Павел Фодотовын гайхамшиг
2022 оны 5 сарын 18

Оросын урлаг хүн төрөлхтний урын санд томоохон байр суурь эзэлдэгийн нэгээхэн хэсэг нь дэлхийд алдар нь түгсэн зураачдаар нь илэрхийлэгддэг. Тэдний нэг Павел Андреевич Федотодовыг тантан танилцуулъя. Ердөө 37 жил амьдарч, сэтгэцийн өвчнөөр өөд болсон Федотов 1815 онд Орост мэндэлжээ.  Санкт-Петербургт Эзэн хааны хамгаалалтын албаны офицероор ажиллаж байсан зураач урлагт тун ч элэгтэй нэгэн байв. Лимбэ тоглохоос гадна ажлынхаа хажуугаар Дүрслэх урлагийн академийн оройн ангид элсэж, дүрслэх урлаг судалж эхэллээ. Ийн армид ажиллаж байхдаа сонирхлынхоо дагуу офицеруудын зураг хөргийг зурсаар армидаа нэгэнт алдар хүндтэй зураач гэгдэх болов. Уран зургийн ертөнцөд ч тэрээр цэрэг армийн сэдэвт зураг, офицеруудын эгэл амьдралыг дүрсэлсээр алдаршсан түүхтэй. Түүнчлэн жижиг газрын эзэн, яншаа, хэрүүлч газрын эзэн, нийслэлийн гар урчууд, орос болон герман эздийг уран зурагтаа дүрслэхдээ хошин шог аястай хэрнээ жижиг ч атугай зүйлийг орхигдуулахгүйгээр деталь бүрийг тодотгож, гайхалтай үнэмшилтэй зурдаг байлаа. Тиймдээ ч Оросын уран зураг дахь шүүмжлэлт реализмын үндсийг тавигч гэгддэг бөгөөд тухайн үеийнхээ нийгмийн тогтолцоо хамжлагат ёсны нийгмийн хор уршгийг ахуйн сэдэвт, зөрчилдөөнт зохиомж бүхий бүтээлүүдээрээ зоримог гаргаж тавьдаг зураач байсан юм. 

Хошуучийн сүй тавилт 

1840 оны сүүлчээр Федотов хэд хэдэн зураг зурснаас “Адармаатай сүйт бүсгүй”, “Шинэхэн нөхөр” бүтээлүүд нь үзэгчдийн анхаарлыг ихэд татав. Үүнээс урам сэргэсэн залуу офицер шинэ, дорвитой бүтээл гаргах хүсэлд автаж, судалбар зургуудаа ухаж, төнхөн сэдэв хайж эхэллээ. Төдөлгүй зургийн сэдэв ч тодорхой боллоо. “Хошуучийн сүй тавилт” зургаа 1848 онд Петербург хотод үзэсгэлэнд тавьж үзүүлсэнээр түүний зураачийн нэр алдаршиж, Оросын Уран сайхны академиас академич цол хүртэв.   
Урлаг судлаач Э.Кузнецовын бичсэнээр Федотов нэгэн үйл явдлаар хоорондоо холбогдсон олон дүр бүхий зурагзурахаар сэтгэл шулууджээ. Армид олон жил алба хааж залхсан ахмад ч юм уу, хошууч цолтой нэгэн офицер чөлөөнд гарах цаг нь болж. Гэтэл хуримтлуулсан хөрөнгө, эдлэн газар байхгүй, чөлөөнд гарахаар тэтгэвэр дэндүү бага байх болно, иргэний албанд зүтгэх хүсэл бас байхгүй. Тиймд баян худалдаачны охин юм уу бэлэвсэн бүсгүйтэй гэрлэж, инж авч, дутагдах гачигдах юмгүй амьдрах ганц гарц л үлдсэн байв. Ингээд зууч авгайгаар дамжуулан ятгалга явуулж, тохиромжтой цагийг тааруулан ирээдүйн хадмынхаа ордонд охиныг нь гуйхаар иржээ.  


Зурагт Орос амьдралын жирийн гэмээр үйл явдал болж буй нь сүйт хархүү хадмындаа анх ирж байгаа байдал. Худалдаачны гэрт сүйт хархүүг угтах ажил ундарна. Зураач алив дүрслэлийг хурц тод, хошигнолтой гаргадаг гойд чадвараа эл зурагтаа тун ч чадамгай үзүүлсэн байдаг. Бүх дүрүүдийн сэтгэл санааны байдал, бодол санаа нэгэн хавтгайд бүрэн дүүрэн илрэн харагдаж байгаад л зургийн уран сайхны үнэ цэнэ, нөгөө талаар энд дүрслэгдсэн дүрүүдээр дамжуулан тухайн нийгмийнхээ нийтлэг дүр төрхийг өгүүлж чадсанд агуулгын үнэ цэнэ оршдог гэж болно. 
Үнэтэй гоё даашинз, хүзүүний сувдан зүүлтээр гоёж, үсээ янзлуулж, нүүрээ гоодсон сүйт бүсгүй сэтгэл нь догдлон, тасалгаанаас гарахаар ухасхийж байна. Энэ үйлдлээрээ сэтгэ хөдөлсөнөөс гадна нөхөрт гарч буй бүсгүйн даруу, хүлцэнгүй байдлыг илэрхийлжээ. 
Гоёмсог хилэн даашинз өмсөн, нүүрэндээ зальжин инээмсэглэл наадуулсан зууч эмэгтэй хаалгаар орж ирэн сүйт хархүү ирснийг дуулгахад охиныхоо байдлыг ойлгосон эх нь даашинзнаас нь зуурч байна. Цэнхэр утсаар шаглан оёсон алтархаг өнгийн даашинз өмсөж, цэнхэр алчуур мөрөндөө тохсон, биерхүү, нас намбандаа зохицсон таргандуу худалдаачны гэрийн эзэгтэйн энэ байдал бол сүйт бүсгүйн эхийн нийтлэг, сонгодог дүр болж чадсан юм. 
Сандарч тэвдсэн ч инээмсэглэж байгаа гэрийн эзэн худалдаачин урт хормойтой, хоёр энгэртэй хүрэмнийхээ товчийг товчлох гэж оролдох авч баярлан догдолсоноос будилна. Худалдаачны гэрт суудаг, чих хатуу, шүдгүй эмгэн гэрийн эзэд яагаад тэвдэн сандарч буйн учрыг ойлгохгүй, үйлчлэгч эмэгтэйг шалгаан залхааж байна. Цаадах нь засаж байгаа ширээ рүү яарах зуураа сүйт хархүү зогсож байгаа зэргэлдээх өрөө рүү заана. 
Бүхэлдээ эл бүтээлд тухайн үеийн худалдаачин айлын нийтлэг дүр төрхийг тэгтлээ гайхалтай гаргасан байдаг. Гэрийн дотоод засал, хээ угалзаар чимсэн тааз, түүнээс унжуулсан цэцгэн дэн, хананд өлгөсөн янз бүрийн хэмжээтэй жаазтай хөрөг зургууд, архины гялтганах хундага сэлт тэргүүтэн худалдаачин айлын элбэг хангалуун амьдралыг гэрчилнэ. Зураач зөвхөн энэ дүрслэлийг олохын тулд мөн ч олон худалдаачны гэрт элдэв шалтаг тоочин байж зочилсон боловч эрсэн зүйлээ олохгүй чамгүй хугацааг үдсэн гэдэг. Харин нэгэн удаа зоогийн газрын хажуугаар өнгөрч яваад цонхоор нь шил нь халтартсан цэцгэн дэнтэй тасалгаа харж сониучирхан орж эрсэн зүйлээ олж ихэд баярлаж байжээ. Анхны давааг ийн давсны дараа худалдаачин, түүний гэргий, тасалгааны тавилга, зарц бүсгүй, шүдгүй эмгэн гээд олон дүрслэлийг оновчтой олох их ажил ундарав. Найз офицерүүдийнх нь нэг нь сүйт хархүүгийн дүрт мөнхрөх хүсэлтээ илэрхийлж, живэр сахлаа илэн ихэмсэг зогссон нь зураачид ихэд таалагдсан аж. 

Хошин шогоос хүнлэг сайхан руу..

Сүйт бүсгүйн даашинзны сиймхий даавуу, хүзүүний сувдан зүүлт, эхийнх нь даашинзны торгоны тод өнгө зургийг гайхамшигтай гаргаж, өнгөний хувирал, шилжилтийг нүдэнд үл ажиглагдам байдлаар зурахдаа өнгөөр тоглох зураачийн гайхамшигтай чадвараа харуулсан байдаг. Зарц бүсгүйн  гадуур цамц болонзууч эмэгтэйн даашинзыг ягаан туяагаар өтгөрүүлэн, шингэрүүлэн гаргаж, худалдаачны урт хормойтой, 2 энгэртэй хүрмийг цэнхэр туяагаар тодотгож, дээр дурдсан бүх өнгөнүүдийг хананы ногоон дэлгэц дээр хооронд нь донжтой зохицуулж зурсанаас л Федотовын ур чадвар харагддаг. 


Эл зургийг нэгэн үе эрт тэтгэвэрт суудаг гар хоосон офицерүүд болон худалдаачны амьдралыг шоолсон бүтээл төдийхнөөр хүлээн авч байсан удаатай. Гэвч зургийг гярхай ажиглаж чадвал бүх дүрүүд нь сэтгэл татам сайхан хүмүүс болох нь мэдрэгддэг. Зургийн бүх баатрууд тус тусынхаа ашиг сонирхлыг хамгаалж, зальжин байдал гаргаж байгаа боловч хорон санаатай хүн ганц ч байхгүй. Сайхан сэтгэлтэй, цайлган зальтай тэд инээдэмтэй авч үзэгчдийн дургүйг хүргэдэггүй. Худалдаачин эр төрсөн ганц охиноо нэр төртэй тэтгэвэрийн офицерт эхнэр болгон өгч байгаад гаж буруу зүйл огт байхгүй билээ. 
Гүнзгий дүгнэлт өгч чадвал зураач анхандаа шог агуулгатай зураг зурж, баатруудаа даажигнан шоглох зорилго тавьсан ч Оросын уран зураг дахь хамгийн хүнлэг нэгэн бүтээлийг “санамсаргүй” бүтээжээ. Эндээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, гэр бүлтэй болохын баяр хөөр, элбэг хангалуун байдал цацарч байдаг билээ.      

 

Гранд сэтгүүл №18
 

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet