Украин жүдо бөхийн бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ зарлалаа
2022 оны 6 сарын 15

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын сүүлээх болох Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд ОХУ-ын тамирчдыг IJF холбооны далбаан дор оролцуулах шийдвэр гаргасан билээ. ОХУ-тай дайтаж байгаа Украин улс энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Харин энэ удаад Украины жүдо бөхийн холбооноос албан ёсоор Улаанбаатар Их Дуулга тэмцээнд оролцохгүй гэдгээ зарлалаа. УБ Их Дуулга төдийгүй IJF холбооны бүх тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдэв.

Украины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерт албан бичиг илгээжээ.

Захидалд “Украин улсын хувьд хүнд хэцүү энэ үед манай шигшээ баг, залуу тамирчдыг бүх талаар дэмжиж байгаад тань манай холбоо талархаж явдгаа илэрхийлж байна. Өнөөдөр дайн эхлэснээс хойш 111 дэх өдөр. Өдөр бүр 200 орчим украин цэрэг, энгийн иргэн Оросын цэргүүдийн гарт амиа алдаж байна. Өнөөдрийн байдлаар жүдо бөхийн гурван дасгалжуулагч алагдсан. Долоон сая гаруй хүн гэрээ орхиж, дүрвэгч болоод байна. Дайн эхлэх үед Украины жүдогийн холбоо 30 мянган гишүүнтэй байсан бол тэдний 80 хувь нь одоо спортоор хичээллэх боломжгүй болжээ. Нийт 500 спортын цогцолбор, ордон сүйдлээ. Харин ОХУ, Беларусын жүдочид дайны үеэр дарангуйлагч дэглэмийн санхүүжилтээр бэлтгэлээ хийсээр, цалингаа авсаар байна. Тэд Олон улсын холбооны нэр дээр оролцох ёсгүй. ОУОХ-ноос орос тамирчдыг тэмцээнээс хаах шийдвэр гаргасан. Орос, Беларусын жүдочдыг тэмцээнд оролцуулах болсон тул манай холбооноос украин жүпочид Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж байгаа бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Орос, Беларусын жүдочдыг хассан цагт бид эргэн ирэх болно” гэжээ.   

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet