ЗГ: Төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсооно
2022 оны 1 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ. 

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд үүнд хамаарахгүй. Үүнээс бусад аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтуудыг гурван жилийн хугацаатай зогсооно. Тухайлбал, хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн гомдол мэдээллийн дагуу тухайн байгууллагад хяналт шалгалт хийнэ. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа боловч нөгөө талдаа төр шалган туслах чиг үүрэг хадгалагдаж үлдэж байгаа гэдгийг онцолъё" гэлээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцалжээ. Тухайн иргэдээс хилийн боомт, нисэх онгоцны буудал дээр PCR шинжилгээг төлбөртэй авах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр УОК-оос өгнө гэж мэдэгдэв.

2021 оны арваннэгдүгээр сард Ирээдүйн өв сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой журмын төсөл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, иргэд сар болгон хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах, эсвэл хадгалах зохицуулалт орж байгаа. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгаа судалж танилцуулах чиг үүргийг холболгдох сайд нарт өгчээ.

Дашрамд дурдахад, Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн арванхоёрдугаар сард "Засгийн газар ирэх онд хийгдэх хяналт шалгалтыг цөөлөх бодлого барина. Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн хяналтын чиглэлийн байгууллагуудаас хийдэг хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлнө. Энэ хүрээнд төр хяналтаа сулруулна гэж ойлгох нь өрөөсгөл. Нүүр тулж биечлэн уулзахаас илүү цахимд суурилсан буюу зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү шилжинэ.

Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно" гэж мэдээлж байв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet