Баяр баясгалангийн зураачийн Бидэнд үлдээсэн гэрэлт амьдрал
2022 оны 5 сарын 19


“Би хэзээ ч амьдралаа удирдаж чиглүүлэх гэж оролдож байсангүй, харин хүсэл болоод дур зоргынхоо аясаар хөвж явсан”. Пьер-Аугуст Ренуар
Дэгжин Парижын хээнцэр бүсгүйчүүдийн сэтгэл булаам дүр төрх, Монмартрын багт наадмын хөгжөөнт олон өнгө, жавхаалаг бүжиг, чармай нүцгэн бүсгүйн сувд эрдэнэс шиг гоо сайхан, амьдралын дээд баяр баясгалан бяцхан үрс, ер хүний амьдралд байж болох аз жаргал, гэрэл гэгээт бүхнийг бийр будгийн гайхамшгаар магтан дуулсан Пьер-Аугуст Ренуар. 19-р зууны дүрслэх урлагт шуугиан дэгдээсэн импрессионизмын цогтой төлөөлөгч, хожим Холливудад алдар цуугаа мандуулсан жүжигчин Пьер Ренуар, алдартай кино найруулагч Жан Ренуар нарын эцэг. Түүний тухай М.Лебедянский “Хүмүүс сайн мэддэг, уран бүтээлийнх нь талаар тоймгүй олон ном, судалгааны өгүүлэл гарсан зураачид байдаг. Үзэгчид зүгээр л хүндлэн дээдэлдэг зураачид бас бий. Тэгвэл тэдний тухай бичдэг ч зургийнх нь хуулбарыг л харуулахад уншигч, үзэгч ямар ч тайлбарлалтгүйгээр харж баясдаг тийм зураачид байдаг. Тийм зураачдын тоонд баяр баясгалангийн зураач Аугуст Ренуар хамаарна” хэмээн тодорхойлж байжээ. Түүнтэй танилцъя.     


Импрессионизмыг үндэслэгчдийн нэг Пьер-Аугуст Ренуар 1841 оны 2-р сарын 25-нд Францын шаазан эдлэлээрээ алдартай Лимож хотод жирийн оёдолчны 7 хүүхдийн зургаа дах нь болон мэндэлжээ. Ядуу тарчиг бага насыг туулсан Огьюст 13-тайгаасаа шаазангийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн бөгөөд чухам энэ үедээ зураач болох анхны алхмаа тавив. Хар багын, бүр төрөлхийн гэмээр баяр баясгалантай, цэвэр тунгалаг сэтгэл зүрхтэй хүү шаазан дээр, хичээлийнхээ дэвтэр дээр, хаа газраа зурж, эрээчиж, багш нараасаа зэмлэл хүртэнэ. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байхдаа завсарлагаар нь Луврт очно. Ажлаа тараад уран зургийн дугуйланд явна. Байгалиас заяасан авьяас, бурханаас өгсөн хувь тавилан гэгч нь энэ гэлтэй. 
Ийн 21-тэйдээ уран зургийн академийн оюутан болж, дүрслэх урлагт эргэлт буцалтгүй сэтгэл шуударлаа. Глейр багшийн шавь болж, идэвх, зүтгэлтэй оюутнуудын нэг болсон ч багш нартайгаа зөрчилдөж эхлэв. Уран зураг гэдэг Глейр мэтийн багш нарынх нь хувьд ариун гэгээн үйлс, харин залуу Аугустын хувьд сэтгэлийн баяр цэнгэл, амьдралын аз жаргал байснаас энэ зөрчил үүдэлтэй. Багш нар нь түүний дуртай хурц тод өнгүүдийг үзэж чадахгүй загнана. Гэтэл угийн амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээтэй бүхэнд дуртай залуу зураач хурц, тод өнгө нялах дуртай байдаг. Азаар эл зөрчлөөс жил орчмын дараа сургуульд нь шинээр элссэн 3 залуу хүсэл зориг, сэтгэл зүрх, үзэл бодол ижилхэн байж, тэд олон жил уран бүтээлийн гайхамшигтай андууд байсан төдийгүй импрессионизмыг эцгүүд болох тавилантай байж. Тэд бол Альфред Сислей, Фредрик Базиль, Злод Монэ гурав. Уран зураг бол бодит үнэнийг уран сайхнаар илэрхийлэх ёстой болохоос хуучны сонгодог арга барилыг дуурайж, хуулбарлаж зурахыг хэлэхгүй гэж тэд нэгэн дуугаар нотолж байсан юм.
Ренуар бусад импрессионистуудынхаа нэгэн адилаар уран зураг дахь аливаа тогтсон номлол, хэв загварыг үзэн ядаж, зөвхөн мэдрэмж, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар зурах ёстой гэж үздэг байлаа. Тиймдээ ч тухайн цаг үетэйгээ зөрчилдөж, эхэн үеийн бүтээлүүд нь “Гологдогсодын салон”-д тавигдаж, тэрээр зурах будаг авах ч мөнгөгүй залуу насны өдрүүдийг туулж өнгөрүүлсэний эцэст хүлээн зөвшөөрөгдөж, амьд ахуйдаа алдар нэрээ дуурсгаж, хөрөнгөлөг амьдарч чадсан цөөхөн зураачдын нэгбилээ. 
Зураач эр амьдралдаа ч шунал хүсэлгүй, хүсэл, мэдрэмжээрээ ханддаг байж. “Би хэзээ ч амьдралаа удирдаж чиглүүлэх гэж оролдож байсангүй, харин хүсэл болоод дур зоргынхоо аясаар хөвж явсан” хэмээн ярьсан нь бий.
Зураачийн амьдрал тун ч хүнд бэрх цаг үед захиалагч нар гарч ирж, хөрөг зураг тэргүүтэн зуруулж эхэлсэнээр түүний урам зориг улам бадарсан гэж болно. Ер нь түүний бүтээлүүд импрессионистууд дундаасаа хүртэл гэрэл гэгээ цацруулж, баяр баясгаланг гялбуулсан өнгө аясаараа ялгардаг байсан билээ.  
Ренуарын бүсгүйчүүд 
Зураачийн уран бүтээлийн гол сэдвүүдийн нэг нь яах аргагүй бүсгүйчүүд. Мөн ч олон эрхэмсэг дэгжин хатагтай нар, нүцгэн гоо бүсгүйчүүд Ренуарын урланг чимсээр иржээ. Харин хувийн амьдралд нь ердөө 2 эмэгтэй байсны анхных нь Лиза хэмээх хонгорхон бүсгүй. 1865 онд зураач найз Жюль Ле Кёрийн гэрт Лизатай танилцсан бөгөөд улмаар үерхэж, хэд хэдэн зургийнхаа модель болгожээ. Долоон жил үерхсэний эцэст Лиза түүнийг орхиж өөр хүнтэй гэрлэсэн түүхтэй. Энгийн амьдралаас эрхэмсэг гоо сайхныг олж харсан “Лиза” зураг чухам энэ үед төрж, жинхэнэ парис бүсгүйн нийтлэг шинжийг хадгалсан ард түмний охин хэмээх магтаалыг үзэгчдээс авсан байдаг. 
ЭНД ЛИЗА ЗУРГИЙГ ТАВИНА 
Харин түүний насны хайр, амьдралын хань нь Алина Викторина хэмээх бүсгүй байлаа. Уран зураг урлаг шүүмжлэгчид хийгээд энгийн үзэгчдээс ихээхэн шүүмжлэл дагуулах болсон цаг үетэй давхацан дөчин настай зураач эр бас нэг сэтгэлийн шаналантай болсон нь шинэхэн хайр дурлал нь байв. Өөрөөс нь 18 насаар дүү залуу бүсгүй Алина Викторина зөвхөн уран бүтээлээс өөрийг бодож яваагүй түүний ой ухаанаа гарахаа болилоо. Өөрөө аюултай бодол хэмээн тодорхойлсон Алина бүсгүйг мартахын тулд Ренуар эхлээд Итали руу, дараа нь Алжир хүртэл явсан боловч мартаж чадсангүй. Ингээд эцэст нь төрөлх хотдоо эргэж ирэхийнхээ өмнө зориг гарган Алинад захидал бичихдээ “Хэрэв чи намайг Парисын галт тэрэгний буудалд тосч авбал сэтгэл минь үнэхээрийн баяр жаргалаар гийх болно” хэмээн бичив. Хамгийн гайхалтай нь эртнээс модель нь болж, өөрийгөө зуруулдаг байсан усан үзмийн цэцэрлэгчийн хонгорхон Алино бүсгүй зураачийг тосч, 41-тэй Ренуар 23-тай, гэрэл гэгээ цацруулсан залуухан бүсгүйтэй хувь заяагаа холболоо. Зураачид 3 хүүхэд төрүүлж өгсөн Алино Ренуарын олон ч зургийн модель болсон нь гарцаагүй. Бүсгүй хүний гоо сайхан, дур булаам эелдэг дүр төрхийг  бүрэн дүүрэн илэрхийлсэн зургуудынх нь модель чухамдаа Алино билээ. 

Ренуар том хүүгээ хөхүүлж буй эхнэрээ зурахдаа өнгийг нэлээд хязгаарлан, нарийн зурааснуудад анхаарлаа хандуулжээ. Зураач бүх юм дугариг байх ёстой хэмээн, залуу охид хүүхдүүдийг голдуу булцгар байдалтайгаар дүрсэлдэг байсан нь түүний эхнэрийн булцгар хацартай холбоотой байх талтай. 
Алиа хошин зантай, боловсон төрхтэй, нөхөрсөг дулаан Ренуар гэргий, хүүхэдтэй болох аз жаргал дүүрэн өдрүүдтэй зэрэгцэн нэр алдар нь ч олонд түгж, амьдрал ахуй нь элбэг хангалуун боллоо. Харамсалтай нь 1915 онд хайрт гэргий нь олон жил шаналгасан, эр нөхрийнхөө сэтгэлийг зовоохвий гэхдээ ихэд нуудаг байсан сахарын өвчнөөр өөд боллоо. 74 настайдаа 57 настай гэргийгээ алдаж, хагацал гунигт автсан зураач энэ үед үе мөчний өвчнөөр шаналж эхэлсэн байлаа. Гуч орчим жилийн сэтгэл шиг нь баяр жаргал дүүрэн, элбэг хангалуун амьдралын эцэст өвгөн зураач ........хэмээх аюулт өвчинд нэрвэгдэн бүхий чадлаараа өвчнийхөө эсрэг тэмцэж байв. Эдлэн газар худалдан  авч, тэндээ чидун жимсний өтгөн төгөл тарьж, задгай байгальд урлан нээсэн байв. Гэсэн ч зураачийн яс нь хэлбэрээ алдаж, 47 кг болтлоо турж, сууж чадахаа больжээ.  Гарынх нь хумсыг алга руу нь шигдүүлэхгүйн тулд самбайгаар боодог байсан гэдэг. Тэргэнцэр дээн суун, өөрт нь тааруулж хийлгэсэн мольбертон дээр гараа зөвхөн урагш хойш хөдөлгөж зургаа зуран, эсвэл шавиа дэргэдээ суулган баримжаалан зуруулдаг байжээ. Зураг зурахад бүү хэл хөдөлж явахад ч бэрх байхад тэрээр амьдралын алив сайхныг олж хардаг тэр л сайхан чанараа, хошин шог зангаа алдаагүй нь гайхмаар. Шаналант өвчин нь түр намжих хэсэгхэн хугацааг ашиглан бүтээж туурвиж, залуу сайхан хүүхнүүдийг, цэцэг жимс, залуу хүний гал дөлтэй нүдийг зурж үлдээсэн байдаг. Бийрээ тавиад инээд алдаж “Өнөөдөр чинь би өчигдрөөс арай л илүү суут бүтээл туурвичихлаа шүү!” гэж хошигнон дуу алддаг байсан гэдэг. Суут зураач . настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний бүтээлүүд улам үнэд орж, хүн төрөлхтөнд гэрэл гэгээт, аз жаргал бялхсан амьдрал, мэдрэм бэлэглэсээр байгаа билээ. 
Зураачийн хүү Жан Ренуар асрагч эх Габриель Ренардын хамт
Эл зургийг зураач ... онд туурвижээ. Суут зураачийн хоёр хүү хоёулаа урлагт нэр алдартай, тод мөртэй болсон нь кино жүжигчин Пьер Ренуар, кино найруулагч Жан Ренуар. Зураг дээр Холливудад цуугаа мандуулсан бяцхан Жан Ренуар асрагч эх Габриель Ренардтай хамт дүрслэгджээ. Ер нь энэ франц бүсгүй Пьер-Аугуст Ренуарын гэр бүлийн чухал гишүүдийн нэг байсан төдийгүй эхэндээ хүүхдийн асрагч эх байсан бол сүүлдээ зураачийн гарын моделиудын нэг болсон түүхтэй. Түүгээр ч барахгүй Жан Ренуарыг алдартай кино найруулагч болгосон хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Нэрт кино найруулагч Жан Ренуарыг “бүтээсэн” хүн хэмээн хатагтай Габриелийг хүндэтгэн үздэг. Зураачийн гэргий Алино Викторинагийн үеэл энэ бүсгүй 16 настайдаа Монмартрт шилжин ирж, Ренуарынд амьдрах болжээ. 

Гранд сэтгүүл №22


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet