Т.Бархүү:Охинтойгоо юугаа ч нуулгүй ярьдаг.
2022 оны 6 сарын 10

Амьдрал, хайр дурлалын асуудалдаа ч ажил мэргэжилдээ ч үнэнч ханддаг Т.Бархүүг олон залуус үнэлж, үлгэр жишээ авдаг. Хайрын сайхныг бие биедээ мэдрүүлж, мэдэрч яваа И.Одончимэг, Т.Бархүү нар урлагийн ертөнцөөс төрөн гарсан үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг. Жинхэнэ урлагийн акулууд дунд өсөж хүмүүжсэн тэдний хөөрхөн охин Б.Сүндари ч чамлахааргүй авьяастай. Тэгвэл олон түмэнд хүрч буй "Хайрыг битгий гомдоо" ОАУСК-нд жүжигчин Т.Бархүү өөрийн охин Б.Сүндаритай хамт тоглоод амжсан. Т.Бархүүтэй уран бүтээл болон киноных нь талаар ярилцлаа.

-Таны биe дааж хийсэн анхны олон ангит кино гэдгээрээ "Хайрыг битгий гомдоо" ОАУСК онцлогтой. Хамгийн бэрхшээлтэй зүйл юу байв?

-Мэдээж хүнд хэцүү зүйл маш их байсан боловч 16 анги киногоо хийгээд дууссаны дараа маш сайхан санагдаж байна. Хамгийн хэцүү зүйл нь яг ковидын үеэр киноны зураг авалт хийсэн. Тэр үеийн эрсдлийг кино багынхан маань тойрч биш дайрч гарсан. Мэдээж санхүүгийн болон хамгийн гол нь цаг хугацааны хувьд маш их алдагдал хүлээсэн дээ.

-Та охинтойгоо өмнө нь нэг ангит кинонд хамт ажилласан. Аав охин хоёр хамт уран бүтээл хийхийн давуу болон сул тал юу вэ?

-Аав охин хоёр хамт тоглох нь сул тал гэхээсээ маш олон давуу талтай. Киноныхоо сценээ гэртээ ч бэлдэнэ, машиндаа ч бэлдэнэ, унтахдаа ч бэлдчихнэ. Хамтдаа өглөө сэрж зураг авалт руугаа явна. Хамтдаа гэр лүүгээ харина. Хамгийн сайхан нь хамтдаа бүхэл бүтэн 16 ангит кинонд тоглолоо шүү дээ. Энэ хүн бүхэнд олдохгүй байх. Мэдээж энэ бүхнийг сайхнаар нь харж чаддаггүй хүмүүст л хэцүү нь байгаа байх. Зүгээр яахав жижигхээн бэрхшээл гэвэл охин маань хичээлээсээ хэсэг хугацаанд чөлөө авсан нь сэтгэл зовоож байсан. Гэхдээ УБ-Элит сургууль уран бүтээлийг маань ойлгож дэмжсэнд баяртай байгаа.

-Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх учраа олох амаргүй байхад танай гэр бүл бүхий л талаараа түрүүлж алхаж байна. Таны хүүхэд авьяаслаг жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ. Яавал хүүхдийнхээ авьяасыг нээдэг юм бол?

- Гол нь уг хүүхдэд маань жаахан ч гэсэн авъяас байгаа бол түүнийг нь дэмжих л ёстой болов уу? Охинд маань тэр мэдрэмж багад нь байсан болохоор л богино видеонуудыг хийдэг байсан. Хамгийн анхны хүмүүст таалагдсан видеог Номуна эгч нь санамсаргүйгээр хийж өөрийнхөө сошиал сувгаар хүргэсэн байдаг. Хүмүүжлийн хувьд маш сайн зөвлөгч нь байхыг хичээдэг. Охинтойгоо юугаа ч нуулгүй ярьдаг. Том хүмүүстэй хүндэтгэлтэй байхыг хэлдэг. Худлаа ярьж огт болохгүй талаар сургадаг. Хүнийг ялгах нь хамгийн муухай зан, дандаа ялна гэж байхгүй ялагдаж сурах ёстой. Хүн болгон магтдаггүй муухай үг хэлж биднийг дэмждэггүй хүмүүс ч байдаг гэх мэт байнга хэлж сануулдаг. Хүүхдийнхээ хажууд муухай үг хэлэхгүйг хичээдэг, уураа тэвчдэг, зөв зүйлийг үлгэрлэх нь л хүүхдийн суурь хүмүүжилд нь нөлөөлдөгт итгэдэг болохоор тийм л байхыг хичээдэг. Гэрийн хүмүүжил хүүхдийн ирээдүйн амьдралыг тодорхойлдог ш дээ.

-Хамтран тоглогчоор мисс бүсгүй сонгосон нь анхаарал татаж байна. Тантай тоглосон бүсгүй шууд од болно л доо. Бараг өөрөө мeнтор хийдэг байх, тийм үү?

- Манай гол дүрийн Сайханаад тоглосон Э.Урангоо маань үнэхээр мундаг. Тэр биднээс хамаарахгүйгээр өөрийн гэсэн орон зай дэмжигчидтэй бүсгүй. Их хөдөлмөрч, дайчин хүн. Цагийг тун сайн баримталдаг. Бараг алдаа гаргадаггүй юм шиг санагдсан. Маш том Монгол брэнд болох МонКрем ХХК-ийн удирдлагын багт ажилладаг бүсгүй. Энэ кинонд тоглоход мэргэжлийн жүжигчин шиг маш сайн тоглосон. Киног үзсэн хүмүүс Сайханааг ямар үзэсгэлэнтэй эмэгтэй юм бэ гэж их олон сэтгэгдэл бичдэг шүү. Одоо Америк улсад мэргэжил дээшлүүлж тэндээсээ компаниа удирдаж байгаа. Үнэхээр мундаг даа.

-Гранд Маршал төслийн нүүр царай гэдгээрээ ковидын үeд хамгийн завгүй уран бүтээлч гэр бүл танайх байлаа. Нууц биш бол энэ том төсөлд ямар үнэ хөлсөөр оролцсон бэ. Хүмүүс Бархүү Одноо хоёр барилга барьжээ гэж ойлготол тултал рeкламдлаа шүү дээ?

- Гранд Маршал төсөлд хөрөнгө оруулагч гэж олон хүн хардаад байгаа. Тэр хүмүүст хэлэхэд манай гэр бүл уг төслийн нүүр царайгаар 3 жил ажиллах их том гэрээнд гарын үсэг зурсан. Үнэ хөлсний талаар гэрээнд зааснаар бусдад дэлгэхгүй байх үүрэгтэй. Энэ төсөл маань удахгүй ашиглалтанд орж олон гэр бүл тэнд аз жаргалтай амьдрах болно. Энэ төслийг хэрэгжүүлэгч Эрхэт Монгол групп маань "Хайрыг битгий гомдоо" олон ангит киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласанд гүнээ талархаж байгаа. Ёстой үүрд дурсан санана даа гэдэг шиг.

-Цар тахлаас болоод урлагийнхан олноороо мэргэжлээ сольж чиглэлээ өөрчилж байна. Таны уран бүтээлдээ үнэнч, үндсэн ажлаа хийж урваж шарвахгүй байгаагийн гол нууц юундаа байна?

- Олон ч юм хийх гэж үзэж байсан. Бүтэлгүйтэж дампуурч байсан. Ковидоос өмнө гэсэн үг шүү. Гэхдээ хүн хамгийн сайн чадах зүйлээ хийх нь амжилт дагуулдаг юм шүү. Тэр хамгийн сайн чадах зүйлээ хүн бүр олж чаддаггүйд л асуудал байгаа юм шиг санагддаг. Хүчээр ажил хийлгүүлээд ч байгаа юм шиг тиймэрхүү хүмүүс байдаг даа. Ажлаа хийх ч юм шиг, хиймээргүй байгаа ч юм шиг. Тэр хүмүүс дуртай чаддаг зүйлээ л хийгээгүй байгаад учир нь байгаа. Миний хувьд хамгийн чадах зүйл маань урлаг л болж таарсан. Гэхдээ ганцаараа бол маш хэцүү. Өнөөдрийн амжилтанд хүргэсэн хэд хэдэн зүйлийн нэг нь Х-ТҮЦ хамтлаг маань. Мөн хайртай гэр бүлийн маань хүн. Тэгээд цар тахалтай байсан ч үндсэн ажлаа хийсээр байсан.

-Яг одоогоор манай кино урлагт хамгийн их дутагдаж байгаа зүйл юу вэ?

- Кино зохиолч маш их дутагдаж байгаа. Мэдээж зохиолч нар байгаа л байх. Мэргэжлийн кино зохиол бичдэг хүн хайгаад олдоггүй ш дээ. Аргаа бараад манай хамтлаг өөрсдөө хэдэн сар сууж байж зохиолоо бичдэг. Мөн зарим нэг техник хэрэгсэл дутагдаж байгаа. Энэ бол манай зах зээлтэй холбоотой. Тэр үнэтэй техник хэрэгслүүдийг оруулж ирээд зардлаа олоход хэцүү. Бараг олохгүй байх.

-Та хамгийн сүүлд ямар уран бүтээл үзсэн бэ. Юу нь таалагдав?

- Солонгосын Kingmaker гэж кино үзсэн. Улс төрийн талаар уран бүтээлдээ тод чанга дуугарч чаддагт нь атаархаж л үзсэндээ. Манайд тийм кино хийвэл шууд л хаагдана ш дээ. Шатнаа гэсэн үг.

-Таны мөрөөдлийн дүр?

- Хэдэн жилийн өмнө ийм тийм дүр гэж бодогддог л байлаа. Одоо тийм дүр гэхээсээ илүү, хүнд хэрэгтэй өгөөжтэй уран бүтээл хийх нь л чухал санагддаг болсон.

-Одоо нэгэнт монголдоо Бархүүг бүх талаар барахгүй нь тодорхой боллоо. Таны цаашдын зорилго?

- Намайг танихгүй маш олон хүн байгаа. Цаашдын зорилго маань Суунийгаа л сайн хүн болгож сайхан амьдралтай гэр бүлтэй болохыг нь харах зорилготой доо. Тэр зорилгодоо хүрэхийн тулд урлагаа чадах чинээгээрээ сайн хийнэ. Энүүхэндээ гэхэд Сэргээш-4 мюзиклээ хийе ээ л гээд байгаа. Хамгийн ойрын зорилго бол энэ.

-Яг түүн шиг шоуны шүүгчээр та ажиллаж байгаа. Бархүүг барах уу шоу болтол оролцсон хүн шүү дээ, та чинь. Энэ удаагийн шоунд дүр хувиргалт үнэхээр тааруу байгаа дээр олон нийт санал нийлж байна. Шоуны хөшигний ардах сюрпризийн зах зухаас та задлахгүй юу?

- Яг түүн шиг шоуны нүүр хувиргалт яг л адилхан хийгддэгээрээ л хийгдэж байгаа. Гол асуудал нь тухайн оролцогч болон базерт таарсан дүр хоёрын толгойн хэлбэр бас биеийн хэлбэр нь таарахгүйд л байгаа шүү. Түүнээс биш өмнө хийж байсан нүүр хувиргалтын багийнхан тэр чигтээ ажиллаж байгаа. Хөшигний ардах нууцыг дэлгэх нь ёс зүйд нийцэхгүй ээ. Янз бүрийн л юм болно шд.

-Таны хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа оролцогч хэн бэ?

' Яг тэр гэж бодогдсон юм алга. Хэнч мундаг байж түрүүлж мэднэ. Тэр гэж хэлэх аргагүй, барьцгүй Шоу. Энэ удаагийн Яг түүн шиг шоу өөрийн гэсэн онцлогтой л болж байгаа. Миний хувьд шүүхээс илүү оролцох нь амар юм байна лээ. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet