СГЗ Д.Доржготов: ЯГ ЦАГТАА, ХЭНТЭЙ БАЙЖ, ЯМАР АЛХАМ ХИЙХ ГЭДЭГ АМЖИЛТЫН ҮНДЭС
2022 оны 1 сарын 13

-Та хэдэн хэлтэй вэ? ... Над руу нэг их том харж байна. ГЯЯ-ныхан багадаа хоёр хэлтэй, ихдээ зургаа давдаг юмуу даа. Өөрөө бол хэд ч бишээ гэж даруухан загнах. Цаг товловол бүр яг цагтаа ирсэн байна. Бас л ГЯЯ-ны школ л доо. Өнгө өнгийн костьюм сэлгэж өмссөн, үнэртэй ус сэнгэнүүлсэн Д.Доржготов ах ёстой л ямар ч Generation-д оруулаад тавьсан газардахгүй хүн л дээ. Тэгж өөрийгөө хөгжүүлсэн, олонтойгоо, цаг үетэйгээ хөл нийлүүлдэг эрхмийг “Фото түүх” буландаа урьсан нь учиртай. Тэр Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг үнэхээр гуядаж авлаа. Агуу Б.Лхагвасүрэн агсны шавь, цаг үе, хүрээлэлдээ үнэлэгдсэн нэгэн. Гэм нь яруу найрагчид одооны сошиал давалгаачдын дэргэд бүдэгхэн харагдах л юм. Уг нь соён гэгээрлийг түгээж буй, түгээсээр ирсэн улс шүү дээ. Одоо цагт яруу найрагч төрөхгүй бол яахсан билээ? Дуу шүлэггүй болж, ирээдүйд үгсийн яруу сайхныг хэн ч мэдрэхгүй байх вий гэх эмзэглэл төрдөг. Ном уншдаг хүн ч цөөрсөн энэ цаг үед ус агаар мэт хэрэгтэй зочин билээ. Түүний түүх тэр чигээрээ монголын түүх болж таарна. Бид ямар цаг үеийг туулсан бэ? Ямар хүн найрагч болдог вэ? Орчин үед яруу найрагч хүн цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлж эрхэмсэг орших вэ? Д.Доржготов Ю.Цэдэнбал даргаас эхлэн нам төрийн удирдагч, ерөнхийлөгч 8, мөн 20-иод Ерөнхий сайдад орчуулга хийж, өндөр, дээд хэмжээний олон айлчлалын бэлтгэл ажилд гар бие оролцсон гэдгийг энд онцгойлон дурьдмаар байна.

Эмээгийн хүү

Яагаад ч юм бичдэг, уншдаг туурвидаг хүмүүс эмээгийн хүүхэд байх нь элбэг. Эмээгийн ярьсан үлгэр, араанд уусах чихэр, сайтар тооцоолж бэлдсэн эрүүл хооллолт. Эмээгийн ач буяныг үгээр хэлж үзгээр бичиж барахгүй. Ирээдүйн дипломатч, найрагч Д.Доржготов эмээгийн хүү байжээ.

“Миний эмээ маш алс холын бодолтой хүн байжээ. Цөлх ухаан гэж хэлдэг дээ. Байгаагаа бусадтай хуваагаад л хүртчихдэг хүн. Нэг төлөг төхөөрөөд гуравхан хоноод дуусахад нь хөрш айлын эзэгтэй:  “Танайх арай л дэндүү үрэлгэн юм. Хүнсээ хэмнэхгүй бусдыг хооллоод л дуусгачих юм. Яагаад ингэдэг юм бэ?”  гэхэд нь эмээ маань:  “Өнөө маргаашдаа болж л байна, аа хө. Харин хожмоо ач, зээ, үрс минь өлсөж, чангахгүй яваасай гэж бодоод бусдад бусдад буян хийхийг л хичээж явах юм, даа” гэж хариулсан байдаг. Тэгээд би боддог юм. Өмсөх хувцас, идэх хоол, орох оронтой яваа маань миний ухаант эмээгийн минь л өглөг буян гэж.  Би эмээгээ үнэхээр шүтдэг. Хааяахан унтахынхаа өмнө эмээгээ дотор сэтгэлдээ ургуулан дүрсэлж, эмээдээ чин сэтгэлээсээ залбирч, тэр агуу хүний сүр сүлдэнд мөргөдөг. Тэгээд л дотор маань уужран, цэлмэхийг мэдэрдэг юм. Тэнгэрийн орноос харж байдагт эргэлздэггүй” гэж тэр өгүүлсэн. 

Д.Доржготов багадаа их хэлэмгий хүүхэд байжээ. “Дөрвөн настай байхдаа орой бүр гэртээ хүмүүс цуглуулаад жижиг сандал дээр зогсоод одоогийнхоор бол илтгэл тавьж, томчуудыг хөгжөөнө. Санаанд орж байгаа зүйлээ л урсган ярьдаг байсан.”Орос хүмүүс царай нь гаднаас харахад шар боловч үнэндээ л бидний адил хүмүүс.” гэх мэтчилэн ярина. Манай өвөө, эмээ, ээж, айл хотлынхон инээлдэхээр би улам урам авч, өөртөө итгэлтэйгээр чанга дуугаар ярьдаг байлаа.  Тэгээд бөөн инээдэм болсон хүмүүс унтахаар орондоо орно. Би бүүр түүрхэн санаад л байдаг юм. Тухайн үед ЗХУ-ын нам, төрийн удирдлагад тариачин гаралтай Крушев гарч ирсэн үе. Би багаасаа халзан, их өргөн духтай хүүхэд байсан болохоор манай нутгийнхан намайг Крушев гэж өхөөрдөн нэрлэдэг байсан юм билээ” гэж хуучлав.

Амьдралд гэрэл нэмсэн Ж.Гэрэл

Эрхэм гавьяатын гэргийг Ж.Гэрэл гэдэг. Бид энэ нийтлэлийг өнгөрөгч арванхоёрдугаар сард төлөвлөсөн боловч гэргий нь бэртээд найрагч ах асран хэдэн сар сураг тасарсан юмдаг. Уулзахнээ “Би яг 250 удаа гэргийдээ хоол хийж өгсөн байна. Тэрийгээ хэлсэн чинь чамд насаар чинь хоол хийсэн шүү” гэдэг байгаа гэж До ах хөгжилтэй инээв. Ер нь эр хүний цэмцгэр өнгөлөг сайхан, амжилттай, бүх цаг үед тэргүүлэгч явах нь эхнэрээс ихээхэн хамаардаг.

“Би тэр бүр гэр бүлийнхээ талаар ярьж байсангүй. Хань Гэрэл маань манай нэг голын хүний охин. Хань минь их тэвчээртэй, нягт нямбай, их шударгуу үнэнч зүтгэлтэй хүн. Би ханийхаа буянд өдий зэрэгтэй яваа гэж боддог. Миний хадам аав маань Архангайд 10 настай өргөдөж очсон юм билээ. Батцэнгэл сумын дарга, аймгийн ХААУГ-ын орлогч, Мал эмнэлгийн Газрын даргаар маш үр бүтээлтэй ажиллаж байсан хүн. Эхнэр маань Ленинград хотод сургууль дүүргэсэн. Дараа нь Орос хэлний дээд сургуульд эвлэлийн ажил, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болоход нь сургалтын албанд ажиллаж байсан. Өдгөө нэг хувийн компанид ажилладаг юм. Охин Д.Хонгорзул маань 23 сургуулийг алтан медальтай төгссөн. Мөн МУИС-ийг онц дүнтэй төгссөн. Сайн англи хэлтэй, япон, орос, чех хэл эзэмшсэн. Хэрэглээний математикч мэргэжилтэй.Одоо МУИС-д ахлах багшийн ажилтай. Япон улсад мэргэжлээрээ докторын зэрэг хамгалсан.Харин оны өмнө намайг Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэхэд яг нэг өдрийн шийдвэрээр Америкад төвтэй дэлхийн ШУА-иас Зүүн, өмнөд болон Ази, Номхон далайн орнуудын “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭН” өргөмжлөлөөр шагнагдсан. Энэ бүс нутагт дэлхийн хүн амын дийлэнх нь оршин суудаг гэхээр маш том шагнал шүү. Миний цол, хэргэм бол харьцуулахад үнэндээ юу ч биш.

...БИДНИЙ АМЬДРАЛ АХАРХАН ТУЛ БИЕНДЭЭ САЙХАН ҮГИЙГ ХАРАМГҮЙ ХЭЛЖ БАЙХ ЁСТОЙ. ТЭР БОЛ СЭТГЭЛИЙН НАНДИН БЭЛЭГ ЮМ ШҮҮ...

Багаасаа их дайчин шаргуу, бас их даруу төлөв, ёстой жинхэнэ судлаач, эрдмийн хүн болж төлөвшсөн охин байгаа юм. Өөрөө л бор зүрхээрээ явж, энэ амжилтад хүрсэн. Багш нь “Өвгөн багш” гэж алдаршсан Төрийн шагналт, нэрт математикч Жанлав багш. Хүргэн маань бас онолын математикч. Японд доктор хамгаалсан. МУИС-д тэнхимийн эрхлэгч, дэд проффесор. Микей гэж нэртэй математикч,том багшийн гарын шавь нь юмаа. Зээ хүү маань ч “Энгийн л амьдарна. Аав, ээж шигээ докторын зэрэгт хүрнэ” гэж надад аминчлан хэлсэн. Хөөрхөн байгаа биз. Шинэ Монгол сургуульд суралцаж байна” гэж гэр бүлээ танилцууллаа.

...БАГА ЗҮЙЛД АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ЧАДДАГГҮЙ ХҮН ИХ ҮЙЛ БҮТЭЭХ БОЛОМЖГҮЙ ...

Дипломатч цолны түүх

Д.Доржготов ГЯЯ-ны нэр дээр БНСВУ-ын Ханой хотын их сургуульд шилжин суралцаж төгссөн. Төгсөж ирээд ГЯЯ-ныхаа Азийн хэлтэст Монгол-Вьетнамын харилцааны асуудлыг эрхлэн ажиллажээ. Мөн Зүүн өмнөд Азийн зарим орнуудын харилцааны асуудлыг хавсарган гүйцэтгэж байсан. Ханой дахь ЭСЯ-нд орчуулагч, атташе, гуравдугаар нарийн бичгийн даргын албан тушаалд 1990-ээд оны эхэн үе хүртэл ажиллаж байсан. Монгол-Вьетнамын харилцааны асуудлаар мэргэшсэн боловсон хүчин юм. Түүний ажлын үр бүтээлийг үнэлэн “Түшээ”, “Дэд итгэмжит” дипломатч цол хүтээж байлаа. Энэ тухай тэр бүр дурсаад байдаггүй ч манай сэтгүүлд анх удаа л “ам халж” байгаа нь энэ.

Дипломатч эрхэм орчин цагийн хөгжмийн урлагийн ноён сүмбэр оргилууд, нэрт найрагчдийг төрүүлсэн Баянхонгорын     00000эл  хэдийнээ олны танил болжээ.Зөвхөн нутагтаа зориулан дөчөөд дууны уран бүтээлийг гаргасан арвин урын сантай.

Мөн Ламын гэгээний найман дүрд зориулсан магтаал, Номч мэргэн хамба Дандончоймзад ламтны залбирал магтаалыг туурвиснас гадна Гачен Чогбрүл Ринбоче Ринчинсамбуу гэгээнтний магтуу болон баримтат уран сайхны киног туурвиад байгаа.

А.Адъяасүрэн гишүүн ба Д.Доржготов

Саяхны жагсаал цуглааны гол дүр, талбайн Цасангоо эрхэм гишүүн А.Адъяасүрэнтэй авахуулсан найрагч ахын хэд хэдэн зураг харагдлаа. Гишүүний талаар зочин маань ингэж ярив.

“УИХ-ын эрхэм гишүүн Амгалангийн Адъяасүрэнг би хар бага наснаас нь мэдэх хүн. Төрөлхийн ухаалаг, Зөв төлөвшил, зөв хандлагатай нэгэн. Үнэндээ бол манай Адъяа өөрийнхөө бор зүрхээр, уйгагүй хичээнгүй зүтгэл, хөдөлмөрөөрөө л өдий зэрэгт хүрсэн. Ид жагсаж яваа насандаа улстөрд цойлон гарч ирсэн бүсгүй. Түүнд Монголын улстөрийн шинэчлэлд өөрийн хувь нэмэрээ оруулах өргөн боломж байгаа. Тэр ямагт ард түмнийхээ талд байж, хонгор нутгийнхаа ирээдүй хойчийн залууст их зүйлийг хийж чадна.

Амгалангийн Адъяасүрэн шиг дайчин шаргуу, шударгуу олон эмэгтэйчүүд хууль тогтоох дээд байгууллагад гарч ирснээр нийгэм, эдийн засгийн болон оюун санааны томоохон өөрчлөлтүүдийг хийж чадна гэж би боддог” гэв.

Вьетнам хэлний гавьяа

Доржготов 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр Ханай дахь ЭСЯ-нд атташе, нарийн бичгийн дарга болон бараг хагас жил орчим Монгол улсын Хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан юм. Вьетнам хэл сурснаараа би улс орондоо нэг гавъяа байгуулсан гэж хожим боддог юм гээд энэхүү түүхийг хуучиллаа. “Элчин сайдаар эхлээд МАХН-ын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга асан Г.Адъяа ажиллаж байсан үе л дээ. БНСВУ-ын  Буддистуудын Холбооны тэргүүн Тхит Минь Чао гэдэг хүнийг албан бус журмаар нэгэн орой гэртээ урьж, нөхөрсөг зоог барьсан юм. Тэр хүн цагаан хоолтой, зөвхөн жимс, жимсгэнэ л иддэг болохыг олж, мэдээд өвөрмөц зоог бэлтгүүллээ. Мэдээж би орчуулагчаар хамт суулаа.

Тэр ярианаас би Монгол улсад төвтэй байсан /одоо ч байгаа/ Азийн буддистуудын Энх тайвны Бага хурал гэдэг байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэн ярилцаад энэ төвийг БНСВУ-д шилжүүлэн байгуулж, тэнд Монголоос төлөөний хүн суулгах асуудал яригдсан юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд Шашны хэрэг эрхлэх Зөвлөл байсан үе л дээ. Саарал гэж хүн даргалж байсан юм. Манай элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дуусах тун дөхсөн үе байсан юм. Энэ бол хожим очих албан тушаалын төлөөх хэлцэл байсан юм. Нэг ёсондоо Саарал гуайг Вьетнамд төв байгуулж суулгах, харин Адъяа гуай Сайд нарын Зөвлөлийн тэр албанд очих хүсэл байсан юм. Үүнийг л би мэдэж аваад АБЭТБХ-ын дарга байсан Лувсанцэрэн гуайд тэнд ажиллаж байсан хэлмэрч, ажилтан Батсүхээр дамжуулан мэдэгдсэн юм. Яагаад гэхээр АБЭТБХ-ын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод эхлэх байсан юм. Тэгтэл Лаост хурал оролцохоор хамба лам Чойжамц гуай ч Ханайд ирлээ. Би элчин сайдаас түрүүлж очиж уулзаад энэ бүхнийг хамбад уламжилтал аль хэдийнээ мэдчихсэн байлаа. Чойжамц хамбатай буудалд уулзаад сууж байтал гэнэт элчин сайд Г.Адъяа ороод ирлээ. “Доржготов чи энд юу хийж яваа юм?” гэж асуухаар нь Монголоос ар гэрээсилгээмж ирснийг авсан юм гээд гараад явлаа. Бид хожим нь энэ үйл явцлыг таслан зогсоож чадаад энэ төвөө монголдоо авч үлдсэн юм. Намайг зун нь Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд амралтаар ирж буухад АБЭТБХ-ын төлөөлөл болсон хүмүүс зориуд тосон авч баяр хүргэж билээ. Дараа нь Төв ганданд хүлээн авч уулзсан. Энэ бол дипломат хүний эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүний хэрэгжүүлсэн ажил юм. Тэгэхдээ би ганцаараа хийсэн бус, дипломатч Ганбаатар, Энхтайван, Цэрэндорж нартайгаа хамссан хэрэг. 

Зочин маань “Яруу найрагч Д.Доржготов” гэсэн хаягаар пэйж хуудас хөтөлж, олон эерэг мэдээлэл, зарим дууны болон хөгжмийн зохиолч, найрагчдын тухай нийтлэл бичиж суудаг хүн. “Нэгэн удаа Б.Лхагвасүрэн багшид зориулж Азийн тэргүүн найрагч Д.Урианхайн гуайн надад хуучилсан нэгэн түүх буюу “Сүүлчийн хундага” гэдэг шүлгийнх нь тухай бичсэн юм. Тэр бол их найрагч маань амьсгал хураахынхаа өмнө анд Урианхай найрагчид үлдээсэн ногоон шилтэй дарсны тухай их сонин түүх. Нөгөө талаар агуу нөхөрлөлийн тухай үнэтэй сургамж юм. Үүнийг 450 гаруй мянган хүн уншиж, олон зуун хүн сэтгэгдэл бичсэн байсан. Энэ нь манайхан нэг үеэ бодвол их уншдаг, тэгэхдээ их сонголттой унших соёлд суралцаж байна гэж надад ойлгогдсон шүү. Олон мянган шэйр, лайкаар дэмжсэн” гэж хуучлав.

Д.Доржготов ахай ид хийж бүтээх үедээ яваа хүн. Оргил бүтээлээ хийх их мөрөөдөл дүүрэн гэгээн өглөөг угтдаг найрагч маань нийтийн болон рок, поп чиглэлээр даацтай олон бүтээл гаргахаар шамдаж байгаа юм билээ. Биднээс завгүй, нийгэмд эрэлттэй, сонин содон дүр төрхийн эзэн эрхэм ахад уран бүтээлийн амжилт чин сэтгэлээсээ хүсье. Үлгэр жишээ болсон сайхан хүмүүс бидний эргэн тойронд олон. Нэгийг нь ч гэсэн уулзуулсандаа баяртай байна.

- Танд баярлалаа

Ярилцсан Б.Ундрал

Гэрэл зургийг Л.Номин

Эх сурвалж-Гранд сэтгүүл №138,139

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet