Г.ДОРЖ, Б.ОЮУНГЭРЭЛ: Яг үнэнийг хэлэхэд бодибилдингийн ямар ч төрөлд монголоос дэлхийн аварга байхгүй!
2022 оны 1 сарын 10

Бид ярилцлагын ширээний ард бодибилдингийн спортоор нэр төртэй овоглож яваа хосуудыг урьсан юм. Спортын заалнаас бие биенээ олж хамтдаа нэг спортоор хичээллэн үнэмлэхүй амжилт гаргасан гэдгээрээ тэд гоц байлгүй яахав. Тэдний онлайн хөтөлбөр, сургалтын зар олны анхаарлыг татаж байна. Гэхдээ шинэ тутам зүйл огтхон ч биш. Хосууд АНУ-д хөтөлбөрөө хэрэгжүүлж байжээ. Г.Доржоос монголын мэргэжлийн тамирчдын 80 хувь нь зөвлөгөө авдаг гэхлээр өөрсдөө л олны өмнө ил гарч гүйдэггүй болохоос аль хэдийнээ үр дүнгээ харуулсан багш нар байх нь. Нэг ишлэл сэтгэлд тод үлдлээ. Бодибилдингийн тамирчид хоолны мэргэжилтэн шиг хооллож, нялх хүүхэд шиг унтаж, араатан шиг бэлтгэл хийж байж амжилт гаргадаг гэж Дорж онцоллоо. Бодууштай л үг. Сайны хажуугаар саар гэгчээр чадварлаг тамирчид, сайн багш нар бүхий энэ салбарт ашиг хонжоо олох гэсэн хүмүүс Холбоогоор дамжуулан савраа дүрснээр нэг л нэр хүндгүй байгаа нь нууц биш болжээ. Олон асуултанд хариулт авсан баялаг ярилцлага боллоо.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Өөрийгөө танилцуулах гэдэг нь арай өөр утга агуулгатай. Олимп, дэлхийн аварга хоёр тамирчны албан ёсны CV, блиц талаас асууж байгаа шүү?

Гансүхийн ДОРЖ:

Төрсөн он: 1980

Төрсөн нутаг:Дундговь аймаг, Мандал сум

Төгссөн сургууль: “Аварга” биеийн тамирын дээд сургууль

Мэргэжил:Бодибилдингийн багш, дасгалжуулагч

Гаргасан амжилт:2001, 2002 он Аварга БТДС-ийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, 2003 он “Оюутны мистер” тэмцээний мөнгөн медаль, “Мустанг 5 жил” тэмцээний мөнгөн медаль, “Ирээдүйн мистер” бодибилдингийн АШТ-ний хүрэл медаль, 2004 он “Улаанбаатар хотын АШТ”-ний 65 кг-ийн жинд алтан медаль, Хонг Конг улсад болсон “Бүх Хятадын Бодибилдингийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн”-нд хүрэл медаль, 2004, 2005 он “Геркулес” тэмцээний алт, хүрэл медаль, ЗХ-ний бялдаржуулах урлагийн АШТ-ний алтан медаль, “Хар ирвэс классик” тэмцээний хүрэл медаль, 2004,2005,2008 он “Монголын мисс, мистер УАШТ”-ний 65кг-ийн жингийн аварга, 2006 он “Монголын мисс, мистер УАШТ”-ний 65кг-ийн жингийн хүрэл медаль, 2008 он “Зүүн азийн бодибилдингийн АШТ”-ний хүрэл медаль, 2009 он Монголын мистер УАШТ-ний 70кг-ийн алтан медаль, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон ДАШ бодибилдингийн тэмцээнд 11-р байр, Биеийн тамирын тэргүүн, Спортын алдар медальт, 2013 онд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний цомын аварга, “Монголын мисс, мистер УАШТ”-ний 80кг-ийн жингийн мөнгөн медаль, Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний топ таван тамирчны нэг, Казахстан улсад болсон Mega Almata олон улсын тэмцээнд 70кг-ийн алтан медаль, үнэмлэхүйд топ 5-д орсон, Монголын бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчин, 2014 оны “Монголын мисс, мистер УАШТ”-ний 75кг-ийн жингийн алтан медаль, бодибилдингийн олон улсын хэмжээний мастер, 2016 оны АНУ- д зохиогдсон “Kentucky grand fix” цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 80кг-ийн жинд алтан медаль, “NPC Midwest championship” 8 бүсийн аварга шалгаруулах тэмцээний 80кг-ийн жинд мөнгөн медаль, IFBB, MONGOLIA “Монголын мистер 2016” улсын аварга шалгаруулах тэмцээний 80 кг-ийн жингийн аварга, тэмцээний үнэлэхүй аварга, Монголын мистер, Зүүн Азийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний 80кг-ийн жингийн аварга, үнэмлэхүй аварга, зүүн Азийн мистер, 2017 оны АНУ-д зохион байгуулагдсан “ARNOLD CLASSIC INTERNATIONAL 2017” олон улсын цомын аварга шалгаруулах тэмцээний 70кг-ийн аварга, цомын эзэн, IFBB MONGOLIA “Монголын Мистер-2017” улсын аварга шалгаруулах тэмцээний 80 кг-ийн жингийн аварга, тэмцээний үнэмлэхүй аварга, Монголын мистер, IFBB Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 70кг-ийн аварга, алтан медаль, Хонг Конг улсад зохиогдсон сонирхогчдын “Азийн Мистер Олимпиа-2017” аварга шалгаруулах тэмцээний 70кг-ийн мөнгөн медаль, IFBB холбоо, дэлхийн бүх эрэгтэй бодибилдингийн шилдэг тамирчдаас чансаагаараа 3 байрт орсон. RANK-TOP3, IFBB ELITE PRO CARD, Монголын анхны Про буюу мэргэжлийн карттай тамирчин болсон, IFBB PRO LEAGUE, IFBB PRO CARD авсан Монгол улсын хамгийн анхны Бодибилдингийн мэргэжлийн тамирчин болсон, 2019 онд МУ- ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит ХҮЧИРХЭГ МОНГОЛ бодибилдинг фитнесийн нээлттэй тэмцээнд алтан медаль, 2021 онд АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдсан Mr.Olympia буюу БОДИБИЛДИНГИЙН ОЛИМП-д алтан медаль.

Баярсайханы Оюунгэрэл

Төрсөн он:1992

Төрсөн газар:Улаанбаатар

Төгссөн сургууль:22-р бүрэн дунд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль

Мэргэжил:Нягтлан бодогч

Гаргасан амжилт:2013 он-МБФХолбооны цомын аварга шалгаруулах тэмцээний модель фитнесс ангилалд алтан медаль, WBPF холбооны Казакстан улсын Мега Алмата олон улсын нээлттэй тэмцээнд модель фитнесс ангилалд мөнгө, улмаар үнэмлэхүй аваргад хүрэл медаль,  МҮОХорооны шагнал болох ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР медаль, Монголын мисс, мистер-2013 тэмцээний модель фитнесс ангилалд үнэмлэхүй аварга, ААШТ Вьетнам улсад болсон бодибилдинг фитнессийн ААШТ модель фитнесс ангилалд хүрэл медаль, Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан WBPF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бикини модель ангилалд хүрэл медаль "МОНГОЛЫН WBPF холбооноос хүртсэн анхны ДАШТ медаль юм”, МБФХолбооны 2013 оны Шилдэгийн шилдэг тамирчин, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР цол, 2014 он Монголын мистер-2014 МБФХолбооны УАШТэмцээний бикини модель ангилалд алтан медаль, Энэтхэг улсад зохион байгуулагдсан бодибилдинг фитнессийн бикини модель ангилалд тусгай байр, 2015 онд Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбооны SHINOBU CUP 2015 Тэмцээний бикини модель ангилалд алтан медаль, Монголын мистер-2015 МБФНХолбооны УАШТэмцээний бикини модель ангилалд алтан медаль ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА, 2017 Монголын мистер-2017 МБФНХолбооны УАШТэмцээний бикинимодель ангилалд алтан медаль ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА, IFBB холбооны ААШТэмцээний бикини модель ангилалд хүрэл медаль (Энэ медаль нь дэлхийн бүх улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг холбоо буюу IFBB холбооны насанд хүрэгчдийн бикини ангилалын Монголд байгаа цорын ганц медаль, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ хүртсэн, МБФНХолбооны 2017 оны Шилдэг эмэгтэй тамирчин, 2018 Монголын мистер-2018 МБФНХолбооны УАШТэмцээний бикини модель ангилалд алтан медаль ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА, 2021 онд АЛТАНГАДАС одонгоор шагнагдсан, 2021 онд PENNSYLVANIA мужид 13 дах жилдээ зохион байгуулагдсан 2021 MID ATLANTIC GRAND PRIX мөнгөн медаль.

-Та бүхэн том тэмцээнд амжилт гаргалаа. Тэр тусмаа ийм хүнд спортын төрөлд. Амьдралд чинь ямар өөрчлөлт мэдрэгдэж байна?

Дорж:Би 16 наснаасаа эхлээд энэ спортоор хичээллэж эхлэсэн. Маш хүнд спорт. Бусад спорттой харьцуулашгүй. Өдөр болгон хоолоо граммлаж иддэг, байнгын бэлтгэл хийдэг. Бодибилдингийн тамирчид бол бараг хоолны мэргэжилтэн шиг хооллодог, нялх хүүхэд шиг унтаж амардаг, араатан шиг бэлтгэл хийж байж амжилт гардаг. Нэг өдрийн бэлтгэл алдаад маргааш нь нөхөх боломжгүй. Би хувьдаа хамгийн их тэсвэр тэвчээр шаарддаг спорт гэж боддог. Хувийн сахилга батыг дээд зэрэглэлийн сахидаг.

-Уучлаарай та хоёр шиг амжилтанд зорьж байгаа тамирчин хэдий хэрийн зардлыг өөрөөсөө гаргаж энэ хүрдэг бол. Хөдөлмөр хичээл зүтгэл бол ойлгомжтой?

Оюунгэрэл: Маш өндөр зардалтай спорт. Өдөрт 3 цагийн зайтай хамгийн багадаа 6 удаа хооллодог. Уураг, бүх төрлийн амин дэм, витаминийг энгийн хүний хэрэглээнээс хоёр дахин ихээр өдөр тутамдаа хэрэглэдэг. Хамгийн шим тэжээлтэй, шинэ нарийн ногоо, загас, үхрийн мах, өндөг, шинэ жимс гэх мэтээр хамгийн сайныг өдөр тутамдаа хэрэглэхээр маш өндөр өртөгтэй. Бид хоёрын хувьд урдаа тавьсан зорилготой тууштай хичээллэдэг учраас бүх л олсон мөнгөө энэ спортдоо л зарцуулдаг даа. Хажуугаар нь хувийн дасгалжуулагч хийдэг.

-Та бүхэн тамирчнаасаа гадна өөр ивээн тэтгэгч, бизнестэй юу?

Дорж:Уурагны брэндийг оруулж ирж байгаа. Дэлхийд тэргүүлж байгаа “REDCON” уурагны албан ёсны гэрээт борлуулагч нь болж Монголдоо нийлүүлж байгаа. Ивээн тэтгэгч гэвэлҮлэмж группын захиралБатмөнх ах маань ивээн тэтгэдэг. Тусалж дэмждэг найз нөхөд зөндөө байдаг. Эд нарыхаа хүчинд л тууштай явж чадаж байна даа.

-Та бүхэн өөрсдийн хөтөлбөрөө хийх гэж байна. Мэдээж жинхэнэ мэргэжлийнхэн хийнэ гэдэг утгаараа өндөр хүлээлт тавьж байгаа биз ээ, масс?

Дорж: Шинэ тутам ч юм биш л дээ. Бодибилдинг, фитнессээр хичээллэдэг хүмүүсийн 80% надаас ирж зөвлөгөө авдаг. Би олон хүнд хувийн багш хийдэг. Хүмүүс маань давхцаад, цагийн хувьд ч гэсэн ирж, буцаж явна гэдэг хугацаа алддаг учраас онлайнаар заая гэдэг санаа орж ирсэн. Цаг хугацааны хувьд ч, мөнгө санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, аль болох хүртээмжтэй байхаар. Одоо ч бүх л юм онлайн болж.

Оюунгэрэл: Би төрсний дараа маш их жин нэмсэн. Буцаад жимдээ ирсэн чинь хүмүүс намайг танихгүй. Бэлтгэлдээ эрчимтэй ороод хэвийн жиндээ очиход яаж турсан бэ гэж хүмүүс маш их хүн асуусан. Америк улсад бид хоёр гурван сар амьдарч байхдаа тэндхийн Монголчуудад 10 хоногийн сургалт орж үзсэн. Тэнд эхлээд заагаад үзэхэд ер нь боломжийн, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүмүүс дуртай сургалтаа авч, хүрч чадсан. Хүмүүс онлайн орж ирээд харахгүй, тоохгүй өнгрөөгөөд байх вий гэдгээс эмээж байсан. Тэгэхэд тэндхийн Монголчууд идэвхитэй хүртээмжтэй байсан. Монголдоо ирээд бас сургалтаа орно гэж бодож явсаар завгүй, бэлтгэл гээд хойшлуулж явсаар байгаад одоо эхлэж байна. Хөтөлбөрөө бүрэн боловсруулж дуусаад энэ ондоо хүмүүсдээ хичээлүүдээ заана.

-Ноу-хаугаа нарийн задлахгүй байх л даа. Хамгийн энгийн зөвлөгөөнүүдийг уншигчдад хүргэвэл?

Дорж: Гол нь хоолны зохицуулалт. Зөв хоолоо идэж байнгын хөдөлгөөнтэй байх л чухал.Youtube сувгаар зөндөө хичээл байна. Онлайн багш нар ч олон байна. Энэ салбар ямар ч цензургүй, онлайн ч мөн шүүлтүүргүй болчихлоо. Хэм хэмжээ гэж байх ёстой л доо. Ядаж мэргэжлийн сургуулийг нь төгссөн байх, таваас дээш жил хичээллээд амжилт гаргасан байх гэдэг ч юм уу. Гадагшаа явж гадны тамирчидтай туршлага солилцсон байж ажилмаар байгаа юм.  Ганц жил монголдоо хичээллээд багш болчихдог хүмүүс зөндөө. Бид хоёрын 23 жилийн туршлага байна шүү дээ. Энэ хугацаанд алдаж онож зөндөө зүйл үзсэн. Гол нь хүний биен дээр ажиллаж байгаа хүмүүс хамаагүй зааж болохгүй л дээ.

-Уучлаарай та бүхний энэ спортод насны хязгаар, харих гэдэг ойлголт байх уу?

-Дорж-Бусад спортыг бодвол хүний биеийн булчин хөгширдөггүй учраас насны хязгаар байхгүй. Хөгшрөлтийг удаашруулдаг. Дасгал хийгээд эхлэхэд хүний биеээс аз жаргалын гормон ялгарч байдаг. Стресдэж уурлахаар хөгшрүүлэх гормон ялгарч байдаг байхгүй юу. Бусад спортыг бодвол нас удаан байгаа биз. 40 наснаас дээш амжилт гаргах магадлал өндөр байдаг. Булчин бол бэхжсэн байдаг. 50 нас хүртэл бол явсаар л байна. 50 наснаас хойш харих байхдаа. Хүч нь суларч, бас амархан ядардаг, ачаалал дааж чадхааргүй болно шүү дээ.

-Өндөр үнэлгээтэй тамирчид хийж байгаа гэдэг утгаараа тэнгэрт хадсан үнэтэй байх гэсэн болгоомжлол байна?

Оюунгэрэл:Үнийн хувьд аль болох уян хатан байхыг бодсон. 14 хоногийн 49 мянган төгрөг. Бид хоёр өөрсдөө яг биечлэн заана.

-Та бүхэн хөтөлбөрөө хэрхэн боловсруулсан бэ. Шулуухан хэлчихэд гадны бичлэг, зааврыг хуулж заадаг багш нар их болсон л гэх юм?

Дорж:Хүний биеийн темп дотроо гурав задардаг. Байгалиасаа хэт тарган, үе мөч богинотой хүмүүс, Төрөлхийн биеийн галбир сайтай, эрэгтэй нь булчинлаг ч гэх юм уу, нарийхан урт өндөр, туранхай, яаж ч идээд таргалдаггүй хүмүүс байдаг. Энэ гурван төрөлд зориулж хөтөлбөрөө боловсруулсан. Бүртгүүлсэн хүмүүсийхээ зургийг эхлээд харна. Тухай бүрт нь зориулсан хөтөлбөрийн дагуу хичээлээ заана. Дээрээс нь насны онцлог, ажил хөдөлмөрийг нь харж байж тухай бүрт нь тохирсон зүйлийг заана. Хүн бүртэйгээ харьцаж тохирсон дасгал хөдөлгөөн, хоол хүнсийг нь зөвлөөд явах болно.

-Нэгэнт энэ салбарын оргилд шахуу хүрчихлээ. Цаашдын алсын хараа юу вэ?

Оюунгэрэл:Эхний зорилго бол уурагны дэлгүүрээ нээх гээд бэлдэж байна. Хоёрт нь өөрийн гэсэн маш том фитнесс цогцолбортой болох зорилго байна. Өмнө нь фитнесс ажлуулж байсан. Тэрийгээ зараад америкд амьдарч байгаад буцаад монголдоо ирсэн. Гурав дах зорилго бол энэ спортоороо хамгийн дээд амжилт гаргах л зорилготой байна.

-Эмэгтэй хүний хувьд энэ спортод энэ хүртэл явна гэдэг амаргүй даваа байсан байх. Та яаж чадав аа. Үнэхээр бахархам сайхан санагдаж байна?

Оюунгэрэл:Манай нөхөр миний дасгалжуулагч байсан. Эхний хэдэн жил бол ийм амжилтанд хүрнэ гэж бодоогүй. 2011 оноос хойш миний ордог төрөл Монголд гарч эхлэсэн. Орой болохоор л би нөхөртөө болино ингэж биеэ зовоож чадахгүй гээд гомдоллоно /инээв/ Маргааш өглөө нь чимээгүй бэлтгэлдээ явна. Хүн дуртай зүйлдээ шантрах үе байсан ч маргааш нь явдаг л байхгүй юу.

-Харин та эрэгтэй алдартай тамирчид дундаа их даруу хүн юмаа даа. Нэг их сенсаци тарьж амжилтаа сурталчилсангүй шүү?

Дорж:Бионлайн, болон амьдрал дээр ч даруухан талдаа. Бэлтгэлээ хийгээд амраад байж байна. Шаргуу хирнээ чимээгүй хөдөлмөрлөнө. Гаргасан амжилт минь миний өмнөөс ярих болно гэсэн үгийг баримталдаг.

-Монголд энэ спортын үнэлгээ, нэр хүнд, имиж яагаад нэг л өсөж өгөхгүй байгаа юм бол. Тэрийг бөх, бусад төрөөр шагнуулдаг спортын хэмжээнд аваачихын тулд юу дутаад байна?

Дорж:Холбоо л сайн ажиллах ёстой. Бид хоёр бол холбоог ерөөсөө хардаггүй. Өөрсдөө л тэмцээн уралдаанд явж оролцож байна. Уул нь холбоо нь энэ зүйлийг хийж байх ёстой. Холбоонд ашиг хонжоо харах гэсэн фитнессийн багш, цементний наймаачин ч билүү юу ч билээ хүмүүс байгаад байдаг. Монголдоо нэг тэмцээн хийгээд тэндээс хэдэн төгрөг олох гэсэн л зорилготой. Өөрсдөө сонирхолтой биш, тамирчин биш ямар ч сэтгэлгүй хүмүүс байгаа учраас л хөгжихгүй байгаа юм. Бусад спорт бол ивээн тэтгэгч, улсаас мөнгө авна. Тэгэхэд бодибилдинг бол бусад спорттой харьцуулашгүй спорт шүү дээ. Бүх булчинг хөгжүүлж байна. Нэг өдрийн бэлтгэл алдахгүй, дуртай хоолоо ч хүссэнээрээ идэж чадахгүй. Манай бодибилдинг бол хэн илүү булчинтай, хэн илүү хөдөлмөрлөсөн байна гэдгийг харна. Аз, од гэсэн юм байхгүй. Ардаа 20,30 хүн оруулж байж ялна. Бөх гэхэд 2,3 барилдаад ялна. Асар их ялгаатай. Тэгсэн хэрнээ манай төрөөс анхаарч байгаа юм юу ч байхгүй.

-Уучлаарай танай холбооны дотоод зөрчил бас тээг саад болж байх шигээ. Хаа газрын холбоод ер нь хэцүү юм. Байлгах хэцүү байхгүй байх хэцүү л юм. Энэ тал дээр та бүхэн ямар бодолтой байна?

Дорж: Бид хоёр бол албан ёсны IFBB гэсэн холбоонд харьяалагддаг. WBFP гэсэн холбоо бас байдаг. Энэ бол ашиг хонжоо харсан хувь хүн байгуулсан холбоо. Олимпийн хороо, Засгийн газарт ямар ч бүртгэлгүй.  Энэ холбооноос 2,3 хүн л тэмцээнд явна. Хэдхээн орон багтсан цөөхөн хүн орсон тэмцээнд ороол түрүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ирээд дэлхийн аварга боллоо гээд сенсаци тариад явж байгаа тамирчин байна. Яг үнэнийг хэлэхэд бодибилдингийн ямар ч төрөлд дэлхийн аварга байхгүй. Азийн аварга эрэгтэй ганцхан тамирчин нь Гансүхийн Дорж гэж би л байдаг. Жинхэнэ холбооноос гарсан ганцхан эрэгтэй аварга нь би Азийн аваргын хүрэл медальтай ганцхан эмэгтэй тамирчин нь манай эхнэр. Гэхдээ үүнийг бүгд мэддэг хэрнээ гаднаа хэлж чаддаггүй. Хэн ч өөрийгөө хуурамч холбооноос гараад аварга болсон гэж зарлахгүй шүү дээ.

-Монгол хүн бүр хөдөлгөөний дутагдал, спортын амьдралтай ойр бус байгаадаа эмзэглэж байна. Үүний эсрэг алхам хийж байгаа та бүхэнд баярлалаа. Цаашдаа бүх нийтийг хамруулахад чиглэсэн ямар алхмууд хийвэл зүгээр вэ. Нэг хоёроороо биш бүр нэгдвэл илүү олонд хүрэх болов уу?

Дорж:Манайхан хоорондоо нэгдэж чаддаггүй. Би сая олимпод тэмцээнд явахад 10 гаруй монгол тамирчин оролцсон. Ихэнхи нь мултраад би хамгийн сүүлд ороод аварга авч байхад тэндээс нэг хүн хаалга саваад гарч байх жишээний. Гадныхан гайхсан. Танайхан яагаад баярыг чинь хуваалцахгүй байгаа юм гээд. Хэлэх үг олдоогүй. Гадныхан бол тийм биш. Хувийн спорт болоод ч тэгдэг юм уу яагаад юм мэдэхгүй дандаа нэг нэгнийгээ доош нь хийдэг. Хувь хувьдаа л багшлаад, бэлтгэлээ хийгээд явж байдаг. Гэхдээ нуулгүй хэлэхэд бодибилдингийн тамирчдын 80% нь надаас ирж зөвлөгөө авдаг. Гэхдээ хэн ч тэрийгээ хэлдэггүй би ч хэлдэггүй.

Хөтөлбөрийн бүх хичээлийг өөрсдийн биеэр зааж, эрүүл зөв хооллолтын бэлтгэх аргыг бичлэгээр таньд хүргэх болно.

14- хоногийн хөтөлбөр:

*Зөвхөн танд зориулсан эрүүл хооллолтын систем

*Өдөр бүрийн дасгал хөдөлгөөн

*Зөвлөгөө, зөвлөмжүүд

*Зөв хооллолт, дасгал хөдөлгөөний үндсэн суурь

*Таны цаг хугацааг хэмнэж гэрээсээ хүссэн биеэ бүтээх боломжийг олгож байна.

*Хөтөлбөрийн хугацаанд бидний зааврыг баримталж чадвал

*Биеийн жин буурна

*Зохистой хооллолтын аргад суралцахаас гадна өдөр бүрийн эрүүл зөв хоол хийх аргад суралцах болно.

Хамгийн их жин хасаж, галбиржсан эхний 3 шилдэг оролцогчид

1- р байр ₮-1.000.000

2- р байр ₮-500.000

3- р байр ₮-250.000 тус тус шагналтай

Хичээл хаалттай группээр явагдаж хадгалагдах тул та хөдөө орон нутаг,дэлхийн хаанаас ч хийх боломжтой

-Эхлэх хугацаа- 2022 оны 01 сарын 11н

-Төлбөр- 49,000₮

-Холбогдох дугаар-Оюунгэрэл-88110465

-FB-George&Oyungerel

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Б.Солонго

Гэрэл зургийг Т.Тэмүүлэн

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet