СТА, дуучин Ж.Бямбажав: СОНГОДОГ УРЛАГИЙНХАН БИД ДЭЛХИЙД ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР Л НЭРЭЭ ГАРГАЖ БАЙГАА
2022 оны 1 сарын 14

Монгол хүний хоолойны царааг дэлхийд таниулагчид гэхээр манай дуурийн дуучид зурвасхийх.  Хүнд алба гэдэг шиг урлагийн салбарын амаргүй сонголтын эзэд болсон тэдний төлөөлөл Ж.Бямбажавтай уншигч олноо уулзуулж байгаадаа таатай байна. Түүний хувьд дуурийн дуулаачаараа БНСУ-д мастераа хамгаалаад байгаа юм.

 -Монголын дуурийн дуулаачдаас анх удаа Азид, тэр дундаа дэлхийд урлагийн бүх төрлөөрөө гайхуулж буй БНСУ-д мастер хийсэнд баяр хүргэе. Хэрхэн энэ зам мөрөөр алхах болсноос яриагаа эхэлье гэж бодлоо. Дашрамд өөрийгөө товч танилцуулах уу?

-Намайг Жаргалсайханы Бямбажав гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал суманд  айлын ууган хүү болж мэндэлсэн. 1996-2006 онд Хоёрдугаар дунд сургуулийг суралцаж төгсөөд МУАЖ Батын Жавзандулам гэж мундаг багшийн үүсгэн байгуулсан ОПЕРА гэж дуурийн дуулаачийн сургуулийг 2012 онд дүүргэсэн.  2011-2016 хүртэл УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж байсан.  Нийтийн дуу ид хүчээ авч байсан үе. Тэр ч утгаараа ард түмэндээ танигдсан чадварлаг дуучин болно гэж л мэргэжлээ сонгосон доо. Оюутан байхдаа сонгодог урлагийн талаар, тэр дундаа дуурийн дуучин талаасаа илүү сонирхож, дурлаж, шимтэж суралцсан маань өнөөдрийн энэ дуурийн дуулаач гэх гайхалтай мэргэжлийг эзэмшихэд түлхэц болсон байх.

-Сэлэнгэ нутгийн хүү хотод ирлээ. Үе үеийн хамгийн амбицтай хүүхдүүд суралцдаг СУИС-т хэрхэн тэнцэж орж байв?

-Опера сургуулийг төгссөн хэдий ч  Хөгжим бүжгийн коллежтой үндсэн хичээлүүд нь бүгд цуг ороод явдаг байсан. Манай сургуульд бол курсын ялгаа нэг их байгаагүй.  Мэдээж дээд курсын ах нарын үгийг бол сонсоно. Гэхдээ мэргэжлийн хичээлдээ сайжраад багшийн хайртай шавь  болчихвол ч курсын ялгаа, элдвийн асуудал тулгарна гэж байхгүй  шүү дээ.

-Дууриар төгссөн, энэ салбараар яваа залуус тооны хувьд цөөн хэрнээ маш чанартай уран бүтээлчид төрөн гардаг нь анзаарагддаг. Танай үеийнхэн гэвэл та хэн хэнийг нэрлэх вэ?

-Дуурийн дуучнаар эхлээд олон оюутан элсэж ордог. Тэгээд суралцаж байх 5 жилийн хугацаанд шигшигдээд яг дуурийн дуучин мэргэжлээр цөөхөн оюутан төгсдөг. Миний үеийн төлөөллүүдээс өдгөө Монгол улсын дуурийн хөгжлийг дэлхийд хамгийн тод томруунаар таниулж байгаа гэж боддог. Энэ үеийн залуучуудтайгаа нэг үед амьдарч ажиллаж байгаадаа баяртай байдаг. Нэн ялангуяа МУГЖ Э.Амартүвшин найзыгаа онцолж хэлмээр байна. Үргэлж хийж бүтээх эрмэлзэл урмыг бадрааж, бөмбөрцөгт Монгол дуурийн дуучны чадал боловсрол соёлыг харуулж яваа уран бүтээлч.

 -Харин таны бусад залуу дуучдаас ялгарах онцлог юу вэ?

-Дуучин болгон өөрийн гэсэн өнгө темберээрээ, дуулах арга барилаараа ялгарч байдаг.

-Миний бодлоор дуурийн урлаг хамгийн шударга, шалгуур өндөртэй нь юм шиг санагддаг. Маш хатуу тайз. Яаж хэрхэн цойлж гарах вэ?

-Мэдээж маш өндөр шалгууртай тайз, урлаг.  Тайзан дээр миний өмнөөс хэн нэгэн гараад жүжиглээд дуулчихна гэж байхгүй шүү дээ. Зөвхөн Бямбажав гэдэг хүн л улаан нүүрээ улалзуулна.  Тиймээс урлагийн алтан тайзнаа биеэ маш зөв авч явж, мэргэжилдээ яг эзэн нь байх хэрэгтэй.  Урлаг, урлагийн тайз хоёрт арын хаалга гэж байхгүй. Дотоод ертөнцөө сонсоод, 6 дахь мэдрэхүйгээрээ өөрийн хүссэн, бусдын сонсох гэсэн өнгө авиаг гаргаж чадаж байна гэдэг л өөртэйгөө ажиллаж сурсны илрэл юм уу даа.

-Өөрөө урлагаараа дэлхийг байлдан дагуулж, Оскар хамах болсонБНСУ-д суралцаж,  гэр бүлээрээ амьдарч байна. Тэгвэл энэ улсад дуурийн урлагийн хөгжил аль түвшинд яваа бол?

-Миний бодлоор БНСУ-д дуурийн урлаг сүүлийн 10-20 жилийн хугацаанд асар хурдацтай хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл,  1988онд их театр нь байгуулагдсан цагаас тасралтгүй хөгжих болсон. Энэ нь тус улсын том эдийн засагтай шууд холбоотой. Бүх хотууддаа театрт барьж байна. Бүх боловсон хүчнүүдээ Итали, Франц, Германд бэлдэж, дотооддоо дэлхийн чадалтай удирдаач, найруулагчдыг урьж ажиллуулж байна. Яг үүн шигээ ард иргэдрүүгээ чиглэсэн соёлын довтолгоо, соён гэгээрлийн ажлуудыг маш оновчтой арга замаар нэвтрүүлж, сонгодог урлагийг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлж байгаа санагддаг.  Солонгосын дуурийн дуучдын чадвар, боловсролын түвшин маш өндөр.Бүр театрт дуурь тавигдахад дэмжиж оролцсон албан байгууллагуудыг улсаас нь бодлогын түвшинд анхаарч, дэмжиж, татвараас тодорхой хувиар чөлөөлдөг. Ийм байхад Солонгосын урлаг хөгжихгүй гээд ч яах юм. Битүүхэн атаархал төрөхөөр байгаа биз.

-Солонгос оюутнуудын онцлог ямар юм байна. Монголын боловсролын тогтолцоо ялангуяа урлаг талдаа бас дэлхийдээ хүлээн зөвшөөрөгддөг гэж ойлгож байгаа. Та аль алинд нь номыг нь үзэж ногоотой шөлийг нь идлээ. Дүгнээд хэлбэл?

-Ганц миний мэргэжлийн гэлтгүй ер нь л Солонгосын оюутнууд маш хөдөлмөрч, давтлага сайтай. Бидний мэргэжил цээжлээд эсхүл хариуг нь гаргаад болчихдог зүйлтэй адил биш л дээ.  Багшийн хэлсэн ярьсан болгоныг өөрийн тархины хэмжээгээр шанагадаж, тэр мэдсэн сурснаа дадал хэвшил болтлоо давтдаг онцлогтой.

Манай монгол оюутнуудын хувьд бие дааж суралцах тал дээр арай сул санагддаг. Мөн ерөнхий боловсролд хүүхдэд сургах ёстой зүйлээ төдийлөн сайн сургадаггүй өнгөрдөг нь эргээд мэргэжлээ эзэмшихэд нь бас их нөлөөлдөг.  Тэр дундаа урлагийн боловсрол олгох тал дээр үнэхээр учир дутагдалтай. Миний санаж буйгаар дуу хөгжмийн хичээл гэж дөрөвдүгээр анги хүртэл орохдоо багш дууны үг бичүүлээд, өөрөө нэг даралтат хөгжмөөр ая тоглоод л өнгөрсөн санагддаг.

-Одоо мастераа хамгаалчихлаа. Дараагийн амьдралын чинь level юу вэ?

-Мэдээж хүн дуусан дуусталаа л суралцдаг гэдэгтэй би санал нийлдэг. Боломж гарц гаргалгаа хаана байна тэр болгоныг л судалж байна.  Энд 10 сард Deajon хотод тоглолттой.  Мөн Герман руу явах төлөвлөгөөтэй байгаа.

-Хаа очиж монголчууд атаа жөтөө багатай нэгнээ шууд хорлох гэсэн зүйлгүй улс. Хамгийн том өрсөлдөгч нь өөрөө юм шиг санагддаг. Таны сул тал юу вэ?

-Атаа жөтөөнөөс болж амьдарлаа алдсан, өөрийгөө алдсан түүхүүд олон л байдаг. Хүн хүнээс хамгийн түрүүнд сайн талыг нь харж байх хэрэгтэй.  Цагаахан атаархлаар хүнд баяр хүргэж тэр хүнээсээ эрлэгдэж урагшилж байвал болох л юм. Ер нь тэгээд явж явж хүн өөрөө өөрийгөө л ялан дийлэх хэрэгтэй. Өөрийнхөө давуу тал болон сул талаа мэдэж аваад сул тал дээрээ анхаараад сурчихвал болоо доо.  Алдаанаасаа суралцаж, дараагийн тулгарах бэрхшээлд дархлаатай байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.

-Дуурийн урлагаар хангалттай хэмжээнд амьдрах боломж залууст бий юу. Монголд дуурийн урлаг яг урлаг чигээрээ хөгжиж чадаж байна уу?

-Дуурийн урлагаар Монголд хангалттай амьдрах боломж бол байхгүй. Өндөр хөгжилтэй өөр улсад бол магадгүй.  Монголд сонгодог урлагийн зах зээл байхгүй л санагддаг. Яваандаа хөгжих байх. Монголд дуурь хөгжиж байна уу гэх асуултанд урлаг судлаач мэргэжилтэн байсан бол илүү дэлгэрэнгүй үнэн тодорхой хариулах байсан байх. Миний хувьд Азидаа анхлан дуурийн театр байгуулагдсан улс бол Монгол гэдгийг хэлэхэд таатай байдаг. Үүсэл хөгжлийн хувьд бөмбөгөр ногоон театраас эхлэлтэй болохоор ингэж хэлэх нь зүйд нийцнэ. Манай алтан үеийн багш нарын үед дуурийн театр дуучид дэлхийн хэмжээнд энэ зэрэгцэхүйц байсан гэж боддог. 1990 оноос хойш дуурийн театрын үйл ажиллагааг тасалдуулалгүй авч явсан уран бүтээлчид бас цөөнгүй бий.  Тэдний мэргэжилдээ үнэнч,  энэ урлагийн төлөө, тэр дундаа Монголынхоо  сонгодог урлагийн төлөө амьдарлаа зориулсан явдалд үнэхээр талархмаар байдаг. Гэхдээ дэлхийд нэрээ гаргаж байгаа урлагийнхан маань өөрсдийн хүчээр л тэр бүгдийг бий болгож байгаа. Түүнийг нь Монголын дуурийн урлагийн хөгжилтэй холбож ойлгож болохгүй. Монголд одоо хүртэл сонгодог урлагийн хөгжил хурцадмал түвшинд л яригдана гэж үздэг. Улсаас бодитойгоор, бодлоготойгоор төдийлөн дэмжихгүй байгаа санагддаг.

-Эцэстээ чадалтай дуучин бүхэн улс төртэй гар барина. Угаас дуурь элитийн урлаг. Элит гэвэл заавал тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Ер нь хүн яах гэж дуулдаг юм бол?

-Энэ урлаг анх үүссэн цагаасаа л хаад ноёдын дунд л дуулагдаж, жүжиглэж, тоглогдож ирсэн л дээ. Элит гэхээсээ илүү боловсон соёлтой улсууд үздэг гэх юм уу даа. Гэхдээ хүсвэл хэн ч үзэж болно шүү дээ.Гол нь энэ урлаг хүнд гоо зүйн таашаал мэдрэмжийг өгөөд гаргадаг.  Урлаггүй, дуу хуургүй амьдрал бол алдаа гэж нэг мундаг нь хэлсэн байдаг.

-Та залуу хүний хувьд эх орныхоо хөгжлийг ялангуяа урлагийн боловсролыг хэрхэн цэгнэж байна. Яг одоо цагт та бүхний цаг үе шиг дуурийн дуучин болно гэхээсээ инфлюнсер болохсон гэх хүүхдүүд олон байгаа байх даа?

-Нийгмээ дагаад хурдан, удаанаасаа шалтгаалаад эх орон хөгжөөд явна. Энэ дунд соёл урлагаа л орхигдуулж болохгүй. Монгол иргэнийг хүмүүжүүлэхэд юу чухал байгааг ялгаж салгах судлах цаг болсон байх.  Урлаг хүний дотоод мэдрэмжийг илүү хөгжүүлдэг.  Багаасаа сонгодог хөгжим сонсож өссөн хүүхэд авъяастай, бусдаасаа илүү олон талаар хөгжсөн, бие хүний хувьд зөв төлөвшсөн байдаг. Энэ нь урлагийн ид шид, урлагийн боловсрол ямар чухал байгааг илтгэж байгаа биз. Аль ч цаг үед огт орхигдуулж болохгүй, бодлогын түвшинд анхаарах ёстой салбар. 

 -Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Урлагийн хүний гэр бүлд тулгардаг хамгийн том бэрхшээл таныхаар юу байсан бэ?

-Эхнэртэйгээ танилцаж, ханилаад 14 жил болсон байна. Миний эхнэрийг Э.Наранцацрал гэдэг.  Их мундаг бүсгүй бий.Анх хотод оюутан болж орж ирээд танилцсан. Одоо бид дөрвүүлээ болсон. Хоёр хөөрхөн гүнжтэй. Эд нар маань байгаагүй бол өнөөдрийн би байхгүй байж ч болох юм.

Миний ажил мэргэжил,хүүхдүүдтэйгээ хамт элэг бүтэн аз жаргалтай амьдарч байгаа байдал,  энэ бүхэн эхнэртэй маань салшгүй холбоотой. Бэрхшээлтэй тулгарсан ч гараа хөтлөлцөөд хамтдаа даваад гарах хань ижилтэй байна гэдэг дэндүү сайхан.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Дэлхийн стандартад нийцсэн шинэ сайхан театртай.  Тэнд нь дэлхийн сонгодогын акулууд ирж дуулдаг болоход өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах. Салбарын хөгжилд хувь нэмрээ оруулаад, хийсэн зүйлээ хараад өөрөөрөө бахархана гэдэг л хамгийн гэгээн мөрөөдөл юм уу даа.

Ярилцсан-Д.Ундрах

Эх сурвалж-Гранд сэтгүүл №140,141

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet