Цахим дайралтаас сэтгүүл зүйгээ аварч үлдэх гол үүргийг сэтгүүлчид өөрсдөө биелүүлэх ёстой
2022 оны 5 сарын 4

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тохиодог.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өчигдөр (2022.05.03) “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Форумыг нээж, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа үг хэлсэн юм. Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөрт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ ирүүлснийг төлөөлөгч нар нь уншиж танилцууллаа.  Форумд сэтгүүл зүйн салбарын 21 аймгийн төлөөлөл, сэтгүүлчид, багш судлаач нар оролцсон юм. Тэд салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо. Тодруулбал, Монголын сэтгүүл зүйд өдгөө тулгамдаад цахим дайралт, түүний нөхцөл шалтгааны талаар тогтож ярьсан юм. Мөн “Монголын радио, телевизийн зохицуулалтын өнөөгийн байдал”, “Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Уламжлалт хэвлэлийн зах зээлийн байдал цаашдын хандлага” зэрэг сэдэвт илтгэлүүдийг илтгэгч нар тавьсан юм. Энэ үеэр сэтгүүл зүйн салбарын төлөөллүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

“ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАСАН ЧАНАРТАЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ ЧУХАЛ”

Судлаач багш, профессор Ж.Батбаатарын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Нийгмийн сошиал сүлжээ сэтгүүл зүйн салбарт гайхамшигтай ололтуудыг авчирсан гэдгийг онцлох хэрэгтэй. Харин цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй гэдэг бол сэтгүүл зүй болон сошиал харилцаанд үүссэн маргаантай асуудлыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хараат бус сэтгүүл зүй гэдэг бол иргэний язгуур, заяагдмал  эрхийн хүрээнд чанартай мэдээллийг бодит эх  сурвалжаар баталгаажсан мэдээллийг хүргэж үйлчилдэг ийм тогтолцоо. Гэтэл энэ чанартай мэдээлэл хүргэх тогтолцоонд нийгмийн сошиал сүлжээ зарим талаараа аюул  заналхийлэл учруулж байна. Дэлхий нийтээрээ л ийм байгаа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл, цаг үетэйгээ хөл нийлүүлж, иргэдийн мэдэх эрхийг хангасан чанартай мэдээлэл хүргэх нь чухал болоод байна. Угаасаа сэтгүүл зүй далд нууц мэдээллийг ил болгох үүрэгтэй. Аливаа асуудлын үнэнийг ил гаргаж ирэх сэтгүүл зүйн үйл ажиллагаанд нууцыг задруулахгүй гэсэн бүлэг этгээдүүдээс янз бүрийн сөрөг ажиллагааг явуулдаг. Ийм байдал маш их ажиглагдаж байна.

Сэтгүүлч нэг асуудлыг хөндөж, нийгэмд ил гаргаж ирэхээр сошиал сүлжээнд зориуд өөр шуугиантай асуудлыг гаргаж, нөгөө сэдвийг нь анхаарлаас холдуулах гэсэн үзэгдэл түгээмэл байна. Бүр цаашлаад троллууд хөлсөлж, сэтгүүлчдийн эсрэг  дайралт хийх болсон. Өнөөдөр дэлхий нийт нийгмийн баялгыг үйлдвэрлэгч мэргэжлийн хараат бус сэтгүүл зүйгээ дээр дурдсан сошиал дайралт халдлагаас хамгаалах цаг болсныг анхааруулж байна. Тухайлбал,  эрэн сурвалжлах сэтгүүлчид, тэр дундаа эмэгтэй сэтгүүлчид сошиал халдлагад өртөх явдал, цахим дарангуйлалд өртөх байдал их байна гэж үзэж байна. Энэ сэдвийн хүрээнд өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байна” гэв.

“БУСДЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭХЭЭС СЭТГҮҮЛЧ БИДНИЙ АЖИЛ ЭХЭЛНЭ”

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын байр суурийг сонслоо. Тэрбээр “Яг бодоод үзэхээр сэтгүүлчид өөрсдөө нэгэн рүүгээ хамгийн их дайрдаг юм билээ. Цахим орчинд сэтгүүлчдийн зоригийг сэтгүүлчид нь өөрсдөө мохоодог. Хэвлэлийн эрх чөлөө гэж өнөөдөр ярьж байна. Энэ эрх чөлөөгөө эдлэхийн тулд бид бусдынхаа эрх чөлөөг хүндэтгэх ёстой. Хүний эрх чөлөөг хүндэтгэхээс сэтгүүлч бидний ажил эхэлнэ” гэж бодож байна” гэлээ.

“ЗОВЛОН НЭГТИЙН ЗОВУУРЬ НЭГ”

Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэг ”Зовлон нэгтийн зовуурь нэг гэдэг. Сэтгүүлчид бид нэгнийхээ зовлонг сайн ойлгодог. Миний хувьд бие, биенээ дэмжээд явах нь чухал гэдгийг их ойлгох болсон. Гэхдээ өнөөдөр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Мэдээллийг  сэтгүүлчид  бид гаргаж тавьдаг. Гэтэл тэр мэдээллийг маань “Устгаад өгөөч. Тэдэн төгрөг өгье. Гэрээ хийе” гэж хөндлөнгөөс ярьдаг. Нэгэнт бид тэрхүү мэдээлэл гарчихсан, нийтлэгдчихсэн болохоор тэр саналыг нь хүлээж авдаггүй. Тэгэхээр найз сэтгүүлчид, тэр дундаа сэтгүүлч ах, эгч нар ярьдаг. “За эгчийн дүү ингэчих, ахын дүү ингэчих. Би хэвлэлийг нь хариуцдаг юм” гээд залгадаг. “Уучлаарай мэдээллээ устгах боломжгүй” гэхээр цагдаад өгчихдөг. Өнгөрсөн хугацаанд манай сайт 50 гаруй гомдол дээр  цагдаад дуудагдсан байдаг. Есөн гомдол дээр шүүхэд дуудагдсан. Нэг гомдол дээр нь унасан. Энэ хооронд харлуулах ажлыг ихэвчлэн нөгөө ах, эгч нар хийдэг. Шударга хэлчихье” гэлээ.

“ЭХЛЭЭД ХҮН БОЛ, ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧ БОЛ”

NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн сэтгэгдлийг сонсов. Тэрбээр “Багш нар маань бидэнд “Эхлээд хүн бол. Дараа нь сэтгүүлч бол” гэж сургасан. Үнэхээр тийм. Үзэгний үзүүрт хүний амь нас явдаг болохоор манай салбар маш их ёс зүйтэй байх ёстой. Өдгөө маш олон мянган сайт бий болсон. Өнгөрсөн оны байдлаар домайн нэрээ авсан 16 орчим мянган сайт тоологдсон байсан. Гэхдээ энэ олон сайт байхын хэрээр бусдынхаа мэдээллийг хуулах асуудал тулгамдаж байна. Энэ мэтчилэн тулгамдаж буй асуудлаа цэгцлэх тал дээр сэтгүүлч болгон анхаарах цаг болсон. Саяхан талбай дээр өрнөсөн жагсаалыг сурвалжлахаар очлоо. Иргэдийн дуу хоолойг л дамжуулах гэж очсон боловч талбай дээр байгаа хүмүүс сэтгүүлчдийг үзэн ядаж байсан. Энэ хандлага жирийн сэтгүүлч бидэнд маш хүнд санагдсан. Иймээс салбартаа тулгамдаж буй асуудлыг нухацтай ярилцаж, сэтгүүлчийн нэр хүндийг өндөрт авч явах үүрэг сэтгүүл зүйн салбарынханд үүссэн байгааг онцлох хэрэгтэй” гэв.

“ЦАХИМ ДАЙРАЛТ ХОЁР ТӨРӨЛ БАЙНА”

Tsaкhiur.mn сайтын үүсгэн байгуулагч М.Анхзул “ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө сэтгүүлч бид салбартаа тулгамдаж буй зовлон, жаргалаа ярилцаж, гарц шийдлийг нь олохын төлөө эрмэлзэх нь зүйтэй. Өнөөдөр манай салбарт сайн, муу олон зүйл байна. Мууг нь засаад сайнаасаа үлгэр дууриал аваад явах хэрэгтэй. Өнөөдөр цахим дайралтад өртсөн сэтгүүл зүйн асуудлаар ярьж байгаа нь цаг үеэ олсон сэдэв болж байгаа нь яах аргагүй үнэн. Цахим дайралт хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт, сэтгүүлчийн хөндсөн сэдэвт ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс бусдыг хөлсөлж,  тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч рүү дайралт хийдэг. Харин нөгөө хэлбэрийн дайралт нь таньдаг мэддэг хүнээр нь дамжуулж, тухайн сэтгүүлчийн сул талыг олзолж дайрдаг. Тэр нь  л сэтгүүлч бидэнд эмзгээр тусдаг” гэлээ.

Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаад буй цахим дайралттай холбоотой асуудлаар ийнхүү салбарын төлөөллүүд санал солилцож, бодит байдлаа ярилцлаа. Иргэдийн мэдэх эрх, нийгмийн ялзарсан тогтолцоог эрүүлжүүлэхийн төлөө өдөр шөнийг умартан ажиллаж буй сэтгүүлзүйн салбарынхан нэгэн дээвэр дор цуглаж, мэдээлэл солилцсон энэ удаагийн форум амжилттай өндөрлөсөн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet