Сэтгэл сэндийчсэн “Тамгагүй төр”: Б.Баатар өөрөө Эгэрэг юм уу?
2022 оны 5 сарын 18

Б.Лхагвасүрэн УИХ-д 4 жил суусныхаа дараа “Тамгагүй төр” зохиолоо бичсэн түүхтэй. Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг умайгаараа хатан болсон ухаан мөхөс эмс, зэрэмдэг гаж эрчүүд, хор хэрхэн хутгаж буцалгадаг улс төрийн бохир тоглоом гээд нүгэлт хорвоогийн нүцгэн үнэнийг яс махаараа мэдэрсэн он жилүүд байсан бололтой. Бид өнөөдөр энэ хүний бүтээлийг шүүхэд ч юм уу дүгнэхэд сачий хүрэхгүй нь бололтой. Би лав бичихдээ эмээж байна. Ямар гээчийн тэнэг хорвоод бид амьдарч байна аа. Суу алдарт эрхэм аргаа барсандаа цээжинд амтагдсан бугшсан цухал хилэнгээ ёгт хатуу үгсээр цаасан дээр сийлжээ дээ. Ингээд монголын урлагийн түүхэнд бүү хэл дэлхийд жим зам нь нэгэнт тодорсон их хүмүүний эгэлгүй бүтээлийн талаар мөхөс би хэдэн үг нурших гэж байна. 

Эв нэгдэл 

“Херо” энэ удаад ганцаараа их алдрын тайзыг эзэгнээгүй. Драмын театр, Үндэсний урлагийн их театр, бүжигчид, жүжигчид 400 гаруй хүнийг нэгтгэн базжээ. Бараг урлагийн ертөнцөд их хувьсгал хийлээ гэсэн үг. Ер нь ч нэг зан байдаг даа, хашаа хашаандаа цэцэг ногоогоо тарьж хал балгүй огтлолцохгүй явдаг, бид. Хүлээн зөвшөөрч нэгдэн нийлж хашаагаа авна гэдэг бараг л боломжгүй, бүх салбарт. Яахав, хэт өвөр түрийдээ ороод яахав, цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байя гэсэн хэмжээ хязгаарын илэрхийлэл ч байж болно. Урлаг энэ мөчөөс хашаагүй боллоо. Хамтын хүчээр монголчууд дэлхийд гарч болох юм байна. Дараа дараагийн сэдэл болж урлагийн түүхэнд бараг л Торгоны зам гэдэг шиг даллагын уут нээсэн бүтээл болж.

“Херо” Б.Баатар, Г.Цоггэрэл, А.Амундра, М.Есөнмөнх, Б.Отгонбат, Д.Цэрэнсамбуу гээд шидээврүүд энэ төсөл дээр нэгджээ. Ямар ч алдаа мадаггүй төгс гүйцэтгэл, усгүй бүтээл, давс хужир нь таарсан өөлөх юм үнэндээ алга. Нэг хүний нүд, нэлээн олон хүний нүд харах ондоо. Б.Баатар ганцаараа магтуулж болох байсан ч энэ удаад нэг алхам ухарч таван алхам урагшилж чадлаа. Гэхдээ ийм боломж бололцоо байсан л юм бол их хүмүүнийг тэнгэрт халихаас өмнө амжих л байж дээ. Б.Баатар өдөр болгон их алга ташилт ирэх тусам сэтгэл нь урагдаж суугаа байх. Тэнгэр таалчихсан суут уран бүтээлчийн бүтээл нь энэ орчлонгийн хүн биш болсон хойно илүү алдаршдаг нь сонин юм шүү. 

Эби, С.Болд-Эрдэнэ, Дооёо 

Харахад мэдрэхэд нүд дүүрэн эр хүний ид хавыг гайхуулж байгаа Эби. Олон ч бүсгүй энэ хүний хатан болохыг мөрөөдөж буйгаа дуу алдан дүрийг нь хайрлан бичсэнийг харлаа. Яг л түүнд зориулсан дүр юм шиг. Дүрийн шугам бол хатуу шийдэмгий, ухарч няцдаггүй гуйвж дайвдаггүй байх хаан ухааны тухай юм. Түүний бодол огт уншигдахгүй юм. Тааварлашгүй оньсого мэт жүжигчин ажээ. С.Болд-Эрдэнэ эсрэг дүрийн ноён оргилд хаахна яваагаа Эгэрэгийн дүрээрээ харууллаа.

Түүний тоглолттой одоо юу ярих вэ дээ. Гоё байна. Дооёо зэрэмдэг хэрцгий буруу эрхэлсэн бухын хүзүүнээс хатуу ханхүүгийн дүрийг гаргав. Тэр алхаа гишгээ, үг яриа байгаа байдал нь Дооёо биш юм шиг. Урж байна аа, бурхан минь. Энэ гурван хүн нэг зүйлээрээ ижил төстэй. Асар даруухан. Ихэрхэж хээнцэрхэж илүү үг унагаж байсныг нь мэдэхгүй юм. Уг нь энэ дайны чадалтай хүмүүс юу л бол юу гэж бурж болно. Өөрсдийгөө авч чаддаг хаяж чаддаг зөвхөн урагшаагаа хардаг болохоор дүрүүд нь төгс гардаг ч юм шиг. 

У.Уранчимэг VS О.Дөлгөөн

Драмын театрын тайзнаасаа завсарлага аваад байсан халуухан МУГЖ У.Уранчимэг алтан тайзандаа дахин гарлаа. Тэр бие хаа, бүжгийн эвсэл, гоо сайхан ярих юм биш. Урнаа энэ зэргийн дүрийг зовохгүй гаргана. Гэхдээ нөгөө хашгичдаг Урнаа биш шүү. Тайз түүнд л зориулагдсан юм шиг, драмын театрын хатан нь тэр юм биш үү? О.Дөлгөөн жүжгийн гоо үзэсгэлэнг хийж байна. Бүжиглэхгүй, ялдамхан, харцаараа уярааж хааныг хайлуулж байгаа түүнийг дагаад хайлж урсаж байлаа. Гэнэн, цэвэр тунгалаг, ертөнцийн хир буртгыг төсөөлөх ч үгүй яг л ийм бүсгүйд хаан хүн сэтгэл алдардаг байх. Үзэсгэлэнтэй үхэл. Эмэгтэй хүн эр хүнтэй хэрхэн харьцаж хайрлах талаар түүний дүрээс авууштай, сурууштай зүйл байна байна. 


Хэцүү ч юм даа. Хайр гэгч зүйл энэ тэнэг хорвоогийн хамгийн том сул тал юм биш үү? Хайраас болж бид магадгүй хүчээ алддаг байх. Том үйл хэрэгт зорьж байгаа бол хүчээ нөөж хайраас ч татгалзах зориг хэрэгтэй. Харин эмэгтэй хүн хорвоод хоёр туйл дээр амьдардаг. Нэг бол эр хүнд хайрлагдаж зөвхөн түүний төлөө амьсгалж, түүний төлөө үхнэ. Нэг бол умдагаараа эрх мэдлийг атгаж ухаан байвал цааш нь түүх зурах гэж хичээнэ. Гэхдээ бүсгүй хүний үс нь урт ухаан нь богино. Эцсийг нь үзэж чадахгүй замдаа заавал гуйвж дайвна.

Товчхондоо ямар эр хүнтэй учрахаас бүсгүй хүний хувь тавилан шалтгаална. Анхандаа бүгд л цэвэр ариун, хиргүй тунгалаг байдаг шүү дээ. Хэн, ямар үрийг бүсгүй хүнд суулгахаас хиртэх эсэх нь хамаарна. Бүсгүй хүн ариун байхгүй бол төр хэрхэн бузардахыг их зохиолч ёгтоор харуулжээ. Бүгд л төрдөг ч цус худлаа хэлэх биш дээ. Муу хүний үрийг тарьж, эмс садарлавал их гай гамшиг отож байдаг ажээ. 

Б.Баатарыг бид шүүхгүй, тэнгэр мэдэг!

Нуугаад яахав, Б.Баатарыг улс төрийн салбадай, яг энэ жүжгэн дээр гарч байгаа Эгэрэг шиг ухвар мөчид зэрэмдэг нөхдийг хүчээр төрд гаргадаг тархи угаагч гэж бүгд ил далд шивнэдэг. Гэвчиг хаан заяа гэж нэг зүйл байна. Угаасаа харц байх тавилантай бол мянга тийчлээд хаан сэнтийд хүрэхгүй. Хүрсэн ч ер олигтой юм болохгүй. Төрөлхөөс хаан заяатай бол түмэн саад бэрхшээл байсан ч байр сууриндаа хүрэх л болно.

Төрийг цэвэрлэж, цусаа аврах их үйлсэд “Тамгагүй төр” уриаллаа. Эрхэм Б.Лхагвасүрэн Их хуралд суухдаа энэ төрийг сайхан цэвэрлэх юмсан гэж ямар ч их бодсон юм бэ дээ. Б.Баатар илдний ирэн дээр алхаж байгаа юм шиг өнөөдрийг хүртэл сайн муугаар их хэлүүлсэн. Бас их ч зүйл хийсэн. Гэхдээ энэ жүжгийг тавьсных нь төлөө чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Бараг л яс нь шажигнаж гаргасан бүтээл. Тэр ч бас эгэл нэгэн биш юм байна. Түүнтэй үүнээс хойш жижиг сажиг авгай хүүхэн, улс төрийн оркестр мэтийн зүйл яриад яахав. Уран бүтээлээ л хиймээр юм байна даа, энэ хүн. Хэчнээн ч алхмын урд яваа юм, оюун санаа нь. Бяртай байна. Хэнд ч таалагддаггүй нь бас хэт энгийн хүмүүсээс цус нь өөр буцалж, зүрх нь өөр зүйлийн төлөө цохилдгоос болдог юм байна. Эгэлгүй ийм уран бүтээлчтэй хүний хорвоогийн явдлыг ярьж байгаа бид эсрэгээрээ мулгуу ч юм шиг. Яаж жирийн хүн шиг амьдраад жирийн бус бүтээл хийх вэ дээ. Б.Баатар театрыг өөр болголоо, эрхэллээ л гэнэ. Яадаг юм, чадаж байгаа юманд арга алга. Баяр хүргэе!


Сониноос үзэгчид ямар хөөрхөн бэлтгэгдээ вэ. Нэг ч удаа чипсний уут шажигнуулж урж идсэнгүй. Цагтаа суудлаа эзэлж, хоцорч ирж брэнд хувцас гутлаа гайхуулсангүй. Нэг хүн шиг нирхийтэл алга ташиж, годосхийн суудлаасаа босож байна. Үзэгчдийг ийм хэмжээний төлөвшилд хүртэл сонгодог урлагийг түгээсэн драмын театрын өмнөх жүжгүүд, баг хамт олны уйгагүй хөдөлмөрт мэхийе. Тансаг үдэш байлаа. 

Б.Ундрал 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet