Франциско де Гояа /1746-1828/
2022 оны 5 сарын 17

Орчин үеийн уран зургийн эцэг гэгддэг Испанийн зураач Франциско де Гояа XIX-XX зууны үед буюу Францын уран зурагт ихээхэн хувьсгал гарсан үед төрөн гарсан романтизмыг баримтлагч, модернист урсгалын анхны төлөөлөгчдийн нэг юм. 1746 онд Испанийн хойд хэсэгт мэндэлсэн тэрээр уламжлалт хэв маягт баригдахгүйгээр тухайн үзэгдэл, юмс хүний оюун ухаанд хэрхэн төсөөлөгдөж буйгаар зурж, туурвих ёстой хэмээн үздэг байв. “Севилийн дэг”-ийн алдарт зураачдын сүүлчийнх нь болох зураач хувь хүнийхээ хувьд эрх чөлөөг эрхэмлэгч, этгээд сонин хурц характертай, залуудаа ганган хээнцэр, сахилгагүй нэгэн байжээ. Уран бүтээл туурвиж байхдаа элдэв хачин үйлдэл хийнэ. Нэгэнтээ бүх будгаа аяганд юүлж хольчихоод цагаан хананд нялж зургаа зурсан гэдэг. Иймэрхүү байдлаар гэрийнхээ бүх ханыг дүүргэж бийр огт хэрэглэхгүй, нэг халбага, нэг шалны сойзын тусламжтайгаар “Мадридын борчууд францчуудыг дийлсэн нь” хэмээх алдарт бүтээлээ зурсан түүхтэй. 1775-1792 оны хооронд Гояа вангийн ордонд зураачаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үе бол түүний уран бүтээлийн оргил үе байлаа. 1792 оноос сонсгол нь муудаж, гадаад орчноос бага багаар тусгаарлагдаж эхэлсэн боловч зогсолтгүй зурч, туурвисаар насан эцэслэсэн. Маш олон алдартай бүтээл туурвисанаас энэ удаад “Тагт дээрх гангачуул“, нүцгэн, хувцастай 2 хувилбараар зурсан “Хээнцэр бүсгүй” хэмээх бүтээлүүдийг нь онцлон танилцуулъя.

XVI зуунын үед Испанийн хүн амын дундаж чинээлэг хэсгийнхний үндэсний хувцсаараа гангардаг андалузын хээнцэр дэгжин залуусыг maja буюу “махо” хэмээн нэрлэдэг байжээ. Энэ үед Испанийн хааны ордныхон болоод бүх язгууртнууд франц загвар хийцийн хувцас өмсөж гангарах моод дэлгэрсэн бөгөөд эдэн дунд үндэсний хувцас өмсөж, зүүх нь ихээхэн зориг гаргасан үйлдэл байв. Тиймдээ ч махиуд энэ үеэс урлагийн уламжлалт нэгэн сэдэв болсон гэдэг. Гояа ч залуудаа жинхэнэ махо байсан бөгөөд хоногийн ихэнх цагийг гудамжинд хөгжим тоглож, дуулж өнгөрөөх тэрээр байсхийгээд л хэрэг төвөгт орооцолдоно. Нэг удаа бүр ар нуруундаа хутга зоолгож, арай чүү амьд гарч, испанийн шүүхийн хяналтанд орж явсан түүхтэй. Ийм болоод ч тэр үү, түүний уран бүтээлд maja нар чухал байр суурь эзэлдэг.

“Тагт дээрх гангачуул”

Majas  on balcony” буюу “Тагт дээрх гангачуул” хэмээх эл бүтээлийг амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурвисан бөгөөд гал цогтой залуу насныхаа дурсамж болгон бүтээсэн гэгддэг. Зурагт гудамжны амьдралыг тагт дээрээс ажиглан суугаа хоёр царайлаг бүсгүй, ардах хар дэлгэц дээр үерхдэг залуусыг нь бараан дүрстэйгээр зуржээ. Иймэрхүү дүр зураг испанийн зарим гудамжинд одоо ч тааралддаг.

Нимгэн нэхмэл нөмрөгөөр идэр залуу гоолиг биеэ далдалсан 2 махи гоо үзэсгэлэнгээрээ үзэгчдийг соронзон мэт татаж, сэтгэл догдлуулна. Романтик нууцлаг, битүүлэг байдлаар дүрслэгдсэн 2 бүсгүйн жоготой харц, даллан дуудах мэт талимаарсан инээмсэглэл болгоомжлол төрүүлнэ. Нүүр царайгаа цув, нүд рүүгээ духдуулсан бүрх малгайгаар далдалсан эрчүүдийн баргар дүрстэй холбогдон эдгээр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн цаанаа л сэжигтэй. Алдарт Мигель Сервантес “Сүмд, гэртээ бас гудамж талбайд хонгор ихэмсэг бүсгүй, дурлаж янаглахдаа эм шулам” хэмээн уулга алдсан халуун цуст испани бүсгүйчүүд гал цогтой, энхрий ялдам боловч хэдийд ч санаагаа хувиргаж болзошгүй “найдваргүй” этгээдүүд болохыг Гояа эл алдарт бүтээлээрээ бүрэн дүүрэн илэрхийлж чадсан юм. Тиймдээ ч зургийн уран сайхны онцлог нь хэтэрхий хачин чамин гэгдэх үнэлгээг урлаг судлаачдаас авсан. Тэрээр зүгээр үйл явдлыг бус далд, битүүлэг ёж утга санааг гэгээн, бараан, нарийн, бүдүүлэг эрс тэс хослолын гайхамшигт нэгдлээр дүрсэлж чадсанд бүтээлийн үнэ цэнэ, алдар цуу оршдог билээ.    

“Нүцгэн махо”, “Хувцастай махо”

Эл бүтээлээ Гояа 1818 онд туурвижээ. Мөн л өнгөний эсрэгцэл, будгийн гайхам хослолоор зургийг нууцлаг, сүрлэг болгож чадсан. Нэг эмэгтэйг 2 янзаар дүрслэхдээ нэгийг нь нүцгэн, нөгөөг нь хувцастайгаар, адилхан байрлалтайгаар дүрсэлжээ. Бүсгүй хүний нууцлаг гоо сайхныг өнгө будгийн өвөрмөц зохицлоор гайхамшигтай гаргаж чадсан нь зураачийн агуу их авьяасыг илтгэдэг. Барууны уран зургийн түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг нүцгэн байгаагаар зурсан анхны бүтээл гэдгээрээ алдартай.

Гранд сэтгүүл №17

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet