн нэг тэрбээр инста орчинд бас л нүд хужирлах юм билээ. Шоуны үдэш брэндийнхээ улаан ноолууран урт цамцаар гоёж, дотуур нь ноолууран даашинз өмссөн байна билээ. Олон нийттэй харилцаж, ажлын голыг нугалж байдаг Т.Хүрэлчимэгийг “Улаанбаатар палас”-ыг нээсэн эрхмийн эгч гэдгээр хүмүүс сайн мэдэх юм билээ. Гэр бүлийн хүн нь Монголбанкны шидээвэр авторуудын нэг гэж зочид жиг жуг хийж байв. Сонин содон намтартай, 4 өөр өнгө, 4 өөр хүсэл мөрөөдөлтэй бүсгүйчүүд яг л бүх насны, бүх төрлийн бие галбиртай хүмүүсийг мэдэрч брэндээ бүтээсэн нь харагдаж байна билээ. Загвар өмсөгчдийн сонголт ч ямар нэг хайрцагт баригдсангүй. Ноолуураар урд өмнө нь гаргаж байгаагүй өнгө, хэн ч хэзээ ч өмсөж болохоор минимал мөртлөө эрхэмсэг хэв маяг “Nolur” брэндийг тодорхойлж байна. Ер бусын нимгэн, хуримын даашинз ч ноолуураар урласан нь алмайрам байлаа. Бүтээгдэхүүний чанарыг өөрсдөө үзэж мэдэх тул ингээд орхилоо. Энэ сарын 9,10 буюу энэ Бямба, Ням гаригт эднийхэн тусгай худалдаа зарласан бөгөөд шоуны бүх загваруудаа Шангри-Лагийн хоёр давхарт байрлах дэлгүүртээ гаргана гэсэн. Мянга сонсохоор нэг үзнэ биз.

Шоуны хувьд зочид дүүжин тэргээр зорчин уулын дээгүүр явсан нь сонин содон дүүлэн нисэж байгаа мэт мэдрэмж төрүүлж байв. Уулын модон дунд шоуны үзүүлбэрийн хэсэгтээ очихын тулд агаараар дүүлж очив, бид чинь. Хөтлөгчөөр С.Чимгээ ажиллав. Гадны зочид цөөнгүй учраас шууд хоёр хэл дээр хөтлөлтөө хийх ньюанстай, харизматай хөтлөгчийг чухалчилжээ. Үсээ дэгжин халимаг болгож янзалсан байна. “Уяхан замбуу тивийн наран” эгшиглэж, монгол бүжгийн гайхамшиг, өвөрмөц үндэсний хэв маягтай DJ гэхчлэн урлагийн үзүүлбэрүүд гоё бүсгүйчүүд, гоё загварууд дээр өнгө будаг, амт нэмж байлаа. Намар ууландаа сэрүүн байдаг. Моделиуд даараагүй байх, ноолуур өмссөн юм чинь. Зочид ч гэсэн ихэнх нь ноолуураар гоёжээ. Ноолуурын хэрэглээ өндөр, бүх улиралд өмсөх боломжтой хэлбэрээр хийж бүтээж байгаа нь сайхан юм шүү. Загварын шоугаа үзсэний дараа оройн хүлээн авалт дээр мөн л онцгой үзүүлбэрүүд бэлджээ. Юм үзсэн юм шиг боллоо. “Торго” шоунаас хойш ийм аятайхан мэдрэмжтэй шоу үзээгүй талаар хүмүүс жиг жуг хийж байв. Одоо намар болгон “Nolur” брэндээс загварын шоу хүлээдэг болох нь. Авьяаслаг бүсгүйчүүд 11-р сард Дубайд болох фэшн шоунд уригдсан байна билээ. Ингээд харахаар үнэхээр л хязгааргүй хүсэл мөрөөдөл монголын загварын ертөнцөд, монгол бүтээгдэхүүнд байж болох нь. Гагцхүү зөв хүмүүс урд нь гарч, удирдаж, эрсдэл үүрч, шинийг эрэлхийлэхийг цаг үе шаардаж байна.

Өө тийм, эдний брэндийн Амур загвар хамгийн хөөрхөн нь, бараг таних тэмдэг нэрийн хуудас нь байх аа даа. Гэхдээ би эндүүрээгүй бол бусад ноолуураар урлагчид загварыг нь хуулж байсан санагдаад байгаа юм. Түмэн харчихсан юмыг яах гэж хуулбарлаад өөрсдийгөө ч өрөөлийг ч эвгүй байдалд оруулж байдаг юм бол доо. Хуруу дарам хэдхэн ноолуурын брэндтэй мөртлөө бие биенээсээ хумслах явдал байгаа нь жаахан жул л юм. Өчнөөн жилийн түүхтэй мундгууд, томоохон групп компаниуд хэзээ бусдын санаагаар хүүдэгнэхээ болих бол. Том нь жижгийгээ дээрэлхэж, залгиж болдог гэдэг ойлголтоос салах цаг болжээ. Бодож сэтгэж, сэтгэлээ шингээж бүтээсэн байтал нэг л өдөр хуулбарлуулсан байхыг харах яавч таатай мэдрэмж биш. Гэхдээ “Nolur”-ын 4 бүсгүй байгаа нь намуухан шигээ амьдрал дээр ч дөлгөөн хүмүүс бололтой. Сошиалд учиргүй цойлохгүй юм, алдагдсан загварынхаа араас хэл ам таталсангүй. Загварын шоу хийгээгүй бол ард нь хэн хэн байгааг мэдэхгүй өнгөрөхөөр байлаа. Орчин цагт хүмүүс ийм болж байгаа. Эхлээд хийж бүтээнэ, дараа нь өөрсдөө гарч ирнэ. Нэг хэсэг эхлээд од болоод аль нэг ашигтай салбар руу үсэрдэг байв даа.

Намар цагийн загварын шоу, байгалийн сайхан, гоё юм үзэх бас л тансаг мэдрэмж. Нэг тийм жижигхэн ч гэсэн мөрөөдлөө биелүүлсэн ч юм шиг. Дэлхийд гарчихсан шинэ монгол брэндийн дараагийн хязгааргүй хүсэл эрмэлзлэлийн гэрч болсон ч юм шиг. Сэтгэл сэргэсэн сайхан үдэш байлаа. “Nolur”-ын хамт олонд баяр хүргэе. Гоё загваруудаараа дэлхийг гоёорой.

Бид та бүхэнд зочдын фото агшныг хүргэж байна. Шоуны загваруудын зургийг доорх линкээс үзээрэй.

http://www.grandnews.mn/content/read/167783.htm

 

Б.Ундрал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet