Ану: Чамд нүднээс чинь бусдыг бэлэглэмээр байна гэсэн эрчүүдтэй хүртэл таарч байлаа
2022 оны 1 сарын 11

Шинэ биш мөртлөө үргэлж шинэ, дахин давтагдашгүй мэдрэмж өгч байдаг тэр бүсгүй. Хэн ч хэзээ ч хуулбарлах боломжгүй “Гала” хамтлагийн гялалзсан үзэсгэлэнт шигтгээ Ану. Соло уран бүтээлээрээ эмэгтэй хүний ялдам сайхан бүхнийг илэрхийлж чадсан гоёмсог нэгэн. Тэр үргэлж төвшнөө нэг цэгт хадгалж иржээ.

Магадгүй тэр олны танил болсноороо магтуулах гэхээсээ муулуулсан нь их. Алдарт эхийн одон зүүсэн ч анхаарлаас гадуур үлдсэнгүй, гоё ганган, хээнцэр, инфлюсер. Тэр аль хэдийнэ хэнээс ч юуг ч хүлээхээ больжээ. Тэр заавал бусдаар хөөрхөн сайхан, хөдөлмөрч, авьяаслаг гэдгээ нотлуулж байж итгэдэг хүн биш юм байна. Ану угаасаа байгалиасаа ийм эмэгтэй ажээ. Тэр дотоод хүчээ баримжаалж мэддэг юм байна.

Хөөрхөн хүүхэн, сайхан бүсгүй байснаараа тэр үргэлж гадуурхагдаж байсан гэдэг нь бас сонин өнцөг. Ану зүгээр л баггүй Грандын уншигчдын өмнө суулаа.

Эмэгтэй хүн байхын утга учир, кайф, үнэ цэнэ, аз жаргал гэдэг зүйлийг тэр ойлгочихсон байна. Магадгүй зарим нэг хүний 10 жилд туулж байж мэдрэх зүйлс энэ зай талбайд багтсан, уншсан хүн өгөөжийг нь бүрэн мэдэрвэл энэ ярилцлагыг хийсний зорилго биелнэ. Ану аль хэдийнэ мөрөөдөөд байгаа “Амьдралын дасгалжуулагч” зэрэг зиндаандаа хүрчихсэн юм биш үү?

-Өөрийг тань хуульч мэргэжилтэй, цагдаагийн академид сурсан гэдгийг бараг л хүмүүс мартчихжээ. Анугийн боловсролын карьер одоо ямар үе шатандаа явна? 
-Би эрхзүйч мэргэжилтэй. Эргэн тойрны найзуудаас маань олон хүн цагдаа, шүүхэд ажилладаг. Тэдэнтэйгээ холбоо харилцаа багатай ч алсын зайнаас бахархаад явж байдаг.  Аавынхаа дэмжлэг, зөвлөгөө, нөлөөллөөр энэ мэргэжлээр сурч төгсч байлаа. Аав маань “Урлагийн хүн болох чинь зөв өө. Гэхдээ урлагийн хүн хувийн амьдралаа орхичихдог.  Эцэстээ гэр бүлгүй ч  юм уу ер нь л хувийн орон зай нь давчуу талдаа байдаг шүү. Миний охин тийм болохгүйн тулд өөрийгөө аваад явчихдаг үндсэн мэргэжилтэй байх хэрэгтэй. Ялангуяа урлагийн эмэгтэй хүн дурлахаас цаашгүй байвал хэцүү” гэж хэлж байсан.

Миний хувьд бакалавраа эрхзүйчээр, мастераа бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. Үргэлжлүүлээд урлагийн сэтгэл судлалаар суралцаж байна.  Одоо бас АНУ-ын Менторо коллежид онлайнаар суралцаж байгаа. Цаашаа сэтгэл судлалаар доктор хамгаалах хэтийн төлөвлөгөөтэй.

-Таныг хорин хэдхэн насандаа зүрхэндээ алтан утас суулгалаа гэж шуугиж байв. Гэтэл одоо  хүмүүс алтан утас, гоо сайхны сонин хачин зүйлсд цочирдохоо больж байна. Таныг гоо сайхны мэс засал их хийлгэж байна гэдэг байлаа. Гэсэн ч та цаг үеэсээ түрүүлээд алхчихсан юм шигээ?
-Тэр бол үнэн. Суулгасан. Би жаахан өөрийнхөөрөө, яагаад гэх асуултын хариултыг үргэлж нэхдэг тийм л охин байсан. Магадгүй түргэн зантай ч байсан байхыг үгүйсгэхгүй. Зүрхэндээ алтан утас суулгаснаараа би их тайван болсон.

Нэг хүүхэд төрөхөд л ээжид нэг ухаан нэмж байдаг. Дараагийн хүүхэд төрөхөд дахиад энэ бүхнийг суралцах ёстой гэдэг шаардлагыг хүүхэд өөрөө тавиад гараад ирдэг болохоор хүүхдүүдэд маань ч нөлөөллөө. Алтан утас, хүүхэд, амьдралын хэв маяг, сайхан хань ижил бүгдэд л нөлөөллөө.  

Одоо бол уурлаад бухимдаад бусадтай өрсөлдөөд, өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулаад, би үүнийг авах ёстой гэдэг ч юм уу эд материалын шуналгүй яг өнөөдрөөрөө идэвхтэй амьдраад явдаг. Энэ бол миний сэтгэлийн амар амгалан. Дотоод дахь өөрийгөө олсонтой холбоотой. Янз бүрээр яригдах нь бага залуу насанд хэцүү байсан. Гэхдээ сэтгэлзүйн дархлаа гэдэг зүйлээ тэр үедээ өөртөө суулгаж чадсан. Тийм болохоор тэр их ярианы эзэн болоод явсандаа гутардаггүй.

Гоо сайхны хувьд хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсээд, өөртөө итгэлтэй байж өөрчлөлт хийж байвал түүнийг нь үгүйсгэж болохгүй. Гэхдээ залуу гоёхон охид маань энэ яриаг уншиж байвал “Өөрөөрөө байх нь өнөөдөр юу юунаас илүү чухал шүү” гэдгийг хэлмээр байна. Чи заавал урлагийн хүн эсхүл олны өмнө байх албагүй. Өөрөөрөө байгаа байдал чинь дахин давтагдашгүй ганцхан хувь. Магадгүй урлагийн ертөнцөд орох гэж байгаа ч юм уу өөрийнхөө сэтгэл хангалуун бус байдаг зүйлийг өөрчилж байгаа хэн нэгнийг би буруутгаж чадахгүй.


 

...Чи мятрашгүй хүн юм даа гэж би өөрөө өөртөө хэлэх дуртай..

-Олны танил бүсгүйчүүдээс бараг та хамгийн анхны инфлюсер байх аа даа.  Фэйсбүүкт зориулагдаагүй, угийн л colorful хүн. Тэр утгаараа хүмүүст ойр байсан байх. Жирийн нэг хүн гэнэт хөөрхөн зураг тавиад эхлэхээр хүлээж авахад хэцүү шүү дээ?
-Миний хувьд фэйсбүүкээ пэйж болгосон цагаасаа л бэлэг сэлт тараах ажлаа эхэлсэн юм билээ. “Urankholboo” пэйжээ дөнгөж эхлүүлж байхдаа хүмүүсээ идэвхтэй байлгах гээд шүлгийн уралдаан зарлаад 99 сарнайг нэгэн ээжид бэлэглэж байсан. Уралдаанд оролцсон залуусаас маань Швейцарт байдаг залуу шалгараад ээждээ  99 сарнай явуулж байсан юм. Фэйсбүүк дөнгөж идэвхтэй хэрэглэж эхэлж байхад шүү дээ. Тэрнээс хойш үе үе дагагчиддаа бэлэг барьж идэвхжүүлсээр ирсэн.  Энэ бүхэн ямар нэгэн арилжаа сурталчилгаа биш миний чин сэтгэл байсан.

Эргээд харахад миний чин сэтгэлээсээ хандаж байсан зүйлс миний ажил амьдрал болоод надад бас боломж болж орж ирсэн. Би үүнийг зүй зохистойгоор хууль эрхзүйтэй нийлүүлээд, хүн чанараа хослуулаад ёсзүйтэйгээр авч явж байгаа учраас миний 1 сая орчим дагагч маш эерэг байдаг. Одоо тухайлбал, 5000 дагагч нэг постны дор орж ирлээ гэхэд сөрөг коммент байдаггүй ч юм уу. Энэ бүхэнд би улам хөглөгдөөд даль жигүүр ургадаг. Тэгж явсаар сошиал бол миний ажил болсон.

Ер нь аливаа зүйлийг би чин сэтгэл, хүн чанартай л холбох дуртай. Миний ажил, амьдрал бүгд тийм зүйл дээр л уягдаж, хөглөгдөж явдаг. Бүхнийг дан ганц ашиг, өөрт унах унац мэтээр харахыг хүсдэггүй. Тиймээс сошиалд уур амьсгалыг аль болох эерэг тал руу нь байлгахыг хүсдэг. Гэхдээ би сошиалд байгаа өөрийн давуу байдлаа ашиглаад сонгуулийн ямар нэг явуулга хийдэг ч юм уу өөрийн олж авсан үнэ цэнээ худалдахгүй байхыг хичээдэг.

Харин тэрний оронд байгууллага, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа газруудаа ил тод дэмжээд явахыг хүсдэг.  Тэр нь миний сэтгэлд амар байдаг.  Ер нь би л ийм гэдэг ч юм уу. БИ гэдэг хандлагаас хол байхыг хүсдэг. Би мундаг. Би завгүй. Би бүхнийг амжуулж байна. Би үнэхээр гоё амьдарч байна гэдэг ч юм уу. Би гэдэг үзлээс ичиж, эмээдэг. Энэ бол олны хайр хүндэтгэлээр дамжиж орж ирж байгаа зүйл. Үүнийг хадгалахын тулд хүн зөв бөгөөд даруу л байх хэрэгтэй. Бүх зүйл цаг хугацаатай. Ямар ч мундаг зүйл маргааш ч алга болохыг үгүйсгэхгүй. Маш хэврэг байдаг. Тэгэхээр амжилтаа хайрлаж, хамгаалж, даруу төлөв байдлаар услаж явах ёстой гэж боддог.

Заримдаа надад “Гала”-гийн Ану, хөөрхөн сайхан байна гэдэг зүйл хаалт болдог байсан


-Танай гэр бүлийг Монголын Кардешианы гэр бүл гэдэг. Та дүү нарынхаа хамт бараг л тэд нар шиг гялгар зургууд, гялгар имиж бүрдүүллээ. Ганц ялгаа нь +18 зураг л авахуулдаггүй байх? 
-Баярлалаа. Бид гурав хоорондоо ивээл жил, орд. Үзэл санааны хувьд ч нэгнээ гэсэн сэтгэлтэй  байдаг. Өөрсдийгөө тулгын гурван чулуу гэнэ. Хамтдаа байхаар бүх зүйл болж бүтээд байдаг болохоор нэгнээ салгаж бодож чаддаггүй. Үнэхээр их хайр урсаад байдаг болохоор бараг өдөрт утсаар ярихгүй байхад хүртэл сонин санагддаг. Хамтын хүч тэр тусмаа гэр бүл нэгнээ гээд явах шиг сайхан зүйл үгүй.  Бид гуравт сайхан найз нөхөд, хамаатан садан байж болох ч гэр бүл номер нэгт гэдгийг үргэлж илэрхийлж явахыг хүсдэг. Гурвуулаа ээжийгээ яаж баярлуулах вэ, нэгэндээ ямар сюрприз барих вэ гэх зэргээр амьдралыг бид гурвын харилцаа маш их сонирхолтой болгож өгч байдаг.  

Бидний үс зүс ойролцоо болохоор ч тэрүү ижил хүмүүс шиг бусдад харагддаг ч гурван өөр ертөнц. Гурван өөр чаддаг зүйл, гурван өөр сэтгэлзүйтэй хүмүүс. Гэхдээ тэр олон зүйлээ нэгтгэж чаддаг. Ээж аав маань хүн шиг хүн байх суурийг тавиад амьдралыг хүн хөдөлмөрөөрөө, өөрсдийн гараар бүтээх ёстой гэдэг ухамсрыг суулгаж өгсөнд үргэлж талархдаг. Хөдөлмөрийн үр шимээр бид эд баялаг хураахдаа гол нь биш ухаажиж, илүү бусдыг ойлгож, үнэлж хайрладаг болж байна.


-Та их сайхан охин дүүтэй. Одоо болтол гэрлээгүй байгаа. Ирээдүйн хүргэний босго өндөр үү?
-Хааяа дүү нараа гэртээ уриад, тэдэнтэйгээ хооллоод тоглох сайхан байдаг. Манай Номинхолбоо яг хүүхдээрээ. Зарим хүн “Танай дүү чамаас айхтар байх аа. Нүд ам нь гялалзаад байдаг” гэлцдэг. Яг үнэндээ дотор хүн нь хүүхдээрээ байдаг. Би дүүгээ “Миний дүү чинь нялхаараа байгаа юм” гээд маш их хайрладаг. Гэхдээ бид хүнд өндөр шаардлага тавихаас илүү хүн шиг хүн байгаасай гэж л үргэлж хүсдэг. Миний бас манай Уянхолбоогийн хань ижлийг харахад зүгээр сайхан эгэл монгол залуусыг л сонгосон байдаг. Тэр хүний дотоод хүн, мөн чанарт нь итгэж амьдралаа даатгасан. Түүнээс биш энэ ийм айлын хүү, ийм өв залгамжлагч, би тэрэнтэй л суух ёстой гэсэн тооцооллыг хэн нь ч хийгээгүй. 

Амьдрал бол цэвэр хайр сэтгэл дээр суурилах ёстой. Тэгж байж үр жимс нь улам илүү цэцэглэж дэлбээлдэг юм. Миний охид энэ жишгийг хэзээ ч битгий алдаарай гэж аав маань үргэлж захидаг байсан. Амьсгал хураахынхаа өмнө хүртэл “Дүүдээ анхаараарай. Хайртай хүнтэйгээ л суух ёстой шүү” гэж байсан хүн шүү дээ.  Магадгүй тухайн үед бидний амьдрал олны өмнө байсан болохоор аавын санаа зовж байсан зүйл энэ байсан байх.

Манай Номинхолбоо их хөдөлмөрч болохоор хөдөлмөрч, сайхан монгол эгэл жирийн залуутай гэр бүл болно гэдэгт итгэж байгаа. Тэр хүний дотоод дуу хоолой өөрөө нээгдэх цагт л хүнтэй гэр бүл болоосой гэж хүсдэг. Гол нь бид хүнийг ялгаварладаг, цензур тавьдаг хүмүүс бол огт биш. Үүнийг амьдрал маань харуулах байх. 

Би хань ижилтэйгээ хамтдаа амьдралаа босгоод явж байна. Хүмүүс хоорондын ойлголцол гэдэг хэцүү юм шиг хэрнээ нэг түлхүүрийг нь олчихвол маш сайхан зүйл. Тэгж чадвал хамтдаа амьдралыг  сайхнаар бүтээн босгож чадна. Гэхдээ тийм болтол маш их хүчин чармайлт орно. Хүмүүсийн хэлдэг шиг нэг их сайхан хүнтэй Уранхолбоо суугаад, тэрнийхээ хүчээр яваад байгаа юм бас биш шүү дээ. Манай нөхөр өөрийн гэсэн орон зайтай байж болно. Айлын ганц хүү, эрх дураараа өсчихсөн, гадаадад олон жил болсон. Гэтэл урлагийн эхнэртэй болчихсон. Эхнэр нь ил гарах гээд байдаг, өөрөө гармааргүй байдаг.

Бид хоёрын дунд зөрчилдөөн маш их байсан. Заримдаа би өөрөө яг нөхөр шигээ болчихсон юм шиг санагддаг. Заримдаа манай хүн би яг чам шиг бодож сэтгэдэг болчихож гэдэг. Хүүхдээ өсгөхдөө хүртэл бид хоёр яг л өгөлцөж авалцаад л явж байдаг. Энэ бол нэг нэгэндээ зориулж байгаа ухаан, хайр юм. Түүнээс биш би ийм байх ёстой, ингэж л амьдарна, чи надтай суусан юм чинь үүнийг бэлдэх ёстой гээд байж болохгүй. Би урлагийн хүн учир чи ийм байх ёстой, үүнийг бэлдэж өг гэдэг ч юм уу тийм шаардлага нөхөртөө тавихаас би бол ичдэг. Гэр бүл гэдэг хамтын амьдрал шүү дээ.

Хүлээлтээс би хэдийнэ ангижирчихсан. Өөртөө итгээд өөрөө бүхнийг хийгээд тэрнээсээ кайф аваад сурчихсан


-Та өөрийгөө царайлаг, хөөрхөн охин, сайхан бүсгүй гэдгээ хэзээ анх мэдэрч байсан бэ?
-“Гала” хамтлагт байхад хүмүүс хөөрхөн гэж их хэлнэ. Хөвгүүдээс захидлууд ирнэ. Тэр үед илүү мэдэрсэн юм болов уу. Тухайн үед зөрүүд, их сонин охин байлаа ш дээ. Хөвгүүдтэй ч олигтой харилцаж чадахгүй. Хөвгүүдийн хайрыг хүлээж авахгүй. Би хөдөлмөрлөх ёстой, сурах ёстой гэдэг ч юм уу. Магадгүй ээжийн чанга байдал, аавын захиас тийм болгосон байхыг үгүйсгэхгүй.

Эцэг, эх маань хөвгүүдтэй харилцах тал дээр маш өндөр шаардлага тавина. Энэ харилцаа бол насанд хүрсний дараа л бий болох зүйл. Охидын хувьд хаалттай сэдэв байх ёстой гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бүхнийг би буруудсан гэж ерөөсөө боддоггүй. Аав биднийг нэг ч удаа зусланд явуулж байгаагүй. Миний бага залуу насанд үерхэл, олон хайр дурлалын романс байсангүй. Тухайн үед найзууд ингээд явж байхад бид ийм байна гээд уйтгарладаг л байсан. Харин одоо эргээд харахад тэр цаг хугацааг хөдөлмөрлөх, сурч боловсрох, өөрсдийгөө бүтээхэд зориулсан байдаг. Тэгэхээр алдаагүй л байгаа биз дээ.

Бага байхдаа ээжийнхээ эмийн үйлдвэрт ажилладаг байлаа. Бараг ааваасаа өндөр цалин аваад л гэр бүлдээ зориулаад явдаг байсан. Мэдээж өөртөө ч хөрөнгө оруулалт хийнэ. Хүссэн дугуйлангууддаа явна. Хүүхдийн ордон, хими, бүжгийн дугуйланд явна.

Өнгөрсөндөө хүн ер нь харамсаж болохгүй. Тэртээ тэргүй туулах зүйлээ туулна. Магадгүй хүн өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ бүтээснийхээ дараа найз нөхөдтэйгөө байх, хүссэнээрээ хувцаслах боломжуудыг бүрдүүлж болно.

 

-Ингэхэд хөөрхөн хүүхний бонус гэж амьдрал дээр ер нь байдаг юм болов уу. Хөөрхөн сайхан болохоороо арай илүүг хүртдэг гэж хүмүүс ойлгодог ш дээ?
-Би бол эсрэг байр суурьтай байдаг. Ер нь хүний гол үнэлэмж төрх байдлаас биш хандлагаас их хамааралтай. Чи хөөрхөн байлаа гээд цаг барихгүй, ажлыг хариуцлагагүй хийвэл энэ бүхэн 3 минутын дотор замхран алга болчих зүйл. Тийм болохоор хэлсэндээ хүрдэг, шударга, хариуцлагатай байх хэрэгтэй. Өнөөдөр гоё сайхан байчихаад маргааш тэрийгээ хадгалж чадахгүй үнэхээр өөр дүр төрхийг илэрхийлвэл үнэлэмж болж чадахгүй.

Заримдаа надад “Гала”-гийн Ану, хөөрхөн сайхан байна гэдэг зүйл хаалт болдог байсан. Ануг яахын бэ гэдэг ч юм уу ignore хийлгэж байсан тохиолдлууд бий шүү. Гэхдээ би бууж өгөөгүй. Хариуцлагатай байдал, чин сэтгэл, ёсзүй, хүн чанар зэргээрээ хариулт өгсөн. Ялгарсан, өөрөөрөө байсан. 
Өдийг хүртэл Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудын 60-70 хувьтай нь хамтарсан байна. “Хөөрхөн дэлхий” ТББ-аараа буюу өөрийнхөө зүгээс нийт 50 мянга гаруй хүүхдэд ямар нэгэн байдлаар амьдрал ахуйд нь хэрэгтэй зүйлсийг хийж урлагийн сургалтуудыг явуулсан байдаг. 

Би 2007 онд “Хөөрхөн дэлхий” ТББ-аа байгуулах үеэс урлагийн сэтгэл засал Канад, Авсралид хөгжсөн байгааг харж өнчин ядуу нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдэд энэ сургалт, заслыг хийе гэхэд ийм ямар юм байдаг юм бэ гээд хэн ч намайг дэмжээгүй. Гэхдээ би ганцаараа хийчихсэн. Хийх хийхдээ би төсөл аваад хийсэн. Яг үнэнийг хэлэхэд тухайн үед миний гар дээр мөнгө байгаагүй. “Дэлхийн зөн” ОУБ-аас 20 мянган долларын төсөл аваад  ажлаа эхлүүлсэн. Маш үр дүнтэй болсон.

Одоо тухайн үед миний хэрэгжүүлсэн төсөлд хамрагдаж, урлагийн сэтгэл заслаар дамжаад гарсан хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт маш сайхан амьдарч байна. Томоохон компаниудад ажилладаг залуучууд болсон байна. Өдөр болгон инстаграмм, сошиалаар надад хандаж баярласан сэтгэлээ илэрхийлж байдаг. Хүн бүрийн юугаар тэтгэгдэж, юунаас эрч хүч олж авах нь өөр өөр.  Миний хувьд бол хүмүүстэй ажиллаж тэрнээс гарч буй үр дүн, баяр жаргалыг харж эрч хүч авдаг. Би дуртай ажлаа олсон. Дуртай зүйлээ хийж түүндээ хөглөгдөөд явж байна.

-Таныг инфлюсерийн чинь хувьд хуулахад их хэцүү. Үүн шиг “Гала” бас хэзээ ч хуулагдахгүй брэнд юм шиг байна. Дахин “Гала” шиг хамтлаг гарсангүй. “Камертон 2” гэдэг шиг магадгүй  “Гала 2” гэдэг ч юм уу шоу хийвэл яах бол гэж бодож байв уу?
-“Гала” гээд л ярихаар цаг хугацаагаар аялах шаардлага үүсдэг.  Ингээд аялчихаар тархи амрах шиг ч санагдана. Би өнөөдрөөс ч илүү эрч хүчийг тэр үед авч чаддаг байсан. Галагийн охид дуулж чаддаггүй, электро хөгжмийн ачаар явж байна ч гэдэг юм уу гоочлуулах зүйл байсан. Гэхдээ бид хоёр хамгийн дээд өнгөөр дуулдаг охид байлаа  ш дээ.

Мундаг бүжигчидтэй бүжиглэчихдэг, өөрсдөө хэл сураад гадны урлагийн зах зээлд гарахыг хүсдэг том зорилготой байлаа. Тэр бага залуу насанд мастер төлөвлөгөөгөө ч гаргачихсан явж байх жишээний.  Хоногт 4 цаг унтаад бусад цагт нь ажилладаг, хөдөлмөрлөж чаддаг охид байсан. Хэн нэгнээс хуулбарлахгүйгээр бид стиль, имижээ бүрдүүлж чадсан. Тухайн үеийн нөхцөл байдал хязгаарлагдмал байсан хэдий ч бид хоёр тэр нөхцөл байдлын хашаанд хашигдахыг хүсээгүй. Тэлж гарахыг, стандарт бус байхыг хүссэн. Тэр чинээгээрээ зоригтой байж чадсан.  

Найз маань одоо хүртэл буцаад урлагтаа орох хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Магадгүй өөрийн чинь хэлснээр Галагийн түүхэнд тодоор дуурсагдах нэг том тоглолт ч юм уу ямар нэгэн зүйл хийх байх. Цаг хугацаа бүгдийг өөрчилж, эмчилж, хариулт өгдөг учраас энэ бүхэн болох цаг тун удахгүй байх аа гэж боддог.


...Хэдийгээр олон хүүхэд төрүүлсэн ч би нөхөртөө сайхан харагдмаар байна ш дээ. Тэр хүн надтай амьдарч байж аз жаргалтай л байх ёстой болохоос ялтай юм шиг амьдарвал хэцүү биз дээ...

-Хэн дуртай нь фитнесст явж, иогоор хичээллээд жингийн илүүдлээсээ салаад, бие галбираа гоё сайхан авч явж чадахгүй. Биеэ сайхан авч яваа нь цаанаасаа байдаг өгөгдөл юм шиг санагддаг. Таны талаар энд тэнд очиж хичээллээд тураад гэж ёстой сонсож байгаагүй?
-Үе үе сонирхлоороо зааланд чөлөөт цагаа өнгөрөөх тохиолдол байдаг ч яг тууштай хичээллээд өөр дээрээ он удаан жил ажилласан түүх бол байхгүй. Өгөгдөл гэдэг зүйлд би бас итгэдэг. Юунд ч бууж өгөхгүй шинж чанар хүний дотоодод байдаг юм билээ. Тэр гэхдээ хүн болгонд байдаг гэдэгт би итгэдэг. Чи мятрашгүй хүн юм даа гэж би өөрөө өөртөө хэлэх дуртай.

Ер нь сэтгэлээр унаад энэ ёстой бүтэхгүй юм байна гэж байсан тохиолдол миний амьдралд ховорхон. Энэ бэрхшээлийн цаана бэлэг байгаа, жаахан хичээчих гэж өөрийгөө зоригжуулах тохиолдлууд л байдаг. Тийм кодыг далд ухамсартаа суулгадаг. Хүн азгүй зүйл болох бүрт урвайж гутраад байвал тархинд тэр мэдээлэл очиж л байдаг. Тэрний оронд бага зэрэг уруулдаа инээмсэглэл тодруулахад л тархи энэ хүн аз жаргалтай байна, амьдралд хайртай байна. Дахин аз жаргалыг нь өгье гэдэг дохио явж байдаг. Тиймээс би юу ч тохиолдоход инээмсэглэж, даваад гарахыг хүсдэг.

Хэзээ ч үлгэр мэт үр тариа цацаад шууд үр дүнг нь үздэг амьдрал байхгүй шүү дээ. Байж болох ч хэврэг байх. Амьдралын суурь хундаам нь бат бөх байна гэдэг өөрөө өөрөөс маш их хамааралтай.

Чи магадгүй өөртөө итгэлтэй, бардам, өөрийгөө үнэлж хайрлаж хүссэнээрээ аз жаргалтай баймаар байвал хэн нэгнээс үл хамаарч сууриа өөрөө л тавьчих хэрэгтэй. Юу ч тэрийг ганхуулж чадахгүй. Дотооддоо ийм хүчтэй байхад гадаад гоо үзэсгэлэн бусад зүйлс аандаа бий болно. Энэ нөгөө яриад байдаг эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотооддоо байдаг гэдэг үгний биелэл юм болов уу. Дотроосоо гэрэлтэх гэдэг чинь яг энэ шүү дээ. 

-Шулуухан хэлэхэд танд эмэгтэйчүүд тийм ч дуртай байдаггүй. Анх “Гала” үүссэн үеэс л тийм байсан байх. Магадгүй маш их атаархдаг байхыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөл байдалтай та одоо бүр эвлэрчихсэн үү?
-Тийм, би мэднэ. Яахав адилхан эмэгтэй хүмүүс байж нэгнийхээ туулж байгаа зүйлсийг мэдэхгүй байж янз бүрээр хэлэх, дайрч давшлахад анхандаа эмзэглэдэг байсан. Уйлах, гомдох өдрүүд байлгүй л яахав. Би яг өөрт хэрэгтэй үедээ нэг номыг олж уншсандаа баярладаг. Амьдралын эрчим ухаан юугаар тэтгэгддэг юм бэ. Хэрвээ хүн хийгээгүй зүйлийнхээ төлөө шаналаад, гомдоод, хэн нэгэнд үнэхээр сэтгэл дундуур байвал өөрийнхөө эрчмийг унагаж байдаг юм байна л даа. Эрчим хоолойгоор давсан өндөр байлаа гэхэд тэрнээс болоод унаж байдаг. Тэгэх тусам хүний амжилт ололт хязгаарлагдана.

Хэрвээ хүчтэй байвал эрчим юунд ч унахгүй. Тэгэхээр гомдож туниж болохгүйн зэрэгцээ хүлээлтгүй байх хэрэгтэй. Тэр маань ингэчих, тэгчих болов уу гэсэн хүлээлтээс би хэдийнэ ангижирчихсан. Өөртөө итгээд өөрөө бүхнийг хийгээд тэрнээсээ кайф аваад сурчихсан. Ярьж, хэлж, бичиж л байдаг. Яагаад энэ хормын дотор болж өнгөрөх үзэгдэлд би ач холбогдол өгөөд гуниж гутарч эрчмээ унагаах ёстой юм. Эрчим унахаар амжилт ололтоос гадна хүний эрүүл мэнд доройтдог. Би эд эсээ тэтгэх ёстой болохоос үхүүлэх шаардлагагүй. Үүнийг л хүн ойлгочихмоор байгаа юм.

Эргэн тойрны хайртай хүмүүсээсээ ч би олон зүйл хүлээдэггүй.  Өнөөдөр нэг хүн амласан амлалтандаа хүрээгүй байсан ч би өөрөө хүрээд тэр хүнийг дахиад баярлуулчихмаар санагддаг. Тэр хүнд өнөөдөр юу ч тохиолдсон байж болно. Миний уншсан зүйл, олж авсан туршлага надад ийм өгөгдөл өгчихсөн учир би энүүгээрээ л амьдарна.

-Танд дутагддаг авьяас бас сул тал?
-Би хүн царайчилж чаддаггүй. Хүнээс хараат байж чаддаггүй. Хүнээс ингээд өг, тэгээд өг гэхээс илүү өөрөө л хүнд тусалдаг байхыг хүсдэг. Тамхины цэг дээр олон зүйл шийдэгддэг гэдэг шиг шоу, найз нөхөдтэйгөө ууж идээд сайхан цаг өнгөрөөх зүйл надад байдаггүй. Тийм болохоор магадгүй түүгээр дамжих зүйлс хязгаарлагдмал байдаг байх гэж боддог. 

-Эрчүүд бол ойлгомжтой дийлэнх нь өөр шиг чинь бүсгүйд дуртай. Гэтэл сайхан бүсгүй ямар эр хүнийг мөрөөддөг юм бол. Тэр сайхан бүсгүйтэй тэнцэх хэмжээний эр хүн баймаар байна ш дээ. Та эр хүний юуг хардаг вэ?
-Би бол эр хүний удмыг харах хэрэгтэй гэж боддог эмэгтэйчүүдийн нэг. Ялангуяа нөхрийнхөө аавыг нь их ажиглаж шинжиж байсан. Тэр гэр бүлдээ гаргаж байгаа хандлага, хань ижилтэйгээ харилцаж байгаа харилцаан дээрээс нь маш их итгэл үнэмшлийг олж авч чадсан. Ханийгаа зөв таньсан, ямар нэгэн өнгөнд хууртаагүй гэж боддог ш дээ. Сайхан өсгөж хүмүүжүүлсэн ээж аавд нь өнөөдөр амьдралаараа би талархлаа илэрхийлээд явж байгаа гэж ойлгодог.

Миний хань их зөв залуу. БИ гэсэн үзлээс надаас эрт салчихсан юм байна лээ /инээв/. Бид гээд л бүхнийг бүтээсэн. Магадгүй намайг БИ гэх үзлээс манай хүн холдуулж өгсөн юм болов уу гэж боддог. Зөв хүнээ олоод ханилаад явахад амьдрал ямар утга учиртай юм бэ гэдгийг л мэдэрдэг дээ. 

Мэдээж эр хүний хувийн эго байна. Тэрнийг нь яаж амьдралдаа ухаалгаар зөв зүйтэйгээр эргүүлэх вэ гэдэг эмэгтэй хүнээс л хамаарна. Одоо бол ойлголцлын түвшин ч өөр болсон. Маргах сэдэв бараг байхгүй дээ. Зарим үед шийдвэрлэх боломжгүй зүйл гарвал мэргэжлийн хүмүүст буюу сэтгэлзүйчид ханддаг. Сүүлийн таван жилийг харахад хэдийнэ амьдрал голдиролдоо орсон юм болов уу гэж боддог.

Ханийгаа гомдоох дургүй. Эд эс, эрчмийг нь унагаж яах юм бэ. Ганц л амьдрах юм чинь аливааг заавал хүндрүүлээд л зовоогоод шаналгаад байх шаардлагагүй. 

-Хүмүүс таныг өдөр болгон л цэцэг аваад бөөн бөөн сюрприз дунд амьдардаг байх гэж хардаг байх. Надад бол эсрэгээрээ та нөхөртөө илүү их гэнэтийн бэлэг барьдаг юм шиг санагдлаа?
-Манай нөхөр намайг тийм болгосон юм шиг санагддаг. Нөхөр маань яаж ч яарч сандарч байсан хоол хийхдээ хүртэл чин сэтгэлээ гаргаж хийдэг. Тэр өдөр би ямар ажилтай байна түүнд маань зориулсан урмын үгийг хэлдэг ч юм уу. Яг хэрэгтэй зүйлийг маань надад хэлж, хийж өгч чаддаг.  

Би нөхрөө баярлуулах дуртай. Нөгөөтэйгүүр амьдралаа сонирхолтой байлгах, уйтгартай байхгүй байх өөрийн хүсэл сонирхлын дагуу нөхөртөө сюрприз барих дуртай байж болох юм. 

Биеийн жин, хувцаслалт, гадаад төрхөө нөхөртөө зориулах тохиолдлууд байна. Хэдийгээр олон хүүхэд төрүүлсэн ч би нөхөртөө сайхан харагдмаар байна ш дээ. Тэр хүн надтай амьдарч байж аз жаргалтай л байх ёстой болохоос ялтай юм шиг амьдарвал хэцүү биз дээ. Сюрпризыг бол харилцан бариад л явж байна. Үүнийгээ л алдахгүй юм шүү гэж боддог.

Миний хувьд хоёр дахь амьдрал, гэр бүлээс гадуурх харилцааг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тиймээс хүн нэг л олдох амьдралаа утга учиртай байлгачих хэрэгтэй гэж боддог. Чиний алсаас хайгаад байгаа зүйл дэргэд чинь байгаа хүний дотор байгаа. Тэрийг нь л нээчихье л дээ. Чи юу хүсч байна. Тэрийгээ тэр хүндээ хэлээд ойлгуулчих л даа. Чи гоё зугаалмаар байгаа юм уу. Магадгүй дотно харилцаан дээр хүртэл дэвшил гаргахын тулд чи өөрөө л тэр бүхнийгээ илэрхийл. Тэр бүх зүйл чинь сонгосон хүний чинь дотоодод байж байгаа. Гол нь нээчих л хэрэгтэй.


-Таныг илт дайрч доромжлоод байдаг хүнтэй дараа нь нүүр тулбал яадаг вэ. Угаасаа та үргэлж өөнтөглүүлж байдаг олны танил хүмүүсийн тэргүүн эгнээнд байдаг хүн. Ийм зүйл их тохиолддог байх?
-Сошиалаар намайг элдвээр бичсэн хүмүүстэй уулзсан ч мэндтэй устай л байдаг. Тухайн үед нь уучилчихдаг. Тэр хүний сэтгэл санаа тэр үедээ эвгүй байсан. Тэгээд л тэгж бичсэн байгаа. Түүнээс биш хэвийн байгаа хүн хэзээ ч хэн нэгнийг шүүмжлээд бичихгүй. Тиймээс тухайн үед нь ойлгоод л өнгөрчихдөг.

Дайснаа хүртэл найз болгомоор ертөнцөд бид амьдарч байна. Дайсныг хүн өөрөө л  бий болгож, өөрөө дууддаг. Тиймээс яаж явж, яаж амьдармаар байна тэрийгээ ч өөрөө л бүтээнэ. 

Би 2005 онд нэг ном бэлгэнд авч байсан. Тэр номоо жилийн дараа буюу 2006 онд уншсан байдаг юм. Цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн хүмүүс үргэлж тухайн нийгмийнхээ шоовдорууд байдаг гэсэн утгатай орос зохиолчийн ном байсан. Үнэхээр түрүүлж сэтгэсэн, түрүүлж арай өөрчлөгдсөн, тухайн нийгмийн хайрцагнаас гарч чадсан хүмүүс үргэлж доог тохуу болдог байсан. “Гала”-гийн Болороо бид хоёр ч бас. Өнөөдөр хүлээн зөвшөөрөгдөж байж болох ч тухайн үед “Хоёр тоть шиг юм, энэ хоёрын дууг явуулмааргүй байна” гэх зэргээр рок попынхноос хүртэл элдэв хандлага гарч ирдэг байсан. Өнгө өнгийн үрэлнүүд, ёолкны мод гээд л янз бүрийн гоочилсон зүйлстэй бид хоёр тулгарч явсан.

Тэр номыг уншаад би ойлгосон. Бид хоёр цаг үеэсээ түрүүлээд сэтгээд алхчихжээ. Энэ зүйл бол байх ёстой. Цаанаасаа нийгэм нь үүнд бэлтгэгдээгүй байсан учраас шинэ зүйл дээр соргог, шүүмжлэлтэй хандана. Одоо яг тэр туршлага миний амьдралд маш их хэрэг болж байгаа. Ямар нэгэн шинэ зүйлийг нутагшуулж чадвал түүх болж үлдэнэ гэдэг зүйлийг би олоод харчихсан учраас ирээдүйд хийх нээлтүүд, амжилтынхаа өмнө бэлтгэгдсэн гэсэн үг.

Яваандаа Life couch буюу амьдралын дасгалжуулагч болно гэж боддог. Хүмүүст сэтгэлзүй гэдэг ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулаад залуу жаахан охидод зөвлөгөө өгөөд сууж байдаг болмоор байгаа. Одоо би таван охиныхоо хувьд сэтгэлзүйч ш дээ. Тэднийхээ тогооч, эмч, багш, найз, зөвлөгч, жолооч. Ирээдүйд бас олон сайхан охидтой ажиллаад магадгүй тэдний арван жил туулах байсан асуудлыг ганцхан цагийн яриагаараа хялбаршуулахыг хүсч байна. Тэр хүнийг бага зовоох сэтгэлзүйг суулгаж өгөхийг хүсч байгаа.

Эмэгтэй хүн үнэхээр хайрламаар. Маш олон зүйлийг туулдаг. Бидний жаргал зовлон төстэй. Тийм учраас эмэгтэйчүүдээ би шалтгаангүй хайрлана. Надад дургүй байсан ч хайрлах л болно. 

...Ээж аав маань хүн шиг хүн байх суурийг тавиад амьдралыг хүн хөдөлмөрөөрөө, өөрсдийн гараар бүтээх ёстой гэдэг ухамсрыг суулгаж өгсөнд үргэлж талархдаг...

-Таны ойрын таван жилийн төлөвлөгөө?
-Удаан ярьж байгаа ч янз бүрийн шалтгаанаас болоод хойшлоод байгаа зүйлс байгаа. Би чинь таван сайхан охин бүтээлээ. Уг нь бодож байсан зүйл маань дэргэдээ хүүхдийн эмнэлэг, сэтгэл заслын төвтэй, хүүхэд хамгаалах байртай “Хөөрхөн дэлхий” төв байгуулах байсан. Зураглал гарч, байрлалаа олсон. Багш хамтран ажиллах хүмүүсээ бэлтгэж байсан. Гэхдээ хүний амьдралд төлөвлөж болохгүй зүйл үр хүүхэд шүү дээ. Жил дарааллаад дөрөв төрж, таван хүүхэдтэй болсон зэргээс эхлээд яг хийх гэж төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлээгүй байна. Гэхдээ хэзээ ч орхидоггүй бодол маань “Хөөрхөн дэлхий” төв маань байгаа. 

Хүн ер нь амьд явсны гол утга учир юун дээр илэрдэг вэ гэхээр өөрийнхөө амьдралыг хэрхэн яаж өөрчилсөн бэ гэдэг дээр биш шүү. Хүн хүсвэл өөрийнхөө амьдралыг өөрчилчихнө. Харин өрөөл бусдын амьдралд юу хийсэн юм бэ, хүний амьдралыг яаж өөрчилсөн, хүнд ямар өгөөжтэй зүйл өгсөн бэ гэдгээр л хэмжигдэнэ.

Бусдын төлөө амьдарсан цагаас эхэлж таны жинхэнэ амьдрал эхэлнэ гэдэг үг байдаг ш дээ. Энэ үг үргэлж санаанд явж байдаг.  Өөрөө хүсээгүй байж эцэг эхээсээ өнчрөөд үлдсэн, өвчтэй төрсөн, гэр бүл салалтын золиос болчихсон, маш их гэмтэл авчихсан хүүхдүүд ирээдүйд амжилттай явсан ч үе үе илрэх тэр сэтгэцийн гэмтлүүдийг эмчлэх тийм л төвийг би нээхийг хүсдэг. Жишээ нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэлзүйн хохирлыг тодорхойлох Эрүүгийн хуулийн зүйл заалт байдаггүй. Үүнийг хүртэл гаргаад, тэрний дараах нөхөн сэргээх төвийг байгуулж чадах юм бол тэгээд л миний хүсэл биеллээ оллоо гэсэн үг. 


-Эмэгтэй хүн байхын утга учир юунд оршдог вэ. Таны эмэгтэй хүнийхээ хувьд хамгийн их кайф мэдэрдэг зүйл юу байдаг вэ?
-Бүх боломжгүйг боломжтой болгох тэсвэр тэвчээр гэдэг зүйл бидэнд ямар их өгөгдсөн юм бэ гэдгийг ойлгосон. Өөрөө биеэрээ туулсан. Төрчихөөд хоёр хоноод ажилдаа орох чадал эмэгтэй хүнд л байдаг юм билээ. Тэр оёдлын өвдөлтийг тэсч, үр хүүхдийнхээ төлөө эмэгтэй хүн өөрийгөө мартаж чаддаг. Гол нь тэрийгээ үнэлэх үнэлэмжийг л бид олж авах хэрэгтэй. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөрийнхөө чадварт итгэх хэрэгтэй.

Эмэгтэй хүнд заавал хөөрхнийг нь хэлж байж л ойлгоод байдаг. Угтаа үгүй ш дээ. Төрмөлөөрөө хөөрхөн ш дээ тэр хүн. Байгалиасаа төрмөлөөрөө л хүчтэй байхгүй юу. Яагаад тэр нөөц боломжиндоо итгэхгүй заавал хэн нэгнээс тусламж авах гээд байгаа юм.

Яагаад баян хүнтэй суух гээд байдаг юм. Яагаад заавал хагацал зовлон үүсгэж хэн нэгний үр хүүхдийг өнчрүүлж, өөртэйгөө адилхан эмэгтэй хүнийг гомдоож байж сайхан амьдрах гээд байгаа юм. Хүсээд нээж чадвал бүх боломж чамд байгаа. Үнэ цэнэтэй амьдралаа хүн өөрөө бий болгож чаддаг. Би уран зохиол, олон зохиолчдын амьдралаар амьдраад олж авсан зүйлээ өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хүссэн. Тэгж чадсан. Түүнээсээ ч кайф авдаг.

-Хүмүүс Зайсанд амьдарч мэддэггүй, ойлголтгүй байхад та Зайсанд амьдарч байжээ. 9911 барьдаггүй байхад та барьжээ. Одоо та магадгүй тэрбумтан байх. Угаасаа чинээлэг амьдарч зэрэг зиндаагаа тодорхойлж ирж шүү?
-2007 онд хүмүүс 9911-тэй дугаарыг нэг их үнэлдэггүй байсан. Тухайн үед би “Хөөрхөн дэлхий” төвийг ажиллуулдаг байлаа. Төв маань сайн үйлсийн аян их хийнэ. Хажуугаар нь бид хүүхдүүдийн үсэглэлийн баяр, төрсөн өдөр гээд тэмдэглэлт баяруудыг нь зохион байгуулж өгөөд тэрнээсээ тодорхой хэмжээний ашиг олж үйл ажиллагаагаа балансалдаг байлаа.  Тэр үед би хоёр рекламанд тоглосон байдаг юмаа. “Double rich”, “Мобиком”-ын контентод оролцоод тэр хоёроосоо олсон орлогоороо гурван 9911-тэй дугаар авч байсан юм. Тэр дугаарууд одоо бол үнэ цэнэ нь маш өссөн байдаг. Тухайн үед би доллараар бас л өндөр үнээр авч байсан. Тэгэхэд хэн ч ойлгоогүй. Ийм үнэтэй дугаараар яах гэж байгаа юм, хэнд ч хэрэггүй зүйл гээд л. 

Харин Зайсангийн байрыг маш их хичээж байгаад авсан. Цэцээ гээд найзтайгаа тэр байраа тохижуулж байлаа. Ирээдүйд магадгүй энэ байрны үнэ цэнэ өсөх байх гэж харсан. Бага залуу байсан учир тохижуулахад маш их зүйл шаардаж байсан. Гурван давхар хаус аваад тохижуулаад ганцаараа амьдрахад уйтгартай, айдастай ч байдаг байлаа. Гэхдээ өнөөдөр эргээд харахад бас л хожсон.

Ер нь өөрт мэдрэмж төрөх юм бол ирж байгаа дохиог заавал үр дүн болгож гаргах хэрэгтэй гэж боддог. Нөхөртэйгээ анх танилцахад хүртэл догдлол мэдэрсэн. Бага залуу сайхан охиныг олон л залуус хүрээлнэ. Гэхдээ яг тэгж догдолж байгаагүй. Энэ бүхнийг хэлээд байгаа нь амьдрал, ажил, ашигтай нөхцөл юун дээр ч анхны мэдрэмжээ дагах л зөв юм болов уу гэж боддог.

Хүн өөрөө л хийж чадвал дэлхий хүртэл хүлээж авахаар байна. Ямар ч зүйлээс айж мэгдэж ухрахгүйгээр л явах хэрэгтэй. Хэзээ ч хэн нэгнийг таны өмнөөс хийнэ гэж хүлээх хэрэггүй.

Би “Тод гэрэлтэх охид” нэртэй ном бичиж байгаа. Өөрийнхөө туулсан амьдралыг бүгдийг нь оруулж байгаа юм. Миний замнал амаргүй байсан. Чамд нүднээс чинь бусдыг бэлэглэмээр байна гэсэн эрчүүдтэй хүртэл таарч байлаа. Гэхдээ би тэр бүхнээс холуур байж чадсанаараа өнөөдөр өөртөө итгэлтэй, дотоод хүчээ нээчихсэн, аз жаргалтай амьдарч байна.  Амьдралаа би ний нуугүй энэ номондоо хүүрнэсэн. 
 


Ярилцсан Б.Ундрал 

Гэрэл зургийг Л.Номин

Эх сурвалж-Гранд сэтгүүл №143
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet