А.Баярцэцэг: Манай уран бүтээлчид гадаад хэлтэй болчихоосой гэж хүсдэг
2022 оны 5 сарын 14

Английн Лондонгийн их сургуулийн харьяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн мисс А.Баярцэцэг энэ хаврын дебют жүжигчин болоод байгаа. "Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй  “Хөхөө”, “Ээж хадны домог”, "Явуулын хүн", "Хөх тавилан", “Хайр”  зэрэг уран сайхны хэд хэдэн кинонд тогложээ. Мөн  2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч дүрээ мөнхөлсөн. Тэр зөвхөн жүжигчин хийгээд байгаа юм биш. Олон улсад өөрийгөө болон бүтээлүүд сойж кино жүжигчдийг дэмжиж ажиллах эхлэлийг тавьсан нь олзуурхууштай.

-“Хөх тавилан” уран сайхны кинонд та хоёр өөр өнцгийг харуулж тоглосон байна. Таны дүрийн онцлог?

-“Хөх тавилан” киноны Бадамцэцэг маш хүнд дүр юм. Яагаад гэвэл маш их амьдралын зовлон зүдгүүрийг туулдаг. Мөн дээрээс нь залуу, хөгшин гээд энэ эмэгтэйн амьдралын 3 үеийг харуулдаг. Найруулагчийн шийдлээс хамаарч ганцхан жүжигчин нүүр хувиргалттайгаар энэ дүр дээр ажилласан байгаа. Тэгэхээр өөрөөсөө хөгшин настай хүний дүрийг гаргана гэдэг жүжигчний хувьд маш их ур чадвар шаардлаа.

-Та Англид кино жүжигчний мэргэжлээр сураад ирлээ. Монголын кино урлагт шинэ гарцыг та нээлээ?

-Би Английн Лондон хотноо жүжигчний агентлагтай хамтарч ажиллаж байгаа. Тэрхүү агентлагт шалгаруултанд орж, олон улсад бүтээлээ сойдог. Старт ап хийж кино жүжигчдийг дэмжиж ажиллах эхлэлийг тавьж байгаа. Ер нь бол энэ утгаараа өөрийн продакшнаа Англи улсад байгуулаад явж байгаа гэхэд болно.

-Таны тоглосон “Хайр” кино үзэгчдэд хүрээд удаагүй байгаа. Гадаадаас ирээд шууд бүрэн хэмжээний хоёр кинонд тоглочихов уу гэж үзэгчид гайхаж байна?

-“Хөх тавилан” кино 2018 оноос хийхээр төлөвлөгдөж байсан. Удаан хугацааны турш төлөвлөсөн ажил. Тэгэхээр хоёр киноны зураг авалтаа зэрэг хийгээгүй гэж ойлгож болно. “Хөх тавилан” маань 2018 оноос зургаа авч эхлээд хамгийн сүүлийн зургаа сая 2022 оны хавар авсан. Дунд нь ковид гээд завсарлаж хэсэг хугацааны удаашралд орсон ч киногоо ингээд дуусгасан даа баяртай байна.

- Монголын кино урлаг ямар түвшинд явж байна гэж боддог вэ?

-Кино урлагийн хөгжил сүүлийн жилүүдэд маш хурдацтай байна. Өрсөлдөөний хуулиараа сайн уран бүтээл нь шигшигдэж үлддэг шүү дээ. Манай уран бүтээлчид гадаад хэлтэй болчихоосой гэж хүсдэг. Тэдэнд чадвар нь байгаа учраас олон улсын продакшнтай хамтрах боломж бий.

Би кино урлагтай холбоотой мэргэжлийн ном орчуулахыг эрмэлздэг. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номыг орчуулсан.  “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадамд энэхүү номыг нь авчирч танилцуулж байсан. Дараагийн орчуулах номоороо хоёр зохиол бэлдэж байна. нэг нь кино зохиол хэрхэн бичих тухай, нөгөө нь нийгмийн кино зохиолыг хэрхэн бичих талаарх номыг орчуулна гэсэн зорилготой байна. Энэ бол миний амьдрах, ашиг олох зүйл биш салбартаа хөрөнгө оруулж буй хэрэг л дээ.

-Танаас үлгэр дуурайлал авдаг, жүжигчний мэргэжлээр суралцдаг, сурахыг хүсдэг залууст ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Хүсэл мөрөөдлөө үргэлж болж, бүтнэ, биелнэ гэж бодоорой. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Мөн энэ зүйл чиний хийхийг хүссэн зүйл мөн үү гэдгээ дотор хүнээсээ асуугаад үзээрэй. Хэрвээ үнэхээр чиний хүсч байгаа зүйл бол эцсийн хязгаар хүртэл тэмүүлэх хэрэгтэй.

-Дараа дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан уу? 

Саяхан Лондон хотод Амазоны “Хүчдэл” гэдэг нэртэй 10 ангит сериал кинонд тоглоод ирсэн. Энэ уран бүтээл маань ирэх 1 сард дэлгэцнээ гарахаар болсон байгаа.

Танд баярлалаа.

Ярилцсан Н.Цацрал

Гэрэл зургийг Т.Тэмүүлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet