ЗӨВХӨН АМЬДРАЛЫН ГЭРЭЛ ГЭГЭЭГ...
2022 оны 5 сарын 20

Үргэлжлэл, түрүүч нь өмнөх дугаарт
Энэ бол суут зураач Пьер-Аугуст Ренуарын уран бүтээлийн уриа, хувь хүнийх нь амьдралд хандах хандлага байв. Оюун ухаан гэхээсээ илүүтэй зөвхөн сэтгэлдээ л хөтлөгдөж явсан зураачийн намтар түүх, уран бүтээлийн онцлогийг өмнөх дугаарт өгүүлсэн учраас энэ удаад зарим алдартай бүтээлүүдийг нь танилцуулъя. 
Нийтийн бүжиг 
Ренуарыг импрессионист зураачдын тоонд оруулдаг. Гэхдээ Париж хотын захын хороолол,зоогийн газар, нийтийн бүжгийн тухай зурж эхэлсэн 1875 оноос түүний уран бүтээл дэхь импрессионист  дэгийн үе эхэлсэн гэж үздэг. Тэдний нэг нь “Мулен ле Галлет уулан дахь үдэшлэг” хэмээх энэ бүтээл. 2010 онд Sotheby дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан эл бүтээлийг шүүмжлэгчид 18-р зууны  суут зохиолчдын бүтээлүүдтэй эн зэрэгцүүлж үнэлдэг. Монмартр уулын орой дээрх хуучин тээрмийг засч янзлаад урлагийнхны цугладаг Socre-Coe цэнгээний газар болгожээ. Тэнд цугласан дотны нөхдөө моддын навчсыг нэвт гийгүүлэх нарны замхарсан туяанд уран дүрсэлсэн “Мулен де ла Галетт” зураг XIX зууны сайн бүтээлүүддийн тоонд ордог.

Импрессионистуудын зургийг анх үзсэн хүмүүс бараг хамраа тулгах шахам хардаг байсан бөгөөд бийр будагны санамсаргүй хэдэн таталт, түрхэлтээс өөр юу ч олж харахгүй байна хэмээн гомдоллож, зураачид бол ухаан солиотнууд гэж үздэг байлаа. Олон зуун жил реалист, нарийн хийц жаягтай сонгодог зургуудыг харж дадсан үзэгчид импрессионистуудын сэтгэлийн хөдөлгөөн, анхны мэдрэмжээр зурсан зургууд бүрэн гүйцэд бус, ерөөс солиотой хүмүүсийн бүдүүлэг зураасууд мэт санагддаг байсан нь аргагүй. Ренуарын “Мулен ле Галлет уулан дахь үдэшлэг” хэмээх эл бүтээл тэдний нэг нь. Парист болдог гудамжны бүжгийн тэмцээнийг дүрсэлсэн уг зурагт баярлаж хөөрсөн олон түмний ааш авирыг ажиглаж, найр наадмын гоо сайхныг биширсэн байгаа ч зураачийн гол сонирхол огт өөр зүйлд байна. Тухайлбал, хурц тод өнгөнүүдийн хөөр хөгжилтэй эрээн мяраан, холион бантан болсон мэдрэмжийг төрүүлж, тойрон эргэлдэх энэ бөөн хүмүүсийн бужигнаан дундуур нарны туяа яаж гялалзан ойж буйг судлахыг хичээжээ. Наад захад сууж буй хатагтайн нүд, духыг сүүдэрлэсэн атлаа эрүү, уруул дээгүүр нь нарны туяа туссан байна. Хурц тод өнгийн даашинзыг нь илүү чөлөөт, зоримог байдлаар гаргаж. Ингэснээрээ тухайн үед үзэгчдийн дургүйцлийг төрүүлж байсан ч хожмоо уран зураг судлаачид хэрэв Ренуар нарийн ширийн зүйл болгоныг тод томруун дүрсэлсэн бол уг зураг амьдралаас тасархай, уйтгартай болох байсан хэмээн дүгнэсэн билээ.
Хамгийн сайхан хөрөг
Насан туршаа гоо сайхныг бүтээж, магтан дуулсан Пьер-Аугуст Ренуар эмэгтэй хүний гоо сайхны мөрөөдлийн дүр бүтээхдээ тэдний шинж чанарыг язгууртны хүрээллийн дэгжин ихэмсэг хатагтай бус харин үйлчлэгч, тогооч, үйлчин бүсгүйчүүд дундаас эрж хайж байв. Энэ нь сэтгэл зүрхэнд ойр дөт л зүйлийг дүрсэлдэг зураачийн сэтгэлтэй холбоотой. Сүүдрийг цэнхэр, арьсыг наранд алтархаг-ягаан өнгөөр гаргаж энэ салбарт шинэчлэл хийсэн Ренуар бодит байдлыг хуулбарлан зурах биш түүнээс өөртөө хэрэгтэй зүйлийг л сонгон дүрсэлдэг билэг танхай, эрх чөлөөний хэт мэдрэмжтэй уран бүтээлч байв. “Байгалиас суралцана гэж үгүй, хүн бүр байгальтай дур зоргоороо харьцаж, өөрийгөө олж авна. Би тийм зарчмыг удирдлага болгоно” хэмээн ярьсан нь бий. Чухамдаа иймээс түүний шидэт бийрийн ачаар нийслэлийн захын хорооллын бүсгүйчүүдийн энгийн даашинз, албан хаагчийн зузаан хүрэм сэтгэл булаам хувцас болон хувирсан нь олонтаа. 


Зураачийн 1870-аад оны шилдэг бүтээлүүдийнх нь нэгд Жанна Самари бүсгүйн судалбар хөрөг зураг багтдаг. Театрын жүжигчин энэ бүсгүйтэй Ренуар Альфонс Додегийн гэрт танилцсан бөгөөд түүнийг тайзнаа тоглож байхыг нь харж байгаагүй ч хөрөг зурагтаа Жаннагийн нандин бодол, мэдрэмж, амьдралын сайхан, хүний оюун санааны сэтгэл булаам чанарыг чадамгай хослуулан гаргасан юм. Ийм гайхамшигтай хөрөг зураг дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд маш цөөхөн гэж үздэг. Эл хөрөг зураг яагаад тийм сайн бүтээл болсон бэ гэвэл нэгдүгээрт, Ренуар хүүхэд, эмэгтэйчүүдийг зурах дуртай, амьдралын цаглашгүй гоо үзэсгэлэн, цэцэглэж байгаа залуу насны онцгой мэдрэмжтэй зураач байсных, хоёрдугаарт, эл хөргийг тэрээр захиалагчийн санаанд нийцүүлэх гэх мэт ямар ч дарамж шахалтгүй, гагцхүү онгодоороо туурвисанд оршиж байгаа юм. 
Үзэгчид рүү жирийн байдлаар харсан царайлаг, нүдэнд дулаахан жүжигчин бүсгүй яагаад ч юм алсад, зайтай юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Зургийн гэрлийн гол өнгө болох ягаан дэлгэц хөрөг зургийн утга санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, ягаан дэлгэц дотроос бүсгүйн дүр аажим тодорно. Ягаан дэлгэц дээр Жанна Самари бүсгүйн алтлаг шаргал үс гялтганаж, алтан бугуйвч зүүсэн гараараа эрүүгээ зөөлөн тулжээ. Бие галбирынх нь салшгүй хэсэг болох нүд, ам нь ягаан өнгөнөөс урган гарна. Түүний дүр төрх алгуур бий болж байх шиг сэтгэгдэл төрж, ягаан дэлгэцээс гоё гар, сэтгэл татам харц тодороч, бүхэлдээ уянгалаг, элгэмсэг жирийн байдал илэрнэ. Энд мэдээж Ренуарын амьдралынхаа турш баримталсан аз жаргал, гэрэл гэгээ дүүрэн эгэл байдал бүрэн цогцолжээ. 

Ренуар харж байгаа зүйлээ яг тэр чигээр нь тухайлбал, байгалийн өнгөт сүүдрийг гаргахыг эрмэлздэг байв. Нарны хурц гэрэл байгалийн түмэн зүйлийг өчүүхэн төдий өө сэвгүй харагдуулдаг чанарыг  тэрээр уран бүтээлийнхээ зарчим болгосон нь амжилтынх нь, Ренуарынх гэж тамгалагддаг арга барилын гол түлхүүр байсан юм. Түүгээрээ ч зургууд тухайн үедээ хамгийн эрч хүчтэй нь байсан боловч 14 жилийн хөдөлмөр, сэтгэлээ шингээсэн гал цогтой, амьд мэт харагддаг “Диана” зургийг нь тухайн үед үзэсгэлэнгийн комисс хүлээж аваагүй нь түүхэнд үлджээ. 
Усанд орж буй залуу бүсгүйчүүд 
Залуу бүсгүйчүүд их л баяр хөөртэйгээр усанд орцгоон цөөрөмд тоглож байгааг үзүүлсэн “Усанд орж буй эмэгтэйчүүд” зургаа 1887 онд зуржээ.


Цэцэрлэг дундах эгч дүүс

Гранд сэтгүүл №23

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet