БАТСҮРЭНГИЙН ЦЭРМАА: ЭМЭГТЭЙ ХҮН АЖИЛ ХИЙГЭЭД ӨӨРИЙНХӨӨ ОЛСОН МӨНГӨӨР ӨӨРИЙГӨӨ ГОЁОД БАЯРЛААД ДОГДЛООД ЯВАХ САЙХАН
2022 оны 1 сарын 11

Жимсийг талх шиг зарж, бүр жимсээр торт урлан фрэш байдлаар амтлах боломжийг олгосон мэдрэмж нь тулчихсан бүсгүйчүүдтэй та бүхнийг уулзуулж байгаадаа баяртай байна. Баяр болгоноор фэйсбүүкийн хуудас эдний жимсэн тортоор дүүрэх болсноор багагүй хугацаа өнгөрсөн байна. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн ч үнийн хувьд гурилан тортноос хол давахгүй, жимсний орцыг тултал хийсэн нь цаанаа учиртай. “Хос Билгүүн Зул” компани монголын жимс, ногооны  импортын зах зээлийн даруй 70 хувийг дангаараа хангадаг. Төрөл бүрийн ногоо, фитнесс салатанд шаардлагатай орцуудыг цэвэрлэж бэлдэн савласан нь эзэгтэй нарт шууд сүмсээ хийгээд хутгах л ажил үлдээсэн сюрприз дүүрэн үйлчилгээ юм. Их хотын завгүй амьдралын хэв маягтай зэрэгцэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүртэл ухаалаг байдлаар үйлчилгээнд нэвтэрлээ. Ярилцлагын ширээнээ тус компанийн захирал Цэрмаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мөнгөнтуул нар суув. Ажил дээр ч амьдрал дээр ч түмэн завгүй бүсгүйчүүд юм. Бид амттай яриа дэлгэлээ. 

-Жимс яг талх шиг айл болгоны өдөр тутмын өргөн хэрэглээ болох гээд л байна. Ийм болтлоо хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болчихсон зүйлийг яаж Luxury хэрэглээ болгож чадав. Анх энэ санааг хэрхэн гаргаж байв?
- Нэн ялангуяа гадаадад нэгэндээ маш гоё бэлэг өгдөг. Тэр дундаа төрөл бүрийн жимс, жимсгэнэ бэлэглэх нь бий. Авч байгаа хүмүүс нь ч сэтгэл хангалуун байдаг. Үүнээс сэдээд яагаад монголчууд ийм гоё бэлгийг бий болгож болдоггүй юм гэж үзсэн. Ингээд судалж байгаад Оросоос технологич уриад жимсэн тортоо хийж эхэлсэн. 
Манай компани үүсгэн байгуулагдаад арван жил болж байна.  Жимс, нарийн ногооны чиглэлийн компани. Жимсэн торт, бялуу, эко салатнууд маань үйлдвэрлэгдээд жил гаруй боллоо. Хамгийн гол нь жимс өртөг өндөр ч яг байгалийн эрүүл, эко бүтээгдэхүүн учир бүсгүйчүүд их дуртай байдаг. Жимсэн торт, зарим бүтээгдэхүүн зөвхөн захиалгаар хийгддэг. Дэлгүүрт тавигддаггүй. Яг luxury хэрэглээ болгоод  тухайн хүнд зориулаад хийхээр авч байгаа хүний сэтгэл хүртэл гоё болдог.
Luxury бүтээгдэхүүн гэхээр өндөр үнэтэй гэж зарим хүн бодож байгаа байх. Гэтэл тийм биш. Манайх өөрөө жимсний компани учир өртөг нь харьцангуй боломжийн тусдаг. Тэр утгаараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр хэрэглэгчдэд хүргэдэггүй.
-Компанийхаа үйл ажиллагааг яг тодорхой тайлбарлаж өгөөч. Жимс, нарийн ногооны компани гэхээр үйл ажиллагаа нь хэрхэн өрнөдөг юм бол оо?
-Манай байгууллага яг арав дахь жил дээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Удахгүй ойгоо тэмдэглэнэ. Бид Европын холбооны улсаас болон БНХАУ-аас жимсээ оруулж ирдэг. Өнгөрсөн жил үйлдвэрээ байгуулсан. Ингэхдээ хамгийн анх гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор эко салатнуудыг хийж байсан. Бэлтгэсэн, савлагаатай маш гоё салатнууд бий. Би дөрвөн хүүхэдтэй. Хааяа гэртээ өнжсөн үедээ хүүхдүүддээ аль болох аятайхан хоол хүнс хэрэглүүлэхийг хичээдэг. Тэр бүрт ногоо арилгахаас эхлээд ажиллагаа их байсан. Тиймээс эзэгтэй нарынхаа амралтын өдрийг бага ч болтугай хөнгөвчилье, ажлаасаа тараад гэртээ ирэхдээ тавхан минут зарцуулаад гэр бүлийнхээ дуртай салатыг яагаад хийж болохгүй юм гэдэг сэдлээр энэхүү үйлдвэрээ байгуулсан. Манайх арван нэр төрлийн эко салатны төрлүүд гаргадаг.  Фитнесс салат, байцааны салат, луувангийн салат, хүрэн манжингийн салат гээд дандаа эрүүл эко салат гаргадаг.
-Нийслэлийн нийт хүнсний ногооны эрэлт хэрэгцээний хэдэн хувийг танайх эзэлж байна?
- Бараг бүх л супермаркет, томоохон ресторануудтай хамтран ажилладаг.  Монголынхоо зах зээлийн 60-70 хувийг хүнсний ногоогоор хангадаг гээд хэлчихэж болох байх. 
-Хэчнээн ажилтантай вэ?
-100 гаруй ажилтантай. Компанийн гол зарчим хүмүүсээ тууштай байлгахад тулгуурладаг. Арван жилийн өмнө надтай нийлээд эхлэлийг нь тавиад явж байсан хүмүүс одоо хүртэл ажилладаг. Хамгийн гол нь компанид хүний нөөц гэдэг чухал. Ажилчид маань орж гарахгүй байна гэдэг компани тогтвортой байгааг илтгэж байдаг. 


Мөнгөөрөө хоол биш хор худалдан авахыг хүсэхгүй байгаа хэн бүхэнд зориулсан Luxury бүтээгдэхүүн гаргахыг хичээсэн

-Хүнсний салбарт яагаад хөл тавих болсон бэ. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би арван жилээ алтан медальтай төгссөн. Эмч болох гэж байгаад болиод “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-ийг нягтлангийн мэргэжлээр төгсч байсан.  Мэргэжлээрээ Голомт банкинд аравхан хоног ажиллаж байсан. Бага зэрэг дураараа эрх талдаа өссөн болоод ч тэрүү хүнд загнуулж зэмлүүлэхдээ маруухан. Тэгээд дарамттай санагдаад гарчихаж байсан. Гэтэл ээж маань ажил хүнийг голно уу гэхээс, хүн ажлыг голж болохгүй. Чи дуртай  ажлаа хийх хэрэгтэй. Заавал мэргэжлээрээ ажиллах шаардлагагүй. Өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг л хий гэж хэлсэн.
Ер нь л их хөдөлгөөнтэй, юм юм хийж үзэхийг оролдсон хүн байсан. Бүр гэрийнхэндээ хэлэлгүй зах дээр наймаа хийгээд явчихдаг байлаа. Тухайн үед ээж ааваасаа мөнгө авдаггүй байлаа ш дээ. Ингэж явж байгаад анх Дэнжийн 1000 дээр ногоо зардаг ах эгч нартай танилцаад, тэр чиглэлээрээ өдий болтол явж байна.
Манай ах нэг удаа над руу бүр уурлаж байсан. Гэрийнхнээсээ хамгийн толгой цохидог нь чамайг гэж бодож байсан ч зах дээр наймаа хийгээд явчихна гэж санасангүй гэж загнаж байсан. Тэр болгонд ээж маань хүн хүссэнээ л хийх ёстой. Хүнийг ходоодоор нь баярлуулна гэдэг хамгийн сайхан ажил гээд хаацайлдаг байлаа. Ээж маань л намайг чиглүүлсэн дээ. 
-Жимс ногоо эмзэг, амархан мууддаг, эрсдэл их өндөр. Энэ хугацаанд багагүй л “шатаж” байсан биз?
- Анх бизнесээ эхэлж байхад хүнд байлаа. Хятадаас вагоноор жимс ногоогоо татна. Өвөл бараагаа буулгах гэтэл тэр чигээрээ хөлдчихсөн байх жишээний. Тэр үед ёстой нүд харанхуйлаад, уйлах ч биш байх ч биш байдал үүсч л байлаа. Яг ийм үед гэрийнхэн шатаж дууслаа. Одоо мэргэжлээрээ ажилла гэж зөвлөнө. Тэр болгонд зорьсон зүйлийнхээ ард гарна аа л гэж зүтгэсэн. 
Аав маань их дуу цөөтэй хүн байсан. Хааяа нэг голыг нь олоод дуугарчихна. Намайг хамаг жимс, ногоогоо хөлдөөчихлөө гээд ороод ирэхэд  “Ямар ч зүйлд хүн унаж босч байж амжилтанд хүрдэг. Өнөөдөр чи өөрөө л хүсч тэмүүлж байвал ард нь гарна” гэж хэлж байсан нь одоо ч тод санагддаг. Ер нь миний эцэг, эх хүүхдүүдээ хүссэнээр нь байлгах дуртай. Заавал чи тийм байх ёстой, чи тэг гэх нь ховор. Энэ бүхэн намайг их зоригжуулж нөлөөлж байсан.
-Аль ч салбарт ажиллаж амьдарлаа гэсэн хүний үнэ цэнийг тодорхойлдог зүйл ер нь юу юм бэ?
-Миний хувьд би ямар ч хүнтэй яг л нэг зангаараа байхыг хүсдэг. Өнөөдөр босс, захирал, одуудтай өөр харьцаад ядруухан хүмүүстэй дорд харьцахыг хүсдэггүй. Хүнийг хүн гэдэг талаас нь харж, өөрөө ч хүн байхыг хичээдэг. Тиймээс ямар ч харилцаа, юунд ч үнэ цэнэтэй хандахыг хүсдэг. Арван жилийн өмнө, хорин жилийн өмнө би хэн байсан яг л тэр чигтээ байхыг хүсдэг. Байгаагаараа байдаг зан  маань л миний үнэ цэнэ юм уу даа. Хүн унаж, босч ямар ч байдалтай байж болно. Тэр болгонд нэг л зангаараа байх хэрэгтэй.


-Та удирдах түвшний хүн. Хамтарч ажилладаг олон газрууд байгаа байх. Тэр болгонд ямар цензур тавьдаг вэ?
-Яахав арван жил болж байгаа болохоор харьцангуй бүх юм тогтож байна. Нөгөөтэйгүүр биднийг үйл ажиллагаагаа эхэлж байхад л хамтарч ажиллаж байсан газрууд одоо ч хамтраад явдаг. Зориод ирж байгаа газруудтай бид хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг.  Хамгийн гол нь  тэр компани жижиг, том байх нь чухал биш. Бид дэвших боломжийг нь л олгох чухал.  Хэн хэнийхээ ажлыг “алах”-гүйгээр хамтын ажиллагаагаа явуулж байхад болно. 
-Та өөрийнхөө хийж байгаа бүтээгдэхүүнээр нийгэмд маш том соёл бүтээж байна. Айлын ширээн дээр байгаа зүйл дээр соёлын хувьсгал хийж чадлаа. Цаашдаа юу хийж бүтээхээр төлөвлөж байна?
-Монголдоо эрүүл эко орчинг бий болгохыг л хүсдэг. Миний хувьд ходоодны асуудалтай. Яг тийм үед надад идэх зүйл олдохгүй байсан. Өөрт нь ийм зүйл тулгараад ирэхээр хүн асуудлыг олж хардаг юм билээ. Тиймээс хадгалах хугацааг удаашруулах ч гэдэг юм уу элдвийн хүний биед муугаар нөлөөлөх зүйл бүтээгдэхүүнүүддээ ашигладаггүй. Жинхэнэ эко бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ нийлүүлэхийг хүссэн. Нөгөөтэйгүүр мөнгөөрөө хоол биш хор худалдан авахыг хүсэхгүй байгаа хэн бүхэнд л зориулсан Luxury бүтээгдэхүүн гаргахыг хичээсэн. Адилхан зовж мөнгө олчихоод хоол гэгч хор авч, үр хүүхдүүдээ ч түүгээр хооллоно гэдэг байж боломгүй зүйл.
-Та хүрнэ гэсэн амжилтынхаа хэдэн хувьд явж байгаа гэж өөрийгөө дүгнэх вэ?
-Хийхээр бодож төлөвлөсөн зүйл их байгаа. Яг хувьчлах ёстой бол 40 хувь л байх. Хүн хийгээд л байх тусам ундраад гарч ирээд л байдаг. Тиймээс өөрийгөө болоогүй байна л гэж боддог. 
-Мөнгө таны бодлоор юу вэ?
-Хэрэглээ. Хүмүүс мөнгийг аз жаргал бий болгодог гэж боддог. Минийхээр аз жаргал бол гэр бүл. Мөнгөтэй ч хүн байна, мөнгөгүй ч хүн байна. Ард нь байгаа гэр бүл л хамгийн том аз жаргал. Хүн мөнгийг олох үедээ олно. Алдах үедээ алдана. Хүн ухаантай байвал хэзээ ч мөнгийг олж болно. Харин гэр бүл аз жаргал гэдэг юмыг бий болгох хэцүү.


-Нэгэнт хүнсний салбарын, тэр тусмаа жимс нарийн ногооны чиглэлийн хүнтэй уулзсаных эзэгтэй нартаа зөвлөгөө авмаар байна.  Жимс, ногоогоо сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй юм. Өдөр тутам хэрэглэх ёстой хүнсний ногооны тэнцвэртэй хэмжээ хэр байвал өөрт шаардлагатай хэрэгцээгээ авчихлаа гэж үзэх вэ?
-Хүмүүс нэг үеэ бодоход хүнсний ногоо сайн хэрэглэдэг болчихож. Тэр тусмаа нарийн ногооны төрөл буйцаа, юуйцаа хэрэглэж байна. Буйцаа л гэхэд цус төлжүүлдэг. Салатны цэцэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өөх тосыг өөртөө шингээж авдаг. Ходоод гэдсийг цэвэрлэж өгнө. Хулуунд л гэхэд Д витамин их байдаг. Тэгэхээр бид жимс жимсгэнэ, нарийн ногоог өдөр тутам эм болгож хэрэглэж болно. Лимон ханиад томуунд сайн. Цайндаа хийгээд уухад дархлаа дэмжигдэнэ. Алим тураахаас гадна хүний гоо сайханд тус дэмтэй.  Хүнсний ногоо, жимс жимсгэний ашиг тусыг яривал их зүйл бий.
- Та их гоё арьстай юм. Таны өдөр тутамдаа түлхүү хэрэглэдэг хоолны цэстэй танилцаж болох уу?
-Саяхан төрсөн болохоор  95 кг хүртлээ таргалсан. Төрсний дараа хүүхдээ гурван сар болмогц хоолондоо анхаараад, дасгал хийгээд эхэлсэн. Ихэвчлэн жимс ногоогоор хооллож байгаа.  Хүн хүний биеийн онцлог өөр болоод ч тэр үү, жимс ногоо  надад болон миний хүүхдэд харшилж муудсан юм алга. Тэгээд лечогоо их идсэн. Ер нь өөрийнхөө компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Монголчууд маханд дуртай, махсаг ч заавал алим ч болтугай идэж ходоод гэдсээ цэвэрлэж байх хэрэгтэй. 
-Та салбар нь өөр боловч урлагтай их ойр хүн санагдсан. Зөв таамаглаж уу?
-Найзуудын дийлэнх нь урлагийн тал руугаа хүмүүс байдаг. Урих болгонд нь найзуудаа хүндлээд очдог. Би л айлын эхнэр, хүүхдүүдийн ээж гэсэн шиг нэг л хэв маягт байгаад байх дургүй. Аль болох өдөр тутамдаа өөрийгөө өөрчлөхийг хүсдэг. Ер нь эмэгтэй хүн ганган дэгжин байснаараа муудахгүй. Эмэгтэйлэг, эрхэмсэг гэдэг зүйлээ ямагт барьж хадгалж үлдэх хэрэгтэй. Та эрэгтэй хүнээс юугаараа ялгарах вэ гэвэл эрхэмсэг, харц дээгүүр байдлаараа. Аливаа арга хэмжээнд уригдахдаа өөрийгөө ч, бусдыг ч хүндлээд аль болох хүндлэлтэй очихыг хичээдэг. 

Н.МӨНГӨНТУУЛ: АЖИЛ ХИЙНЭ ГЭДЭГ ЕРӨӨСӨӨ Л УРЛАГ

Б.Цэрмаа захирал, Н.Мөнгөнтуул дарга нар төдийгөөс өдий хүртэл компанийнхаа өсөлт бойжилтын цаг хугацааг хамтдаа туулжээ. Нас хэлэлцбэл топ Э.Одгэрэлийн насыг ялимгүй өнгөрч яваа Мөнгөнтуул дарга шинэ үеийнхэнтэй хөл нийлүүлж компанийнхаа сошиал лайвыг хөтлөн явуулдаг. Хүнсний ногоо, жимс жимсгэний ашиг тус бүтээгдэхүүнээ хэрхэн зөв цэвэрлэж хэрэглэх талаарх түүний амьдралд ойр лайв хэдийнэ олон үзэгчтэй болсон байна билээ. “Хос билгүүн зул”-ын хос багана болсон бүсгүйчүүд ажил, чөлөөт цагт бүхий л үед хамтдаа байх нь садан төрлийн холбоотойнх. Хүн холын замд ганзага нийлэх хамтрагчтай байна гэдэг амжилтын үндэс. Насны хувьд 45-аас доош насныхан зах зээлд жин дарж байгаа гэлцдэг ч бодит байдал дээр Н.Мөнгөнтуул шиг ид насны дарга, захирлууд компанийн ачааг нугалж байна. Ер нь яагаад үр хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн хүмүүст бид ажил үүрэг даалгахаас зайлсхийдэг юм бол гэсэн бодол төрснийг нуух юун. Компанийнхаа ажлыг гарын арван хуруу шигээ мэддэг, жимс ногоогоо хэрхэн бэлдэх, цэвэрлэх арчлах талаар, ашиг тус, онолын мэдлэгт нэвтэрхий толь мэт болсон Н.Мөнгөнтуул даргаар бахархахгүй байхын арга алга. Ажил хийнэ гэдэг ерөөсөө л урлаг юм байна. Урлаг болтол нь ажиллаж энгийнээс гайхамшиг бүтээж буй хоёр бүсгүйд амжилт хүсье. 

-Таны хувьд амжилтын тулгуур үндэс юу вэ. Эмэгтэй хүн амжилтанд хүрэхэд асар их бэрхшээл туулдаг?
-“Хос Билгүүн Зул” компани маань миний охин, хүү хоёрын нэр. Хүү, охин хоёрынхоо нэрээр нэрлэсэн учир компаниа унагаж болохгүй гэж л зүтгэсэн. Одоо манай хоёр том 18, 17 настай. Тэд маань ирээдүйд эцэг, эхээрээ бахархаасай гэдэг утгаар өөрсдийнх нь нэрээр компаниа нэрлэсэн. Тэдэндээ өвлүүлнэ.
Манай хүний хувьд их даруухан. Миний ажилд нэг их оролцоод байдаггүй. Би ч өөрөө их өөрийнхөөрөө. Өөрөө чадна гэж зүтгэсэн бол алдаж онох нь хамаагүй зүтгэдэг талдаа.
-Эмэгтэйчүүд ажил хийсэн ч, хийхгүй байсан ч шүүмжлүүлдэг. Ажил хийгээд сайхан явахаар энэ хэний татаасаар ийм болчихов гэнэ. Ажил хийхгүй гэртээ суухаар нөхрөөрөө тэжээлгэсэн болоод хувирчихна. Та иймэрхүү асуудалтай хэр тулгарч байв?
-Эмэгтэй хүн ажил хийгээд өөрийнхөө олсон мөнгөөр өөрийгөө гоёод баярлаад догдлоод явах гоё ш дээ . Хэн хэнийхээ гарыг хүлчихээгүй л бол эр ч бай, эм ч бай хоёулаа л ажиллаж хөдөлмөрлөөд явах ёстой гэж үздэг. Би бол эмэгтэйчүүдийг ажил хийхийг дэмждэг. Заавал нөхрийн гарыг харах ёсгүй. Хийх дуртай зүйлээ хийгээд, үр шимийг нь хүртээд, өөрөөрөөр бахархаад суух шиг сайхан юм байхгүй. Харин ажлаас бусад цагт хүүхдүүдээсээ кайф авдаг. Аль болох л хурдан гэртээ очоод хүүхэдтэйгээ ноцолдоно. Саяхан төрсөн болоод ч тэрүү бүр нялхраад гэр бүлсэг болоод байна.


-Та хүүхдүүдийнхээ боловсролд хэр хөрөнгө оруулалт хийж байна. Хүн мөнгөжихийн хэрээр хүүхдүүд нь үнэтэй сургуульд сурч, гадаадад боловсрол эзэмшдэг?
-Хэт өндөр үнэтэй сургуульд сургаж мөнгөөр тэтгэхээс зайлсхийдэг. Манай хүүхдүүд амралтын өдрүүдэд компани дээрээ ажил хийдэг. Өөрөөр нь мөнгөний үнэ цэнийг ойлгуулах ёстой гэж үздэг. Тэгэхгүй бол мөнгө яаж олдгийг мэдэхгүй байж дураараа үрээд байдаг хүүхдүүд олон болж.
Миний хувьд айхтар үнэтэй биш дундаж үнэтэй хятад хэлний сургуульд хүүхдүүдээ сургадаг. Ер нь хүүхдүүддээ багаас нь бүх зүйлийг нь бий болгож  өгөхийг хүсдэггүй. Алс нь мөнгөний боол болоод хэвтэх суурийг нь тавьж өгч байгаа гэсэн үг. Магадгүй би хүүхдүүддээ нэлээн хатуу ханддаг. Тэр нь буруу үлгэр дуурайлал хүүхдийг эвддэг гэсэн бодолтой маань холбоотой. Зарим айлын хүүхдүүд өдөрт 100 мянган төгрөгтэй хичээлдээ явж байна. Хичээлээс нь авахуулахаар “Ланд 100” явуулангуут 570-аа явуулсангүй гэж уурлана. Бүр ангийнх нь хүүхдүүд манай гэрийн нойлын өрөө алтаар хийгдсэн гэх мэтчилэн гайхуулдаг гэж байгаа. Ийм бодит жишээ,  миний ойрын хүрээлэлд ч үүссэн. Тиймээс аль болох хүүхдүүдээ юмны үнэ цэнийг мэдрүүлж, сургаж өсгөе гэж боддог. 
-Та бүхэнд баярлалаа. 
 

Ярилцсан Д.Сэргэлэн 

Гэрэл зургийг Б. Сайханбилэг

Эх сурвалж: Гранд сэтгүүл №137


 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet