СГЗ Эрэнжидийн Хархүү: Хувийн аз жаргалаас нийтийн аз жаргал гэдэг их чухал
2022 оны 1 сарын 15

Нэг л гоё дулаахан мэдрэмж, Монгол ухаан, Монгол аж байдлыг тодорхойлох энгийн дотно үгс энэ хүний бүтээлээс үнэртдэг. Хорвоо яагаад хайраар дулаацдаг юм бол, Монгол айлыг яагаад “Тос даасан” гэж тодорхойлсон юм бол яаж ийм ончтой сэтгэлд ойр байж чаддаг байна аа. Эгэл үгсээр сувд хэлхэж эгэл ахуйгаар өв соёлоо түгээж уран бүтээлдээ зурагласан Эрэнжидийн Хархүү Соёлын гавъяат зүтгэлтэн боллоо. Утга зохиолын ертөнцөд их найрын дуу хадаж талбай даахгүй найрагчид тэр өдөр л цугласан. Эгэл юм атлаа эгэлгүй сайхан хүмүүс бидний дунд цөөнгүй. Тэдний нэг атлаа байгаа нь их даруу хүн юм. Амьдралынхаа 30 гаруй жилийг ардын хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд зориулсан энэ хүн их зөөлөн багш байсан байх гэсэн сэтгэгдэл төрлөө. Лав хахир багшийн төрх биш дэг ээ. Яруу найргийн ертөнцийн он цагийн галт тэргэнд суун аялж, хөдөө нутгаар бууж мордсон шигээ бодлын бэлчээр тэлсэн ярицлага боллоо.

-Юуны өмнө СГЗ цол авсанд тань баяр хүргэе ээ. Таныг шагнал авсан гэж сонсоод олзуурхаад ярилцлага авахаар нэлээн хөөцөлдөж байж уулзаж байна.  Шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ардын хувьсгалын 100 жилээр энэ сайхан шагналыг авна гэдэг төрийн минь хишиг буян юм. Мөн Өмнөговь аймаг, шавь нарын маань буян юм аа гэж их баярласан.  Шагналаа аваад гараад ирэхэд үр ач, зээ нараас маань эхлээд шавь нар гээд олон хүн баяр хүргэж угтаж авсан. Арваад хоног шахуу л өрөөгөөр нэг цэцэг, цэцгэн дунд л амьдарлаа. Сайхан л юм байна. Том ч, хүндтэй ч, хүлээцтэй ч шагнал юм. Их л урам өгдөг юм байна.

Соён гэгээрлийн  хамаг л хийсэн зүйлээ дүгнүүлээд авч байгаа шагнал маань юм шүү дээ. Одоо цаашид хийхээр төлөвлөж байгаа хоёр ч зүйл байна.

Монгол хэлний олон утгатай үг гэж байдаг даа. Тухайлбал, хар гэсэн үг байлаа гэхэд хар хүн, өнгө зүсний хар, хар газар, хар зам, хар дарах, хар буух гэдэг ч юм уу их сонин салаалж байдаг юм байна.  Үүнийг түүсэн 100 хүрээд явчихаж байна. Улааны олон утгыг түүсэн бас л 100 хүрсэн. Гарах гэдэг үгийг түүлээ олон байна. Тавхан үгэн дээр ажиллахад л  400-500 олон утга гарч ирж байна.  Үүнийгээ цааш нь үргэлжлүүлнэ. Гэхдээ бүх үгийг түүвэл барагдахгүй юм болно. Хэдэн боть болно. Нас ч хүрэхгүй байх. Монгол хэлний багшийн хувьд, мөн залуучуудад монгол хэл ийм баялаг юм, олон утгатай үг гэдэг бол хязгааргүй юм гэдгийг таниулж ойлгуулахыг хичээж байгаа. Олон утгатай үгний толь бичиг гэж ер нь гараагүй юм билээ.  Толь хийнэ гэж амлахгүй ч үлгэрлэж үзүүлэх гэсэн нэг ном хийх санаатай явж л байна.

Би 30 гаруй өгүүллэг бичсэн байна. Үргэлжилсэн үг, туульсын зохиолын хамгийн сонгодог олон сайхан өгүүллэг байдаг. Хажууд нь өгүүллэгүүдээ шигшээд шилээд шинээр ч бас хэд хэдэн өгүүллэг бичих санаа төрөөд байна. Би ер нь шилмэл шүлэгтэйгээ нийлээд нийтдээ 40 ном бичсэн байдаг юм.  Тэднээсээ шигшиж байгаад яруу найраг , туульсын зохиолын маань тайлан болж ард түмэнд очих учиртай нэг ном бичих төлөвлөгөөтэй сууна.

-Ковидын үе бичгийн хүмүүст уран бүтээлээ туурвихад боломж гаргаж байгаа юм болов уу гэж харж байна. Өөр зүйлд сатаарахгүй гэдэг утгаараа. Танд яаж мэдэгдэж байна?

-Цаг зав шиг их юм алга. Уйдахын зовлон гэж байдаг бол тэр нь л болж байна. Шавь нар, найз нөхөд, хэдэн зохиолчтойгоо уулзмаар байна.  Өглөөгүүр тагтан дээрээ гарч хэсэг тэнгэрийн хаяа ширтэж сууна. Үдэш орой нь од харна. Үлдсэн цагуудад ном, зурагт хоёртой нөхөрлөж байгаад хамаг цаг өнгөрч байна. Нэг их онгод хийморь бадарч цоргиод байгаа юм алга. Аргагүй дээ нийгмээс бараг тасарчихаж байгаа юм чинь. Хүн бүхэн иймэрхүү л байгаа даа.

-Биднийг багад Монголын  шилдэг яруу найргийн боть номууд байлаа. Болор цом гарахаар улс даяар үзнэ.  Одоо тэгтэл сүүлийн үеийн Болорцом наадам маань нэг их газар авахаа байчихлаа. Түрүүлсэн хүмүүс нь ч нэр хүндтэй байхаа больчихлоо. Уран бүтээлийнх нь чанар ч бага зэрэг сулраад байх шиг байна. Та ер нь хэдэн Болорцомд оролцож, үзэгчийн хувьд дүгнэж сууж байв?

-Би Болорцомд 3 удаа оролцсон. 1986 онд байхаа даа Пүрэвдорж багш анхны Болорцомд авч очсон.  Би “Чулуун сарнай” гээд Говийн заг модны тухай шүлгээ уншсан.  Заг ч яахав хоёр даваад л уначихаж байгаа юм чинь. 1990, 1993 онд дахиж орсон. Яахав ээ нэг айргийн тавд орсон санагддаг юм. Дахиад ерөөсөө орсонгүй. Нэгдүгээрт нас ч явчихлаа. Хоёрдугаарт залуучууд оролцвол зүгээр юм байна гэж бодсон. П.Бадарч, Пүрэвдорж багш, Д. Төрбат, Чимиддорж, Т.Галсангаас эхлээд аваргууд бол бүгд ордог байсан. Тэр үеийн Болорцом бол тусгай байлаа шүү дээ. Онцгой сайхан байсан. Ний нуугүй л хэлэе. Залуу үеэ ч муу хэлж байгаа юм биш. Гэхдээ миний бодол сэтгэл юм. 2010 оноос хойш Болорцомын шүлэг бүр эрс суларсан. Ямарч амт шимтгүй, ойлгогдохгүй. Би чинь өөрийгөө мэргэжлийн яруу найрагч гэж бодоод явдаг хүн.  Гэтэл надад ойлгогдохгүй. Нэг л хачин үлгэр шиг юм уншина. Тэгээд нөгөөхөө байр эзлүүлчих юм. Шүүгч нарт бас их учир байна. Бодлогоор л хүнийг түрүүлүүлчихэж байна уу гэж ажиглагдаад байгаа.  Харахад мундаг шүүгчид байх юм. Сайн яруу найрагч, сайн судлаач нар. Гэтэл яагаад тийм шийдвэрүүд гаргаад байдгийн учрыг олдоггүй. Янз бүрийн л яриа байдаг. Тэр бүхнийг би энд яриад яахав.

Болорцом гэдэг яруу найргаар уралддаг маш сонин сайхан тэмцээн. Шүлс хаях тэмцээн байхад шүлэг бичих тэмцээн яагаад байж болдоггүй юм гэсэн Пүрэвдорж багшийн нэг сайхан үг бий ш дээ.  Тэрэн шиг зохиолч найрагчидтайгаа манай уншигчид нүүр тулж уулзаж, шүлэг найргийг жинхэнэ бодитоор сонсоно гэдэг аугаа их соёл, ухаан юм.  Би Болорцомд бол хайртай. Гэхдээ одоо очиж үзэхээ больсон. Яахав хаа нэг зурагтаар хардаг. Болорцомд сэтгэл их л дундуур болсон доо.  Асуудал нь хаа хаанаа л байх шиг байна.

-Энэ салбарын хөгжил уналтын түвшинд орсон байна гэж ойлгож болох уу. Яамаар юм бэ?

-Яруу найраг хөгжинө. Хуучин үргэлжилсэн үг, яруу найраг, жүжиг, орчуулгынх зэргээр салбарлагдсан их мундаг зохиолчдын зөвлөл байлаа ш дээ. Явуулхулан, Пүрэвдорж багш нар маань байлаа. Дараа нь Б.Лхагвасүрэн ч байсан. Яруу найрагч, зохиолчид маань тэнд очиж шүлэг зохиолоо уншиж танилцуулдаг, номоо батлуулдаг, сайн муугаа хэлүүлдэг, буцаагддаг байлаа. Тэр байдал ерөнхийдөө алга болсон. Галивлэд гэж сүрхий хүн байсан. Энэ хүнд бид нэргүүлж байсан даа. Чиний энэ шүлэг хэрэггүй байна. Намыг магтан дуулсангүй. Нам, Орос Монголын найрамдал байх ёстой гээд л. 1990-иэд онд улстөржөөд захиалга маягийн болж байсан. Гэхдээ Монголын яруу найрагт улс төр, хар сүүдэр тусаагүй хүн олон бий.  Д.Нямаа гэж жинхэнэ  Говиос төрсөн, тэмээ нутгийн хүүхэд байсан даа. Аугаа том төрийн соёрхолт. Тэр хүн шиг цэвэр сайхан яваад цоороод гараад ирсэн яруу найрагчид бол байх нь байна. Заавал холимог. Улстөржсөн шүлэг гэдэг чинь дэмий юм байхгүй юу. Хойшид өөр болно биз дээ. Цаг урагшилж байна. Хөгжил явж л байна. Модернизм гэдгийг би хувьдаа  гайхаад байдаг. Хуучин байсан л зүйл шүү дээ. Баруун зүгээс гаралтай. Гэтэл одоо модернист найрагчдын командлагч эдэр гээд л манай Галсансүх нарыг дөвийлгөөд л явчихлаа. Галсүхийн шүлгийг би харсан, уншсан. Бурхан чи битгий хуц гээд биччихсэн. Ямар учиртай юм бол оо гээд уншаад байсан чинь сайхан сайхан шүлэг байна лээ. Аа бас арай хэтэрхий юм ч байна. Бурханы сургааль гэдэг хүн төрөлхтний хэдэн зуун жилийн ухаан юм шүү дээ. Энэ мэт жигтэйхэн этгээд юм гаргахыг модернизм гээд байгаа юм уу. Би угтаа ойлгохгүй байгаа.  Угтаа яруу найраг яруу сайхан байж бидэнд таашаал өгдөг юм шүү дээ.

-Хэтэрхий замбараагүй, задгай зүйл богино настай л юм шиг санагддаг. Урт хугацаанд дурсахгүй биз дээ?

-Түр зуур хэдхэн хүн сонирхоод өнгөрнө. Шуугидаг хүн нь цөөхөн. Ийм зүйл улам нэмэгдээд л байна. Би дотроо нэг зүйлд харамсдаг. Монголын уламжлалт, яруу найргийн жинхэнэ утга учраасаа тасраад явчих юм бол Монголын яруу найраг урт наслахгүй. Аугаа их Инжинаш, Равжаагийн ботиудаас л харахад. Бат лут, заг мод шиг үндэстэй уламжлал байсаар байхад тэрийгээ үгүйсгэдэг хүн олон гарч ирж байна. Хоцрогдсон гэж хэлэх нь ихсэж. Яруу найраг хоцрогдоно гэж байдаггүй. Аугаа Явуугийн “Би хаана төрөө вэ”, Пүрэвдорж багшийн “Тусгаар тогтнолын дуулал”,“Чингис”-ийг муу хэлдэг хүн байдаг юм байна лээ. Очоод заргалдаж хэрэлдмээр санагдаж байгаа юм чинь. Тэгж болохгүй. Уламжлалгүй соёл, уламжлалгүй яруу найраг, уран зохиол гэж хэзээ ч байхгүй. Хүн төрөлхтний түүхийн жам.

-Таны уран бүтээлчийн онцлог монгол ахуй, аж байдлын сэдэвтэйгээ их ойр санагддаг.  Та яагаад тэгж гарч ирсэн юм. Энгийн юм шиг хэрнээ ирээдүйд үнэ цэнэ нь өсөх зүйлийг л их л бичиж тунгаасан санагддаг юм?

-Эхнээсээ тэгж гарч ирсэн. Хөдөө, мал ахуй дээр сайхан эцэг өвгөдийнхөө дэргэд өсч өндийсөн байдал бидэнд шингэсэн байна.Тунгалаг тамир, Говийн өндөр романаас эхлээд тийм сайхан хүмүүсийн зохиолыг уншиж цээжилж өссөн болоод ч тэр юм уу миний шүлэг зохиол монгол ахуйруугаа л их хөтөлсөн байдаг юм. Монголын зан заншил, үр хүүхдүүддээ захиж өвлүүлж үлдээхүйц бүхий л зүйлээ шүлгэндээ буулгаж үлдсээн. Монгол ёс, “Тос даасан Монгол айл”, байгаль, тэнгэр газар гээд тэр чигээрээ монгол ахуйгаа дүрсэлсэн байдаг юм. Тэр утгаараа хүмүүст ч хүрдэг юм боловуу гэж боддог. Миний шүлгийг цээжилсэн хүмүүстээ мэр сэр тааралддаг юм.

-Монгол айлыг янз бүрээр тодотгож болдог. Чингисийн Монголчууд, нүүдэлчин монголчууд гээд л явдаг.  Таны “Тос даасан монгол айл” шүлгийн гол философи юу вэ?

-Айраг цагаа үнэртсэн адуу мал нь багширсан тийм л айл. Тос даасан жирийн л айл. Хүн яваад очиход тийшээ суу гээд л суусан газраас нь сайхан айраг сэнгэнээд,  бор бор хөөрхөн хүүхдүүд гарч орж гүйгээд л, гадаа нь буухад нь уяа хэц нь цэмцгэр, хээр хөндий дүүрэн мал бэлчээд л. Хамгийн гол нь холын зочин, саахалтын айлын хэнбугай нь ч ороход заавал хүндэтгэн суулгаж, хамаг идээ дээжнийхээ сайхнаар дайлдаг ийм л сайхан монгол айлыг буулгасан.

Тоонон дээрээ алтан нартай

Тотгор тулган дээрээ аранзал галтай

Тоост хорвоогийн мөнхийн голомт

Тос даасан монгол айл. Тэр монгол гэр, монгол айл гэдэг хорвоогийн мөнхийн голомт. Хамгийн оргил санаа энэ юм уу даа гэж бодож тунгааж бичсэн.

-Уран бүтээлч болгонд өөрийн гэсэн технологи байдаг. Өглөөгүүр сайн бичдэг, бясалгаад бичихээр  миний гараас юм гардаг гэдэг ч юм уу. Иймэрхүү юм бий. Таны уран бүтээл төрөх агшныг сонирхож болох уу?

-Би ч дуртай үедээ бичдэг юм аа. Намар үдэш оройхон орчин тойрон нам гүм болсон үед гайгүйхэн юм биччихнэ. Үгүй бол өглөө эрт нарнаас өмнө босоод суухад нэлээн юм татаад тавьчихна шүү.  Зүүдэнд орж ирнэ. Тэр үед босоод гялс санаагаа тэмдэглэж тавихгүй бол өглөө босоход алга болчихдог. Хоёр гурван үг биччихээд орхиод унтаад өгдөг. Тангадын Галсан багш зүүдээр хаяа юм бичдэг үе бий гэж хэлж байсан удаатай. Яруу найрагч болгон л адилхан дөө.

-Таны нэр их өвөрмөц юм. Яагаад ийм нэр өгсөн юм бол?

-Их хөөрхөн түүхтэй юм. 1944 оны модон мичин жил хүйтэн зуднаар төрсөн хүн юм. Энэ оны зуд гэж Монголын мал сүргийн гуравны нэгийг нь залгисан байхгүй юу.  Би үүрээр төрсөн юм байж. Тэр үед ямар цагаан даавуу энэ тэрт өлгийдөх юм биш. Нэхийдэж аваад авдрын өмнө тавьчихаж.  Хоёрдугаар сарын 14 гэдэг чинь дөнгөж цагаан сар эхлэх гэж байсан ёстой жинхэнэ дүн өвлөөр төрсөн хүн шүү дээ. Нутгийн Пагма гээд мундаг хөгшин намайг үзэж хараад л мундаг хархүн иржээ л гэсэн юм гэдэг. Ингээд Хархүн гэдэг нэртэй байлаа ш дээ би. Аравдугаар анги төгстлөө Хархүн гэж дуудагддаг байсан.  Ямарч тохиолдлоор юм Багшийн дээдийн сургууль аваад ирэхэд Өмнөговийн Хархүү ороорой гэж боловсон хүчин нь дууддаг юм. Н үсгийн Ү болгоод дуудчихсан хэрэг. Тэрнээс хойш Хархүү болоод явчихсан. Ер нь язгуур нь нэг л юм л даа. Хархүн, Хархүү хоёрын. 

-Бүгд л Тунгалаг тамир уншаад бичгийн хүн болчихдоггүй шүү дээ. Удам судар гээд өвлөгддөг юм болов уу?

-Миний нэг номонд хорхойтой зээ охин байдаг. 22 настай хэрнээ хоёр ч ном гаргачихсан. Шүлэг бичнэ. 16-тайдаа анхныхаа номыг гаргаад энэ жил хоёрдахь номоо гаргасан.  Эссэ, бадрал, тэмдэглэл гээд хөөрхөн юм бичнэ. Нандинцэцэг нэртэй миний нандин охин доо.  Тэр л одоо өвөөгөө залгамжлах хүн гэж би бодож байгаа.

-Та Зиндаа сэтгүүлийн уран сайхны зөвлөх, хүндэт редактор. Энэ сэтгүүлийнхээ талаар яриач. Их зузаан, оффис болгоны шахуу хойморьт залагдаж байдаг сэтгүүл л дээ?

-Зөв бичгийн дүрмийн багш хүн юм болохоор жаахан хянаж засварлах юм байвал санаа оноогоо хэлдэг.  Зиндаа сэтгүүлд 30 гаруй төрлийн материал ордог. Улстөр, уран зохиол, гоо зүй, хурдан морь, бөх гээд орохгүй юм байхгүй. Маш олон хүний сонирхол татсан өргөн олон уншигчидтай сайхан сэтгүүл. Олон ч хүний хөдөлмөр шингэсэн. Монголд байхгүй зузаан сэтгүүл шүү дээ.

Уржинангийн шилдэг сэтгүүлээр шалгарсан.

-Та сэтгүүлзүйн гал тогоонд Зиндаа сэтгүүлээр дамжин нэгэнт орчихлоо. Манай сэтгүүлчдэд юу дутагдаж байна. Дунд нь байгаа юм чинь үнэлэлт дүгнэлт хийгээд ажигласан л байх?

-Сэтгүүлч сайн л бичдэг байх хэрэгтэй. Аугаа их Түдэв гуай шиг ч юм уу. Тэд их уншдаг. Авьяас дээрээс нь өндөр мэдлэг боловсрол чухал. Уран зохиол бол сэтгүүлзүйн олон талыг шингээж чадсан. Тэгэхээр маш их унших хэрэгтэй. Сайн сэтгүүлч олон л байгаа байх. Гэхдээ нэрлээд байх хүн хараахан надад алга. Манай өглөөний сонин бол их сайжирч байна. Баярсайхан, Ууганбаяр, Сүглэгмаа гээд тун хоосонгүй бичээд байгаа. Сэтгүүлч хүн авьяастай байж уншигчдын сонирхлыг татна.  Болсон явдлыг хуурай мэдээлчихээр ямар хэрэг байхав. Сайхан тэмдэглэл биччихээр тэр дотор үйл явдал, дүрслэл, үзэл бодол, дотоод сэтгэл харагддаг.  Тэгэхээр холоос харж байгаад зураг дарчихсан юм шиг бүрхэг бүүдгэр юм бичиж болдоггүй юм.  Надад бол сэтгүүлзүйн талаар яриад байх зүйл байхгүй. Гэхдээ миний хоёр хөрөг ном бий.  Сайн бүтээл, сэтгүүлзүйн олон ч ном гарсан байна.  Энэ салбарын эрдэмтэн доктор мундаг хүмүүс байна. Аугаа их Түдэвийг уншаад байхад л тэгээд барж идэхгүй дээ.

-Амьдралын хэв маяг тухайн хүний хувийн зохион байгуулалт насжилттай шууд холбоотой байдаг. Таны хувьд их сайхан насалж байна. Зөв амьдралын хэв маягаасаа хуваалцаач?

-Одоо “Та эрүүл энхийн соронз” гэсэн ном уншиж байна. Эрүүл мэндтэй холбоотой их сонирхолтой ном.  Ер нь хүн хоол ундаа их сайхан тааруулаад идчихдэг байхад л болчихдог юм даа.  Өглөө оройны агаар их чухал. Хэсэг алхаж байгаад ирээд буйдан дээрээ нартайгаа тоглоод л суучихдаг. Өөр ч зөв амьдралын хэвшил энэ тэр гэсэн юм юу байхав.

Хөдөө явах их дуртай. Хүүхдүүдийнхээ буянаар их олон газраар явсан байна. Ар, Өвөрхангай, Увсын Хяргас нуур, Завхан, Хар зүрхний хөх нуур гээд үзээгүй, яваагүй газар ховор болж.  Явахдаа нэг сайхан шүлэгтэй ирэхийг л бодно шүү дээ.

Нутгийнхаа Дэмчигийн хийд, Хамрын хийдээр орно. Юугаар ч зүйрлэшгүй гайхалтай энергитэй газрууд шүү дээ. Одоо тохижуулж сэргээгээд бүр гоё болсоор байна.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Газар дэлхийгээ л шүтнэ дээ. Бурхан, итгэлийг хэзээ ч үгүйсгэдэггүй. Нутаг, газар тэнгэрээ л их сүсэглэнэ. Оройны долоон бурхан, өглөөний нар мандахыг аль болох л харахыг хичээдэг. 

-Говиос төрсөн анхны СГЗ гэж таныг шагнал авсны дараа нэлээн олон хүн сэтгэгдэл бичсэн байна лээ. Их олон жил хүлээгдсэн шагнал болж таараад байна аа даа?

-Өмнөговиос 30, 40-иөд жилийн өмнө найруулагч, жүжигчин хүн СГЗ болж байсан.  Тэрнээс хойш ялангуяа уран зохиолын салбараас, Говийн зохиолчдоос анхных нь хүн би болсон. Хэдийгээр удаж авч байгаа шагнал ч их сайхан бэлэгшээлтэй юм. Арав гаруй жилийн өмнө сураг сонсогдоо л байсан. Та ч одоо гавьяат авна даа л гэнэ. Зарим нь чи гавьяат аваагүй л байгаа юм уу л гэнэ. Авах байлгүй дээ хүлээж л байя гээд байж байсан. 

-Нутаг болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Танай говийнхны онцлог гэхээр та бас арай өөр өнцгөөр тодорхойлох байх. Ямар их хурлын гишүүн хүнд таалагдах гэж ярьж байгаа биш?

-Ер нь говийнхны нэг нийтлэг шинж бол хүнийг хүндлэх, хайрлах, тус болох тал нь ил цагаан. Энэ талаараа шууд нээлттэй ард түмэн шүү дээ. Ядарч зүдэрсэн хүнд ямарч байсан унааг нь солиод өгчихнө. Манай Ренчин гуайн “Их говийн зоригт хүмүүс” найраглалд байдаг.  Өнөөх 40-иэд оны зудаар 70 000 адуу урагшаа туугдахад  тэр их адууг сумаараа хөдөлж хил давуулалгүй тогтоож, сүүлчийнхээ ганц ааруулыг хүртэл бээрсэн даарсан хүмүүсийг орж ирэхэд өгч, байсан хоолоо хувааж идээд сууж байсан гэдэг шүү дээ. Тэр олон мянган адууг хил давуулалгүй тогтоосон нь зориг бөгөөд гавьяа юм. Одоо цагт ч гэрээ яс цоожилчихоод яваад өгдөг хөдөөний айл байдаггүй ш дээ. Хонь малдаа яваад, мал хуй усалчихаад ирэх хоорондоо гэр орноо нэг их яс цоожлоод байх юм байхгүй. Энэ бол нөгөө хүнд итгэсэн итгэл. Сайхан цагаан сэтгэлтэй тусархуу тийм л ард түмэн. Говийн хүний санаа сэтгэл гэж огт өөр юм байдаг. 

Говь бол их өвөрмөц ертөнц. Тийм сайхан ертөнцөд амьдарч, дунд нь өсч өндийсөн бүх хүнд нутгаа хайрлах шиг эрхэм сайхан зүйл байхгүй.

-Хэчнээн хүний хөрөг биччихвээ та?

-Д.Нацагдоржоос эхлээд 22 зохиолчийн хөрөг бичсэн. Цагааны Цэгмэдээс эхлээд Дашпэлжээ гуай хүртэл жүжигчдийн хөргийг бас бичсэн. Цогцолмаа, Гомбосүрэн гуай ч бий. Аугаа хүмүүсийн материалыг нь нэлээн судалж, киног 10, 20 нь үзэж байж бүтээлээ гаргана шүү дээ. Хөрөг дурсамжийн хоёр ном бүтээсэн.

-Таны хувьд амьдралын аз жаргалыг юугаар тодорхойлох вэ?

-Аз жаргал гэдэг өөрийн зөнгөөр хүслээ биелүүлж амьдрах л юм. Ямар нэг хавчлага хаалттай үед сэтгэлээ чөлөөтэй нээж чаддаггүй учир хавчигдмал байна шүү дээ. Санаа сэтгэлээ ил чөлөөтэй илэрхийлж ярьж чаддаг, сэтгэл санаа төв түвшин явахыг л аз жаргал гэж хэлнэ дээ.  Үр хүүхдийн буянд хэдэн ном гаргачихлаа. Эднийхээ өнгөтэй, өөдтэй амьдарч явааг харж байх, хаяа нэг номоо эргүүлээд сууж байх л аз жаргал. Өөрийн биеийн жаргал ийм байж. Ард түмний аз жаргал гээд харахаар бас өөр шүү дээ. Өвчин зовлон гэж айхтар юм байна. Өдөрт л 10, 20-иороо яваад байна гэдэг чинь эмгэнэл.  Ийм нөхцөл орчинд миний аз жаргал багасжил байгаа хэрэг. Би энэ ард түмниий нэг эд эс нь учраас өглөө болгон хар бараан мэдээ сонсож сэрнэ гэдэг хэцүү.Хувийн аз жаргалаас нийтийн аз жаргал гэдэг чухал шүү дээ.

-Та хэр сайн аав бэ?

-Өөрсдөө л хүн болсон доо хөөрхий. Нэг их номчирхож сүйд болоогүй. 30-иад жил багшилсан. Тэр утгаараа хүүхдүүддээ хичээл л заасан.  Хүүхдүүд маань арын хаалгагүй л надаас дүн авдаг байсан. Ерөнхий төрхөөрөө их сайхан өсцгөөсөн. Номын дунд, номоор л хүмүүжсэн хүүхдүүд дээ.

Таньд баярлалаа.

 

Ярилцсан-Б.Ундрал

Гэрэл зургийг-Л.Номин

Эх сурвалж-Гранд сэтгүүл №140,141

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet