Г.Эрдэнэбилэг: ”Тэгри Чину” кинонд бид ХИЙСВЭР ертөнцийг бүтээсэн
2022 оны 5 сарын 20

Драмын театр гэх том айлаас ажил амьдралын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Эрдэнэбилэг үнэнч шүтэн бишрэгчдээ том гэнэтийн бэлэг барилаа. Тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж буй “Тэгри Чину” олон ангит киноны постерын нээлтийн өдөр 2022.05.20-нд болж өндөрлөлөө. Тус киноны найруулагчаар ажилласан СТА Г.Эрдэнэбилэг киноны талаар нээлттэй ярилцсан юм.

- Киноны ерөнхий санаа болон, хийц постер гарсны дараа хүмүүсийн анхаарлыг ихээр татсан. Найруулагчийн хувьд энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

- Миний хувьд нийтлэг болсон зүйл үзүүлэхийг хүсдэггүй. Хойшдоо ч үүнийгээ барьж ажиллана. Тэр ч утгаараа "Тэгри Чину" олон ангит уран сайхны кино маань ч өөр өнгө аястай болсон гэж бодож байна. Постер үзээд хүмүүс өөрсдийн таамгийг дэвшүүлж байгаа харагдсан. Киног үзсэний дараа нууц задарна. Энэ киногоороо өөрийн хэлэх гэсэн санаа, үзэгдлүүд маань агуулгын хувьд гарч байгаа.

Киног маань үзээд эх орон, түүх, соёлынхоо тухай ойлголт авах байх. Нэг зүйлийг дахин тодруулж хэлэхэд энэ бол бодит түүх биш. Сүүлийн үед түүхэн кино их хийх боллоо гээд байгаа. Манай кино бол хийсвэр ертөнцөөр та бүхнийг аялуулна. Гэхдээ монголчууд ер нь ямар байсан бол, ийм байсан болов уу гэдэг талаас нь гаргахын сацуу өв уламжлалаасаа оруулж өгсөн. Тэртээ тэргүй монголын хувцас хэрэглэл, ёс заншлыг гаднынхан хангалттай ашиглаад бүтээл хийж байна. "Оддын дайн" дээр жишээлбэл эхнэр үсийг ашигласан байдаг. "Викингчүүд" дээр ч мөн хүннү дээлийг ашиглаж л байдаг. Яагаад бид өөрсдийнхөө соёл түүхийг хамгаалж болохгүй гэж. Хөөцөлдөөд маргалдаад явдаггүй юм аа гэхэд уран бүтээлээрээ үзүүлж, дэлхийд дэнслүүлж болохгүй гэж. Ийм хувийн эх оронч амбиц үүн дээр хөдлөөд бүтээлдээ түлхүү шингээхийг зорьсон.

- Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэх хүлээлт өөрт тань байгаа байх. Насны ангилал бий юу, ямар хүмүүсийг түлхүү үзээсэй гэж бодож киногоо бүтээсэн бэ?

- Бид хийсвэр ертөнцийг бүтээсэн. Манай үзэгчид үүнд бэлэн болсон гэж бодож байна. Дэлхий дахинаа маш олон кино гарч байна. Үүнийг маш олон сувгаар үзэгчид хүлээж авдаг болчихсон цаг. Хүүхэд залуучуудын сонирхоод байгаа "Бөгжний эзэн", "Game Of Thrones" зэрэг цувралууд хийсвэр ертөнцөд үйл явдал нь өрнөдөг. Гэхдээ цаагуураа утга агуулга нь том. Тухайн найруулагчийн эмзэглэл дээр бүтэж байгаа. Манай кино ч ялгаагүй.

Киноны хувьд анхдагч гэж орилоод байгаа юм биш. "Алтан өргөө", "Бушхүүгийн үлгэр" зэрэг алтан үеийнхний хийсэн үлгэрийн кино бий. Гэхдээ ерөнхийдөө зай нь холдсон гэж хэлж болно. Одоогийн залуучуудад зориулсан техник, технологид суурилсан эрэн үед бид Монгол ахуй дээрээ суурилсан, үндэсний бахархлыг шингээсэн, фантастик кино хийвэл залуучуудын сонирхлыг татангаа эх оронч үзлийг сэргээж болох юм байна гэж бодсон учраас энэ сэдвийг сонгосон. Киногоо бүх насныхан үзэхэд тохиромжтой байхаар хийсэн. Залуус ялангуяа их үзээсэй гэж хүсэж байна.

- Зохиолын санаа болон зураг авалтыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?

- Анх нэг ангит кино хийе гэж бодож байсан. Тэр маань нэлээн задарсан. Дээрээс нь ковидын үе таараад маш олон байгууллагууд хаалгаа барьсан. Тэгээд ерөнхийдөө дижитал хэлбэрт шилжиж, олон ангит кино хийх санаа төрсөн. Хөл хорио надад давуу тал болсон гэж хэлж болно. Бодох хугацаа олгосон. Үүний дараа зохиолч Тодко Самсонд хандаад зохиолын баг гаргасан. Үүнд жүжигчин Б.Шинэбаяр, С.Ариунбямба, Н.Ялалт нар багтаад бид санал бодлоо солилцсон. Зураг авалт үндсэндээ 6-7 сар үргэлжилсэн.

- Нийт хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

- 500 гаруй уран бүтээлч оролцсон. Уран бүтээлчдээс гадна маркетинг, гэрэл зураг, зураач, олны хэсэг гэх мэт хүмүүсээ оролцуулаад нийт 700 гаруй хүн оролцсон. 28 гол дүр гэж тодотгож яриад байгаа боловч жижиг туслах дүрүүд маш олон бий.

Бид явахад бэрхшээлтэй, аль болох хүмүүсийн очиж зураг аваагүй газар очиж зураг авахыг хичээсэн. Маш олон байгалийн шалгуурыг давлаа. Техник, технологийн хувьд ч мөн цөхөрлөө. Байгаль бол байгаль л байдаг юм билээ. Түүний өмнө ямар ч амьтан, хүн, техник хүчин мөхөстөх юм байна гэдгийг биеэрээ туулсан. Гэхдээ эргээд харахад бэрхшээл биш жаргал байсан.

- Киноны постерыг уран зураг хэлбэрээр танилцууллаа. Хэн гэдэг зураач зурсан бэ?

- И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг төгсөөд, сургуульдаа уригдан багшилсан анхны Монгол зураач болох Б.Отгонтүвдэн зураачийн бүтээл "Тэгри чину" олон ангит киноны албан ёсны постерын зургийг зурсан. Бид хоёр нэлээн олон сар ярилцсан. Зургийн техник, хэрэгслийн тухай зураач маань түлхүү ярих байх.

- Та өөрийнхөө дүрийн тухай багахан мэдээлэл өгч болох болов уу?

-  Миний дүр голлох дүрүүдийн нэг. Бараг туслах дүрдээ ч орж магадгүй. Тусдаа найман овог бий. Бүгд өөр өөрийн онцлог шинжтэй. Үүнийг нь постероос харах боломжтой. Олон ангит учраас бүгдийг нь одоогоор задалж ярих боломжгүй байна.

- Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан болов уу?

- Одоохондоо энэ киногоо цааш явуулах бодолтой байна. "Хийморь" кино маань олон улсын кино наадмуудад яваад чамлахааргүй түншүүдтэй болсон. Жим гарсан байгаа. Үүнийгээ зам болгохын төлөө ажиллана. "Тэгри Чину" киногоо олон улсын зах зээл рүү гаргая гэсэн санаа байна.

- Баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.

- Баярлалаа

Ярилцсан: Н.Цацрал 

Гэрэл зургийг Т.Тэмүүлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet