“Никитон” хамтлагийн ахлагч Т.Батчулуун: ЧАДВАРЫГ МИНЬ ОЙШООДОГГҮЙ ХҮМҮҮС НАДАД ӨРТЭЙ!!!
2022 оны 5 сарын 11

Үнэ цэнэтэй, ихэмсэг бардамхан амьдарч, оршихын тод жишээ ноён Т.Батчулууны талаар олон тодорхойлолт, нялуун үгс урсгамгүй санагдана. Учир нь тэр дэндүү тод араншинтай, тодорхой үзэл санаа, үнэт зүйлтэй нэгэн төдийгүй тэр бүхнээ ямар нэг “комплексгүйгээр” ил шулуухан тунхагладаг. Энэ нь агуу их дотоод ертөнцийн гадаад илрэл юм. Магад гялалзсан авьяасын гялбаа ч байж болох.

Өөрийгөө Монголын рок попын Феррари хэмээн тодорхойлсон тэрээр хэвлэлд тэр бүр ам нээдэггүй. Нэг юм уу, хоёр жилд нэг жинтэй ярилцлага өгнө. Энэ удаад “Гранд”-ын хойморт заларлаа. Тэгэх тусмаа гэр бүлтэй болж, гавьяатын одон тэмдгээр энгэрээ мялаасныхаа дараа хэвлэлд ярилцлага өгөөгүй байсныг хэлэх үү, асууж лавлах зүйл их байлаа. Гэвч тэр нэг л аядуу болчихоо юу гэлтэй. Өөрөөр хэлбэл би хүсч, төсөөлж байсан хэмжээндээ түүнийг яриулж чадсангүй. Магадгүй, миний хувьд ч гэсэн ямар нэг комплексгүйгээр түүний талаар бодож явдаг дүгнэлтээ, мэдээж энэ нь магтаал байж таарна биз, ярилцлага эхэлмэгц л шуудхан хэлж орхисноос болсон ч байж болох. Гэхдээ л Бачка бол Бачка. Түүний ертөнц тод, ялгуун байх нь дамжиггүй. Ингээд олныг үл нуршин түүний яриаг хүргэе.

-Таньтай ярилцана гэдэг нэр төрийн хэрэг. Яагаад гэвэл та ямар ч баггүй, өөрийнхөөрөө, шулуун шударга байж чаддагаас гадна таны хувь мөн чанар, үзэл санаа чинь туйлын хүчирхэг. Тань шиг ийм фигур Монголд бараг байхгүй гэж бодож байна. Энэ бүх мөн чанар, бусдаас илүү өгөгдөл чинь юуных вэ? Магадгүй их авьяасын гялбаа юм болов уу?

-Айхтар хөөрөгдлийн шинж чанартайгаар ярилцлагаа эхэлж байх чинь хоёулаа (инээвхийлэв). Юутай ч ингэж дүгнэж байгаад тань баярлалаа. Би амьдралын өнгө будгийг илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг л байгаагаар нь харахыг хичээдэг нэгэн. Бусдаас илүү өгөгдөлсөөд байх ч юу байхав (гээд миний бодлыг таах гэсэн мэт над руу хэсэг ширтэв).

-Нэгээс хоёр жилд жинтэйхэн нэг ярилцлага өгдөг хүнээс асууж сонирхох зүйл маш их байна. Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй сууна. Юутай ч амьдралын хамгийн том утга учир, үнэт зүйл гэр бүлтэй, гэргийтэй болсонд юуны өмнө баяр хүргэе! Энэ бол таны анхны амьдрал биш, тэр тусмаа эр хүний хувьд цаг хугацааны манан дунд сайхнаас авахуулаад сайн хүүхнийг нь хүртэл үзэж, амсаж, мэдэрч, нэг ёсондоо дарсыг ууж ханаад гэдэг шиг хийсэн сонголт чинь энэ байх гэж бодож байна. Тийм үү?

-Баярлалаа. Тийм шүү, гэр бүл гэдэг хүний амьдралын ямар чухаг хэсэг нь билээ. Ялангуяа над шиг дөч шүргэж шинээр гэр бүлийн амьдралаа эхлүүлж буй хүний хувьд. Би өөрийнхөө сонголтонд сэтгэл дүүрэн байгаа.

-Гэргийгээ албан ёсоор танилцуулаач? Хэрхэн танилцаж, хэрхэн романс үүсгэж, хэдэн жил үерхэж, юу нь таалагдсан учраас гэрлэх шийдвэр гаргав аа? Та өөрөө эгэл жирийн нэг Дорж, Батаас огт өөр, сэтгэлзүйн амьдрал чинь баялаг, ертөнц чинь өнцөгтэй, аливаад өндөр шалгуур, сорилт тавьдаг учраас энэ бүхэн тун ч сонин байна. Та заавал хариулаарай, нэгд нэгэнгүй...

-Миний гэргийг Энхтуяа гэдэг. Найзынхаа компанийн шинэ жилийн үдэшлэг дээр эхнэрээ анх харсан юм. Яг л миний сэтгэл дотроо бодож, миний эхнэр нэг иймэрхүү бүсгүй байна байх даа гэж төсөөлж байсан бүсгүй маань мөн байлаа. Ингээд хүнээр дамжуулаад танилцлаа. Хэдийгээр надад гаднах төрх нь таалагдсан ч гэсэн дотор хүн нь ямар вэ гэдэг нь юу юунаас чухал байлаа. Тэр бүсгүй дотроосоо гэрэлтэж байсан юм. Тодоос тод гэрэлтэхийг нь би олж хараад, хэрвээ энэ бүсгүй миний эхнэр болох юм бол тэр гэрлийг нь бөхөөж л болохгүй юм шүү гэж дотор хүндээ шивнэж байснаа тод санаж байна.

-Хувцас хунар угааж, тогоо шанага барьснаар эхнэр болчихож байгаа юм биш, тийм хүнийг зүгээр л гэрийн үйлчлэгч гэж үздэгээ та онцолж, гэхдээ ухаалаг эмэгтэй таалагддаг гэж туйлын бөөрөнхий, тодорхойгүй хариулт өгдөг. Төгс эхнэр гэдэг гал тогоондоо сайн эзэгтэй, зочны өрөөндөө хатагтай, орондоо янхан шиг байх ёстой гэдэг нэг яриа байдаг даа. Иймэрхүү чиг баримжаатай стеоротип танд байх уу?

-Төгс эхнэр гэж...эхнэр битгий хэл ер нь төгс зүйл гэж хорвоод хомс юм уу даа гэж би хувьдаа бодож явдаг. Гал тогоондоо сайн эзэгтэй, зочны өрөөндөө хатагтай гэж. Яахав байж болох л юм, харин орондоо “янки” шиг гэж, хэхэ, янкинууд орондоо үнэхээр гаргуун ч юм уу, үгүй ч юм уу, жирийн бүсгүйчүүд яс юман дээр янкинуудаас илүү ч юм билүү, ёстой нэг Балхжавын хэлдгээр бид таашгүй (хөхрөв).

-Хүн насаараа амьдрах хань ижлээ ижил сонирхолтой, сэтгэхүйн хувьд ижил зиндааных байхаар сонгох ёстой гэдэг. Та хоёрын сонирхол, сэтгэхүйн зиндаа нэг түвшинд байж чаддаг уу? Хайр, нөхөрлөл гэсэн хоёр мэдрэмж л хүнийг хамгийн ихээр өөрчилдөг гэдэг. Мисс гэргийн тань хайр таныг ямраар өөрчилж байгаа бол?

-Бид хоёрын сонирхол, сэтгэхүйн зиндаа нэг түвшинд байж чаддаг. Хэдийгээр хоорондоо нэлээн насны зөрөөтөй боловч бид хоёр үеийн сайн найзууд шиг л байдаг.

-Чамгүй олон жилийн дараа гэрийн эзэн, хүүхдийн аав боллоо. Аав болсон мэдрэмжээсээ хуваалцаач?

-Анхны хүүгээ төрж байхад би дөнгөж 20 гаран настай, өөрөө хүүхэд шахуу байсан болохоор ёстой л урсгалаар явж байтал хүү маань нэг л мэдэхэд долоо, найман нас хүрчихсэн байсан. Харин нас тогтоод хүүхэдтэй болохоор жинхэнэ эцэг хүн гэдгээ мэдэрдэг юм билээ.

-Охиндоо ямар нэр өгсөн бэ?

-Манай охиныг Эва гэдэг.

-Хэр их живхэнд гүйж, сүү халааж байна?

-Үнэнийг хэлэхэд тэрнийг ээж, эмээ нар нь л зохицуулчихдаг.

-Хэдэн хүүхэдтэй болохыг мөрөөддөг вэ?

-Яг тэд ид гэж бодсон юм байдаггүй. Тухайн үед нь л шийднэ гэж бодож байгаа.

-Гэр бүлээрээ UGG брэндийн рекламын нүүр царай болоод байна. Тань шиг өөрийгөө дээд зэргээр хүндэлж, үнэлдэг хүн чамгүй олон тоотой цифрээр гэрээ хийсэн байх?

-Уул нь би нэг их рекламанд ороод байдаггүй л дээ. Тэгсэн энэ хавар UGG брэндийн нүүр царай болох уу гэсэн санал ирсэн. UGG брэндийн гуталнууд нь уулаасаа надад их таалагддаг юм. Хөлд маш эвтэйхэн, чанар сайтай, загварлаг, өдөр тутамд манай гэр бүлийн хэрэглээ байж чаддаг учраас UGG брэндийн нүүр царай болж байгаадаа миний бие хувьдаа маш сэтгэл хангалуун байгаа.

-Бас ч гэж олон жил немц овчарк, цасан цагаан төгөлдөр хуур хоёроор хань хийж амьдарсныг тань мэдэх юм. Гэр бүлтэй болсноор эрх чөлөөт амьдралын төсөөлөл, хэв маяг тань өөрчлөгдөж байна уу?

-Хоёр нялх хүүхэдтэй болчихоор зав зай тодорхой хэмжээнд хумигдана л даа. Гэхдээ хаа очиж манай ар гэрийнхэн миний ажилд садаа болохгүйгээр зохицуулчихдаг.

-Хоёр хүүхэд ээ....Нэг охинтой болсон л гэж ойлгоод байсан?

-Би хүү, охин хоёртой болсон юмаа.

-Ёстой оройхон гараад ширүүхэн дайрна гэгч л болж. Хүүгийн нэрийг хэн гэдэг вэ?

-Миний хүүгийн нэрийг Арсай.

-Өнгөрсөн хугацаанд таны амьдралд гарсан бас нэг өөрчлөлт бол та МУГЖ цол авлаа. Шагнал бол үнэндээ л инээдтэй санагддаг гэж нэгэнтээ ярьж байсан. Мэдрэмж юу байна?

-Шагнал инээдтэй юм биш ээ. Шагнал бол уул нь шагнал л юм. Шагналыг шагнал биш болтол нь нэлийтэл, болсон, болоогүй нийтэд тараасан тэр нөхдүүд л инээдтэй. Зохиогүй шагналаа бахархалтай нь аргагүй зүүчихсэн, догдолчихсон цохиж яваа гарууд бүр гуриа!!! Шагнал хэдий чинээгээр цөөн, ховор, нүдээ олсон байх тусам үнэ цэнэтэй байна гэж би боддог.

-Гавьяатынхаа цайллагыг хийсэн үү?

-Үгүй ээ, би цайллага хийхгүй.

-Тань шиг цул авьяас хэрэв Америк ч юм уу арай нэг шоу бизнес хөгжсөн улс оронд төрсөн бол өдийд Арабын шах шиг амьдарч байх хэмжээний. Та хэр хангалуун амьдарч байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд би Арабын Шах яаж амьдардгийг энэ хоёр нүдээрээ хараагүй. Дам сонсох нь ээ алтан суултуурт хүндэрдэг юм гэсэн. Би нэг л юм баттайяа хэлж чадах байна. Хэрвээ би Арабын Шахаас ч илүү мөнгөтэй байсан ч бай алтан суултуур сонгохгүй байх байсан гэдгээ баттай мэдэж байна. Тиймээс хүн хүний мөнгийг, амьдралыг харах өнцөг өөр. Миний хувьд би хангалуун хүн.

-Авьяас гэж юу вэ? Д.Намдаг гуай агуу их эмзэглэл гэсэн байдаг, сүүлд Ц.Хулан найрагч авьяас бол мах цусанд шингэсэн хайр хэмээн гайхалтайгаар ишилсэн. Та өөрийнхөө дүгнэлтийг хэлээч?

-Авьяас гэдэг бол хүн бүрт тодорхой хэмжээгээр илгээгддэг бурхны бэлэг юм. Харин зарим хүмүүс тэр бэлгээ ойшоодоггүй юм уу, задалж үзэхийг хүсэхгүй өрөөний булан руугаа шидчихдэг ч юм уу, аль эсвэл үүдэн дээр ирснийг олж хардаггүй ч юм уу. Хүн бүрт авьяас их бага хэмжээгээр байдаг гэж би боддог. Гагцхүү тэр бэлгийг залхууралгүй нээж үзэх хэрэгтэй.

-Нээрээ “Нандин шүтээн” тоглолтын тайзан дээрх халиман өнгөтэй төгөлдөр хуурыг танай компани хийсэн гэж дуулсан. Та ер нь ямар бизнес хийдэг хүн бэ?

-Хашаа гээд манай найз хийж өгсөн юм. Бас ерөнхийдөө л урлагийн л хүн дээ.

-Дараагийн тоглолт хэзээ вэ? Уран бүтээлийн ойрын үеийн сонин хачнаасаа хуваалцаач?

-“Үүлэн үст” тоглолтоо удахгүй хийнэ, цагийг нь товлоогүй байна.

-Ам нээвэл уушиг нээ гэдэг. “Алтайн Хүдэр”-ийн Базараа таны сайн анд. Базараатайгаа нийлж бизнес хийж байгаа, Базараатайгаа муудалцаад салсан гэнэ гээд явган ярианууд байдаг. Та хариулт өгөөч?

-Базараа бид хоёр NICITON гэдэг нэрийг хамт өгч байсан тийм л эртний найзууд юм. Бид хоёр хэн хэндээ муу юм хийж, муудалцах тийм нөхдүүд биш ээ. Эрчүүдийн байдаг л үл ойлгоцол.

-Та урлагаас өөр юу хийж байна вэ? Өдөр тутмын амьжиргааны хэрэглээ, хэрэгцээг зөвхөн урлаг хийгээд хангахад бэрх байгаа шүү дээ. Би андуураагүй бол таныг автомашин зарах бизнес хийдэг гэж сонсож байсан?

-Хааяа машин нааш цааш нь зардаг.

-“Никитон” ерээд оны залуусыг ёстой дэглэж байгаад гэнэтхэн Америк явсан. Эрх чөлөөний орон таныг үзэл бодлын тухайд нээж, төлөвшүүлж, баяжуулсан гэж та ярьдаг. Харин фенүүддээ бол та Америк дахь долоон жилийнхээ дараа лав өмнөх шигээ таалагдаагүй. Энэ бол үнэн. Энэ хоёрын заагт юу байгаа юм бол? Магадгүй таны үзэл бодол цаг үеэсээ түрүүлсэн юм болов уу, эсвэл эрх чөлөөний хэт өндөр мэдрэмжтэй тэр орон монгол цусыг чинь бага зэрэг үймүүлсэн юм болов уу? Хүнийг хайрцагладаг нийгэм шүү дээ.

-“Янаг цэцэг” гэдэг дуу гаргаад 1989 оноос нийтэд дуулж эхэлснээс 1996-1997 оноос л үзэгчид сайн хүлээж авдаг болсон санагдаж байна. 2005 оны сүүлээр Америкаас ирээд одоог хүртэл “Нандин шүтээн”, “Үүлэн үст” гээд хоёр цомог гаргалаа. Өнөөдөр монголд NICITON шуурга шиг шуурч байна уу, аль эсвэл сэр сэр л салхилж байна уу гэдэг нь “Үүлэн үст” тоглолтын үеэр л харагдах байх. БАЧКА хайрцаглагдсан уу? гэсэн асуултанд тань, өнөөдөр Монголд надаас өөр хэн АХЫГАА ДЭЛХИЙ ДЭЭР БУУЛГААД АЛЬ гэдэг сэдвийг сонгоод, дуу хийгээд дуулж байгаа юм? Өөрийн чинь хэлдгээр хайрцаглагдчихсан хүн харагдахгүй л байна.

-Ингэхэд анхны гэргий тань Америкт амьдарч байгаа. Та үл ойлголцлоос болж салсан гэж ярьдаг. Их бөөрөнхий хариулт л даа. Яг юу болсон юм бэ? Жишээ нь юун дээр үл ойлголцсон гэж гэх мэтээр.

-Товчоор хэлбэл гол асуудал нь манай экс Америкт амьдрах сонирхолтой, би Монголд амьдрах сонирхолтой гэх үү дээ.

-Мянхай хүү эрийн цээнд хүрчихлээ. Амьдрал, хувь заяаныхаа замыг аль хэдийнэ тодорхойлчихсон байх?

-Миний том хүү Мянхай 19 настай. Зуны амралтаараа Улаанбаатарт ирчихсэн байгаа. Бид хэд саяхан хөдөө гадаа яваад ирсэн.

-Фераррид сурталчилгаа хэрэггүй, бас олон хүн унадаггүй гэж... Гайхалтай том бардамнал, гайхамшигтай зүйрлэл.. Та их уншдаг, оюун ухаан чинь анализ хийж, гаргалгаа гаргах дуртай хүн бололтой юм?

-Миний хийж буй уран бүтээлийн цар хэмжээ, чадварыг манайхан заримдаа дэндүү доогуур үнэлээд байгаа мэт надад санагддаг юм. Од гэдгийг хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг юм шиг байгаа юм. Заримд нь Арабын Шах шиг алтан жорлонд хүндэрч л байвал дуулж чадахгүй байсан ч од, заримд нь чи өөрөө ч бараг өөрөөс нь илүү дуулчихаар хүнийг од гээд л шүтээд давхиад байх жишээтэй. Минийхээр бол од хүн бол ганц урлагийнх бус бүх салбарт байдаг. Тэр од шиг болохын тулд төсөөлөх юм бол хэдий хэр зам туулж байж түүнд хүрэхээр нь тэр одын чанар чансаа хэмжигдэнэ гэж боддог.

Феррари гэж хэлсний хувьд, хүн хүнийг хүндлээд байхад урдаас нь сагсуураад байвал тэр адгийн тэнэг. Тэр үед сонин, сэтгүүлүүд болон тааралдаж буй хүмүүсийн гариг андуурчихсан ойлголт, тухайн үеийн, харахад сүр бараа ихтэй боловч яс юман дээр хөөс шиг хэврэг хамтлаг, дуучидтайгаа харьцуулж байсан байдал, заримдаа бүр тэднээс дорд үзэхийг нь яана. Надад хэцүү байсаан. Миний хэлэх дуртай үг, цаг хугацаа бүгдийг байранд нь тавина, тулаанд шонхорууд л ниснэ. Ороо бусгаа одооны энэ нийгэмд шонхор, болжмор, чогчиго бүгд хамт нисч байгаа. Гол нь зон олон нь болжмор, чогчиго нарт, чи шонхроос илүү нисч чадна гэж бүлтэрсээр байгаад өнөөх болжмор, чогчиго нь бид шонхроос илүү дэвэлттэй гэдэгтээ 200% итгэчихсэн..... хамаг аюул нь энд байгаа юм. Магадгүй тэднийхээр бол чогчиго, болжмор шонхроос илүү дүүлдэг байхыг бид таашгүй ээ. Дахиад л Балхаа ахын таашгүйг иш татав, /хөхрөв/ Тэгээд л би өөрийгөө Феррари гэж нэрлэмээр санагдсан юм аа.

-Та ингэхэд яагаад өөртөө ийм их итгэлтэй, бардам байдаг юм бэ? Таныг давж гарсан хөгжимчин, авьяастан бас байж болно ш дээ. Та авьяастай учраас уу эсвэл хөдөлмөрч учраас тэгтлээ их бардам байдаг юм уу?

-Нэгд, би бардамнах, ихэрхэх, ойворгон сагсуурах гэх мэтийн үйлдлийг үзэн яддаг. Надаас илүү ч юм уу, дутуу ч юм уу, хөгжимчид, дуучид одоо ч, хойшид ч төрсөөр л байх болно. Мунхаг мунаг хүн л үүнтэй санал нэгдэхгүй биз. Харин өөрийнхөө хэмжээг мэддэг, хэмжээндээ байж чаддаг хүмүүсийг л би хүндэлдэг.

-Та юуны фанат вэ?

-Покер, снүүкэрт дуртай.

-Хүмүүс морь цуглуулдаг атал та нохой цуглуулдаг. Чухам юу нь таныг тэгтлээ татдаг юм бол?

-Тийм цуглуулга гэхээр олон нохой байхгүй ээ. Нохойны эзэндээ чин сэтгэлээсээ ханддагт нь татагддаг.

-Үзэсгэлэнт Ники чинь бий юу? Яагаав нөгөө дэндүү гоё толгойтой?

-Ники маань байгаа, жоохон хөгширсөн. Нялх хүүхэдтэй болоод тусдаа байгаа.

-Та нохойны үзэсгэлэн ярьдаг дэндүү гэмээр гоо үзэсгэлэнд дуртай, ялгаж үнэлж чаддаг хүн. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юундаа байдаг вэ? Битгий л дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн гэж жижүүрний хариулт өгөөрэй дээ. Гадаад үзэмжийн тухайд асууж байгаа юм...

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол хүний нийгмийн үргэлжлэлийн учиг зангилаа нь гэж боддог.

-Та яг асуултанд хариулсангүй, ерөнхийл-чихлөө...

-Ерөнхийдөө бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн тухай асуулт ч байгаад яадаг юм, хариулт ч байгаад яадаг юм. Үгээр илэрхийлж дуусахгүй шүү дээ.

-Мэдрэмж гэж юу вэ? Тэр хэзээ ямар тохиолдолд хамгийн их хэрэгтэй байдаг бол?

-Мэдрэмж нь төрөлхийн өгөгдөл, бурханы хишиг гэж би хувьдаа боддог. Мэдрэмж хэрэггүй тохиолдол, цаг хугацаа гэж ер нь байдаггүй л болов уу.

-Таньтай эн зэрэгцэх аргагүй хүмүүсийг таньтай харьцуулахад та тун ч гутардагийг мэдэх юм. Ийм сэтгэлзүйтэй хүмүүс дотогш асгарсан их хүчтэй, үнэт зүйлийн мэдрэмж нь хэт өндөр хүмүүс байдгийг мэдэх юм. Та ер нь өөрийгөө хэнтэй өрсөлдөх хэмжээний хүн гэж боддог вэ?

-Нийгмийн түүчээнүүдтэй.

-Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?

-Амьдралд алдаж онох, хөл алдах үе байлгүй яахав. Унаж босдог л жамтай хорвоо. Харин үзэл бодлын даль жигүүрээ л фитнесжүүлж, байнгын булчинтай байлгахыг эрхэмлэдэг дээ. Мухар булан таарвал гарц гаргана аа.

-Танд өртэй хүн байна уу?

-Миний дуунд хүмүүс дуртай байх ёстой гэж би боддоггүй, хэлэхгүй, албадахгүй. Харин чадварыг маань ойшоодоггүй хүмүүс надад өртэй!!!

-Элитүүд, язгууртнууд, дээдсийн хүрээлэл гэхчлэн ойлголтууд байна. Чухам хэн нь элит, хэн нь язгууртан, хэн нь дээдсийн хүрээ юм бол?

-Элит гэдэг ойлголтыг би угсаа сурвалж гэж дүгнэдэг. Ямар ч үнэ мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйлсийн нэг нь. Энэ бол хувиршгүй баримт, түүх, хэдэн үе, зуун дамжсан цаг хугацааны шалгуураар шигшигдсэн нэрийн хуудас гэж би ойлгодог.

-Таны сэтгэлд онцгой дурсамж үлдээсэн хүн байдаг уу?

-Би наймтайдаа зүрхний хагалгаанд орж байсан юм. Социализмын үеийн алтан гарт Бундан хэмээх эмч надад хагалгаа хийсэн. Надад амьдрал бэлэглэсээн. Тухайн үедээ би жаахан байсан болохоор баярлалаа гэж хэлсэн үгүйгээ санадаггүй юм. Эрийн цээнд хүрээд уулзъя гэсэн боловч тэр хүн бурхан болчихсон байсан. Миний амьдралд дурсамж үлдээсэн олон хүн байдаг. Тэдэн дотроос Бундан хэмээх энэ ачтай хүн миний сэтгэлд онцгой байр суурийг эзэлдэг дээ.

"Гранд БИ"

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №47 /2014/он

М.Уранчимэг

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet