О.Дөлгөөн: Залуу бөгөөд туршлага нимгэн байна гэж бодоод илүү их хичээж ажиллалаа
2022 оны 5 сарын 4

“Амьдралд тавтай морил”, “Single Ladies", “Сүүлчийн шөнө”, "Тэнгэрээс буусан од" зэрэг дэлгэцийн уран бүтээлээр өөрийгөө харуулж чадсан авьяаслаг жүжигчин МУСТА О.Дөлгөөнийг хүн бүхэн мэдэх бизээ. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн “Тамгагүй төр” жүжигт чадварлаг жүжигчин маань тоглон драмын тайзнаа эргэн гарсан билээ. Өөрийн ур чадварыг гарган ажилласан уран бүтээлийнх нь талаар МУСТА О.Дөлгөөнтэй ярилцлаа.

Тамгагүй төр жүжгийн нээлтийн тоглолт гайхалтай болж өндөрлөлөө. Маш олон хүний хүч хөдөлмөр шинжсэн байгааг жүжиг үзээд  мэдэрлээ. Жүжгийн бэлтгэл ажил хэр удаан хугацаанд хийгдсэн бэ?

Цар тахлын улмаас болж “Тамгагүй төр” жүжиг маань нэлээн хойшилсон. 2020 оны 11 сард “Тамгагүй төр” жүжиг нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан. Бид бүгд зохиол дээрээ ажиллаад явж байсан ч цар тахлын улмаас бүтэн жил хойшилсон. Харин одоо яг тохироо нь бүрдээд жүжгийн нээлтээ хийгээд, үзэгчдэд хүртээл болон хүрч байна.

 “Ромео, Жульетта” жүжигт та анх тоглохдоо драмын тайзан дээр гарч үзсэндээ маш их баяртай байна гэж нэгэн ярилцлага дээрээ өгсөн байсан. Харин одоо эргээд драмын тайзан дээрээ гараад энэ том жүжгийн ард гарч чадсан сэтгэгдлээсээ хуваалцаач.

“Тамгагүй төр” жүжгийн эхний тоглолтыг дуусгаад үзэгчид рүү харсан үгээр илэрхийлж болохооргүй сайхан мэдрэмж төрж, уйлах гээд байсан. Маш их сандарч, эргээд анх удаа тайзан дээр гарч байгаа мэдрэмжийг авсан. Тайз гэдэг бол өөрөө үнэхээр агуу зүйл, жүжигчнээс маш их ур чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрийг шаардаж байдаг гэдгийг дахиад мэдэрлээ. Эргээд  бас  бодлоо тайзан дээр хоолойгоо үзэгчдэд  хэрхэн яаж хүргэх үү? гээд л бүх зүйлийг эхнээс нь эхэлж байгаа юм шиг хичээж ажиллаа. Мөн хамтран ажилласан баг маань үнэхээр сүрдмээр мундаг байсан. “Hero” энтертейнментийн уран бүтээлд орж ажилласан даа баяртай байна. Хамтарч ажилласан уран бүтээлчид маань бүгд л алтан тайзны эзэд. Тэгээд би жүжгээ унагаахгүй шүү, хамгийн залуу бөгөөд туршлага нимгэн нь байна гэж бодоод илүү их хичээж ажиллах хэрэгтэй гэж бодсон.

“Тамгагүй төр” жүжгийг Монгол улсад мэдэхгүй хүн ховор болов уу ? Энэ жүжгийн нэгэн хэсэг болоод тэгээд төрийн хатан гэх хүний дүрд тоглоход ямар байсан бэ? Өөрийн дүрийн онцлогийг ярвал.

Миний хувьд бодох доо хаантныхаа ухаанд нь болж дурласан нас залуу бага хатны дүр. Их тэвчээртэй ухаантай хатан, хаантныхаа үг болгонд нь дурласан тийм хатны дүр юм. Тэгээд үхтэл үр харам гэж үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж явдаг. Жүжиг дээр маань он цагийн зөрөө гарч байгаа. Хүүхэд бага байхаас том болох хүртэлх. Тэгээд энэ хоёрынхоо ялгааг яаж хийх вэ? гэдэг дээр ажиллаа.

Та хамгийн сүүлд  “Тэнгэрээс буусан од” МУСК-д тоглосон. Гадаадаас ирээд шууд л нэг том уран бүтээлийн ард гарлаа. Гэхдээ тайзны уран бүтээлд тоглоход жүжигчин хүнээс маш их ур чадвар шаарддаг гэж та сая хэлсэн. Өөрийгөө эхнээс нь бэлдэж байгаа гэхээр зөвхөн тайзны уран бүтээлч болох төлөвлөгөөтэй байгаа гэж ойлгож болох уу? Аль эсвэл дэлгэцийн уран бүтээл дээ түлхүү анхаарах уу?

Нэгэнт л тайз дэлгэцийн жүжигчин гэх мэргэжлээр төгссөн болохоор хоёулангаар нь ажиллах сонирхолтой. Цаашдаа ч гэсэн боломж олдвол хоёулангаар нь ажиллана гэж боддог. /инээв /

Тэгвэл дараагийн дэлгэцийн уран бүтээл, тайзны уран бүтээл гээд төлөвлөсөн ажил байгаа болов уу?

Би Монголд ирээд “Хувьсал” продакшины шинэ уран бүтээлд оролцсон. Цар тахлын улмаас киноны нээлт хойшлогдсон байгаа. Тэгээд тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа.  Мөн “Фантастик” продакшины кинонд орсон байгаа. Удахгүй зураг авалт маань бас эхлэх гэж байна. Үүний хажуугаар өөрийн бие даасан уран бүтээлийг хийх гээд явна байна. Ерөнхий дөө зөвхөн урлагийн салбарт биш бүхий л салбарт цар тахлын улмаас болж маш их асуудал үүссэн. Одоо эргээд сайхан цаг ирээд буцаад уран бүтээл дээ орж ажиллах сайхан байна.

Танаас үлгэр дуурайлал авдаг олон залуус байгаа. Мөн жүжигчний мэргэжлээр ажиллахыг хүсдэг залууст ямар зөвлөгөө өгвөл.

Үнэхээр өөрөө дуртай хайртай бол бүх мэргэжил гоё тэрний хажуугаар бүх мэргэжил хэцүү. Зүгээр үнэхээр дуртай бол бүхнийг л хийж чадна гэж хэлмээр байна.

Таны нөхөр “Тамгагүй төр жүжгийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

Нөхөр маань намайг бүх зүйлд дэмждэг болохоор сайнаар хүлээж авсан.

Танд баярлалаа

Ярилцсан: Н.Цацрал 

Гэрэл зургийг: Т.Тэмүүлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet