DANCE WITH ME: Дуучин Укагийн гал халуун тоглолт
2022 оны 6 сарын 13

Монголын рок, попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бий болгож чадсан донж төгс нэгэн бол дуучин Ука. Энтертайнментийг жинхэнэ утгаар нь хийж чаддаг тэрээр "Dance with me" бие даасан тоглолтоо өнгөрөгч 10, 11-ны өдөр "Steppe arena"-д зохион байгууллаа. 

Үзэгчдийн орж ирэх хэсэгт түүний зурсан зургууд болон клипэн дээрээ өмссөн хувцаснууд нь байршсан байх бөгөөд зураг авахуулах хэсгийг мөн бэлдсэн байв.
Үзэгчдийг суудлаа эзлэхийг хүсэн хөтлөгч Ууганаа тайзнаа гарч ирлээ. Урьд өмнө нь тоглолтын дундуур "Kiss cam" үзэгчдийн дундуур аялж байсан тохиолдол үгүй. Харин энэ удаад үзэгчдийн дунд тус камерийг аялуулсан нь хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байлаа. 

Төд удалгүй Guest artist-ууд тайзнаа гарч ирэн өөрсдийн уран бүтээлүүдийг толилуулж тоглолтыг нээлээ. Үүний дараа дуучин Ука бүжигчин охидын хамтаар тайзнаа гарч ирэн өөрийн үзүүлбэрүүдээ болон бусад уран бүтээлчидтэй хамтарсан үзүүлбэрүүдээ толилуулж эхэллээ. Энэ үдшийн онцлох хүмүүсийн тоонд "Киви" хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүд зүй ёсоор багтана. Хит болсон дуунуудаа дуулж, үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлсэн тэднийг үзэгчид ихээр үгүйлсэн нь уур амьсгалаас тодхон харагдаж байв. 

Тоглолт эхлэхээс дуусах хүртэл хүрэлцэн ирсэн бүхий л хүмүүс дуучин Укатай хамт бүжсэн. Үүнд л түүний тоглолтын нэрний утга учир бий. Тийм ээ, тэр амласан амлалтдаа хүрч бүгдийг бүжиглүүлж, энтертайнмент гэдэг зүйлийг бүрэн дүүрэн харуулж чадсан. Мөн түүний бэлдсэн бүхий л зүйлээс түүний чин сэтгэл мэдрэгдэж байгаа тухай зааланд байсан үзэгчид онцолж байсан юм. 

Гурван хэсгээс бүрдсэн тус тоглолтыг чанарын өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхэд дэлхийн хэмжээний шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Steppe arena" чухал үүрэг гүйцэтгэсэн. Цоо шинэ тоног төхөөрөмжтэй "Steppe Arena"-д тоглолтоо хийж буй анхны бөгөөд сүүлчийн уран бүтээлч болсон дуучин Ука урлагт хөл тавиад 20 гаруй жил болж буй.  Өнгөрсөн хугацаанд гаргасан супер хит дуунуудаа толилуулсан тэрээр уг тоглолтоо өөрийнхөө "Эргэлтийн цэг" хэмээн онцолсон. Үүнээс цааш цоо шинэ өнгө төрх, уран бүтээлүүдтэйгээр эргэн ирэхээр шийдсэн Ука дараагийн удаад ч мөн гайхшруулах нь дамжиггүй биз ээ. 

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet