Ижил хүйстний өвөрмөц мэдрэмж
2022 оны 5 сарын 9

Эрчүүд нь тугал нүдтэй, долгиотсон үстэй, эмэгтэй хүн шиг царайтай байвал Караважогийнх

Миний л бодлоор ижил хүйстэн төрөх нь хувь хүний сонголтоос хамааралгүй, ангид асуудал. Өөрөөр хэлбэл энэ бол өгөгдөл. Тиймдээ ч ихэнх ижил хүйстэн алдартнуудын хүн төрөлхтний урлаг, соёлын ертөнцөд бэлэглэсэн зүйлс олон бөгөөд өвөрмөц. Ертөнцийн хүүхнүүдэд өмд өмсгөсөн алдарт Ив Сан Лоран, хүн төрөлхтний оргил гурван балетыг бичсэн суут П.И.Чайковскийгээс авахуулаад Караважо хүртэл олон суутай ижил хүйстнүүд он цагуудад амьдарч иржээ.

Караважо ижил хүйстэн байсны шинж тэмдэг уран бүтээлд нь хүртэл тод тусгалаа олсон байдаг. Ямартай л, эрчүүд нь тугал нүдтэй, долгиотсон үстэй, эмэгтэй хүн шиг царайтай байвал Караважогийн зургууд гэж тодорхойлж, онцолж байхав. Ер нь түүний моделиуд ч дан эрчүүд, тэр дундаа өсвөр насны, царайлагдуу хөвгүүд байдаг байлаа. Мөн биеэ үнэлэгч эмэгтэйчүүд ч зураачийн моделиор ажиллаж, шашны сэдэвт олон зургуудад нь хөрөг дүр нь үлдсэн байдаг.  

"Хөгжимчин" . 1595 он

Бэлгийн чиг хандлага

Караважо гэрлэж байгаагүй, мөн хүүхэдтэй гэсэн мэдээлэл байхгүй. Ховард Хиббард энэ зураачийн урын санд эмэгтэй хүний эротик зураг нэгээхэн ч үгүй гэдгийг онцлон тэмдэглээд “Тэр карьерынхаа туршид нэг ч эмэгтэйг нүцгэн зураагүй” гэжээ. Нөгөө талаар хамба лам Дел Монтегийн үеийн зургууд нь “хавь ойрын хүнээс жимс, дарс, цэцэг мөн өөрсдийгөө аваач гэж унан тусан гуйж байгаа булбарай том уруултай, үлбэгэр хөвгүүд”-ээр дүүрэн байдаг гэжээ. Гэсэн хэдий боловч зураачийн амьдралд Лена гэх эмэгтэй байсан нь тодорхой бөгөөд 1605 онд Лена шүүхэд тангараг өргөн бичгээр мэдүүлэг өгөхөд энэ бүсгүйг “Микеланжелогийн бүсгүй” гэж тодорхойлсон байдаг. Ж.Б. Пассерийн бичсэнээр бол энэ “Лена” нь Караважогийн “Madonna di Loreto” буюу “Мөргөлчдийн эх дагина” зурагтаа дүрсэлсэн бүсгүй аж. Мөн Катерин Пуглисийн тодорхойлсноор “Лена” бол 1604 онд болсон өөрийн шүүх хурлын үеэр зураачийг дотны найз хэмээн тодорхойлж байсан Маддалена ди Паоло Антогнетти хэмээх биеэ үнэлэгч бүсгүй мөн ажээ.

Ер нь Караважо олон тооны өсвөр насны хөвгүүдээс гадна Филлиде Меландрони, Анна Бянчини зэрэг дээд, доод давхаргын биеэ үнэлэгчидтэй дотно харилцаатай байх дуртай байв. Энэ хоёр бүсгүйн дүр олон ч шашны сэдэвт бүтээлүүдэд нь модель болж мөнхрөн үлдсэн.

Караважо уран бүтээлдээ өөртэйгөө адилхан хүйстэй хүмүүсийг эротик байдлаар олонтаа дүрсэлсэн талаар түүхч, урлаг судлаачид 1970-аад оноос хойш ширүүн маргалдах болжээ. Түүний "Omnia vincit amor" буюу “Ялгуусан хайр” /г.м англи хэлэнд олон өөр нэртэй/ зургийн модель нь Секко Ди Караважо гэдгээрээ танигдсан залу эр бий. Зураач 1606 онд хүний амь егүүтгэж, Ромоос хүчээр гарах үед ч Секко түүнтэй хамт байсан бөгөөд тэд амрагууд байсан байж болох талтай. Энэ мэт зураг бүтээлүүдээс гадна, 1603 онд Караважогийн эсрэг бийр нэгт зураач Жованни Бальонегийн шүүхэд гаргасан гомдол баримт болон үлджээ.

Тухайн цаг үед эрийг эмлэх ёс, бэлгийн гаж харьцаа нь цаазын ял сонсох аюултай гэмт хэрэг байв. Тухайн үеийн эрх баригчид Караважо шиг олонд танигдсан хүнийг ийм хэрэгт холбож, мөрдөн шалгахгүй байсан ч “Зураач эрийг эмлэгч гэдэг нэр зүүвэл түүний уран бүтээлүүд ч мөн устах” байжээ.

Урлагийн түүхч Эндрю Грэхем-Диксон энэ маргааны талаар дараах товч тайлбар хийжээ. Караважо ижил хүйстэн гэх таамагтай холбоотой олон үйл явдал болсон. Түүний амьдралд болж өнгөрсөн нэг бус үйл явдалтай энэ таамаг холбогдож байсан бөгөөд магадгүй  түүний уран бүтээлийн хүч, амьдралын азгүйтэл зэргийг тайлбарлах гол түлхүүр нь ч энэ байж болно.  Үүнийг нь батлах маргашгүй үнэн нотолгоо байхгүй, зөвхөн тохиолдлын нотолгоо, маш их хов жив л бий. Магадлалын баланс Караважог эрчүүдтэй бэлгийн харилцаатай байсан нь гарцаагүй гэдгийг хэлж байна. Гэхдээ түүнд эмэгтэй амрагууд байсан нь ч мөн тодорхой. Ромд амьдарсан он жилүүддээ тэр олон тооны биеэ үнэлэгч бүсгүйтэй ойр харилцаатай байсан. Үнэн гэвэл Караважо амьдралынхаа бусад талбарт ямар байсан яг л тэрэнтэй адилаар хайр дурлалын асуудал нь амар хялбар байгаагүй. Тэр эрчүүдтэй унтдаг байсан байх. Тэр эмэгтэйчүүдтэй лав унтдаг байсан. Хэнтэй ч суугаагүй..

Үзмэрч бүсгүй

Караважогийн бүтээлүүдийн таних тэмдэг бол баргар реализм, гэрэл сүүдрийн өрнүүн эсрэгцэл. Тэрээр урлагт байсан маннерист уламжлалыг эвдэж, зургуудыг илүү бүхэллэг, нүсэр, гүн мэдрэмжтэй болгосон гэх үнэлгээг урлаг судлаачдаас авдаг. Хувь хүн, хувийн амьдралын тухайд адармаат амьдрал туулсан тэрээр “enfant terrible” буюу насанд хүрээгүй аюул алдрын эзэн байлаа. Хатуу дарсанд дуртайн дээр юм л бол гудамжны зодоонд оролцчихсон, хэрүүл маргаан, хэл ам таталчихсан явдаг байсантай нь энэ нэр хоч холбоотой. Гэвч цаг үеийнхэн нь түүний бүтээлүүдийг үнэлдэг, авьяасыг нь биширдэг байсан ч сэдэв, загвар нь бүдүүлэг гэж гоочилдог байлаа. Харин “Үзмэрч бүсгүй” зургийн дараа Караважогийн амьдралд эргэлт, өөрчлөлт гарсан гэж болно. Энэ бүтээлийн дараа тэрээр хэд хэдэн нөлөө бүхий баян ивээн тэтгэгчидтэй болсон бөгөөд түүний дотор хамба лам дель Монте чухал байр суурь эзэлж байсан бөгөөд чухам түүнд зориулж “Пийпаа тоглож буй залуу” хэмээх алдарт зургуу зурсан түүхтэй. 

Тэрээр 1592 онд Миланд буцаж ирээд байхдаа цагдаагийн офицерийг гэмтээж, хүндхэн хэрэгт холбогдсны учир арга буюу Ром луугаа буцаж, нэг хэсэг нэр хаяггүй, мөнгө төгрөг ч хомс, зүдүү амьдарлаа. Эцэст нь халтуур хийхээр шийдэж, цэцэг, навч алагласан хэдэн зураг зурлаа. “Жимс хальсалж буй хүү”, “Сагстай жимс барьсан хүү”, “Залуу, өвчтэй Вакх” гэх мэт эдгээр зургууд Жузеппе Сезарь, пап лам Клемент VIII нарт таалагдаж, хайртай зураач нь болов. Үүндээ урамшиж “Үзмэрч бүсгүй”-гээ туурвисан бөгөөд зураг шуудхан л Ромын нөлөө бүхий эрхтэн дархтнуудын нэг кардинал Франческо дель Монтед таалагдаж, санхүүгийн ивээл, тусламж авч эхэлсэн байна. Ийн Хамба ламын нөлөө, хөрөнгө эрх мэдлийг дагасан урлагт дуртай дээдсүүдэд тэрээр хэд хэдэн зургаа зарж, амьдралаа хэсэг ч болов өөд нь татаж, цаашид бүтээж туурвих урам, зоригтой болов. “Үзмэрч” зураг Караважогийн хоёр хүн дүрслэгдсэн анхны бүтээл гэгддэг бөгөөд сэдэв нь шинэлэг, содон байснаас  50 гаруй хувилбар зурагдаж, хувь заяа мэргэлэхдээ хулхидагч цыган бүсгүйн энэ сэдэв дараагийн зууныхаа уран бүтээлчдэд чухал нөлөө үзүүлж, урлаг нэгэн том сонирхолтой сэдэвтэй болсон билээ . Магад чухам энэ зураг л түүний анхны шилдэг бүтээл байсан гэж үздэг.       

“Хөгжимчин”, “Пийпаа тоглож буй залуу”, “Вакх”, ёгт утгатай гэвч реалист бүтээл болох “Гүрвэлтэй зодолдож буй хүү” /Миннити мэтийн өсвөр насны моделиудынхаа дүрээр зурсан/, зургууд чухам энэ үед бүтээгджээ.

"Үзмэрч бүсгүй" . 1595 он.

 

Пийпаа тоглож буй залуу

Өтгөн хөмсөг, том хар нүдтэй, зузаан уруул, дугуй царайтай, урт учраас унжчихдаг хар үсээ туузаар боосон жирийн царайлаг хархүү жижигхэн гоё гараараа пийпаа хөгжим тоглох зуураа уянгалаг бодолд автжээ. Өргөн хацар, том хамар, жижигхэн хонхорхой бүхий эрүү, хүдэр сайхан мөр, цээжийг нь тодотгох цагаан цамц, цамцных нь гоёмсог хуниас тэргүүтэн харц булаана. Бүдүүлэгдүү, эрүүл саруул царайнаас нь үзвэл тэр язгууртан биш бололтой. Толгойгоо гилжийлгэн, амаа хагас нээж үзэгчдийн хажуугаар ширтэж буй харц, урт гоё хуруу нь ялдам ааш зантай болохыг нь илтгэнэ. Зурагт орон зайг гүн рүү уртасгасан шинж байхгүй бөгөөд өмнө нь байгаа ширээ л хөгжимчин залууг үзэгчдээс тусгаарлаж байна. Өнөөх алдарт гэрэл, сүүдрийн эсрэгцлээр гол баатар залуугийн дүрийг сайтар тодотгожээ.

Ширээн дээр чамин тохойрол нугалаа бүхий тод хүрэн өнгийн хийл хөгжим, шардуу нимгэн хатуу хуудсуудтай нотны дэвтэр, зуувандуу хэлбэртэй ногоовтор хэдэн лийр жимс, шилэн вааранд хийсэн хурц өнгөтэй цэцгүүдийг бие биенээсээ эрс ялгагдахаар зуржээ.

Энэ үед Италийн уран зурагт “үхлийн тухай санамж” хэмээх сэдэв өргөн дэлгэрч, залуу нас, цаг нь болохоор өнгө зүсээ алдах гоо сайхан, гандаж буй навчис, хөгжмийн алслагдаж буй аясаар ертөнцийн амьдрал мөнх бус тухай санааг илэрхийлдэг байв. Энэ бүхэн зурагт нэвт шингэжээ. Гол баатар хөгжимчин залууд эрэгтэй болон эмэгтэй хүний шинж тэмдгүүдийг хольж дүрсэлсэн нь энэ дүрийн утга учрыг улам ээдрээтэй болгох гэсэн уран сайхны арга гэж зарим судлаачид тайлбарладаг бол зарим нь хөгжим тоглож буй залуугийн сэтгэл санааны байдлыг үзэгчдэд бие бялдрын илэрхийллээр хүргэх гэсэн далд санаа гэж тайлбарладаг билээ. Хөгжимчин залуу толгойгоо үл ялиг гунигтай гэдийлгэж, усгал харцтай нүдээрээ бодлогошронгуй харж, гараа гоёмсог хөдөлгөж байгаа нь хөгжмийн аялгуунд сэтгэл уярч байгаагийн шинж.

Гадаад илэрхийллээр сэтгэл санааны байдлыг илэрхийлэх нь зургийг хөдөлгөөнгүй болгодог гэж зарим урлаг судлаачид үздэг. Чухамдаа Караважо энэ зурагтаа сэтгэл санааны түр зуурын илэрхийллийг удаан, үргэлж байгаагаар гаргаж чадснаараа үзэгчдийн шохоорхлыг одоо хүртэл татсаар байгаа билээ. 

Зураг бүхэлдээ залуу нас болоод энэ амьдрал хязгаартай, энэ бүхэн хөгжмийн уран яруу, уйтгарт эгшиг лүгээ гунигтай боловч үнэн болохыг харуулжээ.

"Пийпаа тоглож буй залуу" . 1596 он.

ЗУРГИЙН ТАЙЛБАР МАЯГААР: “Нүглээ наманчилж буй Магдалина”, 1594-1599 он.

Караважогийн анхны реалист зураг гэвэл шашны сэдэвтэй, гайхалтай оюун санаалаг бүтээлүүд байдаг нь сонин. Шашин хийгээд Библийг тэгтлээ бурханчлан зурж, туурвиж байсан тэр сонгодог эринд чухам мань хүн л эгэл, боргил амьдрал дунд авчирч, дүрүүдээ хүртэл бурханы төсөөллийн дүр биш эгэл хүмүүсээр төлөөлүүлж эхэлсэн нь урлагт гарсан нэг эргэлт. Тиймдээ ч реализмын эхлүүлэгч гэх алдрыг хүртсэн. Тэдгээр бүтээлүүдийн анхных нь “Нүглээ наманчилж буй Магдалина” хэмээх эл бүтээл. Мари Магдалин биеэ үнэлэгчийн амьдралаа орхиж, шалан дээр суун уйлж буй агшинг дүрсэлсэн энэ зураг шашинлаг сэдэвтэй гэх атлаа хаана байна тэр зовлон зүдгүүр, хаана байна тэр бурханы амлалт, аврал? Энэ чинь зүгээр л зүдүүхэн модон шалан дээр суугаад үсээ хатааж буй эмэгтэй юм биш үү гэх асуултын тэмдэг, маргаан үүсгэсэн байх жишээтэй.

“Нүглээ наманчилж буй Магдалина”, 1594-1599 он.

“Биеэ үнэлэгчийн хөрөг”, 1597 он.

Эртний мэргэд эмэгтэй хүний энгэртээ барьсан улбар шар цэцгийн дэлбээ эсвэл лийрийг гэрлэлт, үнэнч байдлын билэг тэмдэг гэж үздэг байв. Зурагт Караважо өөрийн найз Онорио Лонгийн гэргий Катерина Кампи гэх нь бий. Харин Караважо судлаач Жон Гаш энэ цэцгийг мэлрэг, энэ бол халуун хайр, хүсэл тачаалын билэг тэмдэг гэсний зэрэгцээ зурагт дүрслэгдсэн бүсгүйг гэрлэсэн, байр суурьтай эмэгтэй бус харин дээдсийн хүрээний биеэ үнэлэгч байсан гэж тодорхойлжээ. 

Зургийг Караважогийн байнгын худалдан авагч, түүний уран бүтээлийг дэмжигч Маркиз Винченцо Жустиниани эзэмшиж байсан бөгөөд 1638 онд түүний цуглуулгын бүртгэл, дансанд энэхүү зургийг “Филлиде гэх биеэ үнэлэгч бүсгүйн хөрөг” гэж тэмдэглэсэн байдаг ажээ. Тийм ч учраас орчин цагийн судлаачид энэ бүсгүйг Филлиде Меландрони байсан гэж үзэх болжээ.

Караважо бүтээл туурвилын сүүлийн жилүүддээ буюу 1590-ээд онд Филлидийг олон бүтээлийнхээ модель болгосон юм. Тухайлахад, “Гэгээн Катерин” зурагт, “Марта, Мэри Магдалене нар” зургийн Мэри, “Олоферний толгойг тасдаж буй Юдифь” зургийн Юдифь нар бүгд Филлиде юм. Караважо үүнээс ч олон зурагт бүсгүйг дүрсэлсэн байж болох ч эдгээр зургууд нь бүгд устаж алга болсон учраас баттай хэлэх боломжгүй. Гэхдээ бүсгүй 1599 оноос хойш зураачийн бүтээлд дахин дүрслэгдээгүй нь баттай. Жустиниани нарын туршлагатай худалдан авагчид Караважогийн амьдралыг энэ ертөнцийн хоёр туйлын нэг нь болгож байсан бол Филлиде бүсгүйн амьдрал эсрэг туйл нь байлаа. Ромын элитүүд араас нь хамгийн их хөөцөлддөг, Ромдоо хамгийн эрэлтэтй биеэ үнэлэгчдийн нэг байсан энэ бүсгүй нэгэн цагт гудамжинд ч амьдарч байжээ. 1599 оны 2-р сард байшиндаа багтай үдэшлэг хийж, их дуу чимээ тарьж, амар тайван байдал үймүүлсэн хэргээр Филлиде,  Рануччио Томассони гэх залуу эрийн хамт баривчлагджээ. Рануччио Томассони нь чинээлэг гэр бүлээс гаралтай ч биеэ үнэлэгч нартай хамтарсан хэргээр байнга цагдаад баривчлагддаг залуу эр. Энэ залууг Филлидегийн зуучлагч байсан гэж үздэг. Филлидегийн найз нөхдийн дунд Анна Бянчини гэх ижил хөдөлмөр эрхэлдэг бүсгүй байсан бөгөөд зураач Караважогийн “Нүглээ наминчилж буй Магдалене” зурагт Мэри Магдалене, “Марта, Мэри Магдалене нар” зурагт Филлидетэй хамт Мартагийн дүрд, “Египет хүрэх нислэг зуурын амралт”-т Христийн эхийн дүрд модель болжээ. Бүсгүйчүүдийн зуучлагч Томассонигийн тухайд дахин гарч ирсэн ч уран зурагт биш. Зураач Караважо 1606 онд Томассонийг  хөнгөлөх гэж оролдох үедээ амийг нь хөнөөсөн байна.

“Биеэ үнэлэгчийн хөрөг”, 1597 он.

"Гранд сонгодог булан"

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №61 /2015 он/

Бэлтгэсэн М.Саян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet