ШИДЭТ ДОХИУРЧИД
2022 оны 5 сарын 12

Хүн номыг нэг мөрөөр уншдаг бол удирдаач хүн дал, наян мөрийг зэрэг унших ёстой. Уншихын хажуугаар сонсоно, мэдрэмжээ ажиллуулна. Шидэт дохиураа барьж, найрал хөгжим нэгэнт уянгалж эхэлсэн л бол хэдэн цаг үргэлжилдэг ч бай хамаагүй ганц секунд ч анхаарлаа сарниулж болохгүй. Ийм ийм уичр шалтгааны улмаас хамгийн хүнд 3 мэргэжлийн нэгт ордог биз. Энэ бүхнээс илүү энэ бол том авьяас, нарийн мэдрэмж шаарддаг мэргэжил. Үүнийг батлах гэсэн мэт манай нэрт удирдаачид бүгд удам дамжсан авьяастнууд байдаг юм байна. Агуу их авьяастны хүү, эсвэл ах дүүс нь урлагийн, тэр дундаа хөгжмийн хүмүүс байх. Бүр байтлаа гэргий, хүүхдүүд нь хүртэл бултаараа урлагт хүчин зүтгэж буй хачин ч гэмээр сонирхолтой ч гэмээр зүй тогтлыг үндэслэн дараах удирдаачдыг та бүхэндээ танилцуулж байна.

ГЕНИЙН АВЬЯАС УДАМШДАГ!

Улсын Филармони хэмээх их айлыг үүсгэн байгуулсан Ц.Намсрайжав гуайн үйл хэргийг өдгөө хүү Н.Бүтэнбаяр нь үргэлжлүүлж буй. Авьяас удамшдагийн тод, томруун баталгаа агуу их Ц.Намсрайжавын үр удмаас харагдах шиг.

Анхлан орос мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, эх орондоо сонгодог урлагийн үрийг суулгахаар хойд хөршийг зорьсноор Н.Бүтэнбаярын хөгжмийн урлаг дахь адал явдалт амьдрал эхэлсэн түүхтэй. Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач болохдоо тэрээр ав өврийн хаалга буюу аав үүсгэн байгуулсан гэдэг утгаараа бус чухам авьяас, чадвараараар сонгогдсон гэдэг.

Удирдаачийн гэргий төгөлдөр хуурын багш, охин нь мөн төгөлдөр хуурч, хамтдаа урлагийн мини сургуультай гээд бод доо. Охин Б.Одгэрэл нь хувийн сургуулиа хариуцахын зэрэгцээ Улсын Филармонийн гоцлол хөгжимчин, Хөгжим бүжгийн коллеж, “Авьяастан” төвд багш гээд олон талын ажил амжуулдаг залуу бүсгүй Францад сургууль төгссөн аж.

Харин зээ охин нь Хөгжим бүжгийн коллежид суралцдаг өвөөгийн амин эрдэнэ. Товчхондоо Ц.Намсрайжав агсны 4 дэх үе урлаг, тэр дундаа сонгодог урлагт бэлтгэгдэж,хүчин зүтгэж явна.

ЯГААН ТЕАТРЫН ГЕНЕРАЛ

ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны шагналт, УГЗ Н.Туулайхүүг ягаан театрын генерал гэж тодотгоё. Хөгжмийн тодотголтой тус театрын амин сүнс нь чухам симфони найрал хөгжимдөө оршино. Тэрхүү яруу алдарт симфони найрлыг удирдаачгүйгээр нэг төсөөлөөд үз дээ. Түүний гарын аясаар Монголын хамгийн том симфони оркестр хөдөлдөг билээ.

Театрын генерал хуучнаар ЗХУ-ын Свердловск хот, одоогийн Екатеринбургийн Хөгжмийн дээд сургуулийг дүүргэжээ. Оросын нэрт удирдаач М.Повермоны шавь тэрээр нэгэнтээ, “Би үхэн үхтлээ ажиллана” хэмээсэн удаатай. Удирдаачдад тэтгэвэртээ гарна гэсэн ойлголт байдаггүй, нарийн яривал 45 наснаас жинхэнэ удирдаачийн карьер эхэлдэг гэж үзвэл ингэж хэлэхээс яахав.

Гэр бүл нь мөн л урлагаар амьсгалсан өрх айл. Гэргий Ц.Дэлгэрмөрөн нь Уралын Хөгжмийн дээд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн, Дуурийн театрын туршлагатай хөгжимчдийн нэг.

Н.Туулайхүү ягаан байшиндаа гэргийгээ удирддаг бол гэртээ бол гэргийдээ удирдуулсаар, тэд эгшиглэн он жилүүдийг туулж явна. Том охин Т.Гэрэлцэцэг нь Дуурийн театрт балетмейстер, бага охин ХБК-ийн лимбэ хөгжмийн ангид сурдаг.

ХУУРЫГ "ХООРООР" НЬ УЙЛУУЛНА!

Хоёр чавхадсандаа хорвоог багтааж, хүмүүнийг уйлуулагч морин хуурыг хор, найрлаар нь удирдаж, уйлуулдаг энэ эрхмийг бид андахгүй. Тэртээ дуулиант 7 сарын 1-ний хөлд шатаж үрэгдсэн хэдэн хуураа хэлж уйлан хайлан олонд бүр ч танигдсан АЖ Ц.Батчулууныг харин Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, анхны үндэсний найрал хөгжмийн удирдаач гэдгийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу.

Япон, Герман, Англи зэрэг оронд 10 гаруй интерационал шавь нартай тэрээр Монголын Урлагийн Ажилтны Холбооны УЗ-ийн гишүүн, Хөгжмийн Нийгэмлэгийн тэргүүн, Морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун” сангийн тэргүүн зэрэг олон алба, олон цол гуншинтай.

Ц.Батчулууны гэргий бас л хөгжимчин. Бүр байтлаа “Морин хуур чуулга”-ынхаа анхдагч нарын нэг. Б.Алтантуул насаараа ёочин тоглож буй. Сонирхуулахад, эдний хүргэн нь шинэ үеийн шижигнэсэн кино-оператор Б.Ангараг. Харин ноён Ц.Батчулууны төрсөн ах нь нэрт дипломтч Ц.Эрдэнэчулуун буюу “Ажигана” Э.Туулын аав.

УРАН ХАСХҮҮ

“Уран хас” –ын Ж.Чулуун гэвэл нээх уянгалаг, догдлуун ая зүрхэнд эгшиглэнэ. Хөгжим судлаачид Ж.Чулууны гарын хөдөлгөөнийг “жигүүртэн шувуу нисэн буун, нисэн буух мэт”, буй байдлаараа, бие нь хүртэл хөгжим байсан хэмээн тодорхойлдог.

Удирдуулж байсан хөгжимчид нь, “Чулуун багшийг удирдахаар бүр дэгэлзэж гэгэлзэж, шаналж, уярч, шатаж, догдолж тоглодог” байснаа дурсана. Тэгвэл энэ эрхэм, том авьяаст хүмүүний хүү Ч.Чинбат хэмээх эгэл, даруу нь дэндсэн эрхэмсэг нэгэн бий. ХБК-ийн симфони оркестрын удирдаач түүнийг тун ч онцгой, нарийн мэдрэмжтэй нэгэн гэдэг. Төрсөн ах нь ч мөн удирдаач мэргэжилтэй гээд бодохоор агуу их Ж.Чулууны үр удам нэр төрөө өндөрт өргөсөөр явна.

“НИЙСЛЭЛ ХҮҮ"

2000 онд “Алтан гадас” одон, 2006 онд УГЗ цолоор шагнагдсан Ж.Бүрэнбэхийг манайхан “Нийслэлхүү” киноны Батхишигийн дүрээр нь хайрлаж явдаг. ДБЭТ-ын Симфони найрал хөгжмийн удирдаачаар 35 жил ажиллаж буй тэрээр хойд хөршид боловсорсон.

Маш өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой удирдаач гэдгээрээ энэ эрхэм хүрээндээ алдартай. Хүүхдүүд нь бүгд урлагийн гэгээн бөгөөд том замд эргэлт буцалтгүй орсныг энд онцолмоор санагдлаа. Том хүү Б.Төгсбаяр ХБК-д төгөлдөр хуурын багш, удаах хүү Б.Бүрэнтөгс нь “Алтан ураг” хамтлагийн хөгжимчин, бага охин Б.Алунгоо нь хойд хөршид Хөгжмийн академийг төгөлдөр хуурчаар дүүргэсэн. Өдгөө Б.Алунгоо ҮДБЭЧ-д төгөлдөр хуурчаар ажиллаж байна. Харин түүний амьдралынх нь түшиг тулгуур болсон гэргий Н.Зүмбээ ХБК-ийн Ардын урлагийн тэнхимд шанзны багш.

МОНГОЛ "БЕТХОВЕН"

Морин Хуур чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Д.Түвшинсайхан АЖ Ц.Батчулууны гарын шавь нарын нэг. Удирдаачдаас анхлан “Гоо марал” шагнал хүртэж байсан тэрээр саяхан “Шим ертөнц” тайлан тоглолтоо хийсэн. Урд гарсан эврээс хойн гарсан чих гэгчийн үлгэрээр багшаасаа бараг илүүдсэн мэдрэмж, авьяастай түүнд бий гэх хүмүүс байдаг юм билээ. Нэг хэсэг урд хөрш рүү хөгжмийн зохиолчийн сургуульд явна гэж байсан тэрээр хэд хэдэн морин хуурт зориулсан мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдтэй. Монголын Бетховен гэмээр үс гэзгээ задгайлчихсан явах түүнээс задгай их авьяасын гялбаа цухалздагийг нуух юун.

Эднийхэн бас л гэр бүлээрээ урлагт зүрх сэтгэлээ зориулцгаасан улс. Төрсөн ах нь гэлэн хүн байдаг бол дүү Д.Жавхаасайхан нь уртын дууч, халхын сайхан Юндэн гөөгөө гэмээр эр бий..

“БАЯН МОНГОЛ”-ЫН БАЙЛДАН ДАГУУЛАГЧ

УГЗ, хөгжмийн зохиолч, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат асан амьдралынхаа арван хэдэн жилийг чуулгадаа зориулсан. 1973 онд Соёлын Дээд сургуулийг төгсөөд Барилгачдын Соёлын ордонд хөгжмийн багш, хормейстер, гоцлол гитарчнаар ажиллаж байгаад 1974 онд “Баян Монгол”- д гоцлол гитарчнаар ирснээс хойш Монголын анхны эстрад, хөнгөн хөгжмийн чуулгатай амьдралаа холбосон.

Хожим 1993 онд СУИС-ийг Хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр дүүргэсэн түүнийг буй бүхнээ хөнгөн хөгжимд зориулсан дэндүү эгэл, хэнэггүй нэгэн гэдэг. Чуулгынх нь хэдэн хөгжимчид хөгширч, тарж бутрахдаа хүрсэн атал л гандан буурахгүй чирж гулдарсаар явсан нь хөгжимд хайртай сэтгэлийнх биз ээ. Цагаан хослол, цав цагаахан ботинкоор имижээ хийх түүнийг Баян Монголын байлдан дагуулагч гэдэг эндээс үүдэлтэй.

Гитар хөгжмийн “Эгшиг Оюу” сургалтын төвийг байгуулан ирээдүйн шинэ залуу гитарчдыг бэлтгэж буй түүний хүү Гантулга ”Арга билэг” хамтлагийн ахлагч.

 

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №45 /2014/он

Бэлтгэсэн М.Өнөр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet