Дэлхийн алдартнуудын шилдэг 100 хөрөг цувралаас
2022 оны 5 сарын 13

Анна Фрэнк

Энэ бяцхан жүүд охиныг дэлхий даяар “Анна Фрэнкийн өдрийн тэмдэглэл” хэмээх алдарт номоор нь андахгүй мэднэ. Фашизмын хүнд он жилүүдэд гэр бүлээрээ нацистуудаас зугтаж Амстердамд орогнож байхдаа бичсэн өдрийн тэмдэглэл нь дэлхийн II дайны гамшиг, фашизмын үеэр еврейчүүдийн туулсан зовлон, хүний амьдрах хүслийн гэрч, түүх болон үлджээ. Ердөө 15-хан насандаа Германы хорих лагерьт нас барсан охины эл ном дэлхий даяар хамгийн их уншигдсан номын тоонд ордог бөгөөд Америкийн ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтад ордог. Энэхүү хөрөг зургийн хувьд 1942 оны 10-р сарын 10-нд Анна Фрэнкийг гэр бүлээрээ орогнолоосоо түр гарах үед авсан зураг юм.

Кларк Гейбл

“Холливудын хаан”, Оскарын шагналт Кларк Гейбл 1999 онд Америкийн Кино институтээс гаргасан Бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчид жагсаалтын 7-д бичигджээ. Анхны карьераа дуугүй киноноос эхлүүлсэн тэрээр “Салхиар туугдагсад” кинонд хурандаа Рэтт Баттлерын дүрийг бүтээснийхээ дараа жинхэнэ супер од болсон юм. Бодит амьдрал дээр гоц гойд юмгүй жирийн л нэг залуу, хэн нэгний тодорхойлсноор бол хэтэрхий дэлдэн чихтэй, сармагчинтай адилхан эр кино урлагийн ачаар 20-р зууны 30-аад оны секс симбол болон хувирч, таван ч удаа гэрлэсэн байдаг.

VIII Хенри

Английн түүхэнд хамгийн шившигтэйгээр бичигдсэн хаадын нэг VIII Хенри 1491 онд VII Хенри хааны хүү болон мэндэлж, 1509 оноос эхлэн үхэх хүртлээ буюу 1547 он хүртэл Английн хаанд ширээнд суусан. Зургаан удаа гэрлэснээс хамгийн цуутай нь анхны гэргий Арагоны Катеринаас салж, Анна Болейнтэй гэрлэсэн гэрлэлт байв. Хенри, Катерина хоёрын дундаас угсаа залгамжлах ханхүү төрөөгүй бөгөөд Эзэн хаан эхнэрээсээ салахыг хүссэн ч Ромын католик шашны тэргүүн пап лам түүнд ийм зөвшөөрөл өгсөнгүй. Энэ хагарлын дараа Хенри Англикан сүмийг үүсгэн байгуулсан. Ийн Анна Болейнтэй гэрлэж дундаас нь ирээдүйн алдарт I Элизабет буюу Английн анхны хатан хаан, онгон Элизабет мэндэлсэн түүхтэй. Харамсалтай нь Анна Болейн садар самууны хэргээр 1536 онд цаазлуулсан. VIII Хенргигийн үед шүүхийн зураач байсан Залуу Ханс Холбейн эзэн хааны төдийгүй түүний олон эхнэрүүдийн хөрөг зургийг бүтээсэн. Холбейны бүтээсэн хөрөг зурагт үндэслэсэн Хенри хааны олон зураг бий болсон бөгөөд эдгээрийг түүнийх гэж эндүүрэх тохиолдол бий.

"Дэлхийн алдартнуудын шилдэг 100 хөрөг цувралаас"

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №55 /2015 он

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet