Тариачин Брейгель
2022 оны 5 сарын 10

Хувийн амьдрал, намтар түүх нь тодорхойгүй ч туурвисан бүтээлээрээ мөнхөрч, шүтэгддэг суутнууд бий. Тэдний нэг нь Фламандын дахин сэргэлтийн үеийн зураач Питер Брейгель. Аав хүү, ах дүүсээрээ уран зурагт зам мөрөө гаргаж, алдаршсан учраас тэднийг хооронд нь ялгахын тулд том Брейгель, бага Брейгель, аав Брейгель хэмээн нэрийддэг. Бага Питер Брейгель буюу хүү Брейгель тамын зураг их зурснаараа Тамын Брейгель, 2 дахь хүү Ян Брейгель хөдөлгөөнгүй зураг, ялангуяа цэцгийг гарамгай зурдгаараа Цэцгэн Брейгель хэмээн алдаршсан. Брейгелүүдээс хамгийн алдартай нь тариачин тодотголоороо алдаршсан Том Брейгель.

    Тэрээр 1525 онд Голландын худалдааны алдартай хот Антверпенд төржээ. Уран бүтээлийн гараагаа Антверпенээс эхэлсэн. Эхэн үедээ фламандчуудынхаа ахуй байдал, шашны сэдэвтэй зурж байснаа 1560-аад оноос эхлэн эгэл тариачдын амьдрал, хөгжилтэй төрхийг түлхүү зурах болсон. Байгалийн зураг болон тариачдын зургуудаараа алдартай. Тиймдээ ч тариачин Брейгель хэмээн түүхэнд алдаршсан.

Хувь хүний тухайд тун ч чөлөөт сэтгэхүйтэй, амьдралаас тасархай, өвөрмөц үзэл баримтлалтай байснаас гүн ухаантан, сэтгэгч байсан гэж зарим судлаачид үздэг ч эцсийн нэгдсэн дүгнэлтэд хараахан хүрээгүй байна. Зарим судлаач Брейгелийг Италийн сэргэн мандалтын үеийн амьдралыг бахдах, бишрэх үзлийн эсрэг хүн, ертөнцийн эмгэнэлт сөргөлдөөний онолыг бий болгосон гэж нотлон буруушаах нь бий. Энэ нь жишээ нь “Сохрууд” хэмээх алдарт зурагтай нь холбоотой шүүмжлэл байж болох. Ямартай ч хүн төрөлхтний түүхэнд цөөн төрсөн чөлөөт сэтгэлгээ бүхий оюуны хувьсгалчдын нэг түүнийг Умардын Сэргэн мандлын тод, томруун төлөөлөгчдийн нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.

      Брейгелийг нас барсны дараа нэр хүнд нь тодорхой хэмжээгээр сэвтсэн. Тариачны хошин шогийн дүрээр “Мангар Питер” хэмээн хочилж, зарим нь тариачин байсан ч гэж үзэх болов. Гэвч бодит үнэн гэвэл Брейгель олон тооны сурвалжит ивээн тэтгэгч, захиалагчтай, чамгүй боловсролтой нэгэн байлаа. Хэргийн учир тэрбээр үеийнхээ зураачид шиг библийн судар дахь сайн сайхан, гоо үзэмжит сэдвийг бус чухамдаа илүү гүн ухаанлаг, тэрслүү сэдвээр зурж, ард түмний бодит эгэл амьдрал, нухацтай сэдвүүдээр бүтээлээ туурвиж байсанд оршино.

      Жишээ нь, түүний эхэн үеийн зургуудад хүн бараг “үзэгддэггүй”. Эх байгалийг дүрслэхдээ зүгээр нэг зурахгүй. Байгалиар дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлж, байгалийн тодорхой үзэгдлүүд биш чухамдаа мөнхийн хөдөлгөөнд буй байгаль, түүний дунд хүний эзэлж буй байр суурийг гаргахыг эрмэлздэг байв. Нэг талаас газарзүйн аугаа нээлтүүдийн үе учраас хорвоо дэлхийн тухай хүний мэдлэгийн хүрээ өргөжиж байгаагаар тайлбарлагдаж болно. Нөгөө талаас хүн гэгч байгалийн сүр хүчний дэргэд өчүүхэн болохыг тодотгосон, байгалийн гоо сайхан, сүр хүчний тухай цоо шинэ үзэл баримтлал байсан юм. Тэр үүгээрээ өнөөг хүртэл шүтэгдсэн суут зураач юм.

 

     “Сохрууд”

                                                                                                                                       “Сохор сохроо хөтөлвөл хоёулаа шуудуунд унана”. Библи, Мэтью 15:14.

    Адилхан хараагүй ч анх нөхдийнхөө хөтөч болохыг хүссэн тэнэг сохор хүний тухай Библийн судрын дээрх ишлэл, домгоос сэдэвлэн “Сохрууд” хэмээх эл зургаа бүтээжээ. Брейгелийн алдартай бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлдэг энэ зургийг туурвих үед түүний суу авьяас оргилдоо хүрсэн гэж үздэг. Хувь заяагаа зөнд нь орхиж, далдын хүчинд муйхраар итгэсээр байгаа хүн төрөлхтний эмгэнэлт харалган байдлын тухай Кальвины сургаалийг Брейгель эх оронд нь хэцүү цаг ирсэн үед санаж сэдэн нийт хүн төрөлхтөнд хамаатуулан зуржээ. Энд дүрслэгдсэн 6 сохор эр хүн төрөлхтний сохролын билэг тэмдэг юм.

     Дүрслэл: Зураг дээр зургаан сохор хүн чанх урд нь ус дүүрэн жалга байгааг огт мэдэхгүй урагшилж байна. Жалга руу унаж буй сохрын харц тэнгэр лүү, дараагийнх нь харц үзэгч рүү ширтэнэ. Гүн үзэн ядалт, жигшим инээмсэглэл нь түүний царайг айж цочирдом баг болгон хувиргасан байх агаад ийм царайг яаж ч зөвтгөөд өр өвдөж үл чадахаар. Хамгийн сүүлд яваа сохрын маанагдуу, мохоо, амьтных шиг царайнаас бусдынх нь царай улам шунал тачаалтай, хорсол зэвүүцэлтэй болж, оюуны сохрол нь бие бялдрынх нь гажуудлаас даван гарч, царай төрхийг нь улам үзэшгүй муухай болгоно.

     Энд дүрсэлсэн үйл явдал хэдий ахуйн сэдэвтэй, дүрслэгдсэн баатрууд аймшигт төрхтэй ч цаад дотоод агуулга, мөн чанар нь хүнлэг, хорвоогийн эмгэнэлт талыг илэрхийлжээ. Хүний мунхаглал түүнийг ёроолгүй гүн ангал руу хүргэдэг тухай том сэдэв энд хөндөгдсөнөөрөө зураг алдартай юм. Сохор нь сохроо дагуулж яваа болохоор жалга руу унана, төгсгөл гарцаагүй ирэх билээ.

              Нидерландын зүйр үг

      Брейгелийн уран бүтээлийн эхэн үед ёгт сэдэв, далд утга зонхилдог байсан нь нь түүний шүтээн Иероним Босхын нөлөө. Босхыг дуурайж цөөнгүй бүтээл туурвисны нэг нь “Нидерландын зүйр үг” хэмээх 1559 онд бүтээсэн эл бүтээл. Баялаг утга агуулга, билэг тэмдэг, ёгт утгаар дүүрэн энэ зурагт 110 гаруй зүйр үгийг багтаасан гэж үздэг. Зургийн бүтэж, ерөнхий хэв маяг, олон дүрүүдтэй, бүгд ёгт битүү утгатай зэрэг нь Босхын алдарт “Ертөнцийн аз жаргалын цэцэрлэг” бүтээлийг санагдуулна.

      Зургийн дүр, үйл явдал бүхэнд тайлбар хийнэ гэвэл нэлээн урт цаас, цаг зав хэрэгтэй болно. Товчхондоо тэнэгүүдийн ертөнцийг онч мэргэн үгсээс санаа аван хошин, ёгт байдлаар дүрслэхдээ билэгдэл, битүү утга санааг өргөнөөр ашигласан. Тэнэг хүмүүс амьдардаг нэгэн төсөөллийн хотод үйл явдал өрнөх бөгөөд ийм сэдвийг 1494 онд хэвлүүлсэн “Тэнэгүүдийн хөлөг” хэмээх бестселлэр элэглэлээрээ Себистян Брант олны хүртээл болгосон бөгөөд Франс Хогенберг зэрэг сийлбэрчид ч энэ сэдвээр бүтээл туурвих дуртай байжээ. Хогенбергийн “Цэнхэр нөмрөг” хэмээх бүтээл Брейгельд энэ зургаа зурах сэдэл төрүүлсэн гэж үзэх нь бий.

                                Тэнэгүүдийн ертөнц

   Тэнэгүүдийн ертөнц гэдгийг юун түрүүн хаанаас харж мэдэж болох вэ? Христийн шашны урлагт загалмай хэлбэрээр ороосон бөмбөрцөг дэлхийг илэрхийлдэг. Загалмай ямагт дээшээ харсан байх ёстой, зургийн баруун доод хэсэгт нэгэн эрийн барьж байгаа шиг. Хэрвээ доошоо харсан бол толгой нь уруугаа харсан дэлхийг илэрхийлнэ. Бөмбөрцөг энд буруу байрлалтай байгаа нь тосгон тэр чигээрээ тэнэгүүдээр дүүрсэн гэсэн санааг илэрхийлжээ.

                                                                                                           Цэнхэр нөмрөг

   “Тэр эмэгтэй нөхрөө цэнхэр нөмрөгөөр бүтээдэг” гэсэн хэллэг баруунд их алдартай байв. Энэ нь нөхррөө араар нь тавьдаг гэсэн утгатай хэлц. Тэр цагт цэнхэр өнгийг хууран мэхлэлтийн тэмдэг гэж ойлгодог байсан бөгөөд энэ зураг Хогенбергийн “Цэнхэр нөмрөг”-тэй төстэй боловч илүү амьд, хошин өнгө аястай дүрсэлжээ. Таяг тулсан хөгшин нөхөр нь залуухан, өндөр, бие хаа сайтай эхнэр нь юу хийж байгааг мэдсэн шинжгүй сууна. Завхай эхнэртэй, цэнхэр нөмрөгт хөөрхий эрийг 2 хүүхэн харан хов ярих бөгөөд түүний цаана гахайгаа сарнайгаар хооллож буй хүн өөр нэгний тэнэглэлийг харан гайхна. Энэ мэтээр дүрслэлүүд нь тус тусад нь аваад үзэхэд тусдаа нэг бүтээл юм шиг боловч хоорондоо уялдаа холбоотойгоор өрнөнө. Эл зурагт дүрслэгдсэн зарим дүрүүд, тухайлбал тэнгэрийн хаяанд, баруун дээр “сохор сохруудаа хөтөлсөн” дүрслэл дээр өгүүлсэн “Сохрууд” хэмээх агуу бүтээлийнх нь сэдэв болсон билээ.

   Дүүрсэн усан тэнэгүүдийг дүрслэхдээ хэн ч Брейгелээс илүү гараагүй гэдэг. Тухайлбал, тоосгон хана мөргөх ямар ч утгагүйг хэн ч мэднэ. Тэгсэн ч үүнийг оролдож үзэх тэнэг ямар байхыг зураач таашаалтайяа дүрсэлжээ. Унтлагын хувцсан дээрээ хуяг өмсөж, гартаа сэлэм барьсан эрийн хувцас нь тийм ч дайчин биш. Өрөөсөн хөлдөө л гутал углаж, шилбэ нь боолттой байх нь тэрбээр өмнө нь өөр нэг тэнэг явдалд орооцолдон биеэ гэмтээснийг харуулна.

   Гэтэл тэнд нэг нөхөр газар асгарсан бантангаа буцааж хийхээр оролдож байна. “Асгарсан сүүний араас уйлах хэрэггүй” хэмээх хэлц үгийг энд иш татжээ. Хөдөөгийн орчин ахуй учраас сүү, талх тэргүүтэй эгэл ахуйлаг зүйлс ихээр дүрслэгдсэн байдаг. “Хооронд нь хүргэж чаддаггүй” хэмээх хэлцийг анх “Тэр нэг талхнаас нөгөө талхтай залгаж чаддаггүй” гэж ярьдаг байв. Энэ хэлцэд ямар ч хошин юм уу онч мэргэн утга байхгүй боловч Брейгель үүнийг харахад инээдтэй хошигнол болгон хувиргаж чаджээ. Энэ тариачин эр ердөө нэг талхнаас нөгөөд хүрч чадахааргүй тэнэг ажээ. Энэ мэт ардын зүйр үг, хэлцүүдээс санаа авч хүн төрөлхтний тэнэглэлүүдийг шоолон, эгдүүцсэн зураг он цаг өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдсээр байна.

                                                                                                                               Тариачид

   “Тариачны хурим”, “Хуримын бүжиг” хэмээх цуврал, нэг сэдэвт эл 2 бүтээл Брейгелийн бас л алдартай бүтээлүүдийн нэг. Энд тариачин хосын хурим, хуримын дараах бүжиг, наадмыг дүрсэлжээ. Дүрүүд нь эрээ цээргүй, бүдүүлэг ч гэмээр тариачид боловч тэд бодит амьдрал дээр өөрийнхөө төлөө зогсож чаддаг зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс ажээ.

                                                                                                                Тариачны хурим

    Дүрслэл: Нэгэн амбаарт хурим болох бөгөөд дээрээ хааны титэм дүрслэгдсэн хар хөх хөшигний наана сүйт хүүхэн суужээ. Хүүхэн хоёр гараа зөрүүлэн тун ч ихэмсэг байртай харагдана. Өндөр түшлэгт сандалд суух хижээл насны эр, хажуугийн эмэгтэй хоёр нь бүсгүйн аав ээж, нэлээн цаахна нь хоолоо ховдоглон идэж буй сүйт хархүү суужээ. Зочид бүгд дор бүрнээ хоолоо ховдоглон идэх агаад цагаан хормогчтой хоёр зөөгч эр модон тавиур бүхий тавагтай хоол яаран сандран авчирч, зочдын нэг нь хоолыг ширээн дээр тавьж байна. Наад зүүн буланд бас нэгэн эр шар айраг аягалах бөгөөд наана нь хоосон лонхоор дүүрсэн сагс, дахиад дэргэд нь өдтэй бүрх малгай духдуулан тавьсан бяцхан жаалхүү тавагтай хоолоо долоож харагдана. Хөгжимчин эр барьсан цуураа мартчихсан хажуугаар нь өнгөрөх хоол руу ховдог нүдээр харах аж.

     Агуулга: Тэр үеийн фламандчуудын хувьд хурим ёслол гэхээсээ илүү баяр цэнгэл, бүжиг наадам шиг өнгөрдөг байсныг энд тун ч тод томруун халуужээ. Орчин цагийнхны нүдээр харахад хурим гэхэд итгэмгүй, хөдөөгийнхний эгэл болхи байдал, хоолонд ховдоглох зан төрх хүртэл нүднээ бэлхэн харагдах.

Ер нь Брейгель тариачдын амьдралын үнэн дүр төрх, тосгоныхны баяр цэнгэл, найр хуримандаа ханддаг хандлага, зан үйл, хувь зан араншинг хүртэл нарийн нягт, эмх цэгцтэй илэрхийлдэгээрээ алдартай зураач байсан нь бүтээл бүхнээс нь харагддаг. Үүнээсээ болоод түүнийг тариачин, эгэл боргил амьдралтай байсан гэж төөрөгдөх явдал ч гарч байлаа. Үнэн хэрэгтээ тэр өөрөө бодит амьдрал дээр тариачин байсан бол тариачдын ахуй байдал, амьдралын хэв маягийг ингэтэл нь нэвт цувт харж, хурц шоолж, шүүмжилж чадахгүй байлаа. Харин ч эсрээгээр хөдөө тосноныхны эгэл болхи, бүдүүлэг амьдралыг хотын хүний байр сууринаас хардаг байлаа.

   Эрхэлсэн ажил мэргэжлээрээ бахархаж явдаг зураачийн ар талд хөрөнгө мөнгөтэй ч харалгандуу эр зогсоно. Тэрээр түрийвчээ тэмтрэхийн сацуу зураачийн хэрхэн ажиллаж буйг сэмхэн, дүйнгэ маягаар ширтэх ажээ. Тухайн үеийн язгууртан, ихэс дээдсээс багагүй захиалга авдаг байсан Брейгель үүгээрээ хөрөнгө, хэтэвчнээс цаашгүй урлагийн жинхэнэ үнэ цэнэ, зураачийн жинхэнэ авьяасыг үл мэдэгч хүмүүсийн өрөвдөм харалган байдал, ирэх хэдэн зуунд нэр төр, үнэ цэнэ нь улам өсөх жинхэнэ авьяаслаг зураачийн мэргэжилдээ хандах амбиц, нэр төрөө хамгаалах ихэмсэг байдлыг илэрхийлснээрээ энэ зураг алдартай билээ.

                                                                                                                     Хуримын бүжиг

    Зургийг сайтар ажиглавал ар хэсэг буюу хойморт тусгайлан бэлдсэн суудал эзгүй байна. Хааны титэм дүрслэгдсэн энэ хэсэгт сүйт бүсгүй суух ёстой. Гэтэл хуримлагч бүсгүй гол дунд хар хувцастай, үсээ задгайлчихсан эцэгтэйгээ бүжиглэж байна. XIX зууныг хүртэл европчууд цагаан өнгийг үхлийн өнгө гэж үздэг байсан бөгөөд хуримын өнгө хар байв. Зураг дээрх эмэгтэйчүүдээс сүйт бүсгүй ганцаараа үсээ задгайлсан нь бүсгүй хүн нөхөрт гарсан л бол малгай, алчуураар үсээ далдлах ёсыг дагах үүрэгтэй учраас сүүлчийн удаа зочдод үсээ гайхуулж, залуу насны эрх чөлөөгөө эдэлж байна.

    Ер нь энэ үед хуримын өдрийг хуримлаж буй бүсгүйн баяр гэж тооцдог байв. Баярын ширээний ард нөхрийг нь суулгах ч үгүй тохиолдол ч байж болно. Энэ нэг их сонин биш.

                                                                                              Бүжиг бол хэвтээ хүслийн босоо илэрхийлэл

   Зургийн хамгийн анхаарал татахуйц, аваартай хэсэг энд бий. Бүх эрчүүд бүсэндээ хутгатай, бэлэг эрхтэндээ хамгаалалттай байгааг анзаарч байна уу? Англиар codpiece буюу гульфик, монголчилбол бэлэг эрхтний хамгаалалт. XIV, XV зууны үед Европын хувцас загварт маш чухал элементэд тооцогддог байсан. Орчин цагт бол загварын үзүүлбэр, рок хамтлагийн хувцас загварт үлдэж хоцорсон.

Харин тэр үед эрчүүд, ялангуяа, цэргүүд бүгд төмөр хаалттай байв. Ер нь эр хүний сүр хүчийг илэрхийлэх гоёл, тодотгол байсан юм уудаа.

    Түүнчлэн энд цугласан эрчүүдийн эрекцийн байдал анхаарал татна. Тэр үеийнхэн бүжгийг нүгэл гэж үздэг байв. Бие махбодийг өдөөгч, сексийн сэрэл хөдөлгөгч гэдэг утгаар нь хүлээж авдаг байжээ. Ямартаа л "Бүжиг бол хэвтээ хүслийн босоо илэрхийлэл" хэмээн Бернард Шоу ишилсэн байдаг. Зураг бүхэлдээ хүний ертөнцийн төрөлх жам, мөн чанарын тухай өгүүлжээ. Хосоор амьдрах нь хорвоогийн жам. Хайрлаж дурлах нь түүний үндэс шалтгаан. Ертөнц эрчүүдийн эзэрхийлэл, эмэгтэйчүүдийн төрөлт дээр тогтдог билээ.

    Зураг бүтээл бүхэндээ амьдралын зүй тогтол, өнө мөнх оршихуй, мөн чанарыг билэгдэлт, битүү ёгт утгаар дүрсэлдэг байсанд тариачин Брейгелийн үнэ цэнэ, суу авьяас нуугддаг ажээ.

         

                                                                                    "Гранд сонгодог булан"

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №55 /2015 он

                                                                                                                                                                                                                             Бэлтгэсэн М.Саян

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet