Өмгөөлөгч М.Алтан-Өлзий: С.Хосбаяр, Э.Энхзориг нарын яриа хэлцэл, тохироо, харилцаа холбоог Амармандах мэдэх боломжгүй, мэдэх шаардлага ч байхгүй
2022 оны 5 сарын 4

Дуучин “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах бусдыг хохироосон гэсэн шуугиан дэгдээд буй. “Нэр бүхий том хүний ноцтой баримт дэлгэнэ” гэж хэвлэлийнхэнд зар тараан нийслэлийн төв талбайд нэгэн залуу мэдэгдэл хийсэн. Анхандаа томоохон улстөрч, бизнесмэний бульхайг дэлгэнэ гэгдэж байсан энэ хэрэг  Жем паласт байрлах “Скайлакс” компанийн лоунжын эд хөрөнгө сандал ширээ, хөгжим тоног төхөөрөмжийг булаасан маргаан болж таарсан. Олны танил хүний хувьд “Хар сарнай”-н Амараагийн тухай дуулиан сошиалд анхаарал татаж буй. Одоогоор Э.Энхзориг гэгч нь live хэлбэрээр байр сууриа тогтмол илэрхийлсэн буй. Энэ удаад С.Амармандахын өмгөөлөгч М.Алтан-Өлзийгийн байр суурийг хүргэж байна.  

-Таны хувьд С.Амармандахын албан ёсны өмгөөлөгч. Ямарваа хоёр талын маргалдаан хоёр талд хоёуланд нь хэлэх үг, тайлбар байдаг. Харин бидний зүгээс яг маргалдагч талуудын хууль зүйн үндэслэлийг нь сонсмоор байна. Та өмгөөлүүлэгчийнхээ\үйлчлүүлэгчийнхээ\ гэм буруугүйг нотлох хамгийн чухал хууль зүйн үндэслэлээсээ товчхон тайлбарлана уу?

-Мэдээж таны хэлдэг зөв, ямар ч тохиолдолд ямар нэгэн асуудалд хий хоосон хашгирах маргах бус бодит байдлыг нотлох баримт чухал. С.Амармандахын зүгээс хэд хэдэн нотлох баримтыг гаргасан. Таны хэлснээр хамгийн чухал баримтуудаас товч дурдая. Нэгдүгээрт,  “Жэм палас” худалдаа үйлчилгээний төвийн 17 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Скайлакс” лоунжид байрлаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт заслыг худалдах, худалдан авах гэрээг  2021 оны 10 сарын 25-ны өдөр С.Хосбаяр, С.Амармандах нар байгуулж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Эдгээрийн хөрөнгө оруулагч нь АНУ-ын иргэн Чарльз гэдэг хүн байгаа. Чарльз нь эдгээр хөрөнгүүдийн худалдах эрхийг  С.Хосбаярт шилжүүлсэн гэрээ хэлцэл байдаг. Энэ хэлцлийн хүрээнд энэ тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг Чарльзийн холбогдох данс руу шилжүүлнэ гэж заасны дагуу С.Амармандах гэрээний үүргээ биелүүлж холбогдох дансанд төлбөрийг шилжүүлсэн байдаг. Үүгээр С.Амармандах гэдэг хүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хүрээнд одоо яригдаад байгаа тоног төхөөрөмж эд хөрөнгийг хуулийн дагуу өмчлөх эрхтэй гэсэн баримт, нотолгоог цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Хуулийн дагуу С.Амармандах өөрийн худалдаж авсан хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс авах, шаардах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлсэн.

-Өөрөөр хэлбэл, Э.Энхзориг гэдэг хүн С.Амармандахын өмчийг хууль бусаар аваад явчихсан байсныг хууль ёсны эзэн нь өөрөө очиж авсан гэсэн үг үү?

-Гэрээ бол 2021 оны 10 сарын 25-нд байгуулагдсан гэдгийг би сая хэлсэн. Гэтэл Э.Энхзориг гэж хүн гэрээ байгуулагдсанаас хойш буюу 11 дүгээр сарын 1-нд тухайн эд хөрөнгийг өөр газарт шилжүүлэн байрлуулж тавьсан. Гэрээгээр С.Амармандах худалдаад авчихсан байгаа учраас тухайн эд хөрөнгүүдийн эзэмшигч нь С.Амармандах мөн. Тэгэхээр өмчлөгийн хувьд хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэн гэсэн үг.

- Э.Энхзориг гэдэг хүн тэр өмч хөрөнгийг минийх гээд, “Скайлакс” лоунжаас очиж авсан. Тэр хүнд ингэх хуулийн үндэслэл байгаа юу?

-Тэр хүн “Скайлакс” компанийн хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө  хэлдэг.  С.Хосбаяр бол Э.Энхзоригт хувьцаа бэлэглэсэн, ямар нэгэн байдлаар хувьцааны төлбөр, үнэ гэж аваагүй гэж яриад байгаа. Энэ бол тухайн компанийн дотоод асуудал. Хувьцаа эзэмшигч байлаа ч гэсэн холбогдох компанийхаа эд хөрөнгийг эзэмдэх, өмчлөх эрх байдаггүй. Хэрэв энэ хүн хувьцаа эзэмшигч гэж илэрхийлж байгаа бол өөрт ногдох хувьцааны хэмжээнд санал хэлэх, хуралд оролцох эрх байхаас компанийн үйл ажиллагаа явуулж байгаа аливаа эд хөрөнгийг эзэмдэх эрх бол байхгүй.  Энэ утгаараа тайлбар хийж байгаа нь ч гэсэн үндэслэлгүй.

-Тэгэхээр Э.Энхзориг гэдэг хүн өөрөө хууль зөрчөөд бусдын өмчид халдсан болж таарж байна уу? Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийг Чарльз гэдэг хүнээс С.Амармандах гэрээний дагуу худалдаж авсан. Гэтэл Э.Энхзориг гэдэг хүн дундаас нь гарч ирээд хууль бусаар ачаад явчихсан байсан гэсэн л процесс харагдаж байна. Тийм үү?

-Тийм. Э.Энхзориг үнэхээр энэ тоног төхөөрөмжийг миний өмч гэж үзэж байгаа бол үүнийг өмчлөх эрхээ өөрөө нотлох үүрэгтэй. “Скайлакс” компанийн Гүйцэтгэх захирал С.Хосбаяр гэж хүний өгсөн мэдэгдлээр, мөн түүнд байгаа баримтуудаар тоног төхөөрөмжүүдийг АНУ-ын иргэн Чарльзын өөрт нь итгэмжлэн хүлээлгэсэн эрхийн хүрээнд,  оруулсан хөрөнө оруулалтын хэмжээнд худалдаж авсан гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр энэ тоног төхөөрөмж тухайн компанид ямар нэгэн байдлаар хамааралгүй гэсэн үг. Компаний үндсэн хөрөнгө бол биш.

-Ер нь бол энгийн хүний нүдээр харахад ч С.Хосбаяр, Э.Энхзориг гэдэг хоёр хүний л маргаан юм биш үү? Гэтэл өмч худалдах худалдан авах гэрээ болохоор Чарльз, С.Амармандах гэж хоёр хүний асуудал юм биш үү?

-Би түрүүн хэлсэн, С.Хосбаяр, Э.Энхзориг гэж хоёр хүний хооронд ямар яриа хэлцэл, тохироо, , ямар харилцаа холбоо байсныг Амармандах мэдэх боломж, мэдэх шаардлага ч байхгүй. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр л асуудал ярих болохоос биш өөр бусад асуудалтай хольж тайлбарлах нь зохисгүй. Тийм учраас Э.Энхзориг С.Хосбаяртай холбоотой асуудлууд С.Амармандахад ямар ч хамааралгүй. Бид “Худалдах худалдан авах гэрээ”-ний хүрээнд л өмчлөлтэй холбоотой тайлбар хэлэх боломжтой. Энэ хүрээнд асуудал нь шийдвэрлэгдэж байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. С.Хосбаяр Чарльзаас тухайн эд хөрөнгийг худалдах эрхийг өөр дээрээ шилжүүлж авсан байсан. Энэ эрхээ үндэслэж, С.Амармандахтай гэрээ байгуулсан. Энэ байгуулсан гэрээ хэлцлийг Чарльз хүлээн зөвшөөрдөг. Энд Э.Энхзоригийн ямар нэг эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй.

-Э.Энхзоригийн оролцоо байхгүй, огт хөрөнгө оруулалт хийгээгүй гэсэн үг үү?

-Э.Энхзоригийн оролцоо ч байх шаардлага байхгүй. Яг энэ зарагдсан хөрөнгө бол Э.Энхзориг, С.Хосбаяр хоёрын хэрүүл маргаан болоод байгаа тэр компанид хамааралгүй, үйл ажиллагаа явуулж байхдаа ашиглаж байсан тоног төхөөрөмж гэдэг нь баримтаас харагддаг.  

-Одоо энэ маргаан ямар шатанд явж байгаа вэ?

-Хэрэг прокурорын шатанд байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж маргаантай, тоног төхөөрөмжтэй холбоотой нотлох баримтуудыг талуудаас гаргуулж авсан. С.Амармандахын зүгээс худалдах худалдан авах гэрээ, энэ гэрээг үндэслэл болгоод төлбөр шилжүүлсэн баримт, тухайн үед С.Хосбаяр санал болгосон Чарльзаас албан ёсны зөвшөөрөлтэй эрх шилжүүлэх гэрээ зэргийг бид нотлох баримтаар гаргачихсан байгаа. Миний ойлгож байгаагаар С.Хосбаярын хувьд Чарльзын шилжүүлсэн мөнгөөр эдгээр хөрөнгүүдээ худалдаж авсан болохоо нотолсон баримтуудаа мөн  гаргаж өгсөн. Тоног төхөөрөмжийг Чарльзын С.Хосбаярт шилжүүлсэн мөнгөөр 100 хувь худалдаж авсан, холбогдох санхүүгийн баримтуудыг хэргийн материалд авахуулсан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл эдгээр тоног төхөөрөмжүүд С.Хосбаярт ч тэр, Э.Энхзоригт тэр хамааралгүй.

-С.Хосбаяр ч гэсэн компаний дотоод асуудалд С.Амармандах, Чарльз нар хамааралгүй юмаа гэдгийг илэрхийлж байгаа юм байна, тийм ээ?

-Тийм.

-Ингэхээр Э.Энхзориг С.Хосбаяр нарын маргаанд С.Амармандах гэдэг хүнийг татаж оруулж ирж, өмч дээр нь асуудал үүсгэжээ гэж ойлгож болох уу?

-Би Э.Энхзориг, С.Хосбаяр нарын хоорондох маргааныг өмгөөлөгчийн хувьд айхтар ач холбогдол өгч харахгүй байгаа. Яагаад гэвэл энэ маргаан С.Хосбаяр, С.Амармандах нарын хооронд байгуулагдсан гэрээнд хамааралгүй учраас. Өмгөөлөгч хүний хувьд нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцлын асуудал л гэж хэлнэ. Дашрамд хэлэхэд Э.Энхзориг үнэхээр бэлэглэлийн гэрээгээр хувьцаа эзэмшигч болсон бол үүндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Би хувьцаа эзэмшигч гээд үйл ажиллагаа явуулах явцдаа ашиглаж байсан  бусдын эд хөрөнгийг, эзэмших ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь үндэслэлгүй. Түрүүн би тайлбарласан, аливаа компанийн хувьцаа эзэмшигч тухайн компанийн хөрөнгийг шууд эзэмших эрх байдаггүй. Энэ бол хуулиар хязгаартай асуудал. Нэмж хэлэхэд энэ маргалдаад байгаа хөрөнгө “Скайлакс” компанид хамаагүй гэдгийн дахин хэлмээр байна.

-Зөвхөн С.Амармандахын өмгөөлөгч бус, хувь өмгөөлөгчийнхөө зүгээс хөндлөнгөөс харахад энэ хэрэг яаж шийдэгдэх магадлалтай байгаа вэ. Энгийн хөндлөнгийн хүний нүдээр харахад юунаас үүдэлтэй гэж та бодож байгаа вэ?

-Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн. С.Амармандах гэдэг хүн худалдаж авсан нь тогтоогдож байна гэсэн үг.

-Хэдийгээр шийд гарах вэ?

-Прокурорын хяналтанд байгаа. Прокурор хэргийг хянаад мөрдөгчийн саналыг дэмжих байр суурьтай шийдвэр гаргах байх гэж миний хувьд найдаж байгаа.

-С.Амармандах Чарльз гэдэг хүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь дамжуулж, эд хөрөнгө худалдаж авсан. Гэтэл Э.Энхзориг гэдэг хүн би бас хувь эзэмшигч юм чинь гээд эд хөрөнгийг дайрч авч явсныг Амармандах эргүүлж авсан. Тэгэхээр С.Амармандах өөрөө нэр төрөө гутаалгасан, эд хөрөнгөөр хохирсон гээд  шүүхэд хандах ёстой юм биш үү?

-Эдгээр үйлдлийг С.Амармандах нэр төрд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй. Би өмгөөлөгчийн хувьд Хан-Уул дүүрэгт шалгагдсан эд хөрөнгөтэй холбоотой маргааныг эцсийн байдлаар шийдвэрлэснийхээ дараа нэр төр сэргээх асуудал дээрээ тусад нь өргөдөл гомдол гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Процессын хувьд ч асуудлыг нэг мөр дуусгасны дараа нэр төр сэргээх асуудал дээрээ тусад нь өргөдөл гомдол гаргах боломжтой.

-Хариулт өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Ч.Үл-Олдох 

Эх сурвалж: Зууны мэдээ 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet